Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 44

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2017/0046/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Уянга Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
    
            Нарийн бичгийн дарга:         Н.Энхзул,
            Улсын яллагч:             Ц.Цэен Ойдов,
           Иргэдийн төлөөлөгч:            Ж.Цэнджав,
           Шүүгдэгчийн өмгөөлөгч:         Б.Болортунгалаг,
           Шүүгдэгч:                 Б.Дашдорж нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дашдоржид холбогдох 201723000008 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Хэнтий аймгийн Батноров суманд 1954 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, боловсролгүй, гагнуурчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэртэй, ам бүл 2, эхнэрийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн  6А-04 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх  Боржигон  овогт Буяндэлгэрийн Дашдорж  /РД: СФ54041714/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:
Яллагдагч Б.Дашдорж нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн  6А-04 тоотод  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр иргэн Н.Сүхбаатарын цээжин тус газар нь хутгалж бие махбодид нь “хэвлий хөндуу рүү нэвтэрсэн шарх, өрц цоорсон, элэгний баруун дэлбэнгийн зүсэгдсэн шарх” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт  болон хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд:
Хохирогч Н.Сүхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “ 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 12-13 цагийн орчимд Дашдорж гуайн гэрт бид хоёр 0.33 литрийн архи хувааж уусан. Дараа нь дэлгүүрээс 0.5 литрийн архи аваад тэднийд уугаад сууж байтал  Дашдоржийн таньдаг залуу нэг хүн дагуулаад орж ирээд хамт уусан. Тэр архийг  уугаад дуусахад гаднаас орж ирсэн залуу өврөөсөө 0.75 литрийн архи гаргаж ирээд задалсан. Тэр архийг ууж дуусаж байхад би гадагшаа гарч бие засан орж ирээд гэрийн зүүн талын орон дээр суутал Дашдорж миний цээжин тус газар нэг удаа хутгалсан. “чи намайг хутгалчихлаа” гэж хэлээд босож ирж түүнийг түлхээд 1-2 удаа өшиглөж байснаа санаж байна.  Тэгээд нэг сэрэхэд эмнэлэгт дусал хийлгээд хэвтэж байснаа санаж байна.  Намайг ямар шалтгаанаар хутгалсан болохыг мэдэхгүй /хх-ийн 11-13 тал/,
Гэрч Б.Амарзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “аав Сүхбаатар ахыг хутгалчихлаа, хурдан хүрээд ир” гэсэн. Очиход Сүхбаатар ах манай гэрт баруун талын орон дээр дээшээ хараад хэвтэж байсан. Баруун талын цээжин тус газраа заагаад энд хутгалсан гэхээр нь харахад баруун талын хөхний орчимд нэг удаа ярагдаж ангайсан шархтай байсан. Нилээд цус гарсан байдалтай фудволк нь нилээд цус болсон байсан. Тэгээд эмнэлэгт хүргэж өгөөд Цагдаагийн газарт дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 тал/,
Гэрч Б.Пүрэвхандын мөрдөн байцаалтад өгсөн: “ 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би хүргэн Зоригтбаатарынд 2 настай охиноо хараад байж байсан. Тэгээд баруун талын гэрийн хүмүүс шуугилдаад байх шиг байхаар нь гадагшаа гарч ортол Сүхбаатар “энэ намайг хутгалчихлаа” гэж Дашдорж руу заасан. Шар өнгийн фудволкыг сөхөөд харахад цээжний баруун хэсэгт хөндлөн зүсэгдсэн шархтай тэндээс нь цус гарч байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
Гэрч Ж.Намсрайжавын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сумъяа ах бид хоёр дундаасаа 0.75 литрийн архи дэлгүүрээс худалдан аваад Дашдорж гуайнд очсон. Тэднийд Сүхбаатар гэх хүн хамт архи ууж байсан. Ууж байсан архи нь дуусахад бид хоёр авчирсан архиа  гаргасан. Архи ууж байхад Дашдорж гуай надтай цуг ирсэн Сумъяа ахтай юм ярьж байхад Сүхбаатар тэр хоёрыг юм яриулахгүй дундуур нь ороод байсан. Дашдорж гуай Сүхбаатар гэдэг хүнд юм ярих гээд байвал надтай ярь, эсвэл чи гар гэж хэлсэн. Тэгсэн Сүхбаатар гадагшаа гараад буцаж орж ирсэн. Орж ирээд баруун талын орон дээр суусан. Дашдорж тэр хоёр маргалдсан. Тэгээд Сумъяа ах бид хоёр гэрээс гарах үед Дашдорж гуай бид хоёрын араар ар талынхаа авдрын урдуур очоод Сүхбаатартай ноцолдоод үлдсэн. Бид 2-ыг гэрээс гарахад Сүхбаатар “чи одоо намайг хутгалчихлаа ш дээ” гэсэн. Тэгэхээр нь буцаж ороод харахад Сүхбаатар гэдсэн дээрээ зүүн гараараа дарчихсан байхаар нь бид хоёр айж сандраад тэндээс гарч салж гэр лүүгээ явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

Шинжээчийн дүгнэлт 2017.01.09-ний №47 дүгнэлт: 1. Н.Сүхбаатарын биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, өрц цоорсон, элэгний баруун дэлбэнгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэвлийн өрц болон элэгний баруун дэлбэнг зүссэн шарх үүссэн ба эдгээр гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна /хх-ийн 21 тал/,
Шүүгдэгч Б.Дашдоржийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55, 59 тал/ зэрэг болно.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Дашдоржийг танхайн сэдэлтээр бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Ж.Намсрайжавын мөрдөн байцаалтад өгсөн “архи ууж байхад Дашдорж гуай надтай цуг ирсэн Сумъяа ахтай юм ярьж байхад Сүхбаатар тэр хоёрыг юм яриулахгүй дундуур нь ороод байсан. Дашдорж гуай Сүхбаатар гэдэг хүнд юм ярих гээд байвал надтай ярь, эсвэл чи гар гэж хэлсэн. Тэгсэн Сүхбаатар гадагшаа гараад буцаж орж ирсэн. Орж ирээд баруун талын орон дээр суусан. Дашдорж тэр хоёр маргалдсан. Тэгээд Сумъяа ах бид хоёр гэрээс гарах үед Дашдорж гуай бид хоёрын араар ар талынхаа авдрын урдуур очоод Сүхбаатартай ноцолдоод үлдсэн. Бид 2-ыг гэрээс гарахад Сүхбаатар “чи одоо намайг хутгалчихлаа ш дээ” мэдүүлэг нь уг гэмт хэрэг гарахад хохирогч Н.Сүхбаатарын  буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэл байх тул шүүгдэгч Б.Дашдоржийг танхайн сэдэлтээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иймээс шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Сүхбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн  6А-04 тоотод  согтуугаар иргэн Н.Сүхбаатарын цээжин тус газар нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүх түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэлийг халдаах үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Сүхбаатар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх,  согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдал болгон тус тус харгалзав.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, оногдуулсан ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтов.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дашдоржид холбогдуулан Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигон  овогт Буяндэлгэрийн Дашдоржийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн  ерөнхий 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дашдоржийг  3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Дашдоржид оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
6.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар алаг өнгийн бариултай хутгыг устгасугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Дашдоржид  авсан батлан даалтын таслан сэргийлэх  арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорьсугай.

        
            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ц.МӨНХТУЛГА
                         ШҮҮГЧ                  Л.УЯНГА
                               ШҮҮГЧ                       Д.ГАНЗОРИГ