Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/64

 

                                                                             

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

Улсын яллагч Б.Төрболд,

Шүүгдэгч Д.Н, Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Н, Б.Ц нарт холбогдох ........... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 00-ний өдөр Завхан аймгийн .... сумд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ..... сумын ..... баг, ..... хэсэг 000 тоотод оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ..... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан .... овогт -ын Н, регистрийн дугаар: ...........,

- Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 00-ны өдөр Завхан аймгийн ..... сумд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, дугуй засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ...... сумын ..... багийн .... 107 тоотод оршин суух хаягтай, /Иргэний үнэмлэхийн хаяг: Завхан аймаг, .... сумын .... 1 дүгээр баг/ урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, ..... овогт -ын Ц, регистрийн дугаар: ...............,

                                 Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

- Шүүгдэгч Д.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ..... сумын .... баг, .... хэсгийн 000 тоотод байрлах өөрийн эзэмшлийн хашаанд 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 20 цагийн үед хохирогч Б.Ц-ыг нүүр рүү цохисонд уурлаж түүний нүүрний хэсэг цохиж, зүүн чихнээс нь хазаж эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбээний дунд хэсгийн ирмэг хэсэгт шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

- Шүүгдэгч Б.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн .... сумын .... баг, ..... хэсгийн 000 тоотод байрлах хохирогч Д.Н-ны эзэмшлийн байшинд 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 20 цагийн үед түүнтэй үл ялих зүйлээр маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамрын хянга ясны хугарал, хамрын таславч ясны мурийлт, баруун, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч нарын холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.  

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:

 - Шүүгдэгч Д.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ..... сумын .... баг, .... хэсгийн 000 тоотод байрлах өөрийн эзэмшлийн хашаанд 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 20 цагийн үед хохирогч Б.Ц-ыг нүүр рүү цохисонд уурлаж түүний нүүрний хэсэг цохиж, зүүн чихнээс нь хазаж эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбээний дунд хэсгийн ирмэг хэсэгт шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- Шүүгдэгч Б.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн .... сумын ...... баг, ............ хэсгийн 000 тоотод байрлах хохирогч Д.Н-ны эзэмшлийн байшинд 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 20 цагийн үед түүнтэй үл ялих зүйлээр маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамрын хянга ясны хугарал, хамрын таславч ясны мурийлт, баруун, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

- Д.Н-ны хохирогчоор өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Г, О нартай уулзаж пиво ууж байгаад 20 цаг өнгөрч байхад Завхан аймгийн ..... сумын ..... баг, .... хэсгийн 000 тоот хаягт байрлах манай гэрийн гадаа очиж пиво ууж байгаад тарах гэж байхад Г /Б.Ц/ надад хандаад “чи их том болсон байна” гээд хэрүүл үүсгэж эхэлсэн бөгөөд тухайн үед О хажууд байсан машин руугаа куртикээ тайлж шидчихээд над руу ирж намайг заамдаж аваад миний баруун шанааны хэсэгт нэг удаа цохисон бөгөөд О бид хоёр харилцан бие биеэ заамдаж аваад зодолдсон чинь хашаан дотроос манай хүү Э гарч ирээд “та нар болиоч ээ, аавыг аллаа шүү дээ” гэж хэлээд хашааны хаалган дээр шургаад уначихсан чинь О машинаа асааж аваад явсан. Харин Г бид хоёр манай хүү Э-ыг гэрт оруулсан. Би Г-ийг чи одоо яв гэсэн чинь Г миний зүүн талын нүд, хамрын орчимд гартаа түлхүүр атгаж байгаад цохичхоод гэрээс гараад явахаар нь би нүдээ дараад хойноос нь гарч очоод Г-тэй барьцалдаж аваад чи миний нүдийг хавдтал цохчихлоо шүү дээ, чи яаж байгаа юм бэ гэж хэлээд би баруун талын чихнийх нь үзүүрээс ноцолдож байхдаа хазчихсан. Тэгсэн хашааны гаднаас манай ах Д орж ирээд бид хоёрыг салгаад Г-ийг хашаанаас гаргаад явуулсан. Би гэртээ буцаж ороод түргэн дуудаж үзүүлсэн. Эмнэлгийн эмч ирж намайг үзчихээд өвчин намдаах тариа хийж өгөөд маргааш эмнэлэгт өөрийн биеэр ирж үзүүлээрэй гэж хэлээд явсан. Би маргааш нь буюу 2024 оны 05 дугаар сарын 29-ний өглөө эмнэлэгт очиж үзүүлэхэд чиний зүүн нүдний ухархайн хэсэг цөмөрсөн хугаралтай, хамар чинь мурийсан байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/,

- Б.Ц-ны хохирогчоор өгсөн “...Ер нь хүмүүс намайг Г гэж дууддаг бөгөөд ихэнх хүмүүс миний Ц гэдэг нэрийг мэдэхгүй байх. ...2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр би өөрийн ажлын байр буюу ...... хажуу талын Дугуй засвар дээрээ байж байтал 12 цагийн орчимд манай найз О ирсэн. О нэг тал шил архи авчирсан бөгөөд тэрийг уусан. 17 цагийн орчимд байх Н манай ажил дээр ирсэн. Тэгээд Н, О хоёр архи, пиво хувааж ууцгаасан. Би ажлаа тараад явах гэсэн чинь чи байж бай гээд намайг явуулаагүй. Бид гурав манай ажлаас яваад Н-ны гадаа очоод О-ын машин дотор пиво ууж сууж байгаад Н, О хоёр муудалцаад машинаас буугаад хоорондоо барьцалдаж ноцолдохоор нь би бууж салгасан чинь Н-ны хүүхэд нь гарч ирээд Н, О хоёрыг салгах гэж дундуур нь ормогцоо татаад уначихсан. Би Н-ны хамт хүүхдийг нь гэр рүү нь оруулсан. Гэрт нь ороод толинд харахад миний зүүн талын нүд хөхөрчихсөн харагдсан бөгөөд би Н-д хандаж би О та хоёрыг салгаж байхад чи намайг яагаад цохидог юм гээд хэлсэн чинь чи пизда минь зайл гээд хэлэхээр нь би Н-ыг өшиглөчихөөд гэрээс нь гарсан чинь хойноос гарч ирээд намайг барьж аваад миний чихнээс хазчихсан. Тэгсэн гаднаас ах нь гэх нэг хүн орж ирээд Н бид хоёрыг салгасан бөгөөд намайг Н-тай нийлж зодох гээд байсан учраас би хашаанаас нь гараад явчихсан. ...Бид гурав Н-ны гадаа машин дотор 2.5 литрийн хэмжээтэй нэг пиво хувааж уусан бөгөөд би бага зэрэг л халамцуу байсан. Харин О, Н нар нэлээн согтчихсон байсан. ...О, Н нар хоорондоо маргалдаж цохилцсон бөгөөд хэн хэнийх нь нүүр ам нь цус болчихсон л харагдаж байсан. Намайг тэр хоёрыг салгах гээд дундуур нь ороход Н миний зүүн талын нүд рүү нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч Н.Э-ын “...Би ээжийгээ ажлаа тараад ирсний дараагаар ээж, дүү нартайгаа голын зах орчхоод ирэхэд манай хашааны гадаа Г ах, О ах, аав гурав машин дотор сууж харагдсан. Би гэртээ орчхоод буцаад дэлгүүр орчхоод буцаж гэртээ ирээд 00 орох гээд гарахад хашааны гадаа хүмүүс шуугилдаад байсан бөгөөд гараад харсан чинь О ах, манай аав Н нар барьцалдчихсан зогсож байсан бөгөөд би тэр хоёрыг салгах гээд дундуур нь ортол нөгөө хоёр ноцолдож явсаар байгаад хашаа руу ороод ирсэн. Тэгээд удаа ч үгүй ээж гараад ирсэн. Би багтарчихсан юм уу ухаан алдсан юм уу яасан юм нэг мэдэхэд гэртээ орон дээр хэвтэж байсан. Намайг сэрээд харахад Г ах манай гал тогооны өрөөнд зогсож байсан. Аав та нар миний хүүг яачихсан юм бэ одоо гарцгаа гэсэн чинь Г ах аавын хажууд зогсож байгаад аавын зүүн шанаа хамар хэсэг рүү нь гараа атгаж цохичхоод гараад явсан. Аавын хамрын цус нь гоожоод Г ахын хойноос нь гараад явсан. Би түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

- Гэрч Д.Ж-ын “...Манай хашааны гадаа О-ын машин дотор Н, О, Г гурав сууж харагдсан бөгөөд би шууд гэртээ орсон. ...Манай хүү Э дэлгүүр орчхоод гэртээ ирсэн. Удалгүй гэрээс гарчхаад буцаж орж ирэхдээ ээжээ аав, О, Г ах нар хоорондоо маргалдаад зодолдож байна гэхээр нь би гараад юу болоод байгаа юм гэхэд манай хүүг О цохичих шиг л болсон. Тэгсэн манай хүү газар уначхаад босож ирэхгүй удаад байхаар нь би хүүгээ босгож аваад гэр рүүгээ буцаад орсон миний хойноос манай нөхөр Н, Г-ийн хамт орж ирсэн. Тэгэхээр нь би та нар хүүхэд яачихваа гар та нар гэсэн чинь Г уурлаад манай нөхрийн нүүр рүү цохичхоод гараад явсан. Харин манай нөхөр Н Г-ийн хойноос гараад явсан. ...Маргааш нь буюу 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай нөхөр эмнэлэг орж үзүүлсэн бөгөөд эмч нь зүүн нүдний ухархай цөмөрсөн, хамар нь мурийсан байна дахиж ирж үзүүлээд хагалгаанд ороорой гэж хэлсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

- Гэрч Н.О-ын “...Бид нар Б.Ц-ныг Г гэж дууддаг.  ...2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 16-17 цагийн үед би Г-тэй хамт тэдний дугуй засвар дээр байсан. Бид хоёрыг хамт байж байхад Н ирсэн. Бид гурав тэнд нэг том “Сэнгүр” гэсэн нэртэй пиво хувааж уучхаад байж байтал Н-ны нэг танил дүү нь ирж бид нарыг юм ярьж байхад хамт суугаад байсан бөгөөд бид нар найзуудаараа юм ярьж байна яв гээд хэд хэдэн удаа хэлсэн боловч явахгүй байсан. Бид нар тэндээс яваад Н-ны гадаа очоод машин дотор пиво уугаад сууж байсан чинь Н-ны дүү нь миний машины суудал дээр тамхиа дарж унтраахаар нь чи одоо боль л доо гэсэн чинь Н чи миний дүүг үзэж чадахгүй яагаад байгаа юм гээд бид хоёр машинаас буугаад барьцалдаж авахад хашаанаас хүүхэд нь гарч ирээд бид нар салцгаасан. Би явах гэсэн чинь чамайг явуулахгүй гээд машины түлхүүр булаалцалдаад байсан бөгөөд би шууд машиндаа суугаад явсан. Харин маргааш өглөө нь Г над руу залгаад гайтай юм боллоо, миний чихийг хазаад хаячихсан гэж байсан. Би маргааш нь Эрдэнэт рүү тээвэрт явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дугаар хуудас/,

- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахмад Т.О-ын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 000000000 дугаартай “...1. Д.Н-ны биед: Хамрын хянга ясны хугарал, хамрын таславч ясны мурийлт, баруун, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3.Дээрх гэмтлүүд нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ зүйлүүд байна.

4.Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. Д.Н-ны биед: Хамрын хянга ясны хугарал, хамрын таславч ясны мурийлт, баруун, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын хянга ясны хугарал нь тусдаа гэмтлийн зэрэгт хамаарна. Бусад гэмтлийн тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн хошууч П.Б-гийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 000000000 дугаартай “...1. Иргэн Б.Ц-ны биед зүүн чихний дэлбээний дунд хэсгийн ирмэг хэсэгт шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно.

3. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. Иргэн Б.Ц-ны биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, тэдгээрийн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, мэдүүлгүүд нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Б.Ц, Д.Н нар нь бие биенийхээ Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж харилцан зодолдсон үйлдлийн улмаас хэн хэнийх нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.Ц, Д.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн мэдлэг дутмаг, архи согтууруулах ундааны зүй бус хэрэглээ, бие биенээ хүндэтгэх, хүлээцтэй хандах хандлагагүй, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна. 

Шүүгдэгч Б.Ц, Д.Н нар нь өөрсдийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

- Хохирлын талаар:

Уг гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Ц, Д.Н нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд прокурорын шатанд шүүгдэгч Б.Ц нь хохирогч Д.Н-ны  эмчилгээний зардалд 2,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд Д.Н нь Б.Ц-наас хохирол нэхэмжлээгүй байна.

Мөн шүүгдэгч нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “хохирогчийн хувьд одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэв. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

                              Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүх шүүгдэгч Б.Ц, Д.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Б.Ц, Д.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй тул холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч нарт прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Ц, Д.Н нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ц, Д.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт Д-ын Н, .... овогт Б-ын Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ныг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Ц-ныг  450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Д.Н нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Д.Н нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Шүүгдэгч Б.Ц, Д.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Ц, Д.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ