Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2021/01864

 

 

 

 

 

 

 

2021        08        18                                                182/ШШ2021/01864

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, Нарны зам дагуу байрлах Миний хайпермаркет 1-т оршин байрлах, М.М-дСХ ХХКнэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 12-1 тоотод оршин байрлах, МК ХХКхолбогдох,

 

“Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 13,934,360 төгрөг, алданги 6,967,180 төгрөг буюу нийт 20,901,540 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэцэцэг, И.Анхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч СХ ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь МК ХХК-тай Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, Батлан Хамгаалах Их Сургуулийн баруун талд байрлах МД-116 салбар дэлгүүрийн гадна фасад засварын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 1/1-ж-12 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан 2019 оны 4 дүгээр  сарын 08-ны өдөр гүйцэтгэгчийн эзэмшлийн “Голомт банк” дахь 1415116731 тоот дансанд нэхэмжлэлийн дагуу материалын зардлын үнэ болох 4,187,400 төгрөгийг шилжүүлсэн байсан боловч тодорхой шатлгааны улмаас барилгад засварын ажил гүйцэтгэх шаардлагагүй болсон юм.

Ингээд МК ХХК-иар Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, Циркийн баруун талд Далай ээж захад байрлах МД-117 салбар дэлгүүрийн засварын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр №1/2-ж-10 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, уг гэрээнд заасан засварын ажлыг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр тохирч, уг гэрээний дагуу тухайн ажилд зарцуулагдах материалын нийт зардал нь 13,934,360 төгрөг бөгөөд уг зардлаас өмнө Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, Батлан Хамгаалах Их сургуулийн баруун талд байрлах МД-116 салбар дэлгүүрийн 191 мкв гадна фасад засварлах засварын ажлыг гүйцэтгүүлэхээр тус компанид урьдчилан шилжүүлсэн байсан 4,187,400 төгрөгийг хасч тооцож, МД-117 дэлгүүрийн гадна засварын ажлын материалын зардлын зөрүү болох 9,746,960 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр МК ХХК-ийн “Голомт банк” дахь 1415116731 тоот дансанд нэхэмжлэлийн дагуу шилжүүлсэн боловч МК ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс ажлын гүйцэтгэлийг дутуу орхиж, ажлын гүйцэтгэл зогсож өнөөдрийг хүртэл ажил огт хийгдээгүй.

Бидний зүгээс ажил гүйцэтгэлийн явц зогсоход гэрээнд заасан үүргийн дагуу ажлыг цааш хийж гүйцэтгэнэ гэдэгт итгэж, засварт шаардагдах материал татаж байна, бороо их орж байгаа учир ажил хийх боломжгүй байна, БНХАУ руу барилгын материалд явж байна, баяр наадам болж байна гэх шалтгаануудыг хүндэтгэн хүлээн авч, МК ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Пүрэвжаргалтай холбоо барьж хүлээн авч уулзаж, түүний гаргаж буй тайлбарт хүлээцтэй хандаж байсан боловч одоог хүртэл ажлын гүйцэтгэл хийгдэхгүй байгаа байдлаас болж салбар дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөлд саад учирч байна.

Уг дэлгүүрийн засварын ажлыг дутуу орхисноос болж байгууллагын өнгө төрх, дэлгүүрээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчийн ая тухтай байдал, ажилчдын ажиллах нөхцөлд сөргөөр нөлөөлөхөөр барахгүй дэлгүүрийн орлого буурах шалтгаан болж байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан байдаг. Гэтэл гэрээнд заасан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа өнгөрснөөс хойш гүйцэтгэгчид ажлыг гүйцэтгэх тодорхой хугацаа өгсөн боловч ажлын гүйцэтгэл хангалтгүй байна. Иймд захиалагчийн хүсэлтээр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцалж гүйцэтгэгчээс нийт 13,934,360 алданги 2,545,361 төгрөг буюу нийт 16,479,721 төгрөгийг МК ХХК-иас гаргуулахаар болсон юм.

Манай компани гэрээгээ цуцалж МК ХХК-иас нийт 16,479,721 төгрөг гаргуулахаар хууль шүүхийн байгууллагаар явж байсан бөгөөд хариуцагчийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй гэх үндэслэлээр 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2019/17173 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гарсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж эрэн сурвалжлуулахад цагдаагийн байгууллагаас 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр МК ХХК-ийн Б.Пүрэвжаргалыг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 12-1 тоотод эхнэр Б.Жаргалангийн хамт оршин суудаг болохыг тодорхойлсон.

МК ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Пүрэвжаргал нь гэрээг цуцалсныг хүлээн зөвшөөрч дээрхи төлбөрийг төлнө гэдэг боловч одоог хүртэл төлөөгүй байна. Иймд МК ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Пүрэвжаргалаас “Ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцалж гүйцэтгэгчээс 13,934,360 төгрөг алданги 6,967,180 төгрөг буюу нийт 20,901,540 төгрөгийг МК ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Пүрэвжаргалаас гаргуулж өгнө үү.

Мөн хэргийн харьяалалын тухайд “...Манай компанийн зүгээс МК ХХКхолбогдуулан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд дурдсан Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 11-84 тоот хаягаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2019/17173 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн Захирамжлах нь хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар “хариуцагчийн хаяг тодорхойгүй” буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.9-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Үүний дараа МК ХХК болон компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Пүрэвжаргал нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл харьяалалын дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд гаргасан байдаг. Тус шүүхээс хэргийг хянаж үзээд 2020 оны 2 дугаар  сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/00725 дугаар бүхий шүүхийн шийдвэр гаргаж уг шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар МК ХХК болон компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Пүрэвжаргал нарыг эрэн сурвалжлуулахаар болсон. Ингээд эрэн сурвалжлах ажиллагааны явцад Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн олж тогтоосноор хариуцагч МК ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 11-84 тоот хаягт байрлаж үйл ажиллагаа явуулдаг гэсэн хариу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн байна. /өмнө нь энэ хаяг дээр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм/ Уг хариуны дагуу Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1373 дугаар тодорхойлолтоор тус хаягт МК ХХК байралдаггүй буюу ШВ42021802 тоот үнэмлэхтэй Долзод овогтой Пунцаг нь ам бүл 5-ийн хамт амьдардаг гэсэн тодорхойлолт ирсэн.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс тус хаягаар очиж үзэхэд мөн л МК ХХК үйл ажиллагаа явуулдаггүй болох нь тодорхой болсон. Иймд МК ХХК өөрийн оршин суугаа хаягаа хуулийн этгээдийн улсын бүртгэлд үнэн зөвөөр бүртгүүлээгүй мөн хаана үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн юм. Харин МК ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирал Болдын Пүрэвжаргал /РД:УК89051871/ нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 12-1 тоотод эхнэр Б.Жаргалангийн хамт байнга оршин сууж байгаа болохыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс олж тогтоосон байна.

Иймд нэхэмжлэгч Сонгинохангай ХХК-ийн зүгээс хариуцагч МК ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.Пүрэвжаргалын  оршин суугаа хаягийн дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно” гэжээ.

 

Хариуцагч МК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсамбуу шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сонгинохангай ХХК-ийн нэхэмжлэлтэй МК ХХКхолбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл, сөрөг нэхэмжлэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд дэлгэрэнгүй гаргаж нэмэлт тодруулга хийх болно” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                         

    ҮНДЭСЛЭХ  нь:

 

Нэхэмжлэгч СХ ХХКхариуцагч МК ХХКхолбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 13,934,360 төгрөг, алданги 6,967,180 төгрөг буюу нийт 20,901,540 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хэргийн оролцогч шаардлага болон татгалзалтай холбоотой нотлох баримтыг өөрөө гаргаж үүрэгтэй бөгөөд хариуцагч тал энэ үүргээ биелүүлээгүй мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсамбуу шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана гэжээ.

 

Хариуцагч МК ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Баянзүрх, 18 хороо, 13 хороолол, 11, 84 тоот гэж тэмдэглэсэн байх хэдий ч тухайн хаягт оршин байдаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.10.28-ны өдрийн 101/ШЗ2019/17173 тоот захирамжаар, мөн тус шүүхийн 2020.02.27-ны өдрийн 101/ШШ2020/00725 тоот шийдвэрээр хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Б.Пүрэвжаргалыг эрэн сурвалжилж Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо 1-40000-ын 12-01 тоотод оршин суугаа болохыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар олж тус тус тогтоосон байна.  Иймд хуулийн этгээдийн удирдах байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн оршин суугаа газраар тодорхойлох нь зүйтэй байх тул хуульд заасан харъяалал зөрчөөгүй гэж үзлээ.

 

Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчээс судлуулсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Сонгинохангай ХХК, МК ХХК-ийн хооронд 2019 оны 06 сарын 27-ны өдөр ½-ж-10 дугаартай “ Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо Далай ээж захад байрлах МД-117 салбарт” засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр 2019 оны 06 сарын 27-ны өдрөөс 2019 оны 07 сарын 17 хүртэл хугацаанд 313 кв.м гадны фасадын загвар өнгөний дагуу шинэчлэн засварлах, гадна үүдний тамбур захиалагчаас өгсөн зургийн дагуу засварлах, хойд хананы нуралттай хэсэгт хамгаалалтын 1 метр өндөр хана цутгах, дотор орлогын хана ба таазны засал чимэглэлийн ажил зэрэг нийт 4 төрлийн ажил гүйцэтгэх, тухайн ажилд зарцуулагдах материалын зардлын үнэ 13 934 360 төгрөг, хөлс 6 893 700 төгрөг, материалын зардлын 13 934 360 төгрөгөөс МД-116 салбарын засварын ажилд шилжүүлсэн 4 187 400 төгрөгийг хасч үлдэх 9 746 960 төгрөгийг шилжүүлэх, ажлын хөлсийг тодорхой хугацагаар төлөхөөр тохиролцсон байна.

 

Талуудын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байх бөгөөд талууд гэрээний гол нөхцөл болох хийж гүйцэтгэх ажил болон зардлын хэмжээ, үр дүн, хугацаа, хөлсний хэмжээний талаар тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх дүгнэлээ. 

 

            Дээрх гэрээнд материалын зардлын нийт үнэ 13 934 360 төгрөг бөгөөд захиалагч нь ажил гүйцэтгэгчид өмнө байгуулсан МД-116 салбарын засварын ажилд шилжүүлсэн 4 187 400 төгрөгийг хасч 9 746 960 төгрөгийг шилжүүлсэн, гүйцэтгэгч МК ХХК гэрээнд заасан ажлаа эхлүүлсэн улмаар 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс ажлын гүйцэтгэлийг дутуу орхисоноор ½-ж-10 тоот гэрээ үргэлжлээгүй болох нь зохигчийн тайлбараар, 2019.04.08-нд 4 187 400 төгрөгийг, 2019.07.05-нд 9 746 960 төгрөг тус тус шилжүүлсэн төлбөрийн  баримтууд, гэрэл зураг,  ½ -ж-12, ½-ж-10 тоот гэрээ болон хэргийн бусад баримтаар тогтоогдож байна. /хх31,32/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, 355.1.Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй заасан байна.

 

Хуульд зааснаар захиалагчаас ажил гүйцэтгэгчид үүргээ биелүүлэхийг шаардсан, нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гараагүй болох нь  МК ХХК-д хүргүүлсэн 2019.05.20-ны 174 тоот, 2019.08.14-ны 35 тоот, тус компаний хариу өгсөн мэдэгдэл, гэрэл зураг, ажил дутуу орхисон талаар мэдүүлсэн гэрч Л.Дүүрэнжаргал, Б.Нэргүй, П.Хүрэлсүх нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, учирсан хохирлоо шаардах эрхтэй. /хх41-43,117-122,138-140 /

 

Нэхэмжлэгч тал хариуцагчийг гэрээнд заасан ажлыг гүйцэтгээгүй гэж үзэж материалын зардалд шилжүүлсэн үнэ 13 934 360 төгрөгийг бүхэлд нь шаардсан боловч хариуцагч МК ХХК нь 2019 оны 07 сараас 07 сарын 12 хүртэл хугацаанд тодорхой хэмжээний ажил хийсэн болох нь дээрх баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгч гүйцэтгээгүй ажлын хэмжээ, үнийн дүнг шаардах эрхтэй гэж үзнэ. Харин хариуцагчийн гүйцэтгээгүй ажлын хэмжээг тусгай мэдлэг бүхий байгууллагаар нөхөн тогтоолгох боломжгүй нөхцөл үүссэн өөрөөр хэлбэл МК ХХК-ийн гүйцэтгээгүй ажлыг ДМШ ХХК 2019 оны 10 сарын 14-нд гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байх тул МК ХХК, ДМШ ХХК-ийн хийсэн ажлын хэмжээ, үнийн дүнг гаргуулах боломжгүй бөгөөд хэргийн оролцогчдоос энэ талаар хэн аль нь хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтын хүрээнд МК ХХК-ийн гүйцэтгээгүй ажлыг хэмжээ, үнийн дүнг Сонгинохангай ХХК, ДМШ ХХК хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгээр тогтоох нь зүйтэй.

 

Сонгинохангай ХХК, ДМШ ХХК-ийн хооронд байгуулсан 2019.10.08-ны ½-ж-12 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр МД-117 дэлгүүрийн засварын нийт зардал 6 909 958 төгрөг үүнээс материалын зардал 4 374 408 төгрөг гэж тохиролцож захиалагч төлбөрийг шилжүүлсэн, гүйцэтгэгч  ДМШ ХХК гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгч, дэлгүүр хэвийн ажиллаж эхэлсэн байна. /хх148-161/

 

Иймд хариуцагч МК ХХК-ийн гүйцэтгээгүй ажлын хэмжээг түүнд шилжүүлсэн 13 934 360 төгрөгөөс СХ ХХК-иас ДМШ ХХК-ийн хийсэн ажлын дүнд шилжүүлсэн материалын үнийн дүн болох 4 374 408 төгрөгийг хасахад 9 559 952 төгрөг гэж тогтоох нь зүйтэй байна. 

 

Мөн Сонгинохангай ХХК, МК ХХК-ийн хооронд 2019 оны 06 сарын 27-ны өдөр ½-ж-10 дугаартай гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги төлнө гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар анз шаардах эрхтэй байх тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 9 559 952 төгрөгийн алданги 50 хувиар тооцож 4 779 976 төгрөгийг, үндсэн үүрэг 9 559 952 төгрөг, нийт 14 339 928 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 6 561 612 төгрөгийг хэрэгсэхгүй шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удидлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч МК ХХК14 339 928  төгрөг гаргуулж нэхэмжлэгч СХ ХХК-долгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 561 612 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 262 500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч МК ХХКтэмдэгтийн хураамж 229 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч СХ ХХК-долгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                                                             Б.ЦОЛМОН