| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмон |
| Хэргийн индекс | 182/2021/00534/и |
| Дугаар | 182/ШШ2021/01843 |
| Огноо | 2021-08-16 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 182/ШШ2021/01843
2021 08 16 182/ШШ2021/01843
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Бнэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Л
“Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар 40 000-ын 16-46 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү2202003814 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны Б.Дагсалын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, 50,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү, хариуцагч Б.Лхамсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэх Д.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д.Батсүх миний бие 1962 оны 10 дугаар сарын 28-нд Б.Дагсалын ууган хүү болон мэндэлсэн эцэг эхээсээ дөрөвүүлээ, ээж маань 54 настайдаа 1995 онд нас бархад би аав Б.Дагсал, дүү Д.Батхишиг нарын хамт Чингэлтэй дүүргийн 3-р хороо 2-р 40.000-ын 16-46 тоотод байрлах Ү-2202003814 улсын бүртгэлтэй 28 мкв 2 өрөө орон сууцанд амьдарч ирсэн миний 2 дүү Д.Цэрэнлхам Д.Батзориг нар аав Б.Дагсалыг 2013 онд миний гар дээр нас барахаас өмнө гэр бүл болж өрх тусгаарласан, аавыг нас барсаны дараа би дүү Д.Батхишигийн гэр бүлтэй гал голомтондоо хамт амьдарч байсан. Надтай хамт амьдарч байсан дүү Д.Батхишиг 2018 оны 02 дугаар сарын 08-нд өвчний улмаас нас барсан.
Миний гал голомт болох Чингэлтэй дүүргийн 3-р хороо 2-р 40.000 16-46 тоот байрны ҮХЭХУлсын Бүртгэлийн гэрчилгээ нь аав Б.Дагсалын миний дүү Д.Батхишиг нарын нэр дээр байх тул би Иргэний хуулийн 520-р зүйлд заасанаар хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгохоор тойргийн нотариат, Нотариатчдын Холбоонд хандхад дүү Д.Батхишигийн эхнэр Гөрөөчин овогтой Балжиннямын Лхамсүрэнгийн эрх ашиг хөндөгдөж байна хамт ирж хууль ёсны өвлөгчийн гэрчилгээг авах боломжтой эсвэл шүүхээр хууль ёсны өвлөгчөө тогтоолгох шаардлагатай гэсэн.
Энэ тухай бэр Б.Лхамсүрэнд хэлхэд би таны хууль ёсны өвлөгч болох талаар нотариатод очих боломжгүй та шүүхээр өөрөө тогтоолго гэсэн тул холбогдох бичиг баримтаа цуглуулах өөрийн хоёр төрсөн дүү болох Дагсалын Цэрэнлхам, Дагсалын Батзориг нараар гэрчийн мэдүүлэг шүүхэд гаргуулан аав Бат-очирын Дагсалын хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгох хүсэлт гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү шүүхэд гаргасан өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Талийгаач Б.Дагсал нь Д.Батсүх, Д.Батзориг, Д.Цэрэнлхам, Д.Батхишиг нарын 4 хүүхэдтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар 40 000-ын 16-46 тоот хаягтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Дагсал, Д.Батхишигийн нар бүртгэгдсэн байдаг. Нэх Д.Бнь айлын том хүүгийн хувьд аавыгаа байнга асардаг, талийгаачийг нас барахаас өмнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо АОС 1-1 тоот хувийн сууцанд аавтайгаа хамт амьдарч Ачтан эмнэлэгт эргэж тойрч, хамт амьдардаг байсан. Б.Дагсал нь эхнэр 6 хүүхэдтэй байсан, 2 хүүхэд бага насандаа нас барсан, үлдсэн 4 хүүхэд нь аавынхаа хууль ёсны өв залгамжлагч тул түүний ганц эд хөрөнгө болох энэ орон сууцны том хүү нь өвлөх эрхтэй.
Д.Батзориг, Д.Цэрэнлхам нар өвлөхөөс татгалзаж, ах Д.Батсүхэд өвлүүлэхийг зөвшөөрсөн хүсэлтээ нотариатчаар гэрчлүүлээд өгсөн тул Д.Батсүх нь уг орон сууцны 50 хувийг өвлөх эрхтэй гэж үзэж байна. Ер нь талийгаач Б.Дагсал нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо АОС 1тоот сууц болон Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар 40 000-ын 16-46 тоот орон сууцанд ирж очоод амьдардаг байсан. Д.Батсүх нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар 40 000-ын 16-46 тоот хаягт оршин суудаг, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн, энэ хаягаар иргэний үнэмлэхийн бүртгэлтэй, мөн энэ хаягаар жил бүр сонгууль өгч байгаа юм. Талийгаач дүү Д.Батхишиг “ өөрөө сууц авахаараа энэ байрыг ахдаа өгнө “ гэж ярьж байсан боловч харамсалтайгаар зуурдаар өнгөрсөн. Ингээд 2019 онд бэр Б.Лхамсүрэн гадаад улс руу явах болсон, байраа хөлслүүлэх хэрэгтэй байна гээд цоожоо солиод түүнийг оруулахаа байсан бусад ах дүү нар ч дүүгээ нас барснаас хойш энэ байранд орох эрхгүй болсон.
Д.Батсүх нь Иргэний хуулийн 520.1, 528.1-д зааснаар талийгаач Б.Дагсалын хууль ёсны өвлөгч юм. Иймд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар 40 000-ын 16-46 тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийн Ү2202003814 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны талийгаач Б.Дагсалд оногдох хэсгийг хууль ёсны өвлөгчөөр Д.Батсүхийг тогтоож, уг орон сууцыг зах зээлийн ханшаар 100 000 000 төгрөгөөр үнэлж, үүний 50 хувь болох 50 000 000 төгрөгийг орон сууцыг эзэмшиж байгаа хариуцагч Б.Л-сгаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Лхамсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би нөхөр Д.Батхишигтэй 1999 онд танилцан гэр бүл болж бидний дундаас 2 хүүхэд төрсөн. Бид хадам аав Б.Дасгалын хамт Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40,000 16-46 тоотод 2000-2013 он хүртэл хамт амьдарсан. Хадам аав Б.Дасгал 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бидэнтэй хамт амьдарч байхдаа буюу манай гэр бүлийн асран хамгаалалтанд байж байгаад нас барсан. Хадам аав Б.Дасгал бага хүүдээ гал голомтоо өвлүүлж үлдээсэн ба өнөөдрийг хүртэл манай гэр бүл тус орон сууцанд амьдарч байна. Миний нөхөр Д.Батхишиг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өвчний улмаас нас барсан. Нөхрийг минь амьд байхад өв залгамжлалтай холбоотой маргаан гарч байгаагүй. Би болон миний хүүхдүүд нөхөр Д.Батхишигээс маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор өвлөн авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Батсүх нь манай гэр бүл болон хадам аавын хамт маргаан бүхий орон сууцанд хамт амьдарч байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.”гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар 40 000-ын 16-46 тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийн Ү2202003814 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр талийгаач Б.Дагсал болон Д.Батхишиг нар нь бүртгэлтэй, Б.Дагсал 2013 оны 12 сарын 16-нд, Д.Батхишиг 2018 оны 02 сарын 18-нд тус тус нас барсан. Энэ байранд талийгаач Б.Дагсал нь хүү Д.Батхишиг түүний эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байсан. Нэх Д.Бнь энэ байранд бүртгэлтэй боловч оршин суудаггүй юм. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1.Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. Талийгаач Д.Батхишиг нь талийгаач Б.Дагсалтай хамт амьдарч байсан, өв нээгдсэнээс хойш хуульд заасан хугацаанд өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат болон Засаг даргад мэдэгдээгүй тул түүний өвийг хүлээн авсан гэж үзнэ.Хуулийн 528.2.Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.
Харин Д.Батсүх нь талийгаач Б.Дагсалтай хамт амьдарч байгаагүй нотариат, Засаг даргад өвлөх эрхийн гэрчилгээ олгох талаар өв нээгдснээс хойш нэг жилийн дотор өргөдөл гаргаагүй тул өвлөхөөс татгалзсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гэрч Д.Батзориг шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ...Манай аав 4 хүүхдийнхээ хэнийд нь ч хэд хоногоор өөрийн хүслээр байдаг, яг тэндийнд гэсэн зүйлгүй байсан. Ер нь сүүлийн үед ах Д.Б-ийнхамт Баянголын АОС-ндаа байсан. Аавыг нас барсаны дараа энэ маргаж байгаа байрыг заръя гэсэн саналтай байсан боловч хэн ч дэмжээгүй харин талийгаач Д.Батхишиг өөрөө байртай болохоор ах Батсүхэд өгнө гэж ярьж байсан. Миний хувьд энэ байрны өвлөх гэрчилгээ авах тухай ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй гэв.
Гэрч Д.Цэрэнлхам шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ...Аав маань өнгөрөхөөс сүүлийн 2 сарын турш эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад нас барсан. Тэрээр том ах Д.Б-ийнхамт Баянгол дүүргийн АОС-нд ерөнхийдөө амьдардаг байсан. Аавыг өнгөрсний дараа байр сууцны асуудал яригдах үед талийгаач дүү маань төрийн албанд ажилладаг байсан тул өөрөө орон сууцтай болохоор ахдаа өгнө гэж ярьж байсан. Тийм болохоор миний хувьд энэ байртай холбоотой өвийн гэрчилгээний талаар асуудал яригдаагүй юм гэв.
Гэрч Бат-Өлзий шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ...Манайх Б.Лхамсүрэнгийнхтэй олон жил хөрш амьдарч байгаа...16-46 тоотод Б.Лхамсүрэн, талийгаач нөхөр, 2 хүүхэд нь байдаг. Настай хөгшин нь хаяа орж гарч харагддаг. Харин Д.Батсүхийг танихгүй, харж байгаагүй гэв.
Гэрч Б.Энэрэл шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ...Манайх энэ байранд миний ухаан орсон цагаас эхлэн амьдарч байгаа, Д.Батсүх ахыг хамаатаны ах гэдэг утгаар мэднэ, манайхаар ирээд байдаггүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон зохигч талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэх Д.Б“ Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар 40 000-ын 16-46 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү2202003814 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны Б.Дагсалын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох” хүсэлтийг тус шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг “Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар 40 000-ын 16-46 тоот хаягтай, үл хөдлөх эд хөрөнгийн Ү2202003814 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны талийгаач Б.Дагсалд оногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр Д.Батсүхийг тогтоож, уг орон сууцыг зах зээлийн ханшаар 100 000 000 төгрөгөөр үнэлж, үүний 50 хувь болох 50 000 000 төгрөгийг орон сууцыг эзэмшиж байгаа хариуцагч Б.Л-сгаргуулах“ гэж өөрчилж, энэхүү шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон болно. /хх81/
Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ...талийгаач Б.Дагсал нь Д.Батсүх, Д.Батзориг, Д.Цэрэнлхам, Д.Батхишиг нарын 4 хүүхэдтэй, Чингэлтэй дүүрэг 16-46 тоотын орон сууцыг хүү Д.Батхишигтэй хамтран өмчлөгч юм.
Д.Батсүх нь талийгаач аавыгаа асарч Баянгол дүүргийн 3 дугаар хорооны АОС-ийн 1 тоотод мөн Чингэлтэй дүүргийн 16-46 тоотод дүү Д.Батхишигийнд амьдардаг байсан. Бага дүү Д.Батхишиг нь өөрөө орон сууцтай болохоороо 16-46 тоотыг ах Д.Батсүхдээ өгнө гэж ярьдаг байсан тул аав Б.Дагсалд оногдох хувийн өвийн гэрчилгээ авах хүсэлтээ гаргаагүй байж байтал тэрээр харамсалтайгаар 2018 онд нас барсан. Иймд уг орон сууцны талийгаач Б.Дагсалд оногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү. Дүү Д.Батхишиг 2018 онд нас барсан, түүнд оногдох хэсгийн талаар шаардлага гаргаагүй, уг орон сууцыг түүний эхнэр Б.Лхамсүрэн эзэмшиж байгаа тул зах зээлийн ханшаар 100 000 000 төгрөгөөр үнэлж 50 000 000 төгрөгийг гаргууна гэж,
Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ... талийгаач Б.Дагсал нь 2013 онд нас барсан, нас барах хүртэлээ Д.Батхишигийн гэр бүлтэй Чингэлтэй дүүргийн 16-46 тоотод хамт амьдарч байсан. Талийгаач Д.Батхишиг нь хамт амьдарч байсан өвлөгчийн хувьд өв хүлээн авахаас татгалзсан хүсэлтээ нотариат болон засаг даргад мэдэгдээгүй тул уг байрны Б.Дагсалд оногдох хэсгийг хүлээн авсан байна. Д.Батхишиг 2018 онд нас барсан хэдий ч талийгаач Б.Дагсалд оногдох хэсэг мөн түүний өөрт оногдох хэсэг буюу уг сууц бүхэлдээ түүний хууль ёсны өвлөгчид шилжсэн. Харин Нэх Д.Бнь Б.Дагсалд ногдох хэсгийн өв хүлээн авах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй тул өвлөхөөс татгалзсан байна. Энэ орон сууц нь талийгаач Д.Батхишигийн 2 эрэгтэй хүүхдэд нь өвлөгдөн очих эд хөрөнгө юм гэж тус тус тайлбар гаргаж байна.
Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар 40 000-ын 16-46 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү2202003814 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Дагсал, Д.Батхишиг нар бүртгэлтэй, орон сууцны бүртгэл эрхийн зөрчилгүй, үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байна. /хх33-44/
Талийгаач Б.Дагсал нь 2013 оны 12 сарын 14-нд нас барснаар өв нээгджээ.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1...нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч гэжээ.
Б.Дагсал нь эхнэр, 6 хүүхэдтэй гэсэн бүртгэлтэй бөгөөд эхнэр Д.Оролмаа 1995 оны 03 сарын 31-нд, Дагсалын Бат-Өлзий 1966 оны 02 сарын 24-нд, Дагсалын Цэрэндулам 1972 оны 11 сарын 07-нд тус тус нас баржээ.
Иймд талийгаач Б.Дагсалын өв нээгдэх үед хууль ёсны өв залгамжлагч нь Д.Батсүх, Д.Цэрэнлхам, Д.Батзориг, Д.Батхишиг нар байсан бөгөөд эдгээр дөрвөн хүүхэд хуульд зааснаар бүгд тэнцүү хувааж өвлөх эрхтэй байна.
Талийгаач Б.Дагсал, Д.Батхишиг нарын өмчлөлийн эд хөрөнгө өвлөх эрхтэй холбогдуулан хууль ёсны өв залгамжлагчид өв хүлээн авах хүсэлт болон өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээний талаар нэгдсэн бүртгэлд мэдээлэл бүртгэгдээгүй гэж Нотариатчдын танхимаас лавлагаа гарсан байх тул уг орон сууцны талийгаач Б.Дагсал болон талийгаач Д.Батхишиг нарт оногдох хэсгийн талаар өвийн гэрчилгээ олгогдоогүй байна. /хх17/
Зохигч талууд талийгаач Д.Батхишигт оногдох хэсгийн талаар маргаагүй харин талийгаач Б.Дагсалд оногдох хэсгийн талаар нэхэмжлэгч нь тухайн орон сууцанд бүртгэлтэй, талийгаач Б.Дагсалыг асарч хамт амьдарч байсан тул талийгаачид оногдох хэсгийг бүхэлд нь өвлөх эрхтэй гэж, хариуцагч нь талийгаач Б.Дагсал нь нас барах хүртэлээ бага хүү Д.Батхишигтэй хамт уг сууцанд амьдарч байсан бөгөөд өв хүлээн авахаас татгалзсан тухай хүсэлтээ гаргаагүй тул Д.Батхишиг нь өвийг хүлээн авсан, Д.Батсүх хамт амьдарч байгаагүй өвлөх хүсэлтээ хугацаанд гаргаагүй өвлөх эрхээ алдсан гэж маргаж байна.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1.Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.
Зохигч талууд нэхэмжлэгч Д.Батсүхийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар 40 000-ын 16-46 тоотод оршин суух бүртгэлийн тухайд талууд маргаагүй харин маргааны үйл баримт болох уг хаягт талийгаач Б.Дагсал нас барах хүртэлээ оршин сууж байсан эсэх, талийгаач Б.Дагсал нь Нэх Д.Бболон талийгаач Д.Батхишиг нарын хэнтэй хамт амьдарч байсан эсэх талаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтыг мөн өрхийн бүртгэлийн дэвтрийг нотлох баримтаар тус тус гаргаж шаардлага, татгалзлын үндэслэл болгож мэтгэлцсэн.
Гэтэл талуудаас нотлох баримтаар гаргасан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Солонго нь
-2020.10.26-ны 951 дугаар тоотоор...Д.Батсүх тус хорооны 16-46 хаягт оршин суудаг, ам бүл 1 гэж /хх6/
-2020.12.18-ны 1032 дугаар тоотоор...Д.Батсүх тус хорооны 16-46 хаягт 2008 оноос эхлэн одоог хүртэл амьдарч байгаа болно гэж /хх12/
-2021.06.11-ний 347 дугаар тоотоор ...Б.Лхамсүрэн тус хорооны 16-46 хаягт ам бүл 3 хүү Б.Энэрэл, Б.Мандуул нарын хамт оршин суудаг гэж /хх74/
-2020.12.18-ны тодорхойлолтод...2018.02.08-ны өдөр нас барсан Д.Батхишиг нь тус хорооны 16-46 хаягт албан ёсны бүртгэлтэй, түүнтэй хамт Б.Лхамсүрэн эхнэр, Б.Энэрэл хүү, Б.Мандуул хүү, Д.Батсүх ах нар амьдарч байсан гэж /хх90/
-2021.01.28-ны тодорхойлолтод ...2018.02.08-ны өдөр нас барсан Д.Батхишиг нь тус хорооны 16-46 хаягт албан ёсны бүртгэлтэй, түүнтэй хамт Б.Лхамсүрэн эхнэр, Б.Энэрэл хүү, Б.Мандуул хүү амьдарч байсан гэж /хх106/
-2021.07.28-ны 242 залруулга ...тус хорооны 16-46 хаягт Д.Батсүх бүртгэлтэй боловч оршин суудаггүй ...2020.12.18-ны өдөр ажлын албанаас гаргаж өгсөн өвийн тодорхойлолтод иргэн Д.Батсүхийг тус хаягт амьдардаг мэтээр тодорхойлсон нь засаа болно /хх109/ ...гэх эргэлзээтэй тодорхойлолтууд гаргасан байх бөгөөд дээрх тодорхойлолтуудаар уг хаягт Д.Батсүхийг оршин сууж байсан эсэх талаар үнэн зөв тодорхойлсон гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгчээс гаргасан хүн ам өрхийн бүртгэлийн дэвтрийн өрхийн тэргүүний овог нэр засвартай балласан, талийгаач Б.Дагсал болон Д.Батсүх нарын бүртгэл тодорхойгүй байгаа нь эргэлзээтэй нотлох баримтын шаардлага хангаагүй, хариуцагчаас гаргасан хүн ам өрхийн бүртгэлийн дэвтэр нь 2003-2004 оны бүртгэлийг бүртгэсэн байгаа нь маргааны цаг хугацааны хувьд хамааралгүй гэж үзэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд ....Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан байхад дээрх баримтууд нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсонгүй.
Иймд зохигч талуудын уг орон сууцанд талийгаач Б.Дагсал нас барах хүртэлээ Нэх Д.Бэсхүл талийгаач Д.Батхишигтэй хамт амьдарч байсан гэх хэн алины тайлбарын үндэслэл нотлогдохгүй байна.
Харин талийгаач Д.Дагсал нас барах хүртлээ Баянгол дүүргийн 7 дугаар хорооны АОС-ын 1-1 тоот хаягт оршин суух бүртгэлтэй тухайн сууцанд амьдран сууж байсан талаар тодорхойлсон тус хорооны Засаг даргын тодорхойлолт болон гэрч Д.Батзориг, Д.Цэрэнлхам нарын мэдүүлэг нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар 40 000-ын 16-46 тоот, үл хөдлөх эд хөрөнгийн Ү2202003814 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны Б.Дагсалд оногдох хэсгийн өв залгамжлалын маргаанд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд гэж үзэхээр байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Батзориг, Д.Цэрэнлхам нараас гэрчийн мэдүүлгийг урьдчилсан авсан боловч тэдгээрээс хэргийн үйл баримтын талаар зохигчийг байлцуулан давтан асуусан ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.4-тэй нийцсэн болно. /хх151-153/
Шүүх хуралдаанд гэрч Д.Батзориг, Д.Цэрэнлхам нарын... аав Б.Дагсалыг ах Д.Батсүх асарч Баянгол дүүргийн АОС-д хамт амьдарч байсан, аав маань хүүхдүүдийнхээ хэнийд ч хэд хонодог, Чингэлтэй байранд байнга байдаггүй, ...талийгаач Д.Батхишиг нь өөрөө шинэ сууц авахаараа Чингэлтэй байрыг ах Д.Батсүхдээ өгнө гэж ярьж байсан...уг орон сууцыг өвлөх талаар бидний хэн ч хүсэлт гаргаж байгаагүй...аавыг нас барсаны дараа орон сууцыг зарах саналтай байсан боловч зараагүй...гэх зөрүүгүй мэдүүлгүүдээс үзэхэд нэхэмжлэгч Д.Батсүхийг хуульд хугацаанд хүсэлтээ гаргаагүйг буруутгах боломжгүй нөгөө талаар хууль ёсны дөрвөн өвлөгчийг хэн алийг талийгаачид оногдох хэсгээс өвлөхөөс татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд шүүх дээрх нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж дүгнэн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-д зааснаар өв хүлээн авах хугацааг сунгах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 529 дүгээр зүйлийн 529.1-д ...Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өв нээгдсэний дараа уг өвийг хүлээн авч чадалгүй нас барсан бол өвлөгдөх эд хөрөнгөөс түүнд оногдох хэсгийг хүлээн авах эрх түүний өвлөгчид шилжинэ.
Талийгаач Д.Батхишиг 2018 оны 12 сарын 18-нд нас барснаар түүний өв нээгдсэн бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч нь эхнэр Б.Лхамсүрэн, хүү Б.Энэрэл, Б.Мандуул нар байх бөгөөд тэрээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар 40 000-ын 16-46 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү2202003814 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны Б.Дагсалд оногдох хэсгээс өөрт оногдох хэсгийг хүлээн авч чадалгүй нас барсан байх тул түүнд оногдох хэсэг нь эхнэр Б.Лхамсүрэн болон түүний хүүхдүүдэд шилжсэн гэж үзнэ. /хх5/
Хууль ёсны өвлөгч болох Д.Батзориг, Д.Цэрэнлхам нар өөр, өөрт оногдох хэсгээс татгалзаж, ах Д.Батсүхэд өвлүүлэхийг зөвшөөрсөн хүсэлтээ бичгээр илэрхийлж, нотариатчаар гэрчлүүлсэн байх тул тэдгээрт оногдох хэсгийг Д.Батсүх өвлөх эрхтэй гэж үзнэ. /хх51/
Иймд Нэх Д.Бталийгаач Б.Дагсалд оногдох хэсгийг бүхэлд нь бус 3/4 хувийн өвлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Харин уг орон сууцны хамтран өмчлөгч Д.Батхишиг 2018 онд нас барсанаар өв нээгдсэн байх хэдий ч түүний хууль ёсны өвлөгч нар өвлөх хүсэлтээ гаргаагүй болох нь Нотариатын танхимын лавлагаагаар тогтоогдож байгаа бөгөөд уг орон сууцны өмчлөгчөөр Б.Лхамсүрэн бүртгэгдээгүй байх тул орон сууцыг 100 000 000 төгрөгөөр үнэлж 50 000 000 төгрөгийг түүнээс шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.4, 529 дүгээр зүйлийн 529.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар 40 000-ын 16-46 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү2202003814 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны талийгаач Б.Дагсалд оногдох хэсгийн 3/4 хувийн хууль ёсны өвлөгчөөр Д.Б-ийг тогтоож, талийгаач Д.Батхишигт оногдох хэсэг болон хариуцагч Б.Л-с50 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийнулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Л-сулсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Батсүхэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОЛМОН