Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 021

 

  С.Н-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/173 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч С.Н-д холбогдох эрүүгийн 1913003670250 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, тус аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек, шүүгдэгч С.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.

Шүүгдэгч И овогт С-ийн Н /РД:БЕ00000000/ нь Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 хүнтэй, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

-Шүүгдэгч С.Н нь Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Б тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрүүдийн хооронд, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус банкны харилцагч 35 иргэнд малчны болон тэтгэврийн зээл гаргах замаар, түүнчлэн Б.Б нарын 10 хүний эд хөрөнгийг тус тус бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/173 дугаар шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Нд холбогдох 1913003670250 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын эсэргүүцэлд: “1. Яллагдагч С.Н-ы үйлдэлд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэргийн шинж бүрэн тогтоогдсон, учруулсан хохирлын хэмжээ тодорхой байна. Анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 06-нд урьдчилсан хэлэлцүүлэг хийж, банканд учруулсан бодит хохирлын хэмжээ тодорхой бус зарим лизингийн бараа авсан иргэдийн мөнгийг завшсан эсэх нь бүрэн тогтоогдоогүй үндэслэлээр прокурорт буцаасан. Шүүхийн уг захирамжийн дагуу хохирлыг дахин нарийвчлан тооцож, холбогдох гэрчүүдийг байцаан мэдүүлэг авч, лизингийн бараа авсан иргэдийн асуудлыг бүрэн тодруулан бодит хохирлын хэмжээг жагсаалтаар тодорхой ойлгомжтой байдлаар тогтоон хэргийг дахин 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 52 тоот яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хэргийн 2 дугаар хавтасны 81 дүгээр талд энэ хэргийн улмаас учирсан нийт бодит хохирол 235137000 төгрөг болохыг туйлын тодорхой жагсаалтаар бичиж тогтоосон. Энэ тоо бол С.Ны учруулсан бодит хохирлын хэмжээ. Нийт 45 иргэний нэр дээр зээл гаргах бэлнээр өгсөн мөнгийг нь банк дахь харилцах дансанд нь оруулахгүй өөрөө авах аргаар завшсан мөнгөний нийт бодит дүн юм. Тодруулбал 29 иргэний нэр дээр малчны зээл гаргаж 204200000 төгрөг, 6 иргэний нэр дээр тэтгэврийн зээл гаргаж 24007000 төгрөг, 9 иргэний лизингийн барааны 6465000 төгрөг, 1 иргэний халамжийн 465000 төгрөгийг тус тус гаргаж бүгд 235137000 төгрөг авсан байна. Нийт 45 хүний нэр дээр авсан хохирлын дүн энэ юм. Хүү бодогдоогүй дүн. Прокурорын яллах дүгнэлтийн ТОГТООХ хэсэгт “...зэрэг аргаар нийтдээ 235137000 төгрөгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан...” гэж бичигдсэн тул хохирлыг прокурор зөрүүтэй дүгнэсэн гэсэн анхан шатны шүүхийн захирамжид дурдсаныг зөвшөөрөхгүй байна. Дээрх 29+6=35 иргэний нэр дээр гаргаж авсан зээлийн хүүг 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш бодож байгаа бөгөөд 2020 оны 3 сарын 10-ны өдөр яллах дүгнэлт үйлдэх үед нийтдээ 8797431 төгрөг бодогдсон байсан ба энэ нь одоо ч үргэлжилж бодогдож нэмэгдсээр байгааг яллагдагч болон түүний өмгөөлөгч нар энэ хүүг төлүүлэхгүй гэж мэтгэлцэж байгаа бөгөөд үүнийг Иргэний хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжтой.

2. Бодит хохирол болон зээлийн хүү тодорхой байхад анхан шатны шүүх уг тооцоог гаргуулахын тулд тусгай мэдлэг шаардсан эдийн засгийн шинжээчээр дүгнэлт гаргуулахаар буцаах үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна. Нэмэгдүүлсэн хүү бодогдоогүй байна. Зээл олголтын шимтгэлд 1890000 төгрөг банканд орсон, өргөдлийн хураамжид 24000 төгрөг татаж авсан, малын индексжүүлсэн даатгал буюу эрсдэлийн даатгалын хураамжид 625600 төгрөг хурааж авсан нь бүгд тогтоогдсон, үүнийг яллагдагч хүлээн зөвшөөрч байна. Эдгээр тооцоо бүрэн тогтоогдсон байхад шинжээч томилох шаардлагагүй байна. Харин зээл олголтын шимтгэл, өргөдлийн хураамж, даатгалын мөнгийг С.Ны төлөх дүнгээс хасаж тооцох эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд банкны зүгээс үүнд маргаагүй байна. Одоо бодит хохирол буюу 235137000 төгрөгөөс үлдсэн 82574030 төгрөг /бодит хохирол/, түүнд бодогдсон хүү 8797431 төгрөг /гэм хор/- ийг банк С.Наас гаргуулахаар нэхэмжилж байгаа юм. Ийм учраас анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг хүчингүй болгож хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр  эсэргүүцэл бичив. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирлын тооцоог үндэслэн яллагдагч С.Ны үйлдэл гэм буруутай эсэхийг шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул шинжээч томилж бодит хохирлыг тооцуулахаар буцаасан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5/05 дугаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч С.Нд холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

            Анхан шатны шүүх яллагдагч С.Нд холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад нийцсэн боловч шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт заасан 2 дахь үндэслэл хуульд нийцээгүй байна.

 

Хэрэгт яллагдагч С.Ны Төрийн банкны 35 харилцагчид холбоотой, тэдгээрт малчны болон тэтгэврийн зээл гаргах замаар банкны хөрөнгө завшсан гэх 35 үйлдэл холбогдлыг нотлох зээлийн гэрээ, зээлийн болон орлогын дансны хуулга жагсаалт, орлогын болон зарлагын /гүйлгээний/ санхүүгийн анхан шатны баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, хохирогчоос хуульд заасан үүргийнхээ дагуу хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, холбогдох баримт, судалгаа, мэдээллийг үнэн зөв, бодит байдлаар нь гаргаж өгсөн тохиолдолд мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч тухайн нотлох баримтуудыг хянаж үнэлэх замаар, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүх, прокурор, мөрдөгч нь нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тогтоох бүрэн боломжтой, энэ нь шинжээчийн тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай үйл ажиллагаа бус, харин шүүгч, прокурор, мөрдөгчийн хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, дотоод итгэлээр үнэлж, дүгнэх мэргэжлийн үйл ажиллагаа байх тул шинжилгээ хийлгэх, шинжээч томилох шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 2 дахь үндэслэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 27.1 дүгээр зүйлд тус тус нийцээгүй байна.

           

            Харин хэргийн бодит байдлыг тогтоох, шударга ёс, гэм буруу, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангуулах үүднээс хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1 дэх заалтад нэмж, дараах үндэслэл, агуулга бүхий, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв. Үүнд:

 

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан шаардлагыг хангуулахаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1 дэх үндэслэл нотлох баримтад тулгуурласан, үндэслэлтэй болжээ. Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд, яллагдагч С.Ны үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ бодитой, бүрэн тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

           

            Хэргийн 2 дугаар хавтасны 81 дэх талд авагдсан Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын “Төрийн банкны Б тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан С.Нтай холбоотой ашиглалын мэдээ №1” гэх баримтыг гэрчүүдийн мэдүүлэг, 3 хавтас, 583 хуудастай эд мөрийн баримтуудтай харьцуулан судлахад, зарим харилцагч нарт зээлийн гэрээний дагуу банкнаас гаргуулсан зээлийн мөнгөнөөс бэлнээр өгсөн, эсхүл дансаар шилжүүлсэн дүн тодорхойгүй, хохирлын хэмжээ зөрүүтэй, баримтаар бодитой тогтоогдоогүй байна. Тухайлбал, харилцагч  П.Дд 10000000.00 төгрөгийн зээл гаргуулж, үүнээс 1000000.00 төгрөгийг нь зээлдэгчид олгосон гэх боловч яллагдагч С.Ны завшсан гэх хохирлын хэмжээг 10000000.00 төгрөг гэж тусгасан нь зөрүүтэй,

  • түүнчлэн харилцагч Ө.Өтэй 4500000.00 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, түүний дансанд 4500000.00 төгрөг шилжүүлсэн боловч хохирлын хэмжээг 2500000.00 төгрөг гэж,
  • харилцагч Ш.Жтэй 10000000.00 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, түүний дансанд 10000000.00 төгрөг шилжүүлсэн боловч хохирлын хэмжээг 9000000.00 төгрөг гэж,
  • харилцагч Д.Хтай 10000000.00 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, түүний дансанд 10000000.00 төгрөг шилжүүлсэн боловч хохирлын хэмжээг 6500000.00 төгрөг гэж,
  • харилцагч Н.Бтай 30000000.00 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, түүний дансанд 30000000.00 төгрөг шилжүүлсэн боловч хохирлын хэмжээг 7000000.00 төгрөг гэж,
  • харилцагч Г.Мтай 10000000.00 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, түүний дансанд 10000000.00 төгрөг шилжүүлсэн боловч хохирлын хэмжээг 6800000.00 төгрөг гэж,
  • харилцагч Х.Ктэй 5000000.00 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, түүний дансанд 5000000.00 төгрөг шилжүүлсэн боловч хохирлын хэмжээг 1200000.00 төгрөг гэж,
  • харилцагч Х.Стай 6000000.00 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, түүний дансанд 6000000.00 төгрөг шилжүүлсэн боловч хохирлын хэмжээг 5400000.00 төгрөг гэж,
  • харилцагч Д.Ттай 5000000.00 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, түүний дансанд 5000000.00 төгрөг шилжүүлсэн боловч хохирлын хэмжээг 3800000.00 төгрөг гэж,
  • харилцагч Б.Бтай 8000000.00 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, түүний дансанд 8000000.00 төгрөг шилжүүлсэн боловч хохирлын хэмжээг 7000000.00 төгрөг гэж,
  • харилцагч С.Хтай 4000000.00 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, түүний дансанд 4000000.00 төгрөг шилжүүлсэн боловч хохирлын хэмжээг 2000000.00 төгрөг гэж,
  • харилцагч Х.Жтэй 8000000.00 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, түүний дансанд 7000000.00 төгрөг шилжүүлсэн, түүний данснаас 6932000.00 төгрөгийн зарлага хийсэн  боловч хохирлын хэмжээг 4000000.00 төгрөг гэж,
  • харилцагч Х.Ттэй 3500000.00 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, түүний дансанд 3500000.00 төгрөг шилжүүлсэн боловч хохирлын хэмжээг 2000000.00 төгрөг гэж тусгасан үндэслэлийг нотлох санхүүгийн /гүйлгээний/ анхан шатны баримт хэрэгт авагдаагүй буюу яллагдагч С.Н нь дээрх харилцагч нартай холбоотой, банканд хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүйг яаж үйлдсэн, гүйцэлдүүлсэн, тухайн харилцагч нарын данснаас ямар аргаар /бэлнээр, эсхүл бэлэн бус шилжүүлгээр авсан, бэлнээр гаргаж авсан бол зарлагын баримтыг хэн үйлдэж, гарын үсэг зурсан эсэх, эсхүл харилцагч банканд ирээгүй байхад хуурамчаар баримт бичиг үйлдсэн эсэх/ мөнгө гаргуулж, хөрөнгө завшсан эсэхийг яллагдагчийн 35 үйлдэл холбогдол тус бүрээр шалгаж, тогтоох шаардлагатай. Ихэнх харилцагч нарын данснаас мөнгө зарлагадсан гүйлгээний жагсаалт хэрэгт авагдсан боловч энэ тохиолдолд гүйлгээ хийсэн зарлагын баримт тус бүрийг нь банкнаас хураан авч, тухайн гүйлгээг хэн, яаж, хэрхэн хийсэн, мөнгийг хэн хүлээж авсан, улмаар яллагдагчийн үйлдэл холбогдол тус бүрд хэрхэн, хэдэн төгрөг завшсан талаар шалгаж тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ.

 

Хэргийн хамт шүүхэд ирүүлсэн 3 хавтастай бичмэл эд мөрийн баримтуудыг шинжлэн судлахад, харилцагч П.Лтай холбоотой зээлийн гэрээ, түүний дансанд уг зээлийн гэрээг үндэслэн орлого хийсэн баримт, хураамж, шимтгэл, даатгалын орлого хийсэн баримт тус тус хэрэгт авагдаагүй тул яллагдагчийг 5267700.00 төгрөг завшсан гэх үндэслэл тодорхойгүй, харилцагч Б.Лтэй 8000000.00 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, түүний дансанд уг гэрээг үндэслэж 8000000.00 төгрөгийн орлого хийсэн боловч харилцагчийн данснаас хэн, хэрхэн зарлага хийсэн баримт хэрэгт авагдаагүй тул яллагдагчийг 8000000.00 төгрөг завшсан гэх үндэслэл бүрэн тогтоогдоогүй, харилцагч Т.Мтэй 4719899.00 төгрөгийн зээлийн гэрээ, харилцагч Ш.Штай 4529000.00 төгрөгийн зээлийн гэрээ, харилцагч Х.Хтэй 5267700.00 төгрөгийн зээлийн гэрээ тус тус байгуулагдсан нь хэрэгт авагдсан атлаа тэдгээрийн дансанд гэрээнд заасан үнийн дүнгээр орлого хийсэн баримт хэрэгт авагдаагүй, тодорхойгүй тул яллагдагч С.Н нь харилцагч Т.Мнд холбогдуулан банкнаас 2400000.00 төгрөг, Ш.Шд холбогдуулан 4529000.00 төгрөг, харилцагч Х.Хнд холбогдуулан 5267700.00 төгрөг завшсан гэх үйл баримтыг /харилцагч нарын дансаар дамжуулан, эсхүл өөр бусад аргаар завшсан эсэх/ шалгаж, тогтоох шаардлагатай.

 

Харилцагч А.Атай байгуулсан гэх зээлийн гэрээ хэрэгт бүрэн эхээрээ авагдаагүй, зөвхөн гэрээний төгсгөлийн хэсгийг эд мөрийн баримтаар хураан авсан, тус харилцагчийн дансанд уг гэрээний үндсэн дээр орлого хийсэн баримт мөн хэрэгт авагдаагүй, харилцагч Ж.Хтэй зээлийн гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Иргэний нэхэмжлэгчээс зээл олголтын шимтгэл /1 хувь/-д 8797431.00 төгрөг, өргөдлийн хураамжид 24000.00 төгрөг, эрсдэлийн хураамжийн даатгалд 624400.00 төгрөгийг тус тус нэхэмжилж хэрэгт баримт хавсаргасан /Хэргийн 2 дугаар хавтасны 81 дэх тал/ бөгөөд яллагдагч С.Нд холбоотой, 35 харилцагчийн нэр дээр малчны болон тэтгэврийн зээл гаргах замаар хөрөнгө завшсан гэх 35 үйлдэл холбогдол тус бүрд зээл олголтын шимтгэл, өргөдлийн хураамж, эрсдэлийн даатгалын хураамж тус тус хураасан эсэх, энэ нь банкны орлогод бодитой авагдсан /орсон/ эсэхийг шалгаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг үнэн зөв тогтоох шаардлагатай.

 

Түүнчлэн Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас гаргаж өгсөн баримт, мэдээгээр яллагдагч С.Наар хохиролд /төлүүлсэн зээл гэх/ 153336970.00 төгрөг, зээлийн хүүд 14210073.00 төгрөг төлүүлсэн гэх боловч эдгээр тоон үзүүлэлтүүд бодитой эсэхийг, үндсэн зээл болон зээлийн хүү гэх зориулалтаар яллагдагчаар төлүүлсэн мөнгөний дүнг нарийвчилж тогтоон Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас тооцоо, мэдээллийг шинэчилж, санхүүгийн анхан шатны баримт бүхий нотолгооны хамт гаргуулбал зохино.

 

2. Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 50/436 дугаар албан бичгээр тус салбарын Б тооцооны төвийн захирал С.Н, ахлах теллер Ц.Б, теллер Т.Ш нарт холбогдох гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргасан, Төрийн банкны Дотоод хяналт, шалгалтын тайланд тооцооны төвийн захирал С.Н, ахлах теллер Ц.Б, теллер Т.Ш нарт холбогдох ашиглан болон залилангийн шинжтэй үйлдэл, холбогдлын талаар тусгасан, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зээлийн гэрээний үндсэн дээр харилцагчийн дансанд орлого хийсэн /зээл олголтын/ баримтууд, зээл олголтын шимтгэл болон зээлийн өргөдлийн хураамжийн орлого хийсэн баримтуудад ахлах теллер Ц.Б, теллер Т.Ш нар гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулан гүйлгээ хийсэн зэргээс дүгнэвэл, харилцагч нэр бүхий 35 хүний дансаар дамжуулан банкнаас хөрөнгө завшсан гэх яллагдагч С.Ны үйлдэл холбогдол бүрд ахлах теллерээр ажиллаж байсан Ц.Б, теллерээр ажиллаж байсан Т.Ш нарын оролцоо байгаа эсэх, тэдгээр нь гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн эсэхийг мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг хангаж, шалгаж тогтоох шаардлагатай байна.

 

Төрийн банкны Дотоод хяналт, шалгалтын материал, дүгнэлт, тайланг хэрэгт бүрэн эхээр нь /эх хувиар, эсхүл баталгаажуулсан хуулбар/ хураан авч, хэрэгт хавсаргавал зохино.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэж, 2 дахь хэсэгт шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох шийдвэр гаргана гэж хуульчилсан. С.Нд холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Төрийн банкийг, эсхүл түүний эрх олгосноор Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбарыг хуульд зааснаар хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргаагүй атлаа Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Тооцооны төв хариуцсан менежер Д.Бахытжаныг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болох боловч Д.Б нь хохирогчийн шийдвэрээр, түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдоогүй, харин мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тогтоогдсон иргэний нэхэмжлэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болохоос хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдоогүй тохиолдолд түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг төлөөлөх, хамгаалах, хариуцлага хүлээх этгээд биш юм.

 

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангуулж, Төрийн банкийг, эсхүл түүний эрх олгосноор Баян-Өлгий аймаг дахь салбарыг, түүнчлэн эд хөрөнгийн хохирол хүлээсэн гэх иргэн Б.Б, Ө.А, Б.Б, Д.Б, Х.С, Б.Б, Ж.Ж, А.А, М.М, Б.Г нарын 10 хүнийг тус тус хохирогчоор тогтоож, тэдгээрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрх үүргийг, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэх гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулж, тайлбарлах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцнэ.

 

Түүнчлэн Б.Б, Ө.А, Б.Б, Д.Б, Х.С, Б.Б, Ж.Ж, А.А, М.М нар нь банктай “лизингийн гэрээ” байгуулсан эсэх, банк тэдгээрийн авсан барааны үнийг гуравдагч этгээдэд төлсөн эсэхийг шалгаж тогтоох шаардлагатайг тэмдэглэж байна.

 

4. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 52 дугаартай прокурорын яллах дүгнэлтэд яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгыг, тодруулбал яллагдагч С.Ны Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Б тооцооны төвийн харилцагч 35 иргэнд малчны болон тэтгэврийн зээл гаргах замаар банканд хохирол учруулж хөрөнгө завшсан гэх 35 үйлдэл холбогдол, Б.Б нарын 10 хүний эд хөрөнгийг завшсан гэх үйлдэл холбогдол, нийт 45 үйлдэл холбогдол тус бүрийн гэмт хэргийн товч агуулгыг буюу гэмт хэргийн шинж, гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, үйлдэл, эс үйлдэхүй, гүйцэтгэсэн арга, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, үйлдэл холбогдол бүрд хамаарах зайлшгүй шаардлагатай нотлох баримт зэргийг нарийвчилж тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан шаардлагыг, яллах дүгнэлтийн хавсралтад яллагдагчийн холбогдсон нийт 45 үйлдэл холбогдлын хохирол, хор уршгийн талаарх мэдээллийг ангилж бүрэн, үйлдэл холбогдол тус бүрээр тусгаагүй нь мөн зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад заасан шаардлагыг тус тус хангаагүй, прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангаж ажиллаагүй байна.

 

Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж /тодорхойлох хэсэгт заасан 2 дахь үндэслэлээс бусад/-ийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 52 дугаар прокурорын яллах дүгнэлтээр С.Нд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтаар зүйлчилсэн байхад хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн эхний заалтад “Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн...” гэж ташаа бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын агуулгыг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх бүхий л нөхцөлийг эргэлзээгүй тогтоох ёстой.

 

            Яллагдагч С.Нд холбогдох хэргийн хувьд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ түүний холбогдсон 45 үйлдэл холбогдол тус бүрээр, хангалттай хэрэгжүүлээгүй, хуульд заасан бүх арга хэмжээг аваагүй зөрчил, дутагдал илэрсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны  байх зарчмыг сануулах нь зүйтэй байна. Мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/173 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ӨМИРБЕК

 

                                    ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ 

                                                                                                           

Д.ЖАМБАЛСҮРЭН