| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 101/2022/02110/И |
| Дугаар | 001/хт2024/00172 |
| Огноо | 2024-06-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 001/хт2024/00172
Ц.Ж-гийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/00998 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2024/00836 дугаар магадлалтай
Ц.Ж-гийн нэхэмжлэлтэй,
И.Б-дхолбогдох,
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол (13321), 52/2 дүгээр байр, 00 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Г.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Ж хариуцагч И.Б-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол (13321), 00/0 дүгээр байр, 00 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/00998 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, (13321) 00/0 дүгээр байрны 00 тоот хаягт байршилтай 49,55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас хариуцагч И.Б-д болон түүний гэр бүлийг албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Б-гээс 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ж-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2024/00836 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/00998 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...сууцнаас хариуцагч И.Б болон түүний гэр бүлийг...” гэснийг “сууцыг хариуцагч И.Б-гийн хууль бус эзэмшлээс” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хоёр удаа гаргасан боловч шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээний үүргийг нэхэмжлэгч Ц.Ж-д холбогдуулан гаргаж байгаа нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж хүлээн авахаас татгалзсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийг хамт шийдвэрлэх байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон хариуцагч нар маргаан нь орон сууцыг давхардуулан гэрээ хийсэнтэй холбогдон үүсэж буй маргаан юм. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасан ба шүүгчийн зүгээс хамтран хариуцагчаар зохих этгээдийг оролцуулж болох байсан. Мөн хариуцагчийн “...сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан. Нэхэмжлэгч талаас төлбөр тооцоогүй гэх “А” ХХК-ийн 2018.06.06-ны өдрийн албан бичигт захирал Т.Б-гийн гарын үсгийн дардас, албан бланкны лого нь хэргийн 102 дугаар талд авагдсан баримтаас өөр байгаа. Мөн “А” ХХК-ийн 2018.06.06-ны өдрийн албан бичигт “...Ц.Ж ..” гэх ба 2017.06.07-ны өдрийн 016/17 дугаар ажил гүйцэтгэх гэрээнд “Т” ХХК-ийн захирал Т.У баталж, Захирал Ц.Ж гарын үсэг зурсан байтал иргэнд албан бичиг гаргаж өгсөн нь эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн. Хариуцагч талаас Улсын бүртгэлийн ерөнхий газраас маргаан бүхий орон сууцны түүхчилсэн лавлагааг гаргуулах хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн хангахаас татгалзсан. Орон сууцны түүхчилсэн лавлагаа нь гэрчилгээ гаргуулахад үнэн зөв материалаар бүрдүүлж өгсөн эсэхэд ач холбогдолтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.06.17-ны өдрийн 001/ШХТ2024/00822 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
7. Нэхэмжлэгч Ц.Ж хариуцагч И.Б-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол (13321), 00/0 дүгээр байр, 00 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “... тус орон сууцыг И.Б-д түрээслэх болон худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлж өгөөгүй байтал тэрээр орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна.” гэж тайлбарласан,
Хариуцагч эс зөвшөөрч “... “А” ХХК-тай 2017.01.23-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж, орон сууцыг 2018.03.07-ны өдөр хүлээн авч ашиглалтын төлбөрийг төлж байгаа. Орон сууцны шударга эзэмшигч тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.” гэж маргасан.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Ж-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: “...Ц.Ж нь орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн нь тул хууль бусаар орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдээс хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. Хариуцагч И.Б нь “А” ХХК-тай 2017.01.23-ны маргаан бүхий орон сууцыг захиалан бариулахаар харилцан тохиролцсон боловч орон сууцны төлбөрийг төлсөн нь тогтоогдсонгүй, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэлд бүртгэгдсэн этгээдийг өмчлөгч гэж тооцох тул энэ тохиолдолд хариуцагчийг маргаан бүхий орон сууцны хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагчийн орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан үндэслэл нь өмчлөгч эрхийг хэрэгжүүлэхийг хязгаарлах үндэслэл болохгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэх татгалзлыг үндэслэлгүй....” гэж дүгнэжээ.
9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ: “...анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч И.Б-гээс гадна түүний гэр бүлийг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцээгүй.” гэж үзжээ.
10. Нэхэмжлэгч Ц.Ж нь 2017.08.07-ны өдөр “А” ХХК-тай Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 00 дугаар хотхон үйлчилгээтэй орон сууцны барилгын дотор модон хаалга хийж гүйцэтгэх, суурилуулах гэрээ, мөн өдөр А-5/10/73 дугаартай Орон сууц захиалгын гэрээ тус тус байгуулж маргаан бүхий орон сууцыг ажлын хөлсөнд тооцон авахаар тохиролцсон,
хариуцагч И.Б нь 2017.01.23-ны өдөр “А” ХХК-тай А-5/10/73 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Апартмент-х хотхоны 83 айлын 3 дугаар ээлжийн орон сууцны 10 давхрын 49,55 м.кв талбайтай 00 тоот орон сууцыг 61,937,500 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон, орон сууцыг 2018.03.07-ны өдрөөс эзэмшиж ашиглаж ашиглалтын зардлыг төлж ирсэн, орон сууц Л.М-ийн өмчлөлд 2018.12.03-ны өдөр, Бизнес инвест девелопмент ББСБ-ын барьцаанд 2018.12.07-ны өдөр, Ц.Ж-гийн өмчлөлд 2020.10.20-ны өдөр тус тус бүртгэгдэж байсан талаарх баримтууд хэрэгт авагдсан.
11. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ маргаан бүхий орон сууцыг хариуцагч И.Б одоог хүртэл эзэмшиж байгаа нөхцөл байдал, хариуцагчийн тайлбарын үндэслэлийг тодруулаагүй, уг үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагааг холбогдох эрх бүхий байгууллагаас гаргуулах нь хэрэгт ач холбогдолтой байхад зөвхөн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийсэн, хяналтын шатны шүүх хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Маргаан бүхий орон сууц “А” ХХК-ийн ажилтан гэрч Л.М-ийн өмчлөлд хэрхэн шилжсэн буюу өмнөх өмчлөгчийн талаарх түүхчилсэн лавлагааг холбогдох эрх бүхий байгууллагаас гаргуулах нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байхад хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчжээ.
12. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Апартмент-х хотхоны 83 айлын 3 дугаар ээлжийн орон сууцны 00 давхрын 49,55 м.кв талбайтай 00 тоот орон сууцыг өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус байхыг шаардана. Түүнчлэн, 2 шатны шүүх Ц.Ж нь орон сууцыг гуравдагч этгээд эзэмшиж байсан нөхцөл байдлыг мэдэж байсан эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.
Дээрх байдлаар хариуцагч нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчээс түрүүлж “А” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, орон сууцыг эзэмшилдээ авсан үйл баримтаас үзэхэд хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзсэн нь үндэслэл бүхий болоогүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн удаа дараа гаргасан орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
13. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байхад давж заалдах шатны шүүх залруулалгүй шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулсан нь хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасантай нийцээгүй гэж үзнэ.
14. Иймд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
15. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээр дурдсан нөхцөл байдлуудыг гүйцэт тодруулж, хууль зүйн дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/00998 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2024/00836 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч И.Б 2024.05.28-ны өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН