Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2016/0905/З |
Дугаар | 422 |
Огноо | 2017-11-01 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 422
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа, Ж.Наранбат, хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвабат, гуравдагч этгээд “О” ХХК-ийн хөрөнгө оруулагч захирал Тория.Р.В, түүний орчуулагч С.Буян нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0362 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн 221/МА2017/0540 дүгээр магадлалтай, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус дүүргийн Засаг дарга, Газрын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0362 дугаар шийдвэрээр: Кадастрын зураглал бас газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан Х ХХК-ийн эзэмших эрх бүхий 70000 м.кв газрыг хуулиар олгосон эрх, үүргийнхээ хүрээнд кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд даалгаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11, мөн оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 152 дугаар захирамжуудын О ХХК-д холбогдох хэсэг болон 2012 оны 01 дүгээр сарын 30, 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрүүдийн О ХХК-тай байгуулсан газар ашиглуулах гэрээнд холбогдох нэгж талбарын 18619307425688 дугаартай 21307 м.кв талбайд холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,
2. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 82 дугаар тогтоол болон 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ММТЦ ХХК-тай байгуулсан газар ашиглуулах гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 276, 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 149 дүгээр захирамжуудын ММТЦ ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, .
3. Газрын тухай (1994 оны) хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5, Газрын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Одияна орчин ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/85, 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 160, 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 255 дугаар захирамжуудын Х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11, мөн оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 152 дугаар захирамжуудын “О” ХХК-д холбогдох хэсэг болон 2012 оны 01 дүгээр сарын 30, 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрүүдийн О ХХК-тай байгуулсан газар ашиглуулах гэрээнд холбогдох нэгж талбарын 18619307425688 дугаартай 21307 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүйд тооцож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0540 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0362 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа, Ж.Наранбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 82 дугаар тогтоолоор гадаадын хөрөнгө оруулалттай “ММТЦ” ХХК-д тус дүүргийн 20 дугаар хороо /одоогийн 32 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 26,2 га газар олгохыг зөвшөөрсөн байдаг.
Харин дүүргийн Засаг даргын 2007 оны 276 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороонд аж ахуйн хашааны зориулалтаар 5,0 га газрыг эзэмших эрхийг гадаадын хөрөнгө оруулалттай “ММТЦ” ХХК-д олгосон байдаг.
... Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь гадаадын хөрөнгө оруулалттай “ММТЦ” ХХК-д газар ашиглах эрх олгохдоо Газрын тухай хуулийн 31, 33 дугаар зүйлд заасан шаардлага, журмыг хэрхэн хангасныг шүүх голлон анхаарах ёстой.
...Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчид нь гадаадын хөрөнгө оруулалттай “ММТЦ” ХХК-д тухайн газрыг Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасны дагуу тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулахыг зөвшөөрсөн тогтоол гаргах ёстой байсан бөгөөд уг тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга нь гадаадын хөрөнгө оруулагчтай газар ашиглуулах гэрээг байгуулах ёстой юм.
Гэтэл “ММТЦ” ХХК-д газар ашиглуулахыг зөвшөөрсөн Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн тогтоол гараагүй байхад тус дүүргийн Засаг дарга нь зөвшөөрөлгүйгээр илт хууль бус захирамж гаргасан байх ба уг захирамжийг газар ашиглах эрх олгох хэлбэрээр биш харин газар эзэмших эрх олгох хэлбэрээр гаргасан нь илт хууль бус захиргааны акт болохыг давхар нотолж байна.
Мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоолын хавсралтаар Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын 2007 оны төлөвлөгөөг баталсан байх бөгөөд уг төлөвлөгөөний 2 дугаар хүснэгтэд 2007 онд дүүргийн нутаг дэвсгэрт эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтыг тусгасан байна.
... Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны архиваас шүүхэд ирүүлсэн тус дүүргийн Засаг даргын 2007 оны 276 дугаар захирамжийн нэгж талбарын хувийн хэрэгт байгаа баримт бичгийн хуулбараас үзэхэд “ММТЦ” ХХК-д газар ашиглуулах асуудлыг дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэсэн талаарх ямар ч баримт бичиг байхгүй байгаа учраас дээрх журмаар газар эзэмших эрхийг олгоогүй гэж үзнэ.
Мөн Засаг даргын 2007 оны 276 дугаар захирамжийн нэгж талбарын хувийн хэрэгт “ММТЦ” ХХК-д олгосон 5,0 га газрыг ашиглуулах гэрээ, гэрчилгээ болон уг газрын байршлын кадастрын зураг огт байхгүй байгаа болно.
2. ... Хууль зүйн хувьд гадаадын хөрөнгө оруулалттай “ММТЦ” ХХК-д газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын 2007 оны 276 дугаар захирамж нь илт хууль бус бөгөөд уг захирамжаар олгосон эзэмших эрх бүхий 5,0 га газрыг тус компанид 2006 онд олгосон ашиглах эрх бүхий 26,2 га газартай нэгтгэх боломжгүй атал дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид болон Засаг дарга нь хууль зөрчин тогтоол, захирамж гаргасан байх тул тэдгээр захиргааны актууд нь илт хууль бус захиргааны актад тооцогдоно.
Мөн дүүргийн Газрын албаны архиваас шүүхэд ирүүлсэн тус дүүргийн Засаг даргын 2008 оны 149 дүгээр захирамжийн нэгж талбарын хувийн хэрэгт “ММТЦ” ХХК-д олгосон 26,2 га газар дээр 5,0 га газрыг нэмж, нийт талбайн хэмжээг 312,000 м.кв болгосон газрыг тус компанид ашиглуулах гэрээ, гэрчилгээ болон уг газрын байршлын кадастрын зураг огт байхгүй байгааг дурдах нь зүйтэй юм.
... Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 276 дугаар болон 2008 оны 149 дүгээр захирамжууд нь илт хууль бус хэлбэрээр гарсан бөгөөд тэдгээр хууль бус шийдвэрийг үндэслэн дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр захирамж гарсны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь өнөөдрийг хүртэл зөрчигдсөн хэвээр байгаа болно.
3. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр захирамжийн О ХХК-д холбогдох заалт болон О ХХК-д газар ашиглуулах тухай 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагын тухайд:
... Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаас үзэхэд газар ашиглагч “ММТЦ” ХХК нь газар ашиглах эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхийг хуулиар олгоогүй байх тул 2011 онд байгуулсан Эвлэрлийн гэрээ болон дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр захирамж илт хууль бусад тооцогдоно.
Дээрх тохиолдолд дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэдэг үндэслэлээр “ММТЦ” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ёстой атал хууль зөрчин иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж газрын төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлсэн байна.
Гэхдээ Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2011 оны 1811 захирамжийн үндэслэлээс харахад шүүх тухайн иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ хариуцагч “ММТЦ” ХХК-ийн төлбөл зохих газрын төлбөрийн өрийг “О” ХХК-аар төлүүлэхийг нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Газрын алба зөвшөөрсөн зохигч, гуравдагч этгээдийн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байх бөгөөд харин “ММТЦ” ХХК нь 312,000 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээгээ “О” ХХК-д шилжүүлэх тухай эвлэрлийг батлаагүй байгааг шүүх анхаараагүй байна.
Мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр захирамж нь “ММТЦ” ХХК нь газар ашиглах эрхийн гэрчилгээгээ бус харин газар эзэмших эрхийн гэрчилгээгээ “О” ХХК-д шилжүүлснийг баталсан хэлбэрээр гарсан нь уг захирамжийн илт хууль бус болохыг давхар нотолж байна.
Түүнчлэн Засаг даргын дээрх захирамж нь газар эзэмшигч газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх хэлбэрээр гарсан байхад дүүргийн Газрын алба нь “О” ХХК-тай газар ашиглуулах гэрээ байгуулж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон нь логикийн алдаатай болжээ.
4. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, хугацааг сунгах, талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчилж баталгаажуулах тухай 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн өдрийн 152 дугаар захирамжаар гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “О” ХХК-ийн эзэмшиж буй дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтэд байршилтай, худалдаа үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын 58/5662 дугаар бүхий 312,000 м.кв газрын зориулалтыг аж ахуйн зориулалттай болгон өөрчилж, 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгож баталгаажуулжээ.
Улмаар Засаг даргын 2012 оны 152 дугаар захирамжийг үндэслэн дүүргийн Газрын алба нь “О” ХХК-ийн захирал Т.Рамаз Валерьевичтай 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээг бичгээр байгуулж, газар ашиглах эрхийн 0000392 дугаартай гэрчилгээ олгосон байна.
Нэгэнт дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр захирамж нь хууль бус шийдвэр бөгөөд түүнийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй тул СХД-ийн Засаг даргын 2012 оны 152 дугаар захирамж ч гэсэн хууль бус шийдвэр тул түүнийг хүчингүй болгох нь зүйд нийцнэ.
Мөн 2012 оны 152 дугаар захирамж нь “ММТЦ” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний бус харин газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн зориулалтыг өөрчилж баталгаажуулсан хэлбэрээр гарсан нь уг захирамжийн хууль бус болохыг давхар нотолж байна.
Түүнчлэн Засаг даргын захирамж нь газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн зориулалтыг өөрчилж баталгаажуулсан хэлбэрээр гарсан байхад дүүргийн Газрын алба нь “О” ХХК-тай газар ашиглуулах гэрээ байгуулж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон нь мөн л логикийн алдаатай болжээ.
5. Анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Газрын алба нь Газрын тухай хууль, журамд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч эзэмших эрх бүхий 70,000 м.кв газраа кадастрын мэдээллийн санд бүртгүүлж чадаагүй байна гэж зөв дүгнэсэн боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар “Х” ХХК-ийн эзэмших эрх бүхий 70000 м.кв газрыг хуулиар олгосон эрх, үүргийнхээ хүрээнд кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд даалгаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11, мөн оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 152 дугаар захирамжуудын “О” ХХК-д холбогдох хэсэг болон 2012 оны 01 дүгээр сарын 30, 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрүүдийн “О” ХХК-тай байгуулсан газар ашиглуулах гэрээнд холбогдох нэгж талбарын 18619307425688 дугаартай 21307 м.кв талбайд холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж, шийдвэрлэсэн юм.
Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн одоо эзэмшиж байгаа газар нь 70,000 м.кв талбайдаа хүрдэггүй бөгөөд 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөл бүхий “Бэйс пойнт” ХХК-аар нэгж талбарын байршлын кадастрын зургийг үйлдүүлэхэд эдлэн газрын бодит хэмжээ 68,490 м.кв талбайтай байгаа болно.
Мөн манай компани 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Бэйс пойнт” ХХК-аар өөрийн эзэмших ёстой 70,000 м.кв талбай бүхий газрын хэмжилтийг хийлгэж Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг-ыг нэмж үйлдүүлсэн бөгөөд уг кадастрын зургийг Газрын кадастрын мэдээллийн сан-д оруулахаар Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хандахад бусдын газартай давхацсан гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүртэл бүртгэхээс татгалзсаар ирсэн юм.
Нэгэнт гуравдагч этгээд “О” ХХК-д 312,000 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр захирамжийн “О” ХХК-д холбогдох заалт болон “О” ХХК-д газар ашиглуулах тухай 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээ, мөн Засаг даргын 2012 оны 152 дугаар захирамжийн “О” ХХК-д холбогдох заалт болон “О” ХХК-д газар ашиглуулах тухай 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий 70,000 м.кв газрын кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөл бүхий “Бэйс пойнт” ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хэмжилт хийсэн Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зурагт заасны дагуу Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх асуудал байхгүй билээ.
.... “ММТЦ” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн нэгж талбарын 18618308868102 дугаар бүхий 242135 м2 газар, нэгж талбарын 18618308598460 дугаар бүхий 48387 м2 газар, нэгж талбарын 18619307425688 дугаар бүхий 21307 м2 газар буюу нийт 311829 м газар нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83-р тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын дагуу нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй юм.
Эцэст нь тэмдэглэхэд анхан болон давж заалдах шатны шүүх нь гадаадын хөрөнгө оруулалттай “ММТЦ” ХХК-д газар эзэмших, ашиглах эрх олгосон дүүргийн Засаг даргын захирамж болон гадаадын хөрөнгө оруулалттай “ММТЦ” ХХК-аас гадаадын хөрөнгө оруулалттай “О” ХХК-д газар эзэмших эрхзэ шилжүүлэхийг зөвшөөрсөн дүүргийн Засаг даргын захирамжийг ямар үндэслэлээр хуульд нийцсэн гэж үзэж байгаагаа шийдвэр, магадлалдаа тодорхой зааж өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн заалтыг зөрчиж байна.
Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх нь газар ашиглах болон газар эзэмших эрх олгох хэлбэрээр гарсан захиргааны актын эрх зүйн үр дагаврыг хэрхэн дүгнэж байгаа нь шийдвэр, магадлалаас нь тодорхой харагдахгүй байгаа болно.
Энэхүү захиргааны хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад дүүргийн Засаг дарга нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглах эрх олгохдоо захирамжаа гол төлөв газар эзэмших эрх олгох хэлбэрээр гаргаж хууль зөрчдөг ба энэ нь тухайн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг ашиглаж буй газраа бусдад хууль бусаар шилжүүлэх боломж олгодог буруу практик тогтсон байгааг зөвтгөх нь зүйтэй юм.
Дээрх үндэслэлүүдээр дүүргийн Засаг дарга нь гадаадын хөрөнгө оруулалттай “ММТЦ” ХХК, “О” ХХК-уудад газар ашиглах эрх олгохдоо Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага болон газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхэд баримтлах журмыг тус тус зөрчиж олгосон гэж үзэх бүрэн үндэстэй байна.
Иймд захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т зааснаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн “...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/85, “Газар эзэмших эрхийн хугацааг сунгаж баталгаажуулах“ тухай мөн дүүргийн Засаг даргын 2007 оны 160, 2012 оны 255 дугаар захирамжуудыг үндэслэн нэхэмжлэгч “Х” ХХК нь тус дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтэд 7 га газрыг аж ахуйн хашааны зориулалтаар эзэмших эрхтэй байна.
Харин гуравдагч этгээд “Одияна орчин” ХХК-ийн тухайд өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 149 дүгээр захирамжаар “ММТЦ ХХК-ийн ашиглаж байсан 312000 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээг мөн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр захирамжаар “Одияна орчин” ХХК-д худалдаа үйлчилгээний зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлж, 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 152 дугаар захирамжаар “Одияна орчин” ХХК-ийн газар эзэмших зориулалтыг “аж ахуйн” болгон өөрчилжээ.
Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх бүхий дээрх захирамжуудад заагдсан 7 га газар нь гуравдагч этгээдийн ашиглаж буй 312000 м.кв газартай тодорхой хэсгээр давхцсан, энэ нь “Одияна орчин” ХХК-ийн нийт эзэмшиж байгаа 312000 м.кв газраас нэгж талбарын 18619307425688 дугаар бүхий 21307 м.кв талбайд 3405.52 м.кв хэмжээгээр давхцалтай болох нь “Одияна орчин” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Х” ХХК-д холбогдох “...газар чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гарсан “Геоценоз” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх давхцал бий болсон үйл баримтад хамааралтай нэхэмжлэлийн шаардлагад заагдсан захиргааны актууд болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 11, 152 дугаар захирамжууд болон “Одияна орчин” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 30, 05 дугаар сарын 22-ны өдрүүдийн газар ашиглах гэрээ зэрэгт дүгнэлт хийж, эдгээр актуудын нэгж талбарын 18619307425688 дугаар бүхий 21307 м.кв талбайд холбогдох хэсгийг 6 сараар түдгэлзүүлж шийвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх“ шийдвэр гаргана гэснийг зөрчөөгүй болно.
Өөрөөр хэлбэл, кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гурван өөр буюу 2007 оны 55443 м.кв, 70000 м.кв, 2012 оны 55436 м.кв хэмжээтэй кадастрын зураг хадгалагдаж байгаа, хэргийн нөхцөл байдлыг тодруулан шалгаж, эдгээрийн аль зургийг мэдээллийн санд бүртгэх нь дүүргийн Газрын албаны эрх, үүрэгт хамааралтай, шүүх үүнийг шинжлэн судлан, дүгнэж маргааныг шийдвэрлэх боломжгүй.
Нэхэмжлэлийн бусад шаардлага болох Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 82 дугаар тогтоол, 2006 онд “ММТЦ”ХХК-тай байгуулсан газар ашиглах гэрээ, мөн дүүргийн Засаг даргын 2007 оны 276, 2008 оны 149 дүгээр захирамжуудын “ММТЦ”ХХК-д холбогдох хэсэг гуравдагч этгээд “Одияна орчин” ХХК-ийн бие даасан шаардлагад хамааралтай мөн дүүргийн Засаг даргын 2002 оны Б/85, 2007 оны 160, 2012 оны 255 дугаар захирамж /“Х” ХХК-д холбогдох хэсэг/ зэрэг захиргааны актууд тус бүрийн талаар дүгнэж, үүнд холбогдох нэхэмжлэл, бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал, зөв байна.
Шүүхүүд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “...бусдын эзэзмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д ”...зөрчигдсөн...эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар...” гэж заасныг тус тус баримтлан дээрх захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болохыг нотлох баримтуудыг үндэслэн зөв дүгнэсэн байх тул “...шүүх ямар үндэслэлээр эдгээр захирамжуудыг хууль бус гэж үзэж байгааг шийдвэр, магадлалдаа тодорхой заагаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчсөн” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй гэж үзнэ.
Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай Газрын тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулиудын холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0362 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0540 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ