Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 44

 

Л.С-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч Б.Энхбат, хохирогчийн өмгөөлөгч Н.Нармандах, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар магадлалтай, 1728000040014 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнийн бичсэн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Н.Нармандахын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Буур овогт Л.С нь 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.С-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-д зааснаар Л.С-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох,

шүүгдэгч Л.С-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар 5.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Уянгад, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар 2.723.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ө.Баярбатад тус тус олгуулах,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар иргэний хариуцагч Ө.Баярбатаас 4.807.906 төгрөг гаргуулж хохирогч Б.Уянгад олгуулах, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Уянга, иргэний нэхэмжлэгч Б.Отгонцэцэг, иргэний хариуцагч Ө.Баярбат нар иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 103 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.С-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Л.С-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ: “Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Гэмт хэрэг гарсан үе буюу 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр шүүгдэгч Л.С нь 18 нас 9 сар 1 хоногтой байсан. Л.С-д холбогдох хэрэгт заавал өсвөр насны сэжигтэн, яллагдагчид холбогдуулж мөрдөн байцаалт явуулах үндэслэлгүй юм.

Л.С нь Ө.Баярбатын эзэмшлийн автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж түүний автомашинд 3.890.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь “Ашид Билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээгээр тогтоогдсон. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь их хэмжээний буюу 50.000.000 төгрөгөөс дээш хохирол учирсан байхыг шаарддаг.

 Гэтэл Ө.Баярбатын автомашинд 3.890.000 төгрөгийн хохирол учирсан тул түүнийг дээрх гэмт хэргийн хохирогч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх гэм хорын асуудлыг тодорхой шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүх гэм хорын хохирлыг хариуцвал зохих этгээдэд хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх эсэх талаар зохих дүгнэлт хийгээгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Нармандах хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Хохирогч Б.Уянга нь нотлох баримтын хүрээнд эмчилгээндээ зарцуулсан зардлаа бодитоор нэхэмжилсэн болно. Л.С-ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Уянгын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан, өөрөөр хэлбэл хохирогч нь осолд орсны улмаас бүсэлхийнээс доош мэдээгүй болж суумгай болсон бөгөөд одоо байнгын хүний асаргаанд байдаг. Сэтгэл санааны хохирлын хувьд 5 сая төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хохирогчийн амьдралд тус нэмэр болсон шийдвэр болсон боловч суугаа болж хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан, хэвлийдээ тээж байсан үрээсээ хагацсан хүний хувьд энэ мөнгө харьцангуй бага мөнгө гэж үзэж байна. 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Хохирогчид нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт эрүүл мэндээрээ хохирсон иргэнд шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон гэмтлийн хүнд зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 112 дахин өсгөж олгохоор заасан хуулийн зохицуулалтыг үндэслэн эрүүл мэнд нь хүнд гэмтсэн Б.Уянгад нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахаар зааж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Давж заалдах шатны шүүхээс “Л.С-д холбогдох хэргийг 18 настай буюу өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг мөрдөн байцаалтын явцад хэрэгжүүлээгүй байхад анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй, гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн Ө.Баярбатыг хохирогчоор тогтоогоогүй” гэсэн үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцаасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт заасан өсвөр насны сэжигтэн, яллагдагчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх журмыг 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд ёс суртахуун сэтгэцийн онцлогийг харгалзахаар зохицуулсан заалт байх бөгөөд уг зохицуулалтыг 21 насанд хүрээгүй хүн бүрт хавтгайруулан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна. Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт 18 насанд хүрсэн 21 насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэрэгт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан боловч тухайн заалтыг заавал баримтлах шаардлагагүй. Мөн автомашины эзэмшигч Баярбатыг иргэний нэхэжлэгчээр тогтоож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнийн бичсэн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Н.Нармандахын гаргасан гомдлыг үндэслэн Л.С-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Л.С-ы үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулжээ.

Анхан шатны шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Л.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын төвөөс 18 км зайд иргэн Ө.Баярбатын эзэмшлийн 64-73 ӨМҮ улсын дугаартай Тоёота королла загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.3, 2.1-а дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж, автомашинаа онхолдуулсан зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Уянгын биед хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч Ө.Баярбатын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 3.890.000 төгрөгийн эвдрэл бүхий хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.С-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутай гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж шийдвэрлэсэн нь шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад нийцжээ.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Уянгын биед хүнд хохирол учирч, хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан зэрэг байдлыг харгалзан шүүгдэгч Л.С-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасч, 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, учруулсан хохирлын шинж чанарт тохирсноос гадна шүүх гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж дүгнэв.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Л.С-ыг гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас хүрсэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт заасан өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг мөрдөн байцаалтын явцад хэрэгжүүлээгүй, мөн иргэний нэхэмжлэгч Ө.Баярбатад учирсан эд хөрөнгийн хохирол нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан их хэмжээнд хүрээгүй байхад түүнийг хохирогчоор тогтоогоогүй, түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Л.С-д хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байхад түүнд хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх эсэх талаар дүгнэлт хийгээгүй гэсэн буруу дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэ талаар гаргасан хохирогчийн өмгөөлөгчийн гомдол, прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар магадлалыг хүчингүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч Л.С-ыг цагдан хорьж, түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.        

 

               ДАРГАЛАГЧ                                                            Б.ЦОГТ

               ШҮҮГЧ                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН