Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2021/01221

 

 

 

 

 

 

 

  2021        06          04                                      182/ШШ2021/01221

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Дгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГхолбогдох,

 

“Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19300982/124-06 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэлэнгэ, Э.Батхишиг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.  

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь :

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2019/01025 дугаар захирамжаар “Эрд хул” ХХК-иас 611,409,400 төгрөгийг гаргуулж худалдаа хөгжлийн банконд олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэгч Б.Сэлэнгэ нь Д.Дуламсүрэнгийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202014675 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000085355 тоот гэрчилгээтэй, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжны 630 тоот хаягт байрлах 354 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжны 630 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2202007731 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000085354 тоот гэрчилгээтэй 176 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г- 2202000506 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000047424 тоот гэрчилгээтэй, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 19300982/124-06 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэж хураах ажиллагаа явуулсан байна.

Д.Дуламүсрэнгийн өмчлөлийн дээрх хөрөнгөд хураах ажиллагаа явуулахдаа Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс барьцаа хөрөнгийн өмчлөгч Д.Дуламсүрэнд мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас хүргүүлээгүй түүнийг байлцуулаагүй төдийгүй харин хөрөнгийн түрээслэгч Б.Мөнхзаяа гэх хүнд мэдэгдэж, түүнийг байлцуулан хураах ажиллагаа явуулсан нь өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс хөрөнгийн өмчлөгчид тодорхой хугацаа заасан мэдэгдэл хүргүүлж уг хугацаанд төлбөрийг гүйцэтгээгүй тохиолдолд хураах ажиллагааг явуулах журамтай. Гэтэл өмчлөгчид мэдэгдэлгүйгээр Эд хөрөнгө хураах тогоол үйлдэж хураах ажиллагаа явуулсныг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байх тул эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгож, хуульд заасан журмын дагуу ажиллагааг явуулж төлбөр оарагдуулах тодорхой хугацааг олгох нь зүйтэй гэж үзэж байна. Уг тогтоолыг дээрх барьцаа хөрөнгийг түрээслэгч Б.Мөнхзаяа гэх хүнээс 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч мэдсэн байдаг. Мөн 19300982/124-05 дугаар “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор аль шүүхийн ямар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж хөрөнгө хураах болсон нь тодорхойгүй байна.

Д.Дуламсүрэн нь албадан гүйцэтгэх ажиллагаагаар 19300982/124-06 дугаар тогтоолоор хураасан хөрөнгийн өмчлөгч тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т “ энэ хуулийн 44.3. 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх ; хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй” гэж заасны дагуу Д.Дуламсүрэн  нь гуравдагч этгээдийн хувиар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийхгүйгээр шууд шүүхэд хандсан болно. Иймд гуравдагч этгээд Д.Дуламсүрэн миний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202014675 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000085355 тоот гэрчилгээтэй, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжны 630 тоот хаягт байрлах 354 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-2202007731 дугаарт бүртгэгдсэн, 176 м.кв тэлбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2202000506 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000047424 тоот гэрчилгээтэй, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг хураасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэггэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Сэлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 19300982/124-06 дугаар “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-ыг хүчингүй болгож өгнө үү”гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэлэнгэ, Э.Батхишиг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар зарын 31-ний өдрийн 182/ШШ2019/01025 дугаар” захирамжаар төлбөр төлөгч Эрд хул”ХКК-иас 611,409,400.91 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж болох 1,642,599 төгрөгийг гаргуулж Монгол Улсын Хөгжлийн банкинд олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 19300982 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч “Эрд хул” ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Дуламсүрэнгийн емчлөлийн Ү-2202014675 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, гувьсгалчдын Г гудамжны 630 тоот хаягт байрлах 354 м.кв талбайтай хоёр давхар барилга, Ү-2202007731 дугаарт бүртгэлтэй 176 м.кв талбайтай хувийн орон сууцыг Г- 2202000506 дугаарт бүртгэлтэй газрын хамт 2019 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 19300982/124-01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 1933000982/124-05 дугаар тогтоолоор хураасан. Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцож үнэлгээ тогтоогоогүй тул шинжээч томилж Д.Дуламсүрэнгийн өмчлөлийн Ү-2202014675, Ү-2202007731, Г-202000506 дугаар бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон газрыг 185.422.160 төгрөгөөр үнэлэгдсэн.

Үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон өмчлөгч Д.Дуламсүрэнд 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 4-124/2275 дугаар мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн.Төлбөр төлөгч “Эрд хул” ХХК болон өмчлөгч Д.Дуламсүрэнд эд хөрөнгө хураах ажиллагааг мэдэгдэж тэмдэглэлд тусгасан тул нэхэмжпэлд дурдсанаар нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Дуламсүрэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19300982/124-06 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч шаардлага үндэслэлээ үл хөдлөх эд хөрөнгө хураан авах ажиллагаа явуулахдаа өмчлөгчид мэдэгдээгүй, хураан авах ажиллагаанд оролцуулаагүй гэж, хариуцагч татгалзал, түүний үндэслэлийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, өмчлөгч этгээдэд мэдэгдэх шаардлагагүй, төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж удаа дараа шүүхэд гомдол гаргаж байна гэж тайлбарладаг.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 сарын 31-ний 182/ШШ2019/01025 дугаар захирамжаар Монгол улсын Хөгжлийн банкинд хариуцагч “Эрд хул” ХХК нь 611 409 400 төгрөгийг хэсэгчилсэн байдлаар төлж барагдуулах, тохирсон хугацаанд зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж  шийдвэрлэсэн байна. /хх10-17/

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 09 сарын 12-ны өдрийн 182/ШЗ2019/07186 дугаар албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 182/ГХ2019/00599 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 09 сарын 18-нд 19300982 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Эрд хул ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.  

Үүргийн гүйцэтгэлийн хангуулах эд хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г гудамжны 630 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202014675 дугаарт бүртгэгдсэн 354 мкв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах Ү-2202007731 дугаар бүртгэгдсэн 176 мкв талбайтай сууц, мөн хаягт байрлах Г-2202000506 дугаарт бүртгэгдсэн 700 мкв хэмжээтэй газар нь нэхэмжлэгч Д.Дуламсүрэнгийн өмчлөлийнх болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна./хх55-57/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно гэж мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1.Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж зааснаар нэхэмжлэгч Д.Дуламсүрэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, барьцааны гэрээний барьцаалуулагч байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзнэ. 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Дуламсүрэнгийн өмчлөлийн дээрх хөрөнгийг 2019 оны 11 сарын 13-ны өдөр битүүмжилсэн, 2020 оны 02 сарын 11-ний өдрийн 124-03 дугаар тогтоолоор хураан авч, үнэлгээ тогтоох ажиллагаа явагдсан бөгөөд төлбөр төлөгч Эрд хул ХХК тус үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус шүүхийн 2020 оны 07 сарын 31-ний өдрийн 182/ШШ2020/01706 дугаар шийдвэрээр  хэрэгсэхгүй болгосон, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 сарын 18-ны өдрийн 1987 дугаар магадлалаар уг үнэлгээг хүчингүй болгосон байна.

 

Нэхэмжлэгч нь эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 19300982/124-01 дугаар тогтоолын тухайд маргаагүй, харин 2021 оны 01 сарын 21-ний өдрийн 124-06 дугаар эд хөрөнгө хураах тогтоолд маргаж байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 2021 оны 01 сарын 15-ны өдрийн 1/06 дугаар тогтоолоор Д.Дуламсүрэнгийн хөрөнгийг хураах тухай 2020 оны 02 сарын 11-ний өдрийн 19300982/124-03 тоот хураах тогтоолыг хүчингүй болгожээ.  /хх84/

Улмаар шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө хураах тухай 2021 оны 01 сарын 15-ны өдрийн 19300982/124-06 дугаар тогтоолоор 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 19300982/124-01 дугаар тогтоолоор битүүмжилсэн хөрөнгө болох Д.Дуламсүрэнгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г гудамжны 630 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202014675 дугаарт бүртгэгдсэн 354 мкв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах Ү-2202007731 дугаар бүртгэгдсэн 176 мкв талбайтай сууц, мөн хаягт байрлах Г-2202000506 дугаарт бүртгэгдсэн 700 мкв хэмжээтэй газрыг хураасан тухай жагсаалт үйлдэж, хөндлөнгийн гэрч байлцуулан, уг хөрөнгийг түрээслэгч Б.Мөнхзаяад хүлээлгэн өгч, төлбөр төлөгч Эрд хул ХХК-д мэдэгдсэн байна./хх7-8/

Нэхэмжлэгч нь эд хөрөнгө хураах тогтоол гарахаас өмнө өмчлөгчид хуульд заасан журмаар мэдэгдээгүй, уг ажиллагаанд оролцуулаагүй нь хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1...д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна...Шийдвэр гүйцэтгэгч хураан авсан эд зүйлийн төрөл, шинж байдал, тоо, ширхгийг тусгасан жагсаалт үйлдэнэ...Жагсаалтыг эд зүйл, баримт бичгээ хураалгасан, эсхүл ажиллагаанд байлцсан хүний гарын үсэг, эсхүл хурууны хээгээр баталгаажуулж, хувийг тухайн эд зүйлийг эзэмшигчид, эсхүл түүний өмгөөлөгчид даруй гардуулна гэж зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 сарын 15-ны өдрийн 124-06 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол нь жагсаалт үйлдэжхөндлөнгийн гэрч байлцуулж, гарын үсэг зуруулах гэх зэрэг ажиллагаа нь хэлбэрийн хувьд шаардлага хангасан хэдий ч тухайн хөрөнгийн өмчлөгч буюу гуравдагч этгээдэд мэдэгдсэн талаар тэмдэглэгдээгүй байна.

Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах.... мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах боломжгүй тохиолдолд биечлэн эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заажээ.  

Гэтэл хариуцагч нь гуравдагч этгээдийн эд хөрөнгө хураах ажиллагаа явуулах талаар төлбөр төлөгч Эрд хул ХХК-ийн төлөөлөгчид мэдэгдсэн боловч тухайн хөрөнгийн өмчлөгч буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч болох  Д.Дуламсүрэнд мэдэгдээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд түүнд мэдэгдээгүй талаар хариуцагч маргаагүй байна.Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад мэдэгдэж, оролцуулна эдгээрийн эрхийг хангасан харин гуравдагч этгээдэд мэдэгдэх зохицуулалтгүй гэж маргаж байна.

Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно... иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/, бусад хүн, хуулийн этгээдийн төлөөллийг дуудан ирүүлнэ гэжээ. 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд талуудыг дуудан ирүүлэх, мэдэгдэхээр заасан бөгөөд бусад хүн хуулийн этгээдийн төлөөллийг ч мөн дуудан ирүүлэхээр байна.

Бусад хүн хуулийн этгээд нь хуулийн 32.5-д заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч гэж үзэх бөгөөд хөрөнгийн өмчлөгч тул тухайн ажиллагаанд оролцох эрхтэй. 

Гэтэл хариуцагч нь эд хөрөнгө хураан авсаны дараа гуравдагч этгээд Д.Дуламсүрэнд мэдэгдсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Д.Дуламсүрэнгийн эд хөрөнгийг хураан авах ажиллагаанд тухайн өмчлөгч этгээдэд мэдэгдээгүй нь хууль зөрчсөн үзэхээр байх тул уг хураан авах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 сарын 15-ны өдрийн 01673 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хуульд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр байхыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1-д заасныг удирдлага болгон

                   ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 122 дугаар зүйлийн 122.1-д тус тус зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө хураах тухай  2021 оны 01 сарын 15-ны өдрийн 19300982/124-06 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                   

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ЦОЛМОН