Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Батзориг |
Хэргийн индекс | 181/2023/02952/И |
Дугаар | 001/ХТ2024/00173 |
Огноо | 2024-06-27 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2024/00173
Ч.М-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ20247/00646 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 210/МА2024/00895 дугаар магадлалтай
Ч.М-ийн нэхэмжлэлтэй,
“О” ХХК-д холбогдох,
Илүү цагийн хөлс 3,395,446 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,Б.Х , хариуцагчийн өмгөөлөгч С.Б, З.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.М хариуцагч “О” ХХК-д холбогдуулан илүү цагийн хөлс 3,395,446 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/00646 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.М-ийн хариуцагч “О” ХХК-д холбогдуулан гаргасан 2022 оны 10, 11, 12 сарын илүү цагийн хөлс 3,395,446 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.М-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 210/МА2024/00895 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/00646 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
2022.01.01-ний өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж, тус хуулийн 92 дугаар зүйлд Уртын ээлжийн зохицуулалт шинээр нэмэгдсэнтэй холбоотой энэхүү Хөдөлмөрийн эрхийн маргаан үүссэн ба ажилтан Ч.М нь тус хуулийн 92.3 дахь хэсэгт заасан илүү цагийн хөлсөө тооцуулан авах эрх нь зөрчигдсөн тул нэхэмжлэл гаргасан. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, ажилтны эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүх “Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь уртын ээлжээр ажиллахдаа нэг ээлжинд 14 хоног ажил үүрэг гүйцэтгээд 14 хоног амарсан байх тул тухайн 4 цаг илүү ажилласныг амралтын 14 хоногийн хугацаанд нөхөн амраасан гэж үзнэ.” гэж нэхэмжлэгч талын гомдлыг хангахаас татгалзсан.
Мөн магадлалын 5.2 дахь хэсэг хууль зүйн үндэслэлтэй эсэхэд Хөдөлмөрийн тухай хууль (цаашид Хууль гэх)-ийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно” гэсэн заалттай нийцэж байгаа эсэх талаар тухайн хуулийн зохицуулалт, харилцан шүтэлцээ, логик уялдаа холбоог хуулийн системчлэлийн үүднээс авч үзвэл,
1. Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байх гэж нэг өдөрт ажил гүйцэтгэх дээд хязгаарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт заасан.
2. 12 цагаар ажиллахыг зөвшөөрсөн боловч энэ тохиолдолд хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан ээлжээр ажиллах ажлын цагийн үргэлжлэх хугацааг 8 цагаар тооцож зөрүү цагийг илүү цагаар олгохыг шууд зааж өгсөн.
3. Хуулийн 87.2-т заасанчлан ээлжээр ажиллах ажлын нэг удаад ажиллах ажлын цагийг 8 цагаар тооцож зөрүү 4 цагийг 109.1-т заасны дагуу 1,5 дахин нэмэгдүүлж хөлс төлөхийг тодорхой заасан байна. /92.3, 109.1/
Шүүхийн магадлалд тайлбарласнаар авч үзвэл, Хуулийн 92.3, 87, 109.1 дэх хэсгийг шууд иш татаж оруулах шаардлагагүй ба Уртын ээлжийн ажилтны ажлын цагийн үргэлжлэлийг 12 цаг байхаар тогтоож, 92.4-өөр ажил амралтыг зохицуулах боломжтой байсан. Гэтэл хуулиар тусгайлан зохицуулсан нөхцөлийг дордуулж ажилтанд хуулиар олгосон буюу хуулийн 92.4 дэх хэсэгт заасан амралтыг илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амраасан хугацаа гэж механикаар тооцож багтааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Ажилтан 14 хоногт кемпэд байрлаж ажиллаад хуулиар олгосон амралтын хугацаандаа амарсныг ажил олгогчоос тогтоож өгсөн амралт мэтээр дүгнэх боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 109.1-т заасан нөхөн амрах хугацаа нь ажил олгогчоос олгох амралт байдаг ба Хуулийн 92.4-т заасан амралт нь хуулиар ажилтныг амрахад зориулж тогтоосон амралт юм. Ажил олгогч ажилтныг амрах ёстой хугацаанд нь ажиллуулснаа нөхөж амраах байдлаар ажилтны эрхийг хангах ойлголтыг 92.4-т заасан амралттай адилтгаж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхийн “Тодруулбал, ажил олгогч нь ажилтныг өдөрт илүү цагаар ажиллуулсан атлаа нөхөн амруулаагүй нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгох үүрэгтэй" гэж дүгнэсэн тухайд хуулийн 109.1 дэх хэсэгт илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” буюу ажилтныг нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлс тооцож олгохоор зохицуулсан боловч мөн хуулийн 92.4 дэх хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэж Уртын ээлжээр ажиллах ажилтны ажил, амралтын цагийг хуулиар тусгайлан хатуу тогтоож өгсөн. Иймд уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтанд нөхөн амраах зохицуулалтыг хэрэглэх боломжгүй. Энэ нь ажилтанд хуулийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу илүү цагийн хөлсийг тооцож олгох талаар мөн хуулийн 92.3 дахь хэсгийн зорилго тодорхой харагдана. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулиар уртын ээлжийн тусгай зохицуулалтын хэм хэмжээ гэдгийг анхаарч үзэхгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой.
Давж заалдах шатны шүүх хуулийн зорилго, үзэл баримтлалыг анхаараагүй тухайд,
Хууль тогтоогч Хөдөлмөрийн тухай хуулиар Уртын ээлжээр ажиллах ажлын цагийг зохицуулалтыг шинээр оруулж ирэхдээ ажил амралтын цагийн харьцаа тэнцүү байх зарчмыг баримталсан нь хуулийн 92.4, 92.5 дахь хэсгээс тодорхой харагдана. Тодруулбал, Ажилтан ажил үүргээ 14 хоног биечлэн гүйцэтгээд 14 хоног амрахаар зохицуулсан. Ажилтан кемпэд 14 хоног 12 цагаар ажиллахдаа дараагийн өдрийн ажлаа хийхийн тулд амарч байгаа буюу тухайн амралтын цагийг энгийн ажлын горимоор ажиллаж, амарч байгаа ажилтантай харьцуулан тооцох боломжгүй юм. Учир нь: тухайн ажилтан кемпэд байх хугацаандаа дараах нөхцөл, хязгаарын хүрээнд байдаг. Зарим хэсгээс дурдвал,
1. Амралтын цагийг өөрийн хүссэнээр нийгмийн харилцаанд шууд орох, гэр бүл, найз нөхөдтэй зарцуулах боломжгүй;
2. Ажлын газарт буюу кемпэд байгаа тул бусад хамтран ажиллагч, ажил олгогчийн өмнө дүрэм журмаар тогтоосон үүрэг хүлээх, зөрчсөн тохиолдолд Хөдөлмөрийн гэрээ цуцлах хүртэл үр дагавартай;
3. Зөвхөн дараагийн ээлжийн ажлаа гүйцэтгэхийн тулд хооллох, унтаж амрах, ажил олгогчоос гаргаж өгсөн чөлөөт цагаа өнгөрөөх нөхцөл боломжийн хүрээнд байх;
4. Кемпэд гаргасан аливаа зөрчлийг ажлын байранд гаргасан зөрчилд тооцдог бөгөөд кемп нь ажил олгогчийн хяналтын хүрээнд байдаг. Иймд Уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны ажил. амралтын цаг тэнцүү байх зарчмыг Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4-т зааж өгсөн.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн үзэл баримтлалд ажилтны ажил, амралтын хугацаа өөрчлөгдөж байгаатай холбоотой ажилтны цалин хөлс буурах эрсдэлийг гаргахгүй байхыг анхааруулахын зэрэгцээ ажилтны илүү цагаар ажилласан ажлын цагийг хуульд заасан амрах хугацаанд нь багтааж зохицуулсан тухай тусгагдаагүйг дурдах нь зүйтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд уртын ээлжээр ажиллуулах зохицуулалт нь ажилтанд ажиллах, амрах хугацаа, илүү цагийн хөлсөө хуульд заасны дагуу авах эрхийг шууд заасан эерэг үр дагавар бүхий тусгай зохицуулалт юм. Уртын ээлжийн зохицуулалт нь ажилтан болон ажил олгогчид сөрөг үр дагаврыг үүсгээгүй харин тэдгээрийн хөдөлмөрийн харилцааг тодорхой болгож хуульчилж өгсөн. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.06.17-ны өдрийн 001/ШХТ2024/00821 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
7. Нэхэмжлэгч Ч.М хариуцагч “О” ХХК-д холбогдуулан илүү цагийн хөлс 3,395,446 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “... тус компанинд тэсэлгээчнээр ажиллаж сарын 1,058 ам.долларын цалинтай, 1 гарахдаа 14 хоног ажиллаж, 14 хоног амарч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж заасан. Ажил олгогч ажилтныг амруулалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж өдөрт 4 цаг илүү ажиллуулж байгаа тул сүүлийн 3 сарын илүү цагийн хөлсийг цагийн 40,421.98 төгрөгөөр тооцож 168 цагийн хөлс 3,395,446 төгрөг гаргуулна.” ... гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч, уртын ээлжээр 14 хоног ажиллаад 14 хоног амруулснаар илүү цагийг нөхөн амраасан тул нэмэгдэл хөлс олгохгүй, уртын ээлжээр ажил үүрэг гүйцэтгэсэн 14 хоногийн нийт ажлын цаг нь хуулиар тогтоосон 168 цаг байгаа тул хууль зөрчөөгүй гэж маргажээ.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “... Хөдөлмөрийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 92 дугаар зүйлийн 92.3, 92.4 дэх заалтыг хууль тайлбарлах системчлэлийн болон агуулгын логикоор авч үзвэл, хуулийн 92.3 дахь заалтад хуулийн 87, 109.1 дэх заалтыг багтаасан тул мөн хуулийн 87.2-т нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна гэсэн тул өдөрт 8 цаг ажиллах, уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байхаар заасан нь 8 цагаас дээш цагаар ажиллуулсныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх бөгөөд хуулийн 109.1 дэх заалтын урьдчилсан нөхцөл болох илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол илүү цагийн хөлс олгох агуулгыг багтаасан. Хууль тогтоогч 92.3 дахь заалтын дараагийн 92.4 дэх заалтаар ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж зохицуулсан нь 92.3 дахь заалттай уялдуулан өдөрт 12 цаг ажиллах, илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулах нөхцөлийг үндэслэн ажиллах, амрах хугацааг шууд нарийвчлан зохицуулсан байна. Тодруулбал, хууль тогтоогч ердийн ажилтны өдөрт 8 цагаар сард 168 цаг ажиллах ерөнхий нөхцөлд уртын ээлжээр ажиллуулах нөхцөлийг уялдуулан тооцоолох байдлаар ажилтанд өдөрт 12 цагаар ажиллахыг, ажил олгогчид илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулахыг шууд зохицуулсан байна. Энэ нь ч хуулийн 92.5 дахь заалтын ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацааг тэнцүү байлгахыг ажил олгогч, ажилтны төлөөлөгчийг үүрэгжүүлсэн байдлаар илэрч байгаа нь нэг талаас ажилтны эрх зүйн байдал, нөгөө талаас хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг тэнцвэржүүлэх агуулгатай байна гэж үзэх нь хуулийн үзэл баримтлал, зорилгод нийцсэн. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ч.М-ийн 2022 оны 10, 11, 12 дугаар саруудад, сар бүр 56 цагаар илүү цагаар ажилласныг ажил олгогч тухайн сар бүрд нь 14 хоног амруулах байдлаар нөхөн амруулсан байх тул Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгох хууль зүйн үндэслэлгүй.” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх зөв гэж үзжээ.
Хоёр шатны шүүх маргааны үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэв.
9. Нэхэмжлэгч Ч.М нь илүү цагийн хөлс олгоогүй талаарх гомдлоо хуулийн хугацаанд гаргасан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т заасан зохицуулалттай нийцсэн байна.
10. Ч.М нь “О” ХХК-д Тэсэлгээчнээр ажиллах, сарын үндсэн цалин 1058 ам.доллар, ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног (14/14) болох нь 2022.04.14-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ болон талуудын тайлбараар тогтоогджээ.
Нэхэмжлэгч Ч.М нь уртын ээлжээр, 14 хоногийн турш ажил үүрэг гүйцэтгэхдээ өдрийн 12 цагаар ажилласан үйл баримтыг зохигч маргаагүй. Харин нэхэмжлэгч нь өдөрт ажлын өдрийн үргэлжлэл 8 цагийг 4 цагаар нэмж 12 цагаар ажиллуулсан тул илүү цагийн хөлс авах эрхтэй гэж, хариуцагч нь ажилтан өдөрт 12 цагаар 14 хоног ажилласан тул 14 хоног амрааж илүү цагийг нөхөн амруулсан, хуулиар тогтоосон уртын ээлжийн зохицуулалтыг зөрчөөгүй, сард 168 цаг ажилласан тул хууль зөрчөөгүй гэсэн үндэслэлээр тус тус маргажээ.
11. Хоёр шатны шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байх тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан шийдвэрлэв.
12. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно.” гэж, 92.4-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэж заасан зохицуулалт нь уртын ээлж гэх ердийн хөдөлмөрөөс ялгаатай онцлог хэм хэмжээг хууль тогтоогч шинээр Хөдөлмөрийн тухай хуульд оруулсан байна. Уг горимыг хэрэглэх ажил олгогч субъект нь уул уурхай, олборлох салбар байхаас гадна түүнд үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага хэрэглэж болохыг хуулийн 92.1-д заажээ. Хуульд заасан хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцох, уртын ээлж эхлэх болон дуусахад ажил олгогч ажилтныг ажлын байранд хүргэх, буцаах хугацааг ажилласан цагт тооцох, холбогдох зардлыг ажил олгогч хариуцах эрх зүйн асуудлуудыг хуулийн 92.4, 92.5, 92.6-д тус тус тусгасан байна.
Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж, 14 хоног ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа учраас 14 хоног амраах горим нь уртын ээлжийн өвөрмөц шинж байх ба харин нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна. Учир нь ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болохыг хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасан, тийм ч учраас уртын ээлжээр ажиллуулах тухай хуулийн тусгайлсан зохицуулалт болох 92 дугаар зүйлийн 92.3-т уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна гэж хуульчилсан нь 87 дугаар зүйлийн 87.3-т заасан ээлжийн ажлын цагийн журмыг тогтоосон үндсэн зарчимтай уялдсан байна.[1]
13. Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4 дэх хэсэгт долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй байна. Өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна гэж ажлын цагийн дээд хязгаарыг зохицуулсан бөгөөд 87 дугаар зүйлийн 87.3-т “Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгоно.” гэж ээлжийн ажлын цагийг тусгайлан заасан.
Хуульд заасан дээрх хэм хэмжээний агуулгаас үзвэл ердийн ажил, уртын ээлжээр ажиллах аль аль тохиолдолд нэг өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна гэсэн хуульчилсан нь ердийн эсвэл нэг ээлжийн ажлын цаг 8 цаг байхыг агуулгын хувьд давхар баталгаажуулж, илүү цагийн дээд хэмжээг 4 цагаас хэтрэхгүй болохыг тогтоосон гэж үзнэ.[2]
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, уртын ээлжээр ажиллах горимд ердийн ажлын нэгэн адил өдрийн 8 цагийг баримтлах бөгөөд уртын ээлж гэх ойлголтод 12 цаг ажиллах горим хамаарахгүй учир хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цаг гэж бус 12 цагаас илүүгүй байна гэж томьёолсон байна.
14. “О” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.12.31-ний өдрийн 72 дугаар тушаалаар баталсан ХН-Е.6.2: “Ажлын цагийн тухай журам”-ын 9.2.3-д Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно гэж заасан. (1хх-183-188)
Энэ журмаас үзвэл ажилтныг илүү цаг ажиллуулсан учраас нөхөн амруулсан мэт агуулга байх боловч үнэн чанартаа нөхөн амруулсан гэж үзэх боломжгүй юм. Хуулийн утга санаа нь нэг ээлжид 14 хоног ажиллуулах, ингэхдээ илүү цагаар ажиллуулах бол өдөрт 4 цагаар илүүгүй байх, харин амрах хугацааг 14 хоног гэж тогтоосон. Хэрэв илүү цагийг нөхөн амраах замаар тооцож 14 хоног гэсэн хугацааг тогтоосон бол уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгох тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээ хуульд байхгүй байх байсан. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасан нөхөн амруулаагүй бол гэх ойлголтыг уртын ээлжийн ажилтанд ажил амралтын цагийн харьцааг тоон утгаар нь /168:336/ тайлбарлаж хэрэглэх боломжгүй нь тус хуулийн 92.3-т заасан зохицуулалтаас илэрхий байна. Хуулийн илт тодорхой заалтыг шүүх үгүйсгэх хуулийн үндэслэлгүй болно.[3]
Хуулийн системчлэлийн үүднээс авч үзвэл, хуульд уртын ээлжид 14 хоногийн амрах хугацааг заасан нь 14 хоногийн турш нэг ээлжээр ажилласантай холбоотой байх ба харин илүү цагийг нь нөхөн амруулаагүй учраас нэмэгдэл хөлс олгох үр дагаврыг тусдаа 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээгээр хуульчилсан гэж ойлгохоор байна. Өөрөөр хэлбэл, хуулийн 92.4-т нэг ээлжид 14 хоног тасралтгүй ажилласан учраас нөхөн амруулахыг зохицуулсан бол илүү цагийн үр дагаврыг хуулийн 92.3-т тус тус ялгамжтай зохицуулжээ.
Үүргийн эрх зүйн үндсэн зарчмуудын нэг болох солилцооны зүй ёсны зарчмын хүрээнд уртын ээлжийн ажилтны 14 хоногийн тусгай дэгийн хүрээнд ажиллах, амрах нөхцөл байдлыг 14 хоногийн амралтаар тэнцвэржин тооцогдох боломжгүй учраас хуулийн 92.3-т заасан зохицуулалтаар илүү цагийн асуудлыг давхар шийдвэрлэсэн байна.
15.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6-д Хуанлийн жилийн 1 сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, 1 сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно гэж заасан.
Уртын ээлжээр ажиллаж буй ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байгаа нь сард ердийн ажлын, өдрийн 8 цагаар ажиллахтай адил, ажлын цагийн нормыг зөрчөөгүй боловч энэ байдлыг уртын ээлжээр ажиллах нөхцөлтэй адилтган үзэж болохгүй, уг норм хэтрээгүй байгаа нь уртын ээлжээр ажилласан ажилтны илүү цагийг үгүйсгэхгүй юм. Учир нь хуульд 14 хоногийн амрах хугацаанд ээлжээр ажилласан нөхцөлийг хамааруулсан, харин илүү цагийн хувьд хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээгээр нөхөн зохицуулсан байна. Энэ утгаар хариуцагч байгууллагын Ажлын цагийн тухай журам-ын 9.2.3-д заасан ... сард 168 цаг дотор ажилласан бөгөөд илүү цагийг 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно... гэх татгалзал нь хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээнд нийцээгүй байна.[4]
16. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлүүд хэрэгт авагдсан ба уртын ээлжээр 14:14 болговол одоо авч байгаа хөдөлмөрийн хөлс 35 хүртэл хувиар буурах талаар дурдаж, 14 хоногт 12 цаг ажиллахаар нэг ээлжид 168 цаг ажиллах боломжтой гэж өөр өөр агуулгаар хэлэлцэж байсан боловч хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасан Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэх хэм хэмжээг үзэл баримтлалын үүднээс хуульчилжээ.
Хөдөлмөрийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд энэ хууль батлагдахаас өмнө байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын хамтын гэрээ, улс, нийслэл, аймаг, сум, дүүрэг, салбар, салбар дундын хамтын хэлэлцээрийг тухайн хамтын гэрээ, хэлэлцээрээр тохиролцсон хугацаанд дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан хамтын гэрээ, хэлэлцээрт өөрчлөлт оруулах эсэхийг талууд харилцан тохиролцон шийдвэрлэнэ гэж, 2 дугаар зүйлд хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна гэж тус тус зохицуулсан байх тул уртын ээлжээр ажиллуулах зохицуулалтын хувьд 14:14 гэж хуульд тогтоосон хэдий ч цалин хөлс нь өмнөхөөс буурах үндэслэлгүй байна.
17. Мөн “О” ХХК болон “О” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны 2022-2025 оны Хамтын гэрээний 2.13-д “Уртын ээлжийн ажилтны ажил гүйцэтгэх 14 хоногт өдөрт 8 цагаас илүү ажилласан илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгох эсэх асуудлыг Монгол Улсын дээд шүүх энэхүү асуудлаар тайлбар гаргах хүртэлх хугацаанд Талууд хэлэлцэхгүй ба уг асуудлаар ҮЭХ-ны зүгээс аливаа хамтын болон иргэний маргаан үүсгэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байхаар талууд харилцан тохиролцов.” (1хх 58-70) гэж заасан байх ба талууд хуулийг хэрхэн ойлгох тухайд эргэлзээтэй байсан нөхцөл байдал тогтоогджээ. Уг асуудлаар ҮЭХ-ны зүгээс аливаа хамтын болон иргэний маргаан үүсгэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байх тохиролцоо нь хуульд нийцээгүй байна.
18. Иймд хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно.” гэж зааснаар ажил олгогч нь нэмэгдэл хөлсийг олгох үүрэгтэй гэж үзнэ.
19. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажил, амралтын цагийн горим, уртын ээлжээр ажилласны нэмэгдэл зэргийг хамтын гэрээ, салбарын хамтын хэлэлцээрээр тогтооно.” гэж заасан.
Нэхэмжлэгчийн цалин хөлс нь үндсэн цалин, илүү цаг 1,5 олговор, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, уртын ээлжийн нэмэгдэл, засвар үйлчилгээний зогсолтгүй үйл ажиллагааны олговор, уурхайн цогцолборт ирэх, буцах цагийн нэмэгдлээс бүрдсэн байна.
Хамтын гэрээний 2.14, 2.15, 2.16-д шөнийн ээлжийн нэмэгдэл хөлс дундаж цалин хөлсийг 1,2 дахин, уртын ээлжийн ажилтан нийтээр амрах баярын өдөр ажилласан тохиолдолд үндсэн цалинг 2 дахин, уртын ээлжийн нэмэгдэл үндсэн цалингийн 13 хувиар, хоол унааны нэмэгдэл 500,000 төгрөг байхаар тохирчээ.
20. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж зааснаар ажил олгогч нь дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгох үүрэгтэй.
Нэхэмжлэгч Ч.М нь илүү цагийн хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дугаар зүйлийн 2.1.3-т заасны дагуу сүүлийн 3 сарын хөлс (5,889,178+6,386,948+8,743,301=21,019,427 төгрөг)-ийг ажилласан 520 цагт хувааж нэг цагийн хөлсийг 40,421,98 төгрөг гэж тооцон, сард 112 цаг ажиллахаас 168 цаг ажилласан буюу сар бүр 56 цаг илүү ажилласан гэж үзэж, илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгох ёстой тул үүний 1-ийг олгосон гэж үзээд, 0,5-ыг 3,395,446 төгрөг болно гэж тооцоолж, шаардсан, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
21. Хариуцагч тал анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.М сард 168 цаг ажилласан талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг сард 168 цаг ажилласан гэж үзэх нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ. Хариуцагч тал анхан болон давж заалдах шатны шүүхэд илүү цагийн тооцоололд маргаж байгаагүй атлаа хяналтын шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн ажилласан илүү цагийн талаар маргасан нь үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 210/МА2024/00895 дугаар магадлалыг тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/00646 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “О” ХХК-аас 3,395,446 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.М-д олгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.М нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “О” ХХК-аас 69,277 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД
[1] С.Б ба “О” ХХК, 181/2023/02950/и, УДШ, (Иргэний танхим), 001/ХТ2024/00118, х5, м.1.
[2] С.Б ба “О” ХХК, 181/2023/02950/и, УДШ, (Иргэний танхим), 001/ХТ2024/00118, х.5, м.4.
[3] С.Б ба “О” ХХК, 181/2023/02950/и, УДШ, (Иргэний танхим), 001/ХТ2024/00118, х.5-6, м.7.
[4] С.Б ба “О” ХХК, 181/2023/02950/и, УДШ, (Иргэний танхим), 001/ХТ2024/00118, х.6, м.5.