Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 42

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0047/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Н.Энхзул
Улсын яллагч: Ц.Цэен-Ойдов        
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Болортунгалаг
Шүүгдэгч: А.Батзориг, Д.Энхбаяр нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Батзориг, Д.Энхбаяр нарт холбогдох 201723000021 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд 1990 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 27 настай, боловсролгүй, хувиараа мал малладаг, ам бүл 3 эцэг, эхийн хамт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум 03 дугаар баг Үнэгт гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл үгүй, Бага Хардал овогт Дугарын Энхбаяр /РД:ЛИ90011771/
Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд 1988 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 29 настай, бага боловсролтой, малчин, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сум 02 дугаар баг Өлзийтийн 12-14 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл үгүй, Өгөөмөр овогт Алтангэрэлийн Батзориг /РД:ЛИ88080372/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:  
Шүүгдэгч Д.Энхбаяр, А.Батзориг нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 68-38 ХЭҮ улын дугаартай, цэнхэр өнгийн “Хонда Фит” маркийн автомашиныг ашиглан Хэнтий аймийн Баянхутаг сумын 01 дүгээр баг, “Хараат” гэх газар орших Б.Отгонцэрэнгийн хоттой хониноос 5 ямаа, 1 хонийг хулгайлж 950.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.Энхбаяр, А.Батзориг нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 68-38 ХЭҮ улын дугаартай, “Хонда Фит” маркийн автомашиныг ашиглан Хэнтий аймийн Баянхутаг сумын 01 дүгээр баг, “Хараат” гэх газар орших Б.Отгонцэрэнгийн хоттой хониноос 5 ямаа, 1 хонь хулгайлж 950.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  
Хохирогч Б.Отгонцэрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Манайх Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг, “Хараат” гэх газар нутагладаг ... 2016 оны 01 сарын 14-ний өглөө хонь, ямаагаа бэлчээрт гаргахад манай ямаанаас 5 тооны ямаа, 2 тооны хонь байхгүй байсан. Тэгээд би мал нь ойр бэлчдэг Цэрэнтогтох, Хатанбат гэх айлуудын хонь, ямаанд шүүж үзээд Цэрэнтогтох гэх хүний хонин дотроос 1 хонио олсон. Үлдсэн 5 ямаа, 1 хонь нь олдоогүй. Манай алдсан ямаа нь улаан ... халзан зүсмийн ямаа байсан ... Манай ямаа зөв талын эвэр дотор, гадна ногоон будагтай, буруу эвэр дотор тал ногоон будагтай байгаа. Зарим ямааны будаг нь элэгдээд арилж байгаа, зарим нь арилсан байсан. Им тамга гэвэл зөв талын чих ухам, зүрх, буруу талын чих ухам имтэй, мөн имгүй ганц нэг ямаа байгаа ... Манайх хонь ямаагаа өглөө гаргаад орой хураадаг. Өдөртөө манай гэрээс баруун урд хавиар л бэлчдэг ... Алдагдсан хонь, ямаагаа олж байвал гомдол гэх юм байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх 27-28 тал /
Гэрч Б.Цэрэнгаравын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Миний төрсөн дүү Отгонцэрэнгийн гэр манай айл ... Бид 2-ын мал цуг байдаг. Уржигдар манай дүү Отгонцэрэн малаа гаргахдаа хонь, ямаагаа тоолсон чинь 5 ямаа, 2 хонь дутаж байна гэсэн. Тэгээд дүү ойр хавийн айлуудаар явж үзлээ ... Цэрэнтогтохын хонин дундаас нэг хонь оллоо ... бусад нь байхгүй байна гэсэн ... Манайхаас урдхан талд дан дугуйтай машины ... шинэ мөр гарсан байсан. Тэр мөрийг харахнээ жижиг машинтай хүн ... Ертөнцийн зүгээр зүүн талаас манай гэрийн ойролцоо ирээд эргээд буцсан мөр байсан ... зогсоод ухраад замд орсон мөр байна гэж би харсан ... гэсэн мэдүүлэг /хх 35-36 тал /
Гэрч Б.Цэрэнтогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Отгонцэрэн манай айл хүн юм. 2017 оны 01 сарын 14-нд байх өчигдөр манайхаар орж ирээд гарахдаа хэдэн хонь, ямаа тасарсан юм шиг, байхгүй болсон байна гэж байсан. Манай мал тэдний малтай ойролцоо бэлчдэг. Отгонцэрэн манай хонин дундаас 1 тооны хонио олсон. Манай хонинд орсон байсан. Үлдсэн хонь ямаа нь байхгүй байсан. Манай хонь ямаа гэрээс баруун урд бэлчдэг. Тэр хавиар хоёр гурван айлын хонь ямаа бэлчдэг ... Отгонцэрэнгийн ямаа ... эвэр нь ногоон будагтай байдаг. Зарим ямааных нь эвэрний будаг арилсан харагдаж байсан ... Манай энэ хавиар саяхан машин ирээд явсан юм шиг байна лээ. Манайхаас баруун зүгт байдаг Отгонцэрэнгийн гэрийн урд талд дан дугуйтай, жижиг тэрэг бололтой машины дугуйн мөр байсан. Тэр дугуйн мөр шинэ мөр байна лээ ... гэсэн мэдүүлэг /хх 31-32 тал /
Гэрч Р.Хатанбатын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Уржигдар буюу 2017 оны 01 сарын 14-ний өдөр тийш байх, намайг мал дээрээ байж байхад Отгонцэрэн мотоцикльтой ирээд манай малаас хэдэн ямаа, хонь алга болсон байх юм гэж хэлээд танай хонинд ирсэн хонь, ямаа байна уу гэж сураглаж явсан. Тэгээд бид 2 нийлж манай хонь, ямаан дунд харахад байхгүй байна гэж байсан ... Манай мал гэрээс хойш 500 метр зайтай Холбоо гэх газраар бэлчдэг ... Отгонцэрэн гэрийнх нь урдуур дан дугуйтай машины ... шинэ мөр гарсан байна гэж байсан ...   гэсэн мэдүүлэг /хх 33-34/
Гэрч М.Түвшинбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2017 оны 01 сарын 13-ны өдрийн 08 цагаас 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өглөөний 08 цаг хүртэл Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг, Хэрлэн голын гүүрний постонд үүрэг гүйцэтгэж постоор нэвтэрч буй тээврийн хэрэгсэл, мал маханд хяналт шалгалт хийж ажилласан ... 2017 оны 01 сарын 14-ний үүрээр буюу 04 цаг өнгөрч байхад 68-38 ХЭҮ улсын дугаартай Хонда Фит маркийн тээврийн хэрэгсэл Сүхбаатар, Дорнод чиглэлийн замаар Хэрлэн голын гүүрний постоор нэвтрэх үед уг тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч А.Батзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явж байсан. Уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд машины арын хэсэгт 5 тооны ямаа, 1 тооны хонь амьдаар нь ямар нэг гарал үүслийн бичиггүй тээвэрлэж явсныг тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан ажлын хэсэгт хүлээлгэн өгч шалгуулсан ... Машинд жолоочоос гадна хажуугийн сандал дээр нь нэг согтуу хүн байсан . гэсэн мэдүүлэг /хх 37-38 тал /
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-7 тал /
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, мал хураан авсан тэмдэглэл, мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-11, 12 тал /
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх 13-15 тал/
Хулгайд алдагдсан малыг үнэлсэн Хэнтий аймгийн Баянхутаг сумын үнэлгээний комиссын үнэлгээ /хх 30/
А.Батзоригийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх 60-61, 71-73 тал /
Д.Энхбаярын мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх 63-64, 67-69 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Энхбаяр, А.Батзориг нарын бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Б.Отгонцэрэнгийн хоттой хониноос 5 ямаа, 1 хонь хулгайлж 950.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас 950.000 төгрөгийн хохирол учирсан боловч хулгайлсан малыг эзэнд нь буцааж хүлээлгэж өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзсэн болно.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ 68-38 ХЭҮ улсын дугаартай, цэнхэр өнгийн “Хонда Фит” маркийн автомашиныг ашигласан байх тул уг тээврийн хэрэгслийг хурааж төрийн өмчлөлд шилжүүлж, №01235652 гэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, битүүмжлэлийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн бөгөөд тэдний үйлдсэн хэргийнх нь шинж чанар, хувьд ногдох эд хөрөнгийнх нь байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч нарын согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон      
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Бага Хардал овогт Дугарын Энхбаяр, Өгөөмөр овогт Алтангэрэлийн Батзориг нарыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч А.Батзоригийн эд хөрөнгийг хураахгүйгээр 03 сар 05 хоногийн баривчлах ялаар, Д.Энхбаярын эд хөрөнгийг хураахгүйгээр 04 сарын баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3 сая төгрөгийн үнэ бүхий 68-38 ХЭҮ улсын дугаартай “Хонда Фит” маркийн автомашиныг хурааж төрийн өмчлөлд шилүүлсүгэй.
 4. Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болгомц тээврийн хэрэгслийн албан татвар агаарын бохирдолын төлбөр төлөгчийн TAN№059222427 дугаартай гэрчилгээг шүүдэгч А.Батзоригт буцаан олгож, №01235652 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг гүйцэтгэх бичиг баримтын хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, 68-38 ХЭҮ улсын дугаартай “Хонда Фит” маркийн автомашиныг битүүлжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх толгтоол биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнт

ий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
    6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэг Д.Энхбаяр, А.Батзориг нарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 


 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Д.ГАНЗОРИГ