Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 022

 

Э.А нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Э.А, Э.М, Т.А нарт холбогдох эрүүгийн 2013000600076 дугаартай хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек, шүүгдэгч Э.А, Э.М, Т.А, шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Серикжан оролцов.

 

Шүүгдэгч Х овогт Э-ийн А /РД:ББ00000000/ Монгол Улсын иргэн, яс үндэс Дөрвөд, 1977 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 хүнтэй, эхнэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 64 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Ш овогт Э-ын М /РД:ОЗ00000000/ Монгол Улсын иргэн, яс үндэс Дөрвөд, 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 хүнтэй, эцэг, эхийн хамт Увс аймгийн Х сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Б овогт Т-ийн А /РД:ОЙ00000000/ Монгол Улсын иргэн, яс үндэс Дөрвөд, 1982 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 хүнтэй, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Х сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар шийтгэх шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Э.А, Э.М, Т.А нар нь  2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн орой 20 цагийн үед Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн К.Бы 6, Ж.Жын 1, А.Сийн 1, нийт 8 тооны үхрийг хулгайлж, 7.200.000.00 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.А, Э.М, Т.А нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А, Э.М нарын тус бүрд  8 /найм/ сарын, шүүгдэгч Т.Ат 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн байна.

 

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, тус гэмт хэргийг илрүүлэхэд шүүгдэгч нар хувь нэмэр оруулсан, түүнчлэн шүүгдэгч нарын хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нарт ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгөх талаар санал дүгнэлт гаргасан, улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг дэмжсэн байр сууриас шүүх хуралдаанд оролцсон. Гэтэл шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үлдсэн гэм буруутайд тооцож, Э.А, Э.М нарыг тус бүрд 8 сарын, Т.Ат 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн зэрэгт хамаарч байна. Дээр дурдсанчлан үйлчлүүлэгч Э.А, Э.М, Т.А нар мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, энэ үйлдэлдээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгаж, хохирогч нараас уучлалт гуйсан, хохирогч нарын зүгээс шүүгдэгч нарыг уучилсан, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж, 1.1. “энэ хуулийн тусгай ангид ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;”, 1.2 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;", мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээ* зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно" гэж тус тус заасан. Үйлчлүүлэгч Э.А, Э.М, Т.А нарын хувьд дээрх хуульд заасан бүх урьдач нөхцөлүүдийг хангасан байхад анхан шатны шүүхээс тухайн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Э.А, Э.М, Т.А нарт оногдуулсан хорих ялыг тус тус 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж өгөх, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            Шүүгдэгч Э.А, Э.М, Т.А нар нь  2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн орой 20 цагийн үед Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн К.Б-ы 6, Ж.Жын 1, А.Сийн 1, нийт 8 тооны үхрийг хулгайлж, 7.200.000.00 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн бичмэл нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.

 

            Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүд, эд мөрийн баримтыг хураан авсан тогтоол, үхэр болон тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч Э.А, Э.М, Т.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хохирогч К.Б, Ж.Ж, А.С нарын Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгө өмчлөх үндсэн эрхэд халдсан нь тогтоогдсон байна.

 

            Иймээс Э.А, Э.М нарыг шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар тус бүрд нь 8 сарын хугацаагаар, Т.Аыг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, түүний тайлбарыг зөв хэрэглэжээ.

 

Шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдач нөхцөлүүд хангагдсан байхад анхан шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, хорих ялыг тэнсэж өгнө үү” гэж давж заалдах журмаар гомдол гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Э.А, Э.М, Т.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, бусдын 8 тооны үхрийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, яллах дүгнэлтийн хавсралтад зааснаар энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдсон боловч шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зэргийг харгалзаж, анхан шатны шүүхээс Э.А, Э.М нарт хуульд зааснаар оногдуулсан найман сарын хугацаагаар хорих ялыг, Т.Ат оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлээгүй буюу шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг тус тус хэрэглээгүйг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Э.А, Э.М, Т.А нарын цагдан хоригдсон 54 хоногийн хугацааг хуульд зааснаар тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулж тооцно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А, Э.М, Т.А нар болон тэдгээрийн өмгөөлөгч А.Серикжаны хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А, Э.М, Т.А нарын  цагдан хоригдсон 54 хоногийн хугацааг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.ЖАМБАЛСҮРЭН

 

                                                                                                            Д.КӨБЕШ