Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/237

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнтуяа,

Улсын яллагч Ц.Чингүүн,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн  ***********дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны “Харгана” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний зориулалтаар 2 ширхэг  2.1 м3 босоо нойтон шинэс мод бэлтгэж, экологи эдийн засгийн үнэлгээгээр байгаль орчинд  2.155.416 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, Эрүүгийн ***********  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч  Б.Б нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр халтар хээр морь болон цахилгаан хөрөө ашиглан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны “Харгана” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг  2.1 м3 босоо нойтон шинэс мод бэлтгэж байгаль экологид 2.155.416 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгийн өгсөн: “..мэдүүлэг өгөхгүй..” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: “...Үзлэг хийгдэх газар нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6-р баг Хатгал тосгоны нутаг Харгана гэх газар байх бөгөөд Мөрөн сумаас ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт Хатгал тосгоноос баруун зүгт байв.  Албаны Приүс маркийн 01-05 ХӨВ улсын дугаартай тээврийн явхад Мөрөн сумаас 110 км зайтай Хатгал тосгоноос 10 км зайтай ойн сан бүхий газар байв. Мод бэлтгэсэн гэх газарт очиход иргэдийн өвөлжөөний газар байх бөгөөд урд нь нефть баазын  хөцөөний хашаа байсан гэх бөгөөд хөцөөний хашааны хойд захад байх бөгөөд урд нь мод бэлтгэж байсан ул мөр бүхий модны хожуултай газар байх бөгөөд мориор уулын бэлээд өгсөж мод бэлтгэж гэх газарт очиж GPS төхөөрөмж  ашиглан  солбилцлыг  тогтооход  N50.24 12.44, Е100.07.33.89 зааж байв. ..  Оролцогч Б.Бгээр бэлтгэсэн гэх модны тайрч үлдээсэн хожуулын өндөр болон диаметрийг хэмжихэд нэгдүгээр хожуулын диаметр нь 70 сантиметрийн  радиустай, өндөр нь 45 сантиметрийн  өндөртэй,  хоёрдугаар  хожуулын  диаметр нь 68 сантиметрийн радиустай  байв.  Өндөр нь  78 сантиметрийн  өндөртэй байв.  Оролцогч Б.Б нь  уг 2 модноос 4 метр 50 сантимерийн урттай 7 ширхэг мод тайрч авсан гэх бөгөөд  уг модоороо зуны шовгор барих зорилгоор бэлтгэсэн гэв. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13 тал/,

          Мөрдөгчийн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16 тал/,

          2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 27 дугаартай Прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол  /хх-ийн 18 тал/,

          Мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 19-20 тал/,

2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 82 дугаартай Прокурорын эд мөрийн баримт хураан авах  тухай тогтоол /хх-ийн 22 тал/,

Мөрдөгчийн эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 23 тал/,

           Иргэний нэхэмжлэгч Т.Дын өгсөн: “...Хатгал тосгоны иргэн  Б.Б нь хууль бусаар мод бэлтгэсэн гэсэн. Б.Бгийн хууль бусаар бэлтгэсэн  гэх модны экологи эдийн засгийн тогтоогдсон үнэлгээг нэхэмжилж байна. Харгана гэх газар нь Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны нутагт хамаардаг ба Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй. Хатгал тосгоноос 10 километрийн зайтай байгаа. Харгана гэх газарт ойн мэргэжлийн байгууллага  талбай тусгаарлалт  хийсэн  эсэхийг мэдэхгүй байна. Байгаль орчинд  учирсан хохиролыг нөхөн төлүүлж хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү..” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,

Гэрч Д.Галбаярын өгсөн: “...Б.Б нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мод бэлтгэх  эрхийн бичиг бичүүлж авсан. Б.Б нь хэрэглээний модны эрхийн бичиг бичүүлж  авсан боловч ойн цэвэрлэгээний ажлаар 4.6 метр күбийн  эрхийн бичиг авсан. Би эрхийн бичиг бичихдээ иргэн зөвхөн унанги мод бэлтгэнэ гэдгийг сануулсан. Иргэн Б.Бгийн үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,

Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ тогтоосон Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” Сум дундын ойн ангийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай: ..Б.Бгийн бэлтгэсэн гэх мод нь хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн 4.95-5.25 метрийн урттай 18-30 cм-ийн диаметртэй, 7 ширхэг 2.1м3 хэмжээтэй босоо нойтон шинэс мод байв. Иргэн Б.Бгийн бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ: Ойн нөөцийн төлбөр 1-р муж, 1м3 шинэс модны үнэ 570216 төгрөг, Модны хэмжээ м3 2.1 м3 , Экологи эдийн засгийн үнэлгээ 2.155.416 төгрөг. Уг мод бэлтгэсэн Харгана гэх газар нь  2012 оны ой зохион байгуулалтын материалд тусгагдсанаар 79 дүгээр хэсэглэлийн хамгаалалтын бүсийн 1  дүгээр мужийн  ойд хамаарч байна. /Мод бэлтгэсэн газрыг хэргийн газрын үзлэгт хавсаргагдсан газарзүйн байршлын солбилцлыг үндэслэв. /N:50.24.12.44/ /Е:100.33.89/...” гэх дүгнэлт /хх-ийн 42-44 тал/,

 Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн: “..Ойн санд учруулсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.2-д заасны дагуу хохирол нөхөн төлбөрийг тооцоход 6.466.248 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 50 тал/,

 Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ТХҮ-924/9650 дугаартай: “...Мөрдөгчийн тогтоол дурдсан хүрэн зүсмийн хязаалан насны морины  зах зээлийн үнэ цэнийг  2024 оны 04 дүгээр сарын байдлаар 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56-58 тал/,

 Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ-924/9611дугаартай: “...БНХАУ-д  үйлдвэрлэсэн бензин хөрөөний зах зээлийн нийт бодит үнэ цэнийг 2024 оны 04 дүгээр сарын байдлаар 100.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 65-66 тал/,

        23-031665 дугаартай Б.Бд олгосон мод бэлтгэх эрхийн бичиг олгох тасалбар /хх-ийн  84 тал/,

Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 279 дугаартай: Танай газраас ирүүлсэн албан бичигт заагдсан газар нь Улсын тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй болно...” гэх албан бичиг /хх-ийн 89 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бгийн яллагдагчаар өгсөн: “...Би  2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэрийнхээ ар талын Харгана гэх уулнаас 2 ширхэг босоо нойтон мод унагааж тэр модоо 4 метр 50 сантиметрийн урттай тайрч 7 ширхэг мод  болгож тэр моднуудаа гэрийнхээ хажуу талд оруулж ирсэн. Тэгээд хэд хоногийн дараа 03 дугаар сарын 19-ний өдөр экологийн асуудал хариуцсан 2  хоёр цагдаа ирээд хэмжилт хийгээд явсан. Намайг араас сумын төвд орж  уулзаарай гэсэн тэгээд би хэд хоногийн дараагаар сум орж байцаагчтай уулзаж  мэдүүлэг өгсөн. Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутагт хамаардаг. Ганцаараа явж мод бэлтгэсэн. Үгүй ямар нэгэн тусгай хамгаалалттай газар нутаг биш. Хатгал тосгоноос хойд зүгт 16 км зайд байралдаг. Би мод бэлтгэхдээ ашигласан хятад улсад үйлдвэрлэсэн хөрөөг одоогоос 3 жилийн өмнө худалдаж авч байсан миний өөрийн хөрөө байгаа. Би бэлтгэсэн өөрийнхөө халтар хээр мориор цагаалж чирч гэрийнхээ гадаа оруулж ирсэн. Харин энэ морь манай нутгийн дүү Баттөмөрийн хэрэгт модыг уулнаас буулгаж яваад бэртэж үхсэн үүнийг Баттөмөр сайн мэдэж байгаа. Өөрөө техник хэрэгсэл ашиглаагүй. Би албан ёсоор бол өөртөө аваагүй байгаа. Галбаяр гэж байгаль хамгаалагчтай 2023 оны 11 дүгээр сарын 20-ны үед уулзаж мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар хүсэхэд гоожин бичиж өгнө гэж байхад нь би тухайн үед ач хүүтэйгээ явж байсан учир нөгөөх маань уйлаад өрөөнд байх аргагүй болоод за ахдаа  нэг шовгорын гоожин бичиж өгөөрэй гээд гараад явсан тэгэхэд Галбаяр нь таны мод бэлтгэх эрхийн бичгийг малын тоонд явж байгаа хүмүүсээр явуулъя гэж ярилцаад салсан тэрнээс хойш гоожин надад ирээгүй. Гэрийнхээ гадаа муурын байшин барих гэж байсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг таньж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан: “...Гэм буруугийн тухайд Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжпэг үзүүлсэн, хохирлоо төлсөн байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдсэн талаар өөрөө маргахгүй байна. Түүний хууль бус үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учраас шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Б нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

         Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Т.Д, гэрч Д.Галбаяр нарын мэдүүлэг,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 27 дугаартай Прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 82 дугаартай Прокурорын эд мөрийн баримт хураан авах  тухай тогтоол, мөрдөгчийн эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ тогтоосон Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” Сум дундын ойн ангийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт, хохирлын үнэлгээ тогтоосон Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн  дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ТХҮ-924/9650 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ-924/9611 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, 23-031665 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг олгох тасалбар, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 279 дугаартай албан бичиг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Б.Б  нь эрх бүхий байгуулагаас 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн  Алаг-Эрдэнэ сумын 6-р баг Хатгал тосгоны нутаг Харгана гэх газраас ойн цэвэрлэгээний аргаар шинэс төрлийн хэрэглээний  4.6 м3 хэмжээтэй модыг бэлтгэх, тээвэрлэх зөвшөөрөл авсан боловч тухайн эрхийн бичигт  заасан хугацаанд  буюу 2024 оны 03 дугаар сарын  сарын 19-ний өдөр хувийн эрх ашгийн үүднээс 2 ширхэг буюу 2.1 м3 шинэс төрлийн босоо мод хөрөөдөн бэлтгэж Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлт  болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт нь шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсхүл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б нь эрх бүхий байгууллагаас олгосон мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас өөр аргаар буюу ойн цэвэрлэгээний аргаар унианг мод бэлтгэх атал босоо мод хөрөөдөж бэлтгэсэн байна.

Шүүгдэгч Б.Б нь мод бэлтгэх арга технологийг зөрчиж мод бэлтгэсэн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг нийгэм аюултай үйлдэл гэж үзнэ.

Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал, зугаалгаар явахыг хориглоно” гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ талбайд энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар ... мод бэлтгэж болно”. 35.3-т зөвшөөрөл авсан иргэн ...энэ хуулийн 35.2-т зааснаас өөр зориулалт, арга замаар мод бэлтгэхийг хориглоно”. 35.4-т “Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ”. 35.4.2-т “...зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бгийн  үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны “Харгана” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний зориулалтаар 2 ширхэг  2,1 м3 босоо нойтон шинэс мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Б.Бгийн эрх бүхий байгууллагаас олгосон мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас өөр аргаар мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчины эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

         Шүүгдэгч Б.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 6.466.248 төгрөгийн шууд хохирол учирсан нь Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” Сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин өсгөж 6.466.248 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тооцсон байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь экологи эдийн засагт учирсан 6.466.248 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төлсөн баримт /хх-ийн 97, 98 тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Бг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

        Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Бг  зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Бд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан цахилгаан хөрөө 1 ширхэг, битүүмжлэгдсэн 2.1 м.куб хэмжээтэй нойтон шинэс мод, гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 1 тооны хээр морины үнэ 1.200.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын орлогод оруулах саналтай байна. Албадлагын арга хэмжээний хувьд гэмт хэрэг үйлдэхдээ 2 ширхэг босоо нойтон шинэс модыг бэлтгэсэн байгаа. Хэдий хохирлыг төлсөн хэдий ч тухайн мод байгальдаа сэргэж ургаагүй байгаа тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч 2 ширхэг шинэс модыг тарьж ургуулах албадлагын арга хэмжээ авахуулах саналыг гаргаж байна...” гэх санал дүгнэлт,

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...санал байхгүй...” гэв.

           Шүүгдэгч Б.Бгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

   Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1,2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар 1 дэх хэсэгт  заасан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ  хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Бг 2 ширхэг шинэс мод тарьж ургуулах ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан  шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Бд сануулж шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж тус тус заасан байна.

Энэхүү хэргийн тухайд  2.1 м3 мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө, “халтар хээр” хязаалан насны морь зэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор байна.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Халтар хээр хязаалан” насны морь нь шүүгдэгч Б.Бгийн өмчлөлийнх болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт түүний өгсөн мэдүүлэг, түүний үнэлгээг тогтоосон “Ашид билгүүн” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 924/9650 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, тайлан зэргээр  тогтоогдож  байх бөгөөд дээрх  морь нь үхсэн талаар  шүүгдэгчийн  мэдүүлэг хэрэгт авагдсан байна.

Иймд прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 27 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Халтар хээр хязаалан” насны морины үнэ 1.200.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2 ширхэг 2.1 м3 хэмжээтэй шинэс төрлийн нойтон модыг хурааж тус тус улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг хурааж, улсын орлого болгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Б.Б-г эйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 2. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  зааснаар шүүгдэгч Б.Бд 2 /хоёр/ ширхэг шинэс мод тарьж ургуулах ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Бд сануулсугай

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

         7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан Прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 27 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Халтар хээр хязаалан” насны морины үнэ 1.200.000/ нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг болон  гэмт хэрэг үйлдэж олсон 2 ширхэг буюу 2.1 м3 хэмжээтэй шинэс төрлийн нойтон модыг тус тус хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн ***дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 1 (нэг) ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН