Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2021/01838

 

2021 оны 08 сарын 30 өдөр                               Дугаар 183/ШШ2021/01838                         Улаанбаатар хот

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .............. тоотод оршин суух Б овогт Б.Г /РД:0000000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............ тоотод оршин суух А овогт Т.Э /РД:000000000/-д  холбогдох,

хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У, хариуцагчийн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Г миний бие хариуцагч Т.Э-тай 2009 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болоод зан харилцааны тааламжгүй байдлаас болоод цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2015/04415 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед Т.Э нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн овог солиулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч миний бие хүүхдийн овог солиулах  шаардлагаас бусдыг нь хүлээн зөвшөөрч, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлж, охиноо ээжийнх нь асрамжид үлдээсэн. Анх би гэрлэлтээ цуцлуулж байхад охин минь 5 настай, балчир байсан тул ээжийнх нь хайр халамж зайлшгүй хэрэгтэй, охин хүүхэд минь ээжтэйгээ хамт байвал илүү дээр  байх болов уу гэх үүднээс охиноо ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрсөн. Гэтэл Т.Э нь одоо өөр хүнтэй сууж, хүүхэд төрүүлээд түүнтэйгээ хамт Х аймагт амьдардаг бөгөөд охин Г.А-ыг асран хамгаалж, тэжээх нь бүү хэл өөр айл, айл дамжуулан сүүлийн үед өөрийн дүүгийндээ хүнд нөхцөлд  өдөр хоногийг өнгөрүүлэн амьдруулж байна. Энэ нь миний охин танихгүй айлд өөрийн төрсөн аав, ээжийн хэнтэй нь ч биш ганцаараа айлд амьдарч байгааг би зөвшөөрөхгүй байна. Миний охин Г.А нь өөрийн төрсөн аав, ээжтэйгээ хамт амьдрах эрх нь хэрэгжихгүй, айлд хүний эрхэнд ямар байдалтай байгааг би мэдэхгүй байгаа ба охинтойгоо хэд хэдэн удаа уулзахад ааваа та намайг аваач, би тантай баймаар байна гэж хэлдэг. Миний охин Г.А одоо 12 настай бөгөөд 7 дугаар ангид суралцдаг. Одоо байгаа айл буюу Т.Э-ын дүү Т.М-ын  гэр нь сургуулиас  нь хол байдаг тул түүний аюулгүй байдалд ч  эцгийн хувиар анхаарах үүднээс өөр дээрээ авах нь зөв гэж үзэж байна. Нэхэмжлэгч миний бие одоо С ХХК-д  ажилладаг ба тогтмол сард 1.195.000 төгрөгийн цалин авдаг. Хан-Уул дүүргийн ................. тоот хаягт тогтмол оршин суудаг бөгөөд өөрийн охин Г.А-ын анхдагч болон байнгын сурч боловсрон аюулгүй орчинд амьдрах бүхий л нөхцөл бололцоогоор хангах чадвартай бөгөөд охинтойгоо хамт амьдрах туйлын хүсэлтэй байна. Охин минь ч аавтайгаа хамт байхыг хүсдэг, түүнийгээ надад удаа дараа илэрхийлж байсан. Иймд хариуцагч Т.Э-ын асрамжид байгаа миний охин Г.А-ыг төрсөн эцэг болон Б.Г миний асрамжид байхаар өөрчлөн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Т.Э-ын шүүхэд урьд гаргасан тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Э нь 2007 оны 11 дүгээр сард Н.Г-тай танилцаж, 2008 оны 05 дугаар сараас эхлэн хамтран амьдарч байгаад 2009 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэгсдийн 0000 дугаар гэрчилгээ авсан. Тэдний дундаас 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр охин Г.А төрсөн. Н.Г нь хамт амьдарч байх хугацаандаа зодож, эрүүл мэндэд хохирол учруулж байсан төдийгүй охин Г.А-ыг төрөх газраас гарсан үеэс асарч халамжлахад санаа тавьдаггүй, байнга хэрүүл маргаантай байсан ба зан харьцааны тааламжгүй байдлын улмаас тусдаа амьдарч эхэлсэн. 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 4415 дугаар шийдвэрээр бид нарын гэрлэлтийг цуцалж, охин Г.А-ыг миний асрамжид үлдээж, охин Г.А-ыг эцэг Н.Г-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш энэ 5 жилийн хугацаанд охин минь миний асрамжид одоог хүртэл байна. Бид хоёрыг гэрлэлт цуцлах үед би Улаанбаатар хотод ажиллаж амьдарч Нийслэлийн Ерөнхий боловсролын Б цогцолбор сургуульд дунд ангийн менежерээр ажиллаж байсан. 2015 оны 09 дүгээр сарын 01-нд охин Г.А оршин суугаа газрын харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын гадаад хэлний сургалттай 00 дугаар сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцсан. Одоо тус сургуулийн 0 бүлэгт суралцаж байна. 2019 оны 5 дугаар сард Улсын тусгай хамгаалалттай газрын даргын тушаалаар тус газрын харьяа Х аймгийн Б сумын ..........ын хамгаалалтын захиргааны хэсэгт МССТөвийн зохион  байгуулагч, хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж байна. Намайг уг ажилд томилогдох үед охин Г.А бага ангийн 6 дугаар ангид суралцаж, 1 сарын дараа бага ангиа төгсөх байсан учир дассан сургууль, хамт олонтойгоо төгсье гэсэн охиныхоо саналын дагуу дүү Т.М-д түр үлдээгээд явсан. 2019-2020 оны хичээлийн  шинэ жил эхлэхэд охин мин дунд ангид элсэн суралцах болоход охин өөрөө нэгдүгээр ангиасаа хамт суралцсан ангийн найз нөхөдтэйгөө энэ сургуульдаа суралцмаар байна гэсэн хүсэл, сурлага хүмүүжил, сургалтын чанар, гадаад хэлний боловсрол эзэмшиж байгаа байдлыг харгалзан түүний дассан сургууль, хамт олонтойгоо байх гэсэн хүсэлтийг хүндэтгэж, охинтойгоо зөвлөлдөж, төрсөн ах Ч одоо 18 настай, эгч А одоо 16 настай хамт түр хугацаанд дүү Т.М-ын хараа хяналтад сургуульдаа үргэлжлүүлэн суралцах, бусад үед  буюу сурагчдын  улирлын болон зуны амралт болоход над дээр ирж ээж миний асрамжид хамт амьдарч байна. Б.Г нь хүүхдийн асрамж өөрчлүүлж, охин Г.А-ыг өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлийг гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д эцэг, эх нь хүүхдээ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй. Шүүхийн 4415 дугаар шийдвэрээр Б.Г-ыг  үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргийнх нь дагуу охин Г.А-ыг тэжээн тэтгэх тэтгэлгийг тогтоож өгсөн боловч  Б.Г нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 22658 дугаар захирамжаар  шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, 2399 дүгээр гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнх-отгон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан боловч 2015-2019 оны 6 дугаар сар хүртэл, 2019 оны 8 дугаар сараас 2020 оны 12 сар хүртэл, 2020 оны 2 дугаар сараас 9 дүгээр сар хүртэлх хугацаанд хүүхдийн асрамж, сувилгаа, тэжээн тэтгэхэд нэг ч төгрөг төлөөгүй. 2019 оны 7 дугаар сард 752.353 төгрөг, 2020 оны 1 дүгээр сард 265.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сард 319.000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргаж өгсөн. Хэдийгээр Б.Г нь ажил төрөл эрхэлж, цалин орлоготой болсон тухайгаа нэхэмжлэлдээ дурдсан боловч энэ нь хүүхдийн асрамжийг  өөрчлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Гэрлэлтээ цуцлуулснаас хойш 5 жил 5 сарын хугацаанд эцэг хүний хувьд охиныхоо сурлага хүмүүжилд анхаарал тавьж байгаагүй, өдөр тутмын хэрэглээ ихсэж, эдийн засгийн хувьд зарах зарцуулалт нь их болж байгааг анхаарч эдийн засгийн дэмжлэг туслалцаа үзүүлээгүй. Би ганцаараа өөрийн цалин хөлсөөр охиныхоо бүх зүйлийг зохицуулж ирсэн. Мөн хүүхдийнхээ хүсэл сонирхлын дагуу хөгжүүлэх зорилгоор дугуйлан секцэнд хамруулж ирсэн. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т эцэг, эхийн хүлээх үүргийн талаар хүүхдээ эрүүл чийрэг өгсөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах гэж хуульчилсан байна. Б.Г нь гэрлэлтээ цуцлуулснаас хойш охинтойгоо уулзъя гэсэн хүсэлтийг хүссэн үед нь уулзуулж байсан төдийгүй эцэгтэй нь аль болох ойр байлгах арга хэмжээг миний зүгээс авч байсан. Охиныхоо сурч боловсрох, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, авьяас билгийг нээн хөгжүүлэх зорилгоор 2 дугаар ангиас нь Хан-Уул дүүргийн С-ийн бүжгийн төлбөртэй дугуйланд 3 сар суралцуулсан. 4 дүгээр ангиас нь Хятад хэлний төлбөртэй давтлага, дугуйланд одоог хүртэл сур байна. 6 дугаар ангиасаа Хан-Уул дүүргийн С волейболын төлбөртэй дугуйланд сурч байна. Сургалтын явцад олимпиад, уралдаан тэмцээн, сургалтад хэрэгцээтэй сургалтын материал, сонин сэтгүүл зэргийн зардлыг эх хүний үүргийн дагуу төлж, уралдаан тэмцээнд оролцуулж, хэрэгцээг хангаж байсан. Миний охин өөрийгөө хөгжүүлэх дугуйлан секцэд хамрагдах дуртай. Хуульд заасан  үүргээ биелүүлэхэд миний зүгээс ямар нэг саад тотгор учруулж байсан удаагүй. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3.1-д “...шүүх хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэсэн байдаг. Охины минь амьдрах орчин нөхцөл дордоогүй, гэр бүлийн таатай орчинд ямар нэг хэрүүл маргаангүй, амар тайван амьдарч байхад хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөхөөр амьдрах орчин нөхцөлийг өөрчлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа нь гагцхүү охиноо тэжээн тэтгэх үүргээс зайлсхийж, одоо хуримтлагдаад байгаа хүүхдийн тэтгэлгийг төлөхгүй гэсэн санаа зорилго агуулж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Г-ын оршин сууж байсан хашаа, байшин дахин төлөвлөлтөд орсон учир хүүхэд хаана, ямар орчинд байх вэ гэдгийг авч үзэх шаардлагатай. Т.Э-ын хувьд Х аймагт ажиллах томилолтын хугацаа дуусахаар охинтойгоо ирж хамт амьдрах ба хүүхдийг эрүүл чийрэг өсгөн бойжуулж, суурь боловсрол, хөдөлмөрийн анхны дадлага олгох үүргээ биелүүлж байгаа учир асрамжийг өөрчлөх ноцтой үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Т.Эд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгохоор шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж шүүх үзлээ.

Зохигчид 2007 онд танилцаж, улмаар хамтран амьдарч байгаад 2009 оны 0 дүгээр сарын 00-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр охин Г.А төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын өөрсдийн тайлбараар нотлогдож байна.    

            Гэвч хоорондын үл ойлголцол, зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаад шүүхэд хандаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2015/04415 дугаар  шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин Г.А-ыг эх Т.Э-ын асрамжид үлдээж, охин Г.А-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Г-аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Т.Э-ыг өөр хүнтэй сууж, хүүхэд төрүүлээд түүнтэйгээ хамт Х аймагт амьдрах болсон бөгөөд  охин Г.А-ыг асран хамгаалж, тэжээх үүргээ биелүүлэлгүй, өөрийн дүүгийндээ амьдруулж байгаагаас миний охины төрсөн ээж, аавын хамт амьдрах эрх хэрэгжихгүй, айлд хүний эрхэнд байгаа учир уулзах болгонд би тантай хамт баймаар байна гэж  хэлэх болсон гэсэн үндэслэлээр охин Г.А-ыг өөрийн асрамжид авахаар шаардсан бол хариуцагч Т.Э-аас миний бие  томилолтоор нөхрийн хамт Х аймагт ажиллаж байгаа ба хугацаа нь дуусахаар охинтойгоо ирж амьдарна. Охин маань гадаад хэлний сургалттай сургуульд суралцаж байгаа учир охиныхоо боловсрол, сурлага, нэгдүгээр ангиасаа хамт суралцсан ангийн найз нөхөдтэйгөө энэ сургуульдаа суралцмаар байна гэсэн охиныхоо хүслийг харгалзан дүү Т.М-д түр үлдээгээд явснаас хүүхдээ асран халамжлах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүйгээр орхиод явсан зүйл байхгүй. Харин Б.Г нь  гэрлэлт цуцалснаас хойш  тэтгэлэг төлж, хүүхдээ тэжээн тэтгэх  үүргээ биелүүлээгүй атлаа хүүхдийн асрамжийг өөрчлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа нь охиноо тэжээн тэтгэх үүргээс зайлсхийж, хуримтлагдсан байгаа хүүхдийн тэтгэлгийг төлөхгүй гэсэн санаа зорилгыг агуулж байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

Учир нь зохигчид гэрлэлтээ цуцлуулж, хамтран амьдрахаа больсон боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар тэдгээрийн эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх тул охин Г.А-ын эцэг, эх болох Б.Г, Т.Э нар нь хүүхдээ асран хамгаалж, тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

Гэвч хариуцагч Т.Э нь 2019 оны 5 дугаар сараас Х аймгийн Б сумын ........ газрын хамгаалалтын захиргааны  хэсэгт МССТөвийн зохион байгуулагч, хэсгийн ахлагчаар томилогдон ажиллах болсонтой холбогдуулан охин Г.А-ыг дүү Т.М-ын асрамжид үлдээн хүүхдээ асран хамгаалах үүргээ биечлэн гүйцэтгэхгүй байгаа болох нь зохигчдын тайлбар, охин Г.А-ын санал асуусан тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

Хариуцагч Т.Э нь охин Г.А-ыг  асран хамгаалах үүргээ биечлэн гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд эцэг Б.Г-тай харилцан тохиролцож, асрамжийг өөрчлөх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой атал дүү Т.М-ын асрамжид үлдээсэн нь  охин Г.А-ын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасан хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх эрхийг зөрчжээ.

            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасны дагуу шүүх охин Г.А-ын саналыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр асуухад тэрээр “айлд байхад  өөрийнхөөрөө байж чаддаггүй, хэцүү байдаг. Аав дээрээ очихыг зөвшөөрч байна” гэж хэлсэн бөгөөд уг саналыг асуухад байлцсан өмгөөлөгч Г.А нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон тул уг хүүхдийн санал асуусан тэмдэглэлийг  эргэлзээтэй нотлох  баримт гэж үзэн хариуцагчийн өмгөөлөгчийн хүүхдийн саналыг дахин асуулгах хүсэлтийг хүлээн авч, охин Г.А-ын саналыг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр асуухад тэрээр “ээжийнхээ асрамжид байхыг хүсэж байна. Сүүлд  дотроо сайн бодож байгаад ээж дээрээ байхаар шийдсэн”  гэж саналаа илэрхийлсэн болно.

            Гэвч охин Г.А нь шүүхээс томилогдсон шинжээч нартай уулзаж, ярилцах явцдаа аавтайгаа хамт байх шийдвэртэйгээ хэлснийг хэн нэгний дарамт шахалтгүйгээр эцэг, эхийн хэнтэй нь амьдрах тухайгаа  хэлсэн үнэн зөв санал гэж үзэх үндэслэлтэй.

    Шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар, хүүхдийн санал, эцэг эхийн анхаарал, халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, шинжээчийн дүгнэлт зэргийг харгалзан охин Г.А-ыг эцэг Б.Г-ын асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

Учир нь зохигчид хүүхдийн хамт амьдрах орон байртай бөгөөд хэн аль нь ахуйн нөхцөл, бололцоо, хайр халамж, ёс суртахууны хувьд хүүхэд хүмүүжүүлэх боломжтой хэдий ч хариуцагч Т.Э нь хүүхдээ өсгөн бойжуулж, асран хамгаалах үүргээ биечлэн гүйцэтгээгүй нөхцөл байдал болон  охин Г.А-ын эцгийн асрамжид очно гэсэн санал, шинжээчээс  нэхэмжлэгч, хариуцагч нараас авсан сэтгэл зүйн сорилын үр дүн болон ярилцлага, баримт бичгийн судалгаа, ахуйн нөхцөл бололцоо зэргийг үнэлээд охин Г.А-ыг аав Б.Г-ын асран хамгаалалд шилжүүлэхээр санал болгосон зэргийг харгалзан үзээд охин Г.А-ын эцэг Б.Г-ын асрамжид үлдээх үндэслэлтэй байна.

Харин хүүхдийн хүмүүжил, эрүүл өсч торниход эхийн халамж, анхаарал шаардлагатай тул хүүхдийг эхтэй нь уулзуулах боломжоор хангахыг  нэхэмжлэгчид даалгах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Г-ын асрамжид охин Г.А-ыг үлдээсэн нь хүүхдээ тэжээн тэтгэх болон хүүхдийн асрамжийг өөрчлөх хүртэл хугацаанд төлөгдөөгүй тэтгэлгийг төлөхөөс чөлөөлөхгүй тул хариуцагчийн охиноо тэжээн тэтгэх үүргээс зайлсхийж, хуримтлагдсан байгаа хүүхдийн тэтгэлгийг төлөхгүй гэсэн санаа зорилгоор нэхэмжлэл гаргасан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.         

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр  үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр төрсөн охин Г.А-ыг эцэг Б.Г-ын асрамжид үлдээсүгэй.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-т олгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.5 дахь хэсэгт зааснаар охин Г.А-ыг эх Т.Э-тай нь тогтмол, саадгүй уулзуулж байхыг эцэг Б.Г-т даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

                                                                                               

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХБАЯ