Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/244

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Ц.Чингүүн,

Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.О-д холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч С.О нь 2023 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг “Чухлаа” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний зориулалтаар, 3 ширхэг 1.03 босоо шинэс мод ойд бэлтгэж, экологиэдийн засгийн үнэлгээгээр байгаль орчинд 303,579 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн *********** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.О нь 2023 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг “Чухлаа” гэх газраас “гэртээ түлээ бэлтгэх зорилгоор 3 ширхэг 1.0 м3 босоо шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж экологи-эдийн засагт 303,579 төгрөгийн хохирол учруулсан  үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Оын өгсөн: “ ...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын  ертөнцийн зүгээр зүүн зүгт 51 километрийн зайд байх Чухлаа  гэдэг нэртэй  уулын хойд талд  жижиг ой мод бүхий  газар байх ба байршлыг үзэхэд N 49.511296  E100.97388 заасан байв. Мод бэлтгэсэн иргэн С.О-р модыг заалгахад 3,4,5 гэж дугаарласан модны хожуулыг зааж дээрх модыг унагаасан 6,7,8 гэж дугаарласан  хожуул зэрэг байв.  Мод бэлтгэж хураасан газар цааш үзлэгийг хийхэд 2 метр  58 см урт 8  ширхэг нойтон мод нэг талыг нь хөрөөдсөн мод байв. Энэ мод нь тухайн иргэний  унагаасан гэх 3 ширхэг  модны хожуулд  үлдсэн хөрөөдсөн модтой ижил төстэй байлаа. Мод бэлтгэсэн газар нь 36 ширхэг нарийн  мод шургааг  байх ба уг  уг модыг газарт  булгарч унасан  модноос тайрч авсан талаар  иргэн С.О мэдэгдсэн болно. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-20 тал/,

Мөрдөгчийн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-27 тал/,

Иргэний нэхэмжлэгч Ч.О-ын өгсөн: “...Иргэн С.О гэдэг хүний зөвшөөрөлгүй бэлтгэсэн  гэх модны  экологи  эдийн засгийн  үнэлгээг  нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/ тал/,

Гэрч Д.Сэнгэравдангийн өгсөн: “..Би  Тосонцэнгэл сумын 5 дугаар багт иргэн С.О-д холбогдох гомдол мэдээлэлд мөдөн шалгах ажиллагаа явуулсан гэхдээ бүртгэлийн Г-284 биш Г-285 дугаартай гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тухайн үед 285 гэж бичих байсныг  284 гэж андуурч бичсэн байна. 285 дугаартай гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа  2024 оны 03 дугаар сарын 31-ны өдөр гэрч Б.Нэргүйгээс, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр  гэрч Ц.Баярцэнгэлээс, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэрч Б.Түвшинжаргал нараас мэдүүлэг авсан. Дээрх гэрч нараас мэдүүлэг авахдаа С.О гэх хүний нэрийг С.Бат-Очир гэж андуурч бичиглэлийн алдаа гаргасан байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 тал/,

Гэрч Ц.Баярцэнгэлийн өгсөн: “..2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Тосонцэнгэл суманд хэсгийн цагдаа ахлах ахлагч Б.Нэргүйн хамт эргүүл, хяналт шалгалтаар явж байхад тус сумын иргэн С.Бат-Очир гэдэг хүн босоо мод унагааж байна гэх мэдээлэл авагдсан. Уг мэдээллийг шалгахад тус сумын 5 дугаар багийн  нутаг  Чухалаа гэдэг газарт 3 ширхэг  босоо мод унагааж 2 метр орчмоор  тайрч бэлтгэсэн  10 гаруй мод  тухайн газарт байсан. 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Бат-Очир гэдэг хүнтэй уулзахад 10 дугаар сард түлээ бэлтгэхээр 3 ширхэг босоо мод унагааж бүдүүн талаас нь түлшинд бэлтгэх мод тайрч аваад 2 метр 50 см орчим хэмжээтэй 10 гаруй мод бэлтгэж малын хашааны шонд хэрэглэхээр бэлдсэн мод гэж мэдэгдсэн байгаа. Мод бэлтгэх эрхийн бичиг баримт авсан эсэх талаар надад хэлээгүй. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ мод эрхийн бичиг авч заасан цаг хугацаанд заасан цаг хугацаанд модоо бэлтгэх ёстой. Гэтэл Бат-Очир гэдэг хүн мод бэлтгэхдээ босоо нойтон мод унагааж хууль зөрчсөн байна. Иргэн ямар ч тохиолдолд босоо мод унагааж болохгүй зөвхөн мэргэжлийн байгууллага л босоо модыг арчилгааны зориулалтаар тусгаарласан талбайд босоо мод унагааж мод бэлтгэдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/,

Гэрч Б.Нэргүйгийн өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ажилласан. Энэ хугацаанд 5 дугаар багийн нүтаг “Чухалаа” гэдэг газарт босоо мод унагааж мод бэлтгэсэн байдалтай байсан тул ойр орчмоор нь явж үзэхэд тус багийн иргэн С.Бат-Очир  гэдэг хүн  2023 оны сүүлээр түлээгээ  бэлтгэхдээ  уг газарт зөвшөөрөлгүй мод унагааж бэлтгэсэн талаар мэдээлэл авагдсан. Тухайн мэдээлийн мөрөөр иргэн Бат-Очиртой уулзаж ярилцахад 2023 оны 05 дугаар сард авсан өрхийн гоожин  аваад 2023 оны 10 дугаар сарын 20-ны орчим  тус сумын 5 дугаар багийн нутаг “Чухалаа” гэдэг газраа түлээгээ бэлтгэсэн. Түлээ бэлтгэхдээ мод унагаагүй харин тухайн үед 3 ширхэг мод унагааж хашааны шонгийн мод бэлтгэсэн гэж мэдэгдсэн тул тус цагдаагийн газрын хоногийн мэдээнд оруулсан. Тухайн үед гэрийнхээ түлээг бэлтгэхдээ өмнө нь мод бэлтгэх эрхийн бичиг баримт авсан. Харин хашааны шонгийн мод бэлтгэхээр 3 ширхэг босоо мод унагаахдаа мод бэлтгэх эрхийн бичиг баримт аваагүй гэж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/,

Гэрч Б.Түвшинжаргалын өгсөн: “...Би  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар  2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тус сумын цагдаа Б.Нэргүйгийн  хамт ажилласан  Энэ хугацаанд  тус сумын 5 дугаар багийн нутаг  Чухалаа гэдэг газарт  босоо мод унагааж мод бэлтгэсэн байдалтай байсан. Тэгээд тухайн модыг иргэн Сосорбарамын Бат-Очир гэдэг хүн 2023 оны сүүлээр бэлтгэсэн байсан. Тухайн иргэн түлээ бэлтгэхдээ хажууд нь 3 ширхэг мод унагааж хашааны шонгийн мод бэлтгэсэн гэж мэдэгдсэн. Малын хашааны шонгийн мод бэлтгэхээр 3 ширхэг босоо мод унагаасан ингэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг баримт аваагүй гэж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/,

Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ тогтоосон Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн”Сум дундын ойн ангийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 15 дугаартай:...С.О-ын бэлтгэсэн гэх мод нь 1.72-2.72 метрийн урттай, 13-26 см-ийн диаметртэй, хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн 15 ширхэг 1.0 м3 хэмжээтэй хуурай шинэс мод байв. Иргэн С.О-ын бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 303,579 төгрөг. 2012 оны ой зохион байгуулалтын материалд тусгагдсанаар 36 дугаар хэсэглэлийн 1 дүгээр ялгаралд хамаарах хамгаалалтын бүсийн 1 дүгээр мужийн ойд хамаарч байна. /Мод бэлтгэсэн газрыг хэргийн газрын үзлэгт хавсаргагдсан газарзүйн байршлын солбилцлыг үндэслэв. /N:49,51129, Е100.97388/...” гэх дүгнэлт /хх-ийн 72-74 тал/,

Хохирлын үнэлгээ тогтоосон Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн: “””””””””дугаартай хэрэгт шинжээчийн дүгнэлтэд ойн санд  учирсан хохирлын  экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 910.737 төгрөг. Экологи-эдийн засгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-д заасны дагуу хохирол нөхөн төлбөр тооцсон...” гэх дүгнэлт /хх-ийн 79 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ-924/9610 дугаартай: “...Дээр дурдагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөөний зах зээлийн нийт бодит үнэ цэнийг 2024 оны 04 дүгээр сарын байдлаар 100.000 /нэг зуун мянга/ төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх дүгнэлт /хх-ийн 83-84 тал/,

Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 256 дугаартай албан бичиг /хх-ийн 105 тал/,

2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаартай Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 29 тал/,

        Мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 30-31 тал/,

Прокурорын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 74 дугаартай “Эд мөрийн баримтыг  хураан авах тухай” зөвшөөрөл /хх-ийн 33 тал/,

Мөрдөгчийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-36 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.О-ын  яллагдагчаар өгсөн: “... 2023 оны 10 дугаар сарын дундуур байхаа Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг Чухалаа гэдэг газраас  хэрэглээний түлшний мод бэлтгэсэн түлшний мод бол эрхийн бичигтэй байсан харин тэрхүү түлшний мод бэлтгэж байхдаа 2 бүдүүн нэг нарийн босоо мод хөрөөдөн унагааж тэр модыг нарийн талаас нь 2 метр 50 сантиметрийн хэмжээтэй тайрч малын хашаа хашаа сэлбэж засахаар 15 ширхэг шонгийн мод бэлтгэсэн юм. Тэгээд энэ модоо ууланд үлдээж цас ханзрахаар тухайн моднуудыг буулгаж авна гэж үлдээсэн. Тэгсэн 2024 оны 03 дугаар сарын 20-ны орчим цагдаагаас хяналт шалгалтаар миний ууланд бэлтгэсэн модыг олж тогтоогоод энэ моднуудаа сумын төв оруулж буулгах шаардлагатай гэж хэлсэн. .. Ганцаараа өөрийнхөө хөрөөгөөр хөрөөдөж унагасан. Манай гэрээс ертөнцийн зүгээр зүүн зүгт 2-З км орчим л байгаа байх. Эхэлж түлээ болон энэ хэрэгт холбогдоод байгаа модыг би өөрөө ганцаараа явган явж бэлтгэсэн дараагаар нь дүү Эрдэнэбатаас ахдаа мод ачаад өгөөч гэж гуйж машинаар түлшний түлээгээ ачиж буулгасан. Энэ хэрэгт холбогдоод байгаа модыг бол би ямар нэгэн тээврийн хэрэгсэл ашиглаж зөөсөн зүйл байхгүй. .. Миний өөрийн хөрөө байгаа юм. Одоогоос 2 жилийн өмнө худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг таньж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан: “...Шүүгдэгч С.О нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу дээр маргаан байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлж байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлт  гаргасан ба шүүгдэгч С.О нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ч.О, гэрч Д.Сэнгэравдан, Ц.Баярцэнгэл,  Б.Нэргүй,  Б.Түвшинжаргал нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаартай Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 74 дугаартай Прокурорын “Эд мөрийн баримтыг  хураан авах тухай” зөвшөөрөл, мөрдөгчийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ тогтоосон Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн”Сум дундын ойн ангийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 15 дугаартай  дүгнэлт, хохирлын үнэлгээ тогтоосон Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ-924/9610 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 256 дугаартай албан бичиг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч С.О нь 2023 оны 10 дугаар сард зөвшөөрөлгүйгээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг “Чухлаа” гэх газраас “гэртээ түлээ бэлтгэх зорилгоор 3 ширхэг 1.0 м3 босоо шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлт  болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт нь шүүгдэгч С.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бус аргаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч С.О нь эрх бүхий байгууллагаас олгосон мод бэлтгэх эрхийн бичигт заасан хугацаанаас өөр аргаар буюу ойн цэвэрлэгээний аргаар унианг мод бэлтгэх атал босоо мод хөрөөдөж бэлтгэсэн байна.

Шүүгдэгч С.О нь зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг нийгэм аюултай үйлдэл гэж үзнэ.

Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал, зугаалгаар явахыг хориглоно” гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ талбайд энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар ... мод бэлтгэж болно”. 35.3-т зөвшөөрөл авсан иргэн ...энэ хуулийн 35.2-т зааснаас өөр зориулалт, арга замаар мод бэлтгэхийг хориглоно”. 35.4-т “Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ”. 35.4.2-т “...зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.О-ын үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч С.О эрх бүхий байгууллагаас олгосон мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас өөр цаг хугацаанд өөр аргаар мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчины эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

        Шүүгдэгч С.О-ын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 303.579 төгрөгийн шууд хохирол /хх-ийн 72-74 тал/ учирсан нь Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” Сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин өсгөж 910.737 төгрөгийн /хх-79 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.

         Иймд  шүүгдэгч С.О-с экологи эдийн засагт учирсан 910.737 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгох нь зүйтэй байна. 

        Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.О-ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

  Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт үйлдлийн шинж чанар учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явуулахад тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлж байгаа зэргийг харгалзаж үзээд торгох ял оногдуулах санал гаргаж байна. Торгох ялыг биелүүлэх боломжтой байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт заасны дагуу улсын орлогод оруулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч С.О-р 3 ширхэг шинэс мод тариулах албадлагын арга хэмжээний санал тавьж байна...” гэх санал дүгнэлт,

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “..санал байхгүй...” гэв.

Шүүгдэгч С.О-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Оын үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч С.О-ыг 3 ширхэг шинэс мод тарьж ургуулах  ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан  шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.О-д сануулж шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч С.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж тус тус заасан байна.

Энэхүү хэргийн тухайд  3 ширхэг 1,0 м3 мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө зэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор байна.

Иймд прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож гэмт хэрэг үйлдэж олсон 3  ширхэг 1.0 м3 хэмжээтэй шинэс төрлийн нойтон мод зэргийг тус тус хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг хурааж, улсын орлого болгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч С.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

  2. Шүүгдэгч С.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  зааснаар шүүгдэгч С.О-д 3 (гурав) ширхэг шинэс мод тарьж ургуулах ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулинд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.О-д сануулсугай

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-д оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 (ер) хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч С.О-с 910.737 (есөн зуун арван мянга долоон зуун гучин долоо) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн (РД:9085084) Төрийн сангийн дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

         8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан Прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3 ширхэг буюу 1.0 м3 хэмжээтэй шинэс төрлийн модыг хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн ........... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 1 (нэг) ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Энэ хэрэгт шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН