Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2021/01922

 

      2021 оны 09 сарын 08 өдөр                         Дугаар 183/ШШ2021/01922                        Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн .......... тоотод оршин суух Б овогт Д.С /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Хан-Уул дүүргийн .............. тоотод оршин суух Х овогт С.Э /РД:00000000/-т холбогдох

            ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 137.600.000 төгрөг, 2015 оны  06 дугаар сарын 29-ний өдрийн мөнгө хүлээлцсэн хэлцлийн дагуу 30.000.000 төгрөг, нийт 167.600.000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Э-ийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагч С.Э, хариуцагчийн өмгөөлөгч  Б.Б, гэрч С.Э, Х.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ   нь:

          Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.С миний бие хариуцагч С.Э-тэй 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 78.400.000 төгрөг хүлээлгэн өгсөн. Гэвч гэрээнд заагдсан ажил огт хийгдээгүй ба гэрээний төлбөрт төлсөн 78.400.000 төгрөгийг буцаан өгөхийг шаардахад элдэв шалтаг тоочиж хугацаа авсаар өнөөдрийг хүрлээ. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 6.1 дэх хэсэгт ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр заасан. Гэрээ байгуулсан хугацаанаас хойш 2 жил  8 сарын хугацаа өнгөрсөн тул алдангийн хэмжээг Иргэний хуульд  заасны дагуу үнийн дүнгийн 50 хувиар тооцон нэхэмжилж байна. Мөн Д.С би С.Э-т 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мөнгө хүлээлцэх тухай хэлцлийн үндсэн дээр 30.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний дагуу 20.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөг өгсөн боловч гэрээний дагуу огт ажил гүйцэтгээгүй. Уг төлбөрийн асуудлаар 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр баталгаа гэх баримт, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тодорхойлолт гэх баримт бичгийг өөрийн гараар бичиж өгч 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлөхөө илэрхийлж байсан ба  төлөхийг шаардахад тодорхой хугацаа өгөхийг хүсэж өнөөдрийг хүртэл явлаа. Иймд С.Э-ээс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үндсэн төлбөр 78.400.000 төгрөг, ажлыг хугацаандаа гүйцэтгээгүйн алданги 39.200.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн мөнгө хүлээлцсэн тухай хэлцлийн үндсэн дээр 30.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу 20.000.000 төгрөг, нийт 167.600.000 төгрөгийг нэхэмжилснээс буцааж өгсөн 35.000.000 төгрөгийг хасаж, үлдсэн 132.600.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

            Хариуцагч С.Э шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Э нь Д.С-тай харилцан тохиролцож ямарваа нэгэн ажил гүйцэтгэж, төлбөр авч байгаагүй. Харин С.Э нь С.Э-т төслийн зээл бүтээж өгнө гэж амлахад Д.С-д дамжуулж, улмаар түүний хамааралтай хуулийн этгээдийн боловсруулсан Тэсэлгээний бодис үйлдвэрлэх тухай төслийг урьдчилгааны 30 сая төгрөгийн хамт 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр авч С.Э-т өгсөн. Дараа нь 20.000.000 төгрөгийг Д.С-аас авсныг С.Э-т өгөлгүй өөртөө байлгаж байсан. Ингээд С.Э нь амласан зээлээ бүтээж өгөөгүй, авсан мөнгөө буцааж өгч чадаагүйгээс Д.С, С.Э, С.Э бид нарын хооронд маргаан үүссэн. Д.С нь надаар дамжуулан С.Э-т өгсөн 30 сая төгрөгөө буцааж авахын тулд С.Э миний биед шаардлага тавьж ирсэн учир миний бие нийт 35.000.000 төгрөгийг Д.С-д хүлээлгэн өгсөн. Мөн С.Э-тэй надтай 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн болон 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлбөр барагдуулах тухай гэрээг тус тус байгуулсан. 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр С.Э-ээс баталгаа гаргах нь гэх гар бичгийг бичүүлж авсан. Д.С  болон С.Э нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн болон 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байгуулсан гэх ажил гүйцэтгэх гэрээ тус бүр нь бодит байдал дээр 2015 олны 05 дугаар сарын 29-ний өдрийн хэлцлээр Д.С-аас С.Э-ээр дамжуулан С.Э-т зээлсэн 30.000.000 төгрөгийг буцааж авахын тулд байгуулсан хэлцэл гэж үзэж байна. Д.С болон С.Э нарын хооронд байгуулсан гэх 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний сүүлийн хуудас дээрх зайд “2017.01.20 78.440.000 хүлээлгэн өгөв Д.С хүлээн авсан С.Э” гэж бичсэн бичиг нь С.Э-ийн гарын үсэг биш байгаа тул хуурамч бичиг гэж үзэж байна. Энэ гэрээтэй холбогдуулан С.Э Д.С-аас 78.440.000 төгрөг огт авч байгаагүй болно. С.Э-ээс Д.С-д 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр болон 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргаж өгсөн Баталгаа гаргах нь, Тодорхойлолт тус бүрд хүлээсэн үүргийн хүрээнд авсан 50.000.000 төгрөгөөс 35.000.000 төгрөгийг төлж, 15.000.000 төгрөг үлдсэн байхад  дүр үзүүлэн хийсэн 78.400.000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн нэхэмжилж байгаа нь үндэсгүй болно. Уг 78.400.000 төгрөгийн үнийн дүн нь авсан 50.000.000 төгрөг дээр сарын 3 хувиар хүү тооцож, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 18 сар 28 хоногийн хүү 28.440.000 төгрөгийг нэмж, нийт 78.400.000 төгрөг болсон учир уг 78.400.000 төгрөгийг авахын тулд ажил гүйцэтгэхээр тохиролцсон мэтээр гэрээ байгуулахыг шаардаад байсан учир  гэрээнд гарын үсэг зурсан. Миний бие надаар дамжуулан Д.С-аас 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 30.000.000 төгрөг гардаж аваад буцааж өгөхгүй, итгэл эвдэн залилан мэхэлсэн гэмт хэргийн талаар С.Э-т холбогдуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гарган шалгуулж байгаа болно. Д.С-ын хувьд С.Э-ийн буруутай үйлдлийн улмаас С.Э-ийн адил хохирол хүлээсэн этгээд тул уг маргаан нь эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэгдэх учиртай. Иймд талуудын маргаж байгаа зүйл, түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг өөр шүүх шийдвэрлэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагч С.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.С-ын  тус шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр,  2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэх гэрээ хэлцлийн дагуу бидний хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа бодит байдал дээр үүсээгүй болно. Учир нь С.Э гэх хүн анх их хэмжээний төслийн зээлийг Х банкнаас гаргуулж өгч чадна гэж итгэл үнэмшил төрүүлж, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр С.Э надаар дамжуулан Д.С-аас 30.000.000 төгрөгийг  хүлээж авсан бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр урьдчилгаа болгож дахин  20.000.000 төгрөгийг шаардсан тул би Д.С-аас уг 20.000.000 төгрөгийг авахдаа  баталгаа болгож дүр эсгэсэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж авсан. Сүүлд авсан 20.000.000 төгрөгийг юмыг яаж мэдэхэв гээд би С.Э-т өгөөгүй өөр дээрээ байлгаж байсан. С.Э нь амласан ёсоороо Д.С-ын төслийн зээлийг гаргаж өгөхгүй  удсан тул Д.С нь надад өгсөн 50.000.000 төгрөгөөс 1 сарын 3 хувийн хүү тооцож,  2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 18 сар, 28 хоногийн хүүд 28.440.000 төгрөг тооцож, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр барилгын засал чимэглэл, засварын ажил гүйцэтгэх тухай  78.440.000 төгрөгийн үнийн дүнтэй дүр эсгэсэн ажил гүйцэтгэх гэрээг дахин байгуулсан. Ингээд тодорхой хугацаа өнгөрсөн боловч төслийн зээл гараагүй бөгөөд Д.С надаас мөнгөө нэхэж эхэлсэн тул би Д.С-аас сүүлд авсан 20.000.000 төгрөг дээр өөрөөсөө 15.000.000 төгрөгийг нэмж цувуулан нийт 35.000.000 төгрөгийг Д.С-д өгсөн. С.Э-ийн хувьд надаар дамжуулан Д.С-аас авсан мөнгөө төлж барагдуулахаа байнга хэлдэг бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр энэ талаар  бичгээр баталгаа гаргасан байдаг. Уг баримтыг хавтаст хэрэгт эх хувиараа байгаа. Миний бие С.Э, Д.С нарыг удаа дараа уулзуулж байсан ба 2019 оны 05 дугаар сарын 31-нд С.Э төлбөрийг барагдуулна гэж тохиролцсон хэлцэл хийгээд салсан. Гэвч төлбөрөө төлөөгүй байдаг. Иймд Д.С нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцлийг үндэслэн надаас үүрэг шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Д.С нь С.Э-ээр төслийн их хэмжээний зээл гаргуулахдаа урьдчилгаа болгож надаар дамжуулж өгсөн төлбөрөө баталгаажуулах зорилгоор дүр үзүүлсэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан  ажил гүйцэтгэх гэрээ нь Д.С-ын надаар дамжуулж С.Э-т өгсөн төлбөрийг буцааж авахын  тулд байгуулсан хэлцэл юм. Харин гэрээнд заасанчлан  бидний хооронд  барилгын засал чимэглэл, засварын ажил гүйцэтгэх харилцаа буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа огт үүсээгүй бөгөөд  энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн гэрээний үүрэг, хүү, алдангийн хамт шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Д.С, С.Э нарын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

            Нэхэмжлэгч Д.С шүүхэд урьд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг  хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрүүдэд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, хэлцлүүдийг огт байгаагүй гэж бичсэн нь үндэслэлгүй.  Гэтэл энэ бол хөдөлшгүй баримт юм. С.Э гэх хүнд мөнгө  зуучилсан, С.Э нь  томоохон төслийн зээл гаргах тухай  ямар ч үндэслэлгүй, баримтгүй гүтгэж бичжээ. Бид ажил гүйцэтгэх гэрээ, хэлцлүүдийг С.Э гэж хүнтэй огт байгуулаагүй ба түүнд мөнгө өгөөгүй болно. Мөн С.Э нь 30.000.000 төгрөгийг С.Э авсан гэж тайлбарладаг атлаа  уг мөнгийг өөрөө төлж барагдуулсан. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст энэ талаараа гэрчийн мэдүүлэг өгсөн ба С.Э-т залилуулсан гэх хэрэгт намайг хохирогчоор тогтоогоогүй болно. Энэ нь С.Э-ийг худал хэлснийг нотолж байна.  С.Э нь  удаа дараа шүүхэд гарын үсэг зураагүй, хуурамч гарын үсэг гэж тайлбар гаргаж, дараа нь  өмгөөлөгчөө удаа дараа сольж хурлыг хойшлуулдаг, уг иргэний хэрэгтэй холбоотойгоор хариуцагч С.Э-ийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 167.600.000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилж, хүрэлцэхгүй тохиолдолд дансны зарлагын  гүйлгээг зогсоохоор шийдвэрлэсэн байхад С.Э нь шүүхийн шийдвэрийг  биелүүлэхээс зайлсхийж,  өөрийн нэр дээрх эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн байсан ба уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх гэмт хэргийн шинжтэй үйлдэж гэж үзэж шалгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан болно. Энэ мэтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, хэргийг шийдвэрлүүлэхгүй байх, шүүхээс гарах шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх үйлдлүүдийг удаа дараа гаргаж байна гэж үзэж байна. 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг 50 сая төгрөгөөс тооцсон гэж бичжээ. 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хүүг тооцвол 11.200.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл тооцвол 15.700.000 төгрөг болж байна. Энэ нь нийт 26.920.000 төгрөг болохоор байгаа юм. Энэ нь мөн л С.Э худал ярьж байгааг  нотолж байгаа юм. Иймд С.Э-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч С.Э, Х.М нарын мэдүүлгийг сонсож, хариуцагчаас гаргаж өгсөн компакт дискэнд үзлэг хийж, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Д.С нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч С.Э-ээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 137.600.000 төгрөг, 2015 оны  06 дугаар сарын 29-ний өдрийн мөнгө хүлээлцсэн хэлцлийн дагуу 30.000.000 төгрөг, нийт 167.600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 132.600.000 төгрөг гаргуулахаар, хариуцагч С.Э-ээс сөрөг нэхэмжлэл гаргаж, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар тус тус шаардаж байх ба шүүх энэхүү үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 15.000.000 төгрөгийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 117.600.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч Д.С-аас хариуцагч С.Э-т 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төслийн урьдчилгаанд зориулан 30.000.000 төгрөг хүлээлгэн өгчээ.

Үүний дараа зохигчдын хооронд 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, хариуцагч С.Э нь чацарганын үйлдвэрлэлийн ажил гүйцэтгэн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Д.С нь ажлын хөлсөнд 20.000.000 төгрөг төлөхөөр, мөн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, хариуцагч С.Э нь Баянгол дүүргийн ......... байранд байрлах 740 м.кв талбайд гүйцэтгэгчийн материалаар барилгын засал чимэглэл, засвар ажил хийж гүйцэтгэн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Д.С нь ажлын хөлсөнд 78.440.000 төлөхөөр харилцан тохиролцсон гэрээ байгуулагдсан болох  нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээнүүд,  бэлэн мөнгөний орлогын баримт зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч С.Э-ийг дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээнүүдэд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 78.400.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 20.000.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн мөнгө хүлээлцсэн баримтын үндсэн дээр хүлээлгэн өгсөн 30.000.000 төгрөг, нийт 167.600.000 төгрөгөөс хүлээн авсан 35.000.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 132.600.0000 төгрөгийг хариуцагч С.Э-ээс гаргуулахаар шаардсан бол хариуцагч С.Э нь нэхэмжлэгчээс 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 30.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан өдөр 20.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөг хүлээн авсан бөгөөд энэ нь Д.С-ын Монгол Улсын Хөгжлийн банкнаас төслийн зээл бүтээлгэхээр С.Э-т дамжуулан өгсөн мөнгө байсан юм. Уг мөнгөнөөс 30.000.000 төгрөгийг С.Э-т өгсөн ч төслийн зээл нь бүтээгүй учир түүнээс авсан ч С.Э-т өгөөгүй байсан 20.000.000 төгрөг дээр өөрөөсөө 15.000.000 төгрөг нэмж, нийт 35.000.000 төгрөгийг Д.С-д буцаан өгсөн. С.Э нь зээлийг бүтээж өгөхгүй удаашраад байсан учир Д.С нь надаас мөнгөө буцаан авахын тулд хоорондоо ажил гүйцэтгэхээр тохиролцсон мэтээр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг дүр үзүүлэн байгуулсан. Энэ гэрээтэй холбогдуулан Д.С-аас 78.440.000 төгрөг огт авч байгаагүй. Уг 78.440.000 төгрөг нь түүнээс авсан  50.000.000 төгрөг дээр сарын 3 хувиар хүү тооцож, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 18 сар 28 хоногийн хүү 28.440.000 төгрөгийг нэмэхэд 78.400.000 төгрөг болсон учир уг 78.400.000 төгрөгийг авахын тулд ажил гүйцэтгэхээр тохиролцсон мэтээр гэрээ байгуулахыг шаардаад байсан учир  гэрээнд гарын үсэг зурсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

           Хариуцагч С.Э нь нэхэмжлэгч Д.С-ыг Монгол Улсын Хөгжлийн банкны төслийн зээлд хамрагдахад зуучилж өгөхөөр түүнээс 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 30.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 20.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг  бэлнээр хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар,  хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн баталгаа зэргээр тогтоогдож байна.

            Хариуцагч С.Э нь нэхэмжлэгч Д.С-аас авсан 50.000.000 төгрөгөөс 30.000.000 төгрөгийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл гаргуулахаар С.Эт өгсөн ч тухайн төслийн зээл гаргаж өгөх ажил удааширч, улмаар бүтээгүй тул хариуцагч С.Э-ээс гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолтод заасны дагуу зохигчдын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Учир нь хариуцагч С.Э нь авсан 50.000.000 төгрөгөө 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж чадаагүй тохиолдолд сарын 3 хувиар тооцон алданги тооцох, хэлцлийг дахин өөрчилж хийхийг зөвшөөрсөн учир 50.000.000 төгрөгийн хүүг 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд  сарын 3 хувиар тооцоход 28.400.000 төгрөг  болсныг үндсэн төлбөр 50.000.000 төгрөг дээр нэмж, нийт 78.400.000 төгрөгийн ажлын хөлс бүхий 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

            Хариуцагч С.Э-ээс дээрх гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан болохоо зөвшөөрч, харин ажил гүйцэтгэх гэрээний 2 дахь хуудасны ар талын захиалагч,  ажил гүйцэтгэгч гэсэн хэсгийн доод талд “2017.01.20, 78.440.000 хүлээн авсан С.Э” гэж гараар бичсэн бичвэрт зурагдсан гарын үсгийг зураагүй гэж тайлбарлаж, уг гарын үсгийг шинжлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу шинжээч томилоход Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 790 дугаар шинжээчийн дүгнэлтээр дээрх бичвэрт зурагдсан гарын үсэг нь С.Э-ийн гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байгаа болохыг тогтоожээ.

            Дээрх 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хэдий боловч зохигчид урьд үүссэн 50.000.000 төгрөгийн өр төлбөрийг түүнд тооцсон хүү 28.440.000 төгрөгийн хамт төлж барагдуулах зорилгоор ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хариуцагч С.Э-ийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолт, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Баталгаа гаргах нь гэсэн баримтуудаар нотлогдож байна.

            Иймд зохигчид Баянгол дүүргийн .......... байранд байрлах 740 м.кв талбайд барилгын засал чимэглэл, засварын ажлыг 78.440.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

            Зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэгч Д.С нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 78.400.000 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс тооцсон  алданги 39.200.000 төгрөг, нийт 117.600.000 төгрөгийг хариуцагч С.Э-ээс шаардах эрхгүй.

            Харин хариуцагч С.Э нь нэхэмжлэгч Д.С-аас 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр авсан 30.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр авсан 20.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгөөс 35.000.000 төгрөгийг буцааж өгсөн болох нь зохигчдын тайлбар, дансны хуулганууд зэргээр тогтоогдож байгаа, талууд энэ талаар маргахгүй байна.

            Зохигчдын хооронд байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкны төслийн зээлд хамруулах зуучлалын гэрээний үүрэг дуусгавар болсон  тул хариуцагч С.Э нь төлбөрийн үлдэгдэл болох 15.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.С-д буцаан төлөх үүрэгтэй.

            Гэрчээр оролцож буй С.Э нь С.Э-ийн Д.С-аас авсан 30.000.000 төгрөг, мөн С.Э-ийн Д.С-д төлсөн 10.000.000 төгрөг, нийт 40.000.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж  тайлбар, баталгаа гаргаж байсан нь уг мөнгийг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй бөгөөд С.Э нь Д.С-аас 30.000.000 төгрөгийг аваагүй, С.Эт холбогдох эрүүгийн хэргийн хохирогч нь С.Э тул тэрээр өөрт учирсан хохирлыг эрүүгийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй.

            Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар  хариуцагч С.Э-ээс 15.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 117.600.000 төгрөгийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Сөрөг нэхэмжлэлийн талаар:

            Хариуцагч С.Э-ийн зохигчдын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж шүүх үзлээ.

            Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч С.Э-ээр зуучлуулан Монгол Улсын Хөгжлийн банкны төслийн зээлд хамрагдахаар 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 30.000.000 төгрөгийг төслийн урьдчилгаа болгон бэлнээр, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 20.000.000 төгрөгийг бэлнээр тус тус хүлээлгэн өгчээ.

            Гэвч хариуцагч С.Э-ээс  30.000.000 төгрөгийг хүлээн авч Монгол Улсын Хөгжлийн банкны төслийн зээлд хамруулах ажлыг хариуцан ажиллаж байсан гэх С.Э нь үүргээ биелүүлээгүйгээс 50.000.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор буцаан өгөхөөр баталгаа, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор буцаан өгөхөөр тодорхойлолт гэсэн баримтуудыг нэхэмжлэгч Д.С-д бичиж өгсөн байна.

            Ингэхдээ хариуцагч С.Э нь 50.000.000 төгрөгийг  авсан сар тус бүрээр тооцож 3 хувийн хүү тооцон өгөх, гэрээ хэлцлийг дахин өөрчлөн хийхийг зөвшөөрсөн учир зохигчдын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

            Нэхэмжлэгч Д.С-аас хариуцагч С.Эт 50.000.000 төгрөгийг чацарганын үйлдвэрлэлийн ажил гүйцэтгүүлэхээр  өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хариуцагчийн тайлбар, 2016 оны 06 дүгээр сарын 05-ны өдрийн Баталгаа гаргах нь гэсэн  баримтуудаар үгүйсгэгдэж байх ба тэрээр анхнаасаа Монгол Улсын Хөгжлийн банкны төслийн зээлд хамрагдах хүсэл зоригтой байсан гэж үзэхээр байна.

            Ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлын хөлс 78.440.000 төгрөг нь 50.000.000 төгрөгийн хүүг 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд  сарын 3 хувиар тооцоход 28.400.000 төгрөг  болсныг үндсэн төлбөр 50.000.000 төгрөг дээр нэмж, нийт 78.400.000 болсонтой дүйцэж байгаа зэргээс үзэхэд 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 30.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 20.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгөөс гадна дахин ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 78.400.000 төгрөгийг хариуцагч С.Эт хүлээлгэн өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй  юм.

            2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 2 дахь хуудасны ар талын  захиалагч, ажил гүйцэтгэгч гэсэн хэсгийн доод талд  “2017.01.20, 78.440.000  хүлээн авсан С.Э” гэж  гараар бичсэн бичвэрт хариуцагч С.Э  гарын үсэг зурсан, уг гарын үсэг нь түүний гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байгаа ч тэрээр  нэхэмжлэгчтэй Баянгол дүүргийн 9 .......... дугаар байранд байрлах 740 м.кв талбайд барилгын засал чимэглэл, засварын ажлыг 78.440.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээ байгуулсныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь зүйтэй байна.

            Гэрч С.Э нь нэхэмжлэгч Д.С болон хариуцагч С.Э нараас 30.000.000 төгрөг аваагүй гэж мэдүүлсэн, мөн С.Э-ийг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Э-ээс хөгжлийн банкнаас  зээл гаргуулан өгнө хэмээн зохиомол байдлыг бий болгон хуурч 30.000.000 төгрөг авч хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа, тус хэрэгт нэхэмжлэгч Д.С нь гэрчээр мэдүүлэг өгснөөс бус хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй байх тул  уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж үзэх үндэслэлгүй.

            Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн тус хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгохыг хүссэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

            Хариуцагч С.Э нь нэхэмжлэгч Д.С, гэрч С.Э нартай уулзахдаа дуу бичлэг хийж баримтжуулсан боловч тухайн уулзалтад оролцож байгаа хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр дууны бичлэг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн учир нотлох чадвараа алдах бөгөөд шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болно.

         Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 995.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550.150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 254.950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид, 550.150 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                      

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд  тооцож, хариуцагч С.Э-ээс 15.000.000 /арван таван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 117.600.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 995.950 төгрөгийг хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550.150 төгрөгийг тус тус улсын орлогд хэвээр үлдээж, хариуцагч С.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 254.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.С-д, нэхэмжлэгч Д.С-аас улсын тэмдэгтийн хураамжид 550.150 төгрөг гаргуулж хариуцагч С.Э-т тус тус олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХБАЯР