Улсын дээд шүүхийн

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/хт2024/00139

 

 Б.Б-ийн нэхэмжлэлтэй  

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар  

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2023/01556 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 207/МА2024/00025 дугаар магадлалтай,

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

Х.Б-д холбогдох

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Х оролцсон,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг  

Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь Х.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.  

2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2023/01556 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б овогт Б-ийн Б /регистрийн дугаар: 0000/, Э овогт Х-ийн Б /регистрийн дугаар: 0000/ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2016.06.01-ний өдөр төрсөн охин Б.С, 2014.10.10-ны өдөр төрсөн хүү Б.Х нарыг эх Б.Б-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.С, хүү Б.Х нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 00 хувийн хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Х.Б-ос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 100 дугаарзүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.2, 129.6, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т заасныг тус тус баримтлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох тавилгууд зэрэг эд хөрөнгүүдийг хариуцагч Х.Б-д биет байдлаар үлдээж, дээрх хөрөнгүүдийн үнээс 7,545,000 /Долоон сая таван зуун дөчин таван мянга/ төгрөгийг хариуцагч Х.Б-ос гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Орхон аймгийн Б сумын 0 баг, 0, 00 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 36,16 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнэ 120,000,000 төгрөгөөс хүүхдүүд болон өөрт ногдох хэсэг гаргуулахыг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Б-ос хүү Б.Х-гийн 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 3,190,700 /Гурван сая нэг зуун ерэн мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгож, охин Б.С-ын эмчилгээний зардал 14,000,000 /Арван дөрвөн сая/ төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Х-гийн Орхон аймгийн Б сумын 0 баг, 0, 00 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 36,16 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны 00 хувийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Х-д даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 00 дугаарзүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг Х.Б-д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Б-т тус тус даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 280,800 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Х-гийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-ос 280,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгож шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 207/МА2024/00025 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2023/01556 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н-гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

4. Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.21-ний өдрийн 207/МА2024/00025 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатанд гомдол гаргах нь

Давж заалдах шатны шүүх Орхон аймгийн Б сумын 0 баг, 0, 00 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 36,16 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Х.Б-ын хуваарьт хөрөнгө байна. Зохигчдыг гэрлэхээс өмнө уг орон сууцыг худалдаж авсан нь нотлох баримтуудаар нотлогдож байх тул дундын өмч гэж үзэх боломжгүй гэжээ.  

Х.Б, Б.Б нар нь 2013 онд гэр бүл болж 2017 оны 01-р сар хүртэл 5 жил хамтын амьдралтай байхдаа 0 хорооллын 00 дугаар байр, 0 тоот 2 өрөө байрыг н.А гэгчид 90,000,000 төгрөгөөр худалдсанаар Х.Б-ын 0 тоот орон сууц өмчлөх эрх дуусгавар болсон.

Иргэний хуулийн 121.1, энэ хуулийн 119, 120 дугаар зүйлд заасны дагуу өмчлөх эрх шилжсэн бол бусад этгээдийн тухайд эд хөрөнгийн хувьд эдлэх аливаа эрх дуусгавар болно гэж хуульчилсан. Мөн Б.Б, Х.Б нар нь 0 тоот сууцаа зарж, улмаар Орхон аймгийн Б сумын 0 баг, 0, 00 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 36,16 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2 сар гаран судалж байж, урьдчилгаа 46,076,500 төгрөгийг төлж үлдэх 44,923,045 төгрөгийг өөр зүйлд зарцуулж байхад шүүх дундын өмч гэж үзэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Энэ нь мөн хуулийн 100 дугаар зүйлийн 126.1-д “гэрлэгчид, гэр бүлийн гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө” гэж заасныг хэрэглээгүй шийдвэрлэснийг,  

Нэхэмжлэгч Б.Б, Х.Б нарыг 00 тоот орон сууцыг худалдан авч байгаа үйлдэл нь хуульд зааснаар шинээр бий болсон эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй.

Б.Б, Х.Б нар нь 2014.08.18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн хэдий боловч 2013-2017 оныг хүртэлх хамтын амьдралтай байх хугацаандаа шинээр бий болсон хөрөнгө, Х.Б нь 0 тоот2 өрөөг 90,000,000 төгрөгөөр худалдаж, 00 тоот 2 өрөө орон сууцанд 45,076,500 төгрөгийг төлж, үлдсэн 44,923,045 төгрөгөөс Б.Б-т өгсөн бол хөгжлийн бэрхшээлтэй Б.С, Б.Х нар нь орон сууцтай байх боломжтой байсан. Гэтэл Б.Б нь 2 хүүхдийнхээ хамт орох оронгүй, айлаар амьдарч байхад шүүх ийнхүү дүгнэлт хийсэн нь шударга ёсонд нийцээгүй.

Гэрлэгчид гэдэг нь зөвхөн гэр бүл бүртгүүлснээр хязгаарлагдахгүй. Тухайн орон сууцанд амьдарсан, цаг хугацаа, хүүхдийн эрүүл мэнд, эрх ашиг, гэрлэгсдийн салах болсон шалтгаан, хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны үнэ 120,000,000 төгрөгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулахаар ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй зөв байна гэжээ.

Б.Б, Х.Б нар нь 2014.08.28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн хэдий боловч 2013-2017 оныг хүртэл хамтын амьдралтай байх хугацаанд 2014 онд Б.Х, 2016 онд Б.С нар төрж Х.Б нь 2017 оны 01-р сараас хойш эцгийн үүргээ биелүүлээгүй, насанд хүрээгүй бага насны хүүхдүүдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байхад анхан болон давж заалдах шатны аль ч шүүх дүгнэлт хийгээгүй төдийгүй 2013 оноос хамтран амьдарсан Б.Б, 2014 онд төрсөн Б.Х, 2016 онд төрсөн Б.С нар нь хэний нэр дээр байх, хэн хэдэн төгрөг төлөхөөс үл шалтгаалан эд хөрөнгийн хэмжээ насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүдэд адил байна гэж хуульчилсан байхад хуулийн заалтыг хэрэглээгүй шийдвэрлэснийг,

Мөн хуулийн 123.3-т гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноор гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсгийг тодорхойлохдоо “гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно” гэж хуульчилсан. 2024.10.10-ны өдөр төрсөн Б.Х, 2016.06.01-нд төрсөн Б.С нар нь бага насны, өөрийн орон сууцгүй, охин Б.С нь хөгжлийн бэрхшээлтэй, байнгын хүний асрамжид байдаг, эрүүл мэнд, түүний эрх ашиг хохирсон байхад хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийлгүйгээр хууль зөрчиж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Б сумын 0 баг, 0, 00 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 36,16 м.кв талбайтай, 2 өрөө байр нь Б.Б-ын хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй. Б.Б, Х.Б нар нь 2013 оны 06-р сард гэр бүл болж тухайн орон сууцанд 5 жил хамтын амьдралтай байх хугацаанд шинээр бий болсон дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй.

Мөн хуулийн 126.6-д зааснаар “гэр бүлийн хамтран өмчлөгч, дундын эд хөрөнгөнөөс гишүүдэд ногдох хэсгийг тодорхойлох талаар гаргасан маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэснийг хэрэглээгүй шийдвэрлэснийг,

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Б-ийн эзгүйд шийдвэрлэснийг,  

Давж заалдах шатны шүүх хурлын товыг оролцогч нарт зөрүүтэй мэдэгдсэнээр нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Х.Б нарыг шүүх хуралд оролцуулалгүй шийдвэрлэснийг,  

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн 2023.03.21-ний өдрийн 207/МА2024/00025 дугаартай магадлалыг хянуулахаар гомдол гаргав.” гэжээ.  

5. Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.05.30-ны өдрийн 001/ШХТ2024/00694 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

  ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 7. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Х.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Х.Б-той 2013 оны 6 сараас хамтран амьдарч, 2014.08.28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2014.10.10-ны өдөр хүү Б.Х, 2016.06.01-ний өдөр охин Б.С нар төрсөн, зан харьцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас 2017 оноос хойш тусдаа амьдарч өнөөг хүртэл хүү, охин хоёрыг асран халамжилж байна. …Бидний дундын өмч болох гэрийн тавилга, автомашин, орон сууцны нийт үнэ 161,390,000 төгрөгөөс гэр бүлийн нэг гишүүнд ногдох 40,347,000 төгрөг, 3 гишүүний өмч болох 121,042,000 төгрөг, хүүхдийн сургалт, эмчилгээний зардалд 10,190,700 төгрөг, нийт 131,233,200 төгрөгийг нэхэмжилж байна.” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч Х.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлах, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээхийг болон хуульд заасны дагуу тэтгэлэг төлөх, хүү Б.Х-гийн сургалтын төлбөрийг төлөхийг зөвшөөрч бусад шаардлагын талаар охин Б.С-ын эмчилгээний зардлыг эмчилгээнд явах үед нь буюу шаардлагатай үед төлөх, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагын хувьд тавилгын үнийг шинжээчийн дүгнэлтэд тогтоосноор төлж, автомашиныг хамтын амьдралтай байх хугацаанд худалдан борлуулсан тул төлөх үндэслэлгүй, маргаан бүхий орон сууцыг өөрийн хуваарьт хөрөнгө гэж маргажээ.  

 9. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Х нь Б.Б, Х.Б нарт холбогдуулан Орхон аймгийн Б сумын 0 баг, 0, 00 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 36,16 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг болон уг орон сууцны 00 хувийг өмчлөх эрхтэй болохыг тус тус тогтоолгох тухай шаардлага гаргаж, үндэслэлээ “... Ж.Х би эхнэр Д.Н-тэй 1984 онд гэр бүл болж амьдарсан ба 1985 онд хүү Х.Б төрсөн, энэ онд Эрдэнэт үйлдвэрээс бид нарт У багийн 0000 тоот 2 өрөө орон сууцыг өгч бид нар гэр бүлээрээ авч амьдарч байгаад эхнэр Д.Н 2009.06.04-ний өдөр нас барж уг байранд Х.Б бид хоёр амьдарч байсан. 2013.09.17-ны өдөр Х.Б өвлөх эрхийн гэрчилгээгээр уг байрыг өөрийн нэр дээр болгосон ба ах эгч нар нь отгон дүүдээ өвлүүлэхийг зөвшөөрч өөрсдөө өвөөс татгалзсанаар Х.Б уг байрны өмчлөгч болж бид хоёр хамтдаа амьдарч байсан, …зээлийг хүү бид хоёр төлөөд өнөөдрийг хүртэл энэ байрандаа амьдарч байна.” гэжээ.  

10. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн маргаан бүхий орон сууцны өмчлөгч болон 00 хувийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлагыг нэхэмжлэгч эс зөвшөөрч, хариуцагч Х.Б дэмжиж мэтгэлцжээ.

11. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн ба шийдвэрт ...гэрлэгчид тусдаа амьдарч байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа гэж дүгнэн нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Х.Б нарын гэрлэлтийг цуцлаж, хүүхдийн асрамжийн талаар зохигч маргаагүй,  эцэг, эхийн зүгээс хүүхдэд тавьж байгаа анхаарал, халамж, охин Б.С, хүү Б.Х нар одоо эхийн асрамжид байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж охин Б.С, хүү Б.Х нарыг эхийн асрамжид үлдээж, эцэг Х.Б-ор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гаргуулах шаардлагын тухайд маргаан бүхий орон сууц нь нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Х.Б нарыг гэрлэхээс өмнө бий болсон хөрөнгө тул уг орон сууцыг хариуцагчийн хуваарьт хөрөнгө гэж үзэж, дээрх орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, бусад тавилга болон автомашины хувьд 10,060,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгүүдийг хариуцагч Х.Б-д биет байдлаар үлдээж, хөрөнгүүдийн үнийг гэр бүлийн 4 гишүүнд адил тэнцүү хэмжээгээр хувааж, 1 гишүүнд 2,515,000 төгрөг ногдоно гэж үзэж хариуцагчаас гэр бүлийн 3 гишүүнд ногдох 7,545,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгож, … бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Х нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагч Д.Нийн нөхөр байсныхаа хувьд Орхон аймаг, Б сум, О, 00 дугаар байрны 0 тоот26,34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өвлөгчдийн нэг байсан боловч ...түүнийг тухайн үед өв хүлээн авахаас татгалзсан гэж бие даасан шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.   

12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “...Шүүхээс нэхэмжлэгч Б.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны үнэ 120,000,000 төгрөгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгээ гаргуулах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан Ж.Х-г Орхон аймгийн Б сумын 0 баг, 0, 00 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 36,16 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч, мөн уг орон сууцны 00 хувийг өмчлөх эрхтэй болохыг тус тус тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, зөв байна.” гэсэн дүгнэлт хийжээ.  

 13. Анхан болон давж заалдах шатын шүүх хэргийн үйл баримт, маргааны зүйлийн талаар зөрүүгүй дүгнэлт хийж, адил шийдэл гаргасан байх боловч шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хэсгийг тодорхойлохдоо хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн талаарх нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэв.  

14. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, эцэг Х.Б-ор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т нийцсэн, энэ талаарх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй байна.  

15. Харин шүүхүүд маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, маргаанд хамаарах Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 126.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүйг хяналтын шатны шүүхээс залруулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.  

16. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Х.Б нар нь 2013 оноос хамтын амьдралтай болсон байх ба энэ үед хариуцагч Х.Б өөрийн ээж Д.Н-ээс 2013.09.17-ны өдөр өв залгамжлалаар авсан Орхон аймгийн Б сум “О” баг 2-р хороолол 26-р байр 116 тоот, улсын бүртгэлийн 2101001188 дугаартай, 26.34 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцанд эцэг Ж.Х-гийн хамт амьдарч байсан, улмаар 2014.05.12-ны өдөр уг орон сууцыг бусдад 60,000,000 төгрөгөөр худалдаж, 2014.05.14-ний өдөр маргаан бүхий орон сууцыг 90,000,000 төгрөгөөр худалдан авсан, зохигч гэрлэлтээ 2014.08.28-ны өдөр бүртгүүлсэн тухай үйл баримт тогтоогдсон байна.  

17. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болно.  

Зохигч маргааны зүйл болсон Орхон аймгийн Б сумын 0 баг, 0, 00 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 36,16 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг  энэ хуульд заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэх үндэслэл болох гэрлэснээс хойш бий болсон, гэр бүлийн гишүүдийн хэн нэгний хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө байх гэсэн нөхцөл байдалд нийцэх эсэхэд маргаж, мэтгэлцжээ.

18. Хариуцагч Х.Б нь Орхон аймгийн Б сум “О” баг 2-р хороолол 26-р байр 116 тоот, 26,34 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг ээжээсээ өвлөж авсан нь тогтоогдсон, ийнхүү өвийн журмаар олж авсан эд хөрөнгө нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө мөн боловч хариуцагч нь уг орон сууцанд эхнэр Б.Б-ын хамт амьдарч байх үедээ уг орон сууцыг худалдан борлуулж, маргаан бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авчээ.  

Энэхүү нөхцөл байдал нь буюу гэрлэгчид хамтын амьдралтай байх хугацаандаа хариуцагч өөрийн хуваарьт хөрөнгийг худалдаж, шинээр өөр орон сууц худалдан авсныг Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 126.2.5-д заасан гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгийг дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлснээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болсон гэж үзэх үндэслэл болох эсэхэд  хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

19. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлэх бөгөөд гэрлэгчид нь хамтран амьдрах зорилгоор ийнхүү гэрлэлтээ бүртгүүлдэг тул Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 126.1-д заасан “хамтран амьдрах хугацаанд” гэх ойлголт нь гэр бүлийн дундын өмчлөлийг тодорхойлох шинж болдог.  

Нэхэмжлэгч Б.Б болон хариуцагч Х.Б нар нь орон сууцыг худалдан авснаас хойш 3 сарын дараа гэрлэлтээ бүртгүүлсэн нөхцөл байдал нь цаг хугацааны хувьд орон сууц худалдан авахаас өмнө хугацаанд хамаарч байгаа ч энэ нь тэд гэр бүл болох зорилгоор хамтын амьдралаа эхлүүлж, хамт амьдарч байсан болох үйл баримтыг болон уг хөрөнгийг зохигчийг гэрлэснээс хойш бий болсон гэж үзэх нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй.  

Учир нь тэд 2014.08.28-ны өдөр гэрлэлтээ хуульд заасны дагуу бүртгүүлж, 2014.10.10-ний өдөр хүү Б.Х, 2016.06.01-ний өдөр охин Б.С нар төрсөн болох үйл баримтаас үзвэл зохигчийг гэр бүл болох зорилгогүйгээр хамтран амьдарч байсан гэж үзэх  үндэслэлгүй тул 2014.05.14-ний өдөр худалдан авсан орон сууцыг гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө гэж үзнэ.  

Түүнчлэн уг маргаан бүхий орон сууцыг хариуцагч нь өөрийн ээжээс өвлөж авсан хуваарьт хөрөнгөө худалдан борлуулж олсон орлогоор худалдаж авсан нөхцөл байдал тогтоогдсон, хуваарьт хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй хэдий ч Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 126.2.5-д гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс  дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаардаг болохыг зохицуулжээ.

Дээрхээс үзэхэд хариуцагч Х.Б нь нэхэмжлэгч Б.Б-тэй гэр бүл болж хамтран амьдрах хугацаандаа шинээр орон сууц худалдан авсан явдал нь  гэр бүлийн хамтын амьдралын зорилгоор өмчлөх хүсэл зоригтой гэж үзэх бөгөөд дундын өмчийн эрх хууль ёсоор гэр бүл болохоос 3 сарын өмнө үүссэн боловч гэр бүл болсноосоо хойш үр хүүхдийн хамт эзэмшиж, амьдарч байсан үйл баримт тогтоогдож байх тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 126.2.5-д заасны дагуу шилжин ирсэн дундын эд хөрөнгө гэж үзнэ.

Иймээс нэхэмжлэгч Б.Б нь уг Орхон аймгийн Б сумын 0 баг, 0, 00 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 36,16 м.кв талбайтай, 2 өрөө, улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэж 2 хүүхэд болон өөрт ногдох хэсгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д заасныг зөрчөөгүй байна.  

20. Харин уг маргаан бүхий орон сууцанд нэхэмжлэгч, хариуцагч тэдний хүүхдүүдээс гадна хариуцагчийн төрсөн эцэг Ж.Х хамт амьдарч байсан тул түүнийг гэр бүлийн гишүүн гэж үзэж, орон сууцны үнээс ногдох хэсгийг тооцох нь зүйтэй.  

Орон сууцны зах зээлийн үнийг хэрэгт авагдсан “Т” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 144,870,074 төгрөгөөр тогтоосон боловч нэхэмжлэгч 120,000,000 төгрөгөөр үнэлж шаардлагаа тодорхойлсон тул энэ хэмжээгээр орон сууцны үнийг тогтоов.  

Мөн маргаан бүхий орон сууцыг худалдан авахад хариуцагч болон гуравдагч этгээд Ж.Х нар нь 2014.05.22-ны өдөр Хас банкнаас 45,000,000 төгрөгийн зээл авсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул энэхүү үүргийг гэр бүлийн гишүүдэд хариуцуулж, дундын хөрөнгө болох орон сууцны үнээс хасч, үлдэх хэсгийг гэр бүлийн 5 гишүүнд адил хуваарилах нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т нийцнэ.  

Тодруулбал орон сууцны нийт үнэ 120,000,000 төгрөг, үүнээс зээл 45,000,000 төгрөгийг хасаад үлдэх 74,000,000 төгрөгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцогдох үнийн дүн гэж үзэж, нэхэмжлэгч, хариуцагч, тэдний 2 хүүхэд, хариуцагчийн эцэг Ж.Х-гийн хамт 5 гишүүнд хуваахад нэг хүнд ногдох хэмжээ 14,900,000 /74,000,000:5/ төгрөг болох тул нэхэмжлэгч Б.Б- болон хүү Б.Х, охин Б.С нарт ногдох хэсэг нийт 44,700,000 /14,900,000х3/ төгрөг болж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дундын өмч болох орон сууцыг хариуцагчийн өмчлөлд үлдээх нь зүйтэй тул нэхэмжлэгч болон түүний хүүхдүүдэд ногдох 44,700,000 төгрөгийг  хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.  

21. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх бусад хөрөнгийн хувьд хоёр шатны шүүх “Халиун капитал” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг тодорхойлж хуваарилсанд болон Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасанд үндэслэн гаргасан хүү Б.Х-гийн сургалтын төлбөрөөс эцэгт ногдох хэсгийг гаргуулж, охин Б.С-ын эмчилгээний зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар зохигч гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.  

Иймд дээрх орон сууцны ногдох хэсэг 44,700,000 төгрөг дээр 16 нэр төрлийн тавилга болон тээврийн хэрэгслийн үнээс ногдох хэсэг 7,545,000 төгрөгийг нэмж, нийт 52,245,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

22. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Орхон  аймгийн  Иргэний  хэргийн  давж  заалдах  шатны  шүүхийн   2024 оны   03 дугаар   сарын  21-ний  өдрийн  207/МА2024/00025  дугаар  магадлалын  тогтоох  хэсгийн 1 дэх  заалт,  Орхон  аймаг дахь  сум  дундын  иргэний  хэргийн  анхан  шатны  шүүхийн 2023 оны  12 дугаар  сарын  06-ны  өдрийн   142/ШШ2023/01556   дугаар   шийдвэрийн тогтоох   хэсгийн   4 дэх  заалтыг   “Иргэний  хуулийн  100 дугаар зүйлийн  126.1, 129 дүгээр  зүйлийн   129.1.1,  130  дугаар  зүйлийн  130.1,  130.3-т  зааснаар  Орхон аймгийн  Б сумын 0 баг, У 0 байр, 00 тоотод  байршилтай, орон  сууцны  зориулалттай 36,16 м.кв  талбайтай,  2 өрөө,  улсын бүртгэлийн  Ү-0000  дугаарт  бүртгэлтэй  үл   хөдлөх эд   хөрөнгө, 16 нэр төрлийн  тавилгыг тус тус хариуцагч Х.Б-ын өмчлөлд үлдээж, хариуцагчаас нийт 52,245,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-т олгож, энэ шаардлагаас үлдэх 68,797,000 төгрөгийг хэрэгсэхгүй  болгосугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч Б.Б болон түүний өмгөөлөгч С.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н-гаас 2024.04.29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД  

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Г.АЛТАНЧИМЭГ

             ШҮҮГЧИД                                                                  Н.БАТЗОРИГ

                                                                                                   Н.БАТЧИМЭГ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА