Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 987

 

2020             8              6                                           2020/ДШМ/987                              

 

     Д.От холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганзориг,

шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/2150 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Д.От холбогдох эрүүгийн 1906048701170 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

             

 

          Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн;

 

          Д.О нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу кузов засварын газрын цонхоор нэвтэрч, гагнуурын аппарат, дрилл, компроссер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, нийт 315,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “... албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус хуульчилсан. Шүүгдэгч Д.О нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 2 жилийн хугацаагаар тэнсэж хяналт тогтоосон хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татагдсан байна. Дээрх шүүгдэгчийг ял оногдуулахаас чөлөөлсөн нөхцөл байдал нь тухайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн прокурорын тогтоол гарахад хүчин төгөлдөр болсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй байх тул шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.От холбогдох эрүүгийн 1906048701170 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан заалтыг хангаагүй яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүх буцаахдаа зөвхөн мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан хангалтгүй гэж үзсэн. ... Д.От холбогдох хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д заасныг бүхэлд нь зөрчиж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Үүнээс хойш шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдаагүй. ... Д.Оыг 2019 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт кузов засварын газрын цонхоор нэвтэрч, гагнуурын аппарат, дрилл, компроссер зэрэг эд зүйлсийг хулгайлж, нийт 315.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож байгаа боловч Д.Оыг энэ гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, түүний үйлдлийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх ажиллагааг тал бүрээс нь бүрэн бодитой гүйцэтгэж, хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ мөрдөгч нар зохих ёсоор биелүүлээгүй, тэдгээрийн үйл ажиллагаанд тавих прокурорын хяналт хангалтгүй байсантай шууд холбоотой гэж үзэж байна. 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоолд 2019 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө гэж тогтоогдсон боловч 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд ямар нэг хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүй. Тухайн өдөр анх удаа Д.Оыг яллагдагчаар татсанаар эхэлсэн байдаг. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэлээс авахуулаад хэргийн газар үзлэг хийсэн бүх тэмдэглэл засвартай. Хэрэг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр, 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн аль үед үйлдэгдсэн гэдгийг нотлох баримтууд бүгд засвартай. Хэргийн газрын үзлэгт оролцсон шинжээчийн фото зургаар бэхжүүлсэн баримт дээр 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг гэж бичигдсэн байдаг. Гэтэл хэргийн газрын үзлэгт хавсаргасан зураг, баримт хоёр 1 хоногийн зөрүүтэй. Хэргийн газрын үзлэгийн явцад алга болсон, үрэгдэж үгүй болсон гэдэг зүйлүүдийн эзэн хэн болох, ямар хүн хохирогч болох, мөн улсын яллагч яллагдагчийг авто засварын газрыг эвдэн орохдоо цонхоор орсон гэж дүгнэсэн байхад хэргийн газрын үзлэгээр хаалганы цоож эвдэж орсон гэж зөрүүтэй дүгнэсэн. Гэтэл хэргийн газрын үзлэгт оролцсон криминалистикийн шинжээч 18 зургийг бэхжүүлж авсан гэдэг ч 2 зураг байдаг. Хаалганы цоож эвдсэн гэх зураг байхгүй. Гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүтэй. Мөн засварын газрыг түрээсэлж байгаа эмэгтэй О.Ч, Д.О нар хамтран амьдрагч бөгөөд 2019 оны 7 дугаар сараас эхлээд 2020 оны 2 дугаар сар хүртэл хамт амьдарч байсан. О.Ч, Д.О нарын хамтран амьдрагч мөн эсэх, хоорондын харилцаа холбоог тогтоох арга хэмжээ аваагүй. О.Ч эхэлж “би хамтран амьдрагч” гэж мэдүүлж байсан бол дараагийн мэдүүлэгтээ “хамтран амьдрагч биш” гэж мэдүүлсэн. Шүүх О.Чын мэдүүлэгт үндэслэж Д.Оыг буруутгасан. Гэтэл уг мэдүүлэг үндэслэлтэй эсэхийг огт шалгаагүй. Ийнхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүд хавтас хэрэгт авагдсан байгаа. Засварын газраас компрессор, гагнуурын аппарат, өнгөлгөөний дрилл алдагдсан эсэх, гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгийн зөрүүтэй шалтгааныг тогтоогоогүйгээс гадна прокурор яллагдагчийг орон байранд цонхоор нэвтэрч орсон тухай баримтаар нотлогдоогүй байхад яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд оруулсан зэрэг нь хэт нэг талыг баримтлан мөрдөж, яллах чиг үүрэгтэй байсан гэж үзэхээр байна. Гэтэл шүүх хэргийг прокурорт буцаахдаа зөвхөн Д.Оын 2020 оны 3 дугаар сард Төв аймгийн шүүхээс оногдуулсан тэнсэж хянан харгалзсан ялтай холбогдсон шийдвэрийг үндэслэсэн. Гэтэл хэргийн бодит байдал тухайн үед хэрэг хэлэлцэх үед дутуу ажиллагаа их байсан, эдгээр ажиллагаануудыг бүрэн хийх шаардлагатай байх тул шүүгчийн захирамжид эдгээрийг оруулж өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2150 дугаартай захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Д.О нь урьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж 2 жилийн тэнсэн харгалзах ял авсан байсан. Уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тул тухайн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх нь зүйтэй  гэж хэргийг прокурорт буцаасан. Өмгөөлөгчийн ярьж байгаа асуудлын тухайд хэргийг мөрдөн байцаалтад буцаасан учир энэ талаар анхаарч нотлох баримт цуглуулах ажиллагаа хийх боломжтой гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.От холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн материалыг судлахад, Д.От холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Оыг 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу кузов засварын газрын цонхоор нэвтэрч, гагнуурын аппарат, дрилл, компроссер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, нийт 315,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Оыг өмнө нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 2 жилийн хугацаагаар тэнсэж хяналт тогтоосон хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татагдсан байх тул мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуульд зааснаар яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тодруулах шаардлагатай гэж үзээд хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн, яллах дүгнэлтэд хэн, хэрхэн яаж, хэнд ямар хохирол учруулсныг тодорхой зааж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтын агуулгад нийцнэ.

 

Хэргийн газрын үзлэгийн зураг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр авагдсан байхад үзлэгийн тэмдэглэл нэг өдрийн дараа буюу 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр бичигдсэн, хохирогч О.Чын “... нэг сар орчмын дараа надтай хамт амьдарч байсан О гэдэг залуу манай засварын газраас алдагдсан багажийг авсан талаар хэлсэн. Тэгээд Оаас асуухад “эгчийнх нь гэрт байгаа” талаар хэлсэн, компрессорыг авчирч өгсөн, гагнуурын аппарат өөрт нь байгаа талаар хэлсэн, харин өнгөлгөөний  дриллийг авсан талаар хэлээгүй, ...” гэсэн, гэрч Л.Оын “... өглөө босч ирээд засварын газар луу орох гэхэд хаалганых нь цоожийг сольчихсон байхаар нь цоожийг хөшиж онгойлгоод дотор нь байсан гагнуурын аппарат, компрессор хоёрыг аваад машиндаа ачаад явсан. ...” гэсэн тус тус мэдүүлгүүдээс үзэхэд хохирогч О.Чыг шүүгдэгч Д.Отай ямар харилцаатай болохыг, мөн шүүгдэгчид гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байсан эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзэв.

 

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2150 дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2150 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                 Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                 Б.БАТЗОРИГ