Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 18

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Цэнд-Аюуш

     Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан,

     Хохирогч Ж.Ганчимэг,

     Шүүгдэгч Б.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Буурал овогт Банзрагчийн Наранбаатарт холбогдох 201718010028 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр  сарын 03-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 0000 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ  аймаг, Сайхан сумын 2 дугаар баг 17-18 тоотод  оршин суух, урьд ял шийтгэгдэж байсан  

-1997 онд Дорноговь аймгийн шүүхээр эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

-2004 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн шүүхийн 54 тоот шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 04 дүгэ-67091311/.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Наранбаатар 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 17 дугаар байрны 18 тоотод оршин суух иргэн Б.Наранбаатар нь согтуугаар хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Ж.Г-й маргалдаж улмаар данхны тагаар нүүрэн тус газар нь нэг удаа цохин догшин авирлаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/                                                                                                                   

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Ж.Ганчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр манай гэрт манай нөхөр Наранбаатарын ах дүү нар ирээд бид хэдтэй золгосон юмаа. Тэгээд орой нь нөхөр бид 2 манай найзыхаар ороод 3 хундага архи уучихаад гэртээ орсон. Гэртээ ороод удаагүй байж байтал манай бага хүү Тэлмэн гаднаас согтуу орж ирсэн. Тэгсэн чинь манай нөхөр над руу чиний хүүхэд яахаараа согтуу орж ирдэг юм бэ? Гээд над руу орилоод байсан. Тэгэхээр нь би хүүхдээ өмөөрөөд жоохон маргалдсан. Тэгээд намайг гэнэт данхны тагаар нүүр рүү тас хийтэл цохиод авсан. Миний духнаас хамар хүртэл ярагдсан байдалтай цус асгараад байсан. Би шууд гэрээсээ гараад эмнэлэг рүү гүйгээд оёдол тавиулчихаад цагдаа дуудсан.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

 2. Хохирогч Ж.Ганчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Манайд шинийн 3-ний өдөр хамаатны хүмүүс ирээд бид нар гэр бүлээрээ жаахан уусан. Дараа нь нэгнийхээрээ хэсээд явж байхад Наранбаатар нэлээн согтсон байхаар нь би гэртээ авчраад унтуулсан юм. Тэгээд байж байтал манай хүү Тэлмэн согтуу орж ирсэн юм.  Наранбаатар чиний хүүхэд яахаараа архи уудаг юм бэ? гээд уурлаад байхаар нь би чамд хамаагүй, чи битгий хүүхдэд юм хэлж бай, өөрийнхөө хүүхдийг би өөрөө мэдээд хүмүүжүүлнэ гэж хэлээд байж байтал гэнэт л нүүр халуун оргиод толгой эргээд явчихсан. Би данхны тагаар цохино гэж бодоогүй байж байтал гэнэт цохисон гэв.

3. Шүүгдэгч Б.Наранбаатар мөрдөн байцаалтанд сэжигтнээр мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байсан чинь манай ах дүү нар ирж золгосон юмаа. Тэгээд нэлээн орой болсон байсан. Манай ах дүү нарч явцгаасан. Би эхнэр Ганчимэгтэйгээ гарч нэг айлд орсон. Тэндээ нэг шил архи уучихаад бид 2 гэртээ харьсан. Би гэртээ ороод унтаад өгсөн байна лээ. Манай дагавар хүүхэд Тэлмэн гаднаас согтуу ороод ирсэн юм аа. Би Тэлмэн рүү яагаад архи уусан юм бэ? Гээд уурласан чинь манай эхнэр хүүгээ өмөөрөөд над руу орилоод байсан. Би ус авах гээд данхтай саваа барьчихсан явж байсан юм. Тэгээд эхнэртэйгээ хэрэлдээд данхтай савны тагаар нь эхнэрийнхээ нүүр рүү нь цохьсон юм. Би цааш нь юу болсоныг санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,                                  

4. Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн № 273 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

- Ж.Ганчимэгийн биед нүүрний шарх, тархи доргилтын гэмтэл тогтоогдлоо.  

- Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  

- Дээрх гэмтэл нь ГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.  

- Ж.Ганчимэгт илэрсэн шархны сорви нь өөрийн ердийн явцаар арилахгүй болно...гэсэн дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/,

5. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/,

6. Хохирогч Ж.Ганчимэгийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт зэрэг болно.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасгаас Б.Наранбаатарыг согтуугаар хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Ж.Ганчимэгтэй маргалдаж улмаар данхны тагаар нүүрэн тус газар нь нэг удаа цохин догшин авирлаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-т зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор батлаж шүүхэд шилжүүлжээ.  

Шүүх хэрэгт бүртгэлийн шатанд хэрэгт цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбар зэргээс дүгнэхэд шүүгдэгч Б.Наранбаатар нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ж.Ганчимэгтэй “дагавар хүү Г.Тэлмэнг гаднаас согтуу орж ирлээ, архи уулаа” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар данхны тагаар нүүрэн тус газар нь цохиж, духны дунд хэсгээс хамрын нуруу хүртэл босоо байрлалтай зүсэж, шарх үүсгэсэн, тархи доргилтын гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн  2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 273 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогч Ж.Ганчимэгийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Наранбаатарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Наранбаатарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлийн гэмт хэргийн шинжгүй байна. 

Иймд Шүүгдэгч Б.Наранбаатарыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Наранбаатар нь урьд хоёр удаагийн ял шийтгэлтэй бөгөөд хамгийн сүүлд 2004 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн шүүхийн 54 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т зааснаар 7 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1 жил 1 сар 7 хоногийн өмнө тэнсэн суллагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.4-т зааснаар ...ялаас хугацааны өмнө суллагдсан этгээдийн ялгүй болох хугацааг үндсэн ба нэмэгдэл ял  эдлэхээс чөлөөлөгдсөн үеэс тоолно...,  78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснар хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцогдоно...гэж тус тус зааснаас үзвэл шүүгдэгч Б.Наранбаатар нь үндсэн ял эдлэхээс чөлөөлөгдсөн үе  буюу 2008 оны 06 дугаар сарын 04-ны өдрөөс хойш 8 жилийн хугацааг тооцоход 2016 оны 06 дугаар сарын 04-ны өдөр ялгүй болсон байна.

Иймд Б.Наранбаатар нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр бусдын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Ганчимэг гаргасан хүсэлтдээ: ...Ж.Ганчимэг би нөхөр болох Б.Наранбаатарт ямар нэгэн гомдол, санал байхгүй. Бид хоёр одоо хамт амьдарч байгаа. Цаашдаа хамт амьдарна. Иймд Б.Наранбаатарт холбогдох хэргийг хэрсэхгүй болгож өгнө үү. Бид сайн дураараа эвлэрсэн... гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, шүүгдэгчийн зүгээс хохирогчид ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар шүүгдэгч нь хохирогчтой сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр шүүгдэгч Б.Наранбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн данхны тагийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Наранбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Ж.Ганчимэг нь шүүгдэгч Б.Наранбаатараас нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Наранбаатарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.    

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298-т заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Буурал овогт Банзрагчийн Наранбаатарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-т зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Буурал овогт Банзрагчийн Наранбаатарыг бусдан бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар Б.Наранбаатарын бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар Б.Наранбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4.Шүүгдэгч Б.Наранбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Ж.Ганчимэг нь Б.Наранбаатараас нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн данхны тагийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Шүүгдэгч Б.Наранбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэжлүүлсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Наранбаатарт авсан батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ДЭЛГЭРСАЙХАН