Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 111/ШШ2021/0031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар *******ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргад холбогдох Баянхонгор аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2021 оны 8 сарын 11-ний өдрийн *******ийг ажлаас чөлөөлөх тухай ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Б. Жамбалдоржийг ажлаас чөлөөлөх тухай ******* дугаар тушаалыг 2021 оны 8 дугаар сарын 11-нд гардаж аваад аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гомдол гаргасан боловч хариу ирүүлээгүй тул захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Миний бие 1997 онд тус газрыг Боловсрол, соёлын төв нэртэй байхад математикийн сургалт, статистик мэдээ хариуцсан арга зүйчээр ажиллаж эхэлснээс хойш ажлаас чөлөөлөгдөх хүртэл тасралтгүй 24 жил ажилласан.

Би УБДС-ийг 1981 онд төгсөөд Баянхонгор аймгийн Баянбулаг, Гурванбулаг, Хүрээмарал сумын 8 жилийн дунд сургуулиудад хичээлийн эрхлэгч, Баянбулаг сумын сургуульд багш, захирал, аймгийн Өсвөрийн зохион бүтээгч авьяастны сургууль-д багшаар ажиллаж байгаад Баянхонгор аймгийн Боловсрол, соёлын төвийн захирлын 1997 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаартай тушаалаар арга зүйч-ээр томилогдон ажилласан.

2001 оноос тус газрын орлогч дарга болон одоогийн албан тушаал болох хэлтсийн дарга, математик физикийн боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн.

Орон нутагтаа боловсролыг хөгжүүлэх бодлого тодорхойлох, боловсролын чанар үр дүнг дээшлүүлэх, багш нарыг хөгжүүлэх олон ажлуудыг санаачлан хийж байсан, ажиллах хугацаандаа ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй.

Боловсролын тэргүүний ажилтан болон алтан гадас одонгоор тус тус шагнагдсан.

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д заасан Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. гэсний дагуу би 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ бичгээр гаргасан.

Миний хүсэлтийг хүлээн авч, төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. гэж заасны дагуу тус газрын дарга 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар тушаалаар намайг 65 нас хүртэл үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан болно.

Мөн Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй гэж хуульчилсан байна.

Гэтэл намайг *******ийг ажлаас чөлөөлөх тухай 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар тушаалаар тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Энхтөр ажлаас чөлөөлсөн.

Ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь заалт, өөрийн хүсэлтийг үндэслэн тушаал гаргасан гэсэн байна.

Миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн дээрх тушаалыг дараах үндэслэлээр няцааж байна. Үүнд:

1. Хуулийг буруу хэрэглэсэн. Тухайлбал би Төрийн захиргааны албан тушаалтан байхад Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэсэн байна. Төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байхад Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дах тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх заалтыг барьсан.

2. Миний бие Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт хандаж ажлаас чөлөөлөх өргөдөл гаргаагүй байхад миний хүсэлтийг үндэслэсэн мэтээр дурьдаж тушаал гаргасан байна.

Иймд хуулийг буруу хэрэглэн миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчин хууль бус шийдвэр гаргасан Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн *******ийг ажлаас чөлөөлөх тухай ******* дугаар тушаалыг хүчингүй болгохыг даалгаж, Бавуу овогтой Жамбалдорж намайг Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын сургалт арга зүйн хэлтсийн дарга, математик, физикийн боловсрол хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилж, миний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Боловсрол, соёл урлагийн газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга, математик, физикийн боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан ******* нь 2019 онд тэтгэвэрт гарах нөхцөл бүрдсэн хэдий ч Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна. гэж заасны дагуу өргөдөл гаргаж 65 нас хүртэл нь ажиллуулах тушаал гарсан.

Гэтэл ******* нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст хувийн өргөдөл гаргахдаа тэтгэвэрт гарах нас хэтэрч хуулийн дагуу 65 нас хүртлээ ажиллах эрх үүсгэсэн боловч цаашид энэ насанд хүртлээ ажиллах бололцоогүй юм байна гэж үзэж 2021 оны 8 дугаар сард тэтгэвэртээ гарах хүсэлтэй байна. Иймд энэ хугацаанд тэтгэмж олгох бололцоо бүрдүүлж өгөхийг хүсч өргөдөл гаргав. гэснийг аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга ******* 2020 оны 12 дугаар сарын 24-нд Боловсрол, соёл урлагийн газарт Тэтгэмж олгох боломжийг судалж олгох гэж үүрэг өгсний дагуу Боловсрол шинжлэх ухааны яаманд хүсэлт хүргүүлж, *******ийн тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламж болох 32,939,571 төгрөг-ийг ажлаас чөлөөлөгдөж өндөр настны тэтгэвэр тогтоолгосны дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр олгосон.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 163 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам-ын 3.1.1-т Хөдөлмөрийн дэвтэрт тэтгэвэр тогтоолгох иргэний овог, нэр, төрсөн он, сар, өдөр, ажилд авсан, ажлаас чөлөөлсөн он, сар, өдөр, тушаал шийдвэрийн дугаарын бичилт, баталгаажилт нь тухайн үед мөрдөж байсан журам, зааврын дагуу зөв бичигдсэн эсэхийг нягтлан шалгана. Хэрэв буруу зөрүү бичигдсэн, бичилт нь засвартай болон хөдөлмөрийн дэвтрийг шинээр хуулбарлан бичүүлсэн байвал архивын сан хөмрөгөөс гаргуулсан тушаал, шийдвэрийн лавлагааг хавсаргана. гэж заасан байдаг.

Үүний дагуу аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэвэрт тогтоолгох насанд хүрч хүсэлт гаргасан иргэнээс ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлсөн шийдвэрийн хуулбарыг шаарддаг бөгөөд ******* нь Боловсрол соёл урлагийн газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар тушаалыг тус хэлтэст холбогдох материалын хамт бүрдүүлэн өгч, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өндөр настны тэтгэврийг тогтоолгосон байдаг.

Ингэснээрээ *******той холбоотой хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болсон тул хөдөлмөрлөх эрхийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй харин ч төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг нь хангаж, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олох журам-ын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгож, эрхийг хангасан.

Тус журмын 2.2-т Энэ журмын 1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид 2.1-д зааснаар тогтоосон үндсэн цалингийн дунджийг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна, 5.3-т Төрийн албан хаагч ажил олгогчид өргөдлөө гаргаж, төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа түүнд энэ журамд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан хүн төрийн байгууллагад дахин ажиллаж байгаа тохиолдолд түүнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй гэж тус тус зохицуулсан.

Энэ нь Төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгож, өндөр насны тэтгэвэрт гарсан хүн төрийн байгууллагад дахин ажиллаж байгаа тохиолдолд түүнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй гэсэн нь төрийн албанд дахин томилогдож ажиллавал нэг удаагийн буцалтгүй тусламжийг буцаан төлүүлэхээр ойлгогдож байна.

Мөн тус журмын 1.1-т Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө гэж заасан бөгөөд төрийн албаны тухай хуулийн 46.2.2-т тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, 46.2.3. Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн хүрсэн тохиолдолд л нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно гэж зохицуулсан.

Иймд ажил олгогчийн зүгээс ажилтны эрхийг зөрчсөн асуудал байхгүй харин ч эрх зүйн байдлыг дээрдүүлэн төрөөс олгох ёстой буцалтгүй тусламжийг олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд анх Баянхонгор аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн *******ийг ажлаас чөлөөлөх тухай ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхшаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргад холбогдуулан гаргасан байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Баянхонгор аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2021 оны 8 сарын 11-ний өдрийн *******ийг ажлаас чөлөөлөх тухай ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж тодруулсан болно.

Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ханджээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-тДээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана. гэж заасны дагуу гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор хянан шийдвэрлэх байсан боловч хугацаандаа шийдвэрлээгүй, улмаар энэ хугацаа өнгөрснөөс хойш 1 хоногийн дараа 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд хандсан байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүх захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Баянхонгор аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн *******ийг ажлаас чөлөөлөх тухай ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлыг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч *******ийг Баянхонгор аймгийн Боловсрол соёлын төвийн захирлын 1997 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Ажилд авах тухай 22 дугаар тушаалаар ахлах арга зүйчээр ажиллуулахаар томилжээ.

Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хууль 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн ба уг хуулиар өөрт олгогдсон боломжоо ашиглан, Баянхонгор аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргад хандан төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргасан байна. Улмаар Баянхонгор аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн *******ийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай 06 дугаар тушаалаар 65 нас хүртэл нь үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Харин Баянхонгор аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Энхтөрийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн *******ийг ажлаас чөлөөлөх тухай ******* дугаар тушаалаар тус газрын сургалт арга зүйн хэлтсийн дарга, математик, физикийн боловсрол хариуцсан мэргэжилтний албан тушаалаас өндөр насны тэтгэвэрт гарах болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлснийг шүүх хууль бус гэж дүгнэв.

Маргаан бүхий захиргааны актад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, өөрийн хүсэлтийг тус тус үндэслэсэн гэжээ. Төрийн захиргааны албан хаагчийн хөдөлмөрлөхтэй холбоотой харилцааг Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан бөгөөд түүнийг чөлөөлөхөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хөдөлмөрийн тухай хуулиудыг баримтлах шаардлагагүй юм.

Тухайн тохиолдолд нэхэмжлэгч төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ Боловсрол, соёл урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Энхтөрд хандан гаргаагүй атал өөрт хаяглагдаагүй этгээдээс ирүүлсэн хүсэлтийн үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж төрийн албанаас чөлөөлсөн, хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна. гэснийг хэрэгжүүлээгүй зэрэг нь хууль бус, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Төрийн албанд ...хууль дээдлэх зарчмыг...баримтална., Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д ...шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд тус тус нийцээгүй байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй. гэж заасан. Албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн нь дээрх байдлаар тогтоогдож байх тул түүний ажилгүй байсан буюу 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 20-ны /Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон/ өдөр хүртэлх хугацааны 460.959 /Дөрвөн зуун жаран мянга есөн зуун тавин есөн/ төгрөгийг хохирол гэж үзэн, Баянхонгор аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас гаргуулж шийдвэрлэлээ.

Хоёр. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно. гэж заасан. Нэхэмжлэгч ******* 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тэтгэврээ тогтоолгож, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгож эхлэхээр шийдвэрлэсэн болох нь Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас-аар нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:, 46.2.2-т тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн; гэж заасан. Төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нь хууль зүйн шинэ факт бөгөөд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй, Ниймгийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө. гэж заасны дагуу Баянхонгор аймгийн Боловсрол, соёл урлагийн газар нэхэмжлэгч *******ийн 2021 оны 8 дугаар сард ажилласан 2 хоногт нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл ногдуулан төлсөн болох нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаагаар тогтоогдож байх тул нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 100 дугаар зүйлийн 100.1, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 46.2.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Энхтөрийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол 460.959 /Дөрвөн зуун жаран мянга есөн зуун тавин есөн/ төгрөгийг Баянхонгор аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас гаргуулан *******ид олгуулж, үлдэх ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН