Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2021/00848

 

 

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2021/00848

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Ж-ын

Хариуцагч: Ц.Х-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 155/2021/00764 дугаар индекстэй иргэний хэргийг 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгч Т.Ж хариуцагч Ц.Х нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Х бид хоёрыг эцэг, эхчүүд маань танилцуулж, 2007 оноос үерхэж байгаад гэрлэлтээ батлуулсан. 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүү Х.Х төрж, 3 жил хамт амьдарсан. Хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2012 онд тусдаа амьдраад 10 жил болж байна. Одоо бид хоёр тус тусдаа хамтран амьдрагчтай болж, хүүхэд төрүүлсэн тул эвлэрч цаашид хамт амьдрах боломжгүй.

Иймд Ц.Х-ас гэрлэлтээ цуцлуулна. Хүү Х.Х-ыг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлгийг хуулинд зааснаар Ц.Х-ас гаргуулж, тэжээн тэтгүүлнэ. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хариуцагч Ц.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ж, бид хоёр 2007 онд танилцан үерхэж байгаад гэр бүлээ батлуулсан. 2009 онд хүү Х.Х төрж, 3 жил хамт амьдарсан. Бид хамт амьдраад болж бүтэж байсан ч Т.Ж чамтай амьдрахгүй гээд 2012 онд салж яваад 10 жил болж байна. Хүү Х.Х 1 дүгээр ангид сурч байхдаа надтай хамт амьдарч байгаад ээжийнхээ ах дээр очсон. Би хүүтэйгээ уулздаг. Одоо Т.Ж бид хоёр тусдаа өөр амьдрал зохиож, би хоёр хүүхэдтэй болсон тул цаашид эвлэрч, хамт амьдрах боломжгүй.

Иймд гэрлэлт цуцлуулжхүү Х.Х-ыг ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг хуульд зааснаар төлнө. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Ж нь хариуцагч Ц.Х  холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14, 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид болох Т.Ж, Ц.Х нар 2012 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, хамтран амьдрагчтай болсон, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Т.Ж, Ц.Х нар 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Монгол улсын иргэн, Эрэгтэй: РД: , нөхрийн овог: Боржигон, эцэг /эх/-ийн нэр: Ц, нэр: Х, Монгол улсын иргэн, РД: рм, эхнэрийн овог: Хөхнуур, эцэг /эх/-ийн нэр: Т, нэр: Ж, анхны гэрлэлт, нарын 200оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Түнэл сумын 0030 дугаарт 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх бичилттэй №115/004006 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

тэдний дундаас хүү Х.Х 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтаны бүртгэсэн РД: рм, Боржигон овогт Х-ын Х, эрэгтэй, 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Түнэл сумын төрөх газар төрснийг Түнэл сумын төрсний бүртгэлд 2009 оны 5 дугаар сарын 04-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй №0265228 №31 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай их эмч И.Ө-ын Түнэл сумын 6 дугаар багийн харьяат Х.Х нь 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Түнэл сумын төрөх тасагт хэвийн төрсөн /рм09242811/ одоо эрүүл бойжиж байгаа гэх бичилттэй тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 6 дугаар багийн иргэн Х.Х  тус сургуулийн 6 дугаар ангид суралцаж байгаа нь үнэн гэх бичилттэй 174 тоот албан бичиг, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон, хүүхдийн санал, амьдарч дассан орчин нөхцөл, эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал зэргийг харгалзан 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Х.Х-ыг төрүүлсэн эх Т.Ж-ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Ц.Х-ас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Хүү Х.Х төрүүлсэн эх Т.Ж-ын асрамжид үлдэж байгаа нь эцэг Ц.Х-ын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл хүү Х.Х-тай эцэг Ц.Х хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдаж байна.

Иймд Т.Ж, Ц.Х нарын гэрлэлтийг цуцалж, хүү Х.Х-ыг төрсөн эх Т.Ж-ын асрамжид үлдээж, хариуцагч Ц.Х-с хүү Х.Х-т сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Х.Х 12 нас 03 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 213.800 төгрөгийг хүү Х.Х-т сар бүр эцэг Ц.Х төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Х.Ха-т сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.565.600 төгрөг болж байна.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Т.Ж-ын эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгнэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлэг 2.565.600 төгрөгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 56.000 төгрөг, бүгд 126.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Х-с улсын тэмдэгтийн хураамж бүгд 126.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хөхнуур овогт Т.Ж, Боржигон овогт Ц.Х нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Х.Х-ыг эх Т.Ж-ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Х.Х-рыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Ц.Х-с гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Т.Ж-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Х-аас улсын тэмдэгтийн хураамж 126.200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Т.Ж-д олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Ц.Х-т, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Т.Ж нарт тус тус даалгасугай.

 

6. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА