| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0125/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/125 |
| Огноо | 2024-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/125
2024/ШЦТ/125
| / |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн
Шүүгдэгч: Б.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Бын Нд холбогдох 2412000000093 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Ө сумын Б багийн Ц гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ш овогт Бын Н /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цагийн орчимд А аймгийн Ө сумын Б багийн Д гэх газар хохирогч С.Мыг би малаа авмаар байна, чи яах гээд байгаа юм, миний үхрүүдийг үлдээ гэж хэлсний улмаас маргалдаж хохирогч С.Мын толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисны улмаас түүний эрүүл мэндэд тархи доргилт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2412000000093 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Мын мэдүүлсэн: “...Тэгээд Н мотоцикльтой над дээр давхиж ирээд намайг заамдаж аваад толгой руу 2-3 удаа цохиж авсан ба би Нээс зугтаж гүйсэн бөгөөд араас гүйж ирээд миний хөл, гуя, цавь руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэр үед цуг байсан О гэх залуу Нийг барьж аваад боль гэж хэлээд тавьтал дахиж намайг барьж аваад газарт хавсарч унагаад толгой руу гараа атгаж байгаад 2-3 удаа цохиж аваад миний цээжин дээр өвдөглөсөн. Тэр үед О гүйж ирээд дахиад Нийг салгаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-09 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Мын мэдүүлсэн: “...Надад гомдол байхгүй. Би энэ хэргээс болж аймгийн төв рүү 2 удаа ирсэн зардал болох 200.000 төгрөгийг нэхэмжилнэ. Гэхдээ надад ямар нэгэн баримт байхгүй. Надад сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох шаардлага байхгүй. Сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй гэж үзэж байна. Гэхдээ намайг зодсон үйлдэлд нь гомдож байна. Би ямар нэгэн тусламж үйлчилгээ аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оын мэдүүлсэн: “...Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад Н, Мын хөл рүү нь өшиглөж хавсарч унагаахаар нь би очиж тэр хоёрыг салгасан ба дараа нь Мын дүү нар гэх 3 машинтай хүмүүс ирж тууж явсан үхрүүдийг хашиж им, тэмдгийг нь үзэж Нийн Мын үхрийг ялгасан. Үхэр үзэж байхад М Нийг очиж нэг удаа цохиж авсан ба биеийн аль хэсэг рүү нь яаж цохисныг нь анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 136 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Нийн мэдүүлсэн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 141 тоот шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. С.Мын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 хуу/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 49 хуу/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 хуу/
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 56 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цагийн орчимд А аймгийн Ө сумын Б багийн Д гэх газар хохирогч С.М нь бусдад толгой хэсэг рүүгээ 2-3 удаа цохиулсны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цагийн орчимд А аймгийн Ө сумын Б багийн Д гэх газар хохирогч С.Мтай маргалдаж хохирогч С.Мын толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисны улмаас түүний эрүүл мэндэд тархи доргилт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Мын мэдүүлсэн “...Тэгээд Н мотоцикльтой над дээр давхиж ирээд намайг заамдаж аваад толгой руу 2-3 удаа цохиж авсан ба би Нээс зугтаж гүйсэн бөгөөд араас гүйж ирээд миний хөл, гуя, цавь руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэр үед цуг байсан О гэх залуу Нийг барьж аваад боль гэж хэлээд тавьтал дахиж намайг барьж аваад газарт хавсарч унагаад толгой руу гараа атгаж байгаад 2-3 удаа цохиж аваад миний цээжин дээр өвдөглөсөн. Тэр үед О гүйж ирээд дахиад Нийг салгаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-09, 59/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оын мэдүүлсэн: “...Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад Н, Мын хөл рүү нь өшиглөж хавсарч унагаасан. Тэгэхээр нь би очиж тэр хоёрыг салгасан ба дараа нь Мын дүү нар гэх 3 машинтай хүмүүс ирж тууж явсан үхрүүдийг хашиж им, тэмдгийг нь үзэж Нийн Мын үхрийг ялгасан. Үхэр үзэж байхад М Нийг очиж нэг удаа цохиж авсан ба биеийн аль хэсэг рүү яаж цохисныг нь анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 136/,
мөрдөн байцаалтын шатанд Б.Нийн яллагдагчаар мэдүүлсэн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,
хохирогч С.Мын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 141 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Н нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байдаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Б.Н нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цагийн орчимд А аймгийн Ө сумын Б багийн Д гэх газар хохирогч С.Мтай маргалдаж хохирогч С.Мын толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисны улмаас түүний эрүүл мэндэд тархи доргилт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.М нь хохиролд 200.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байгаа боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хохирогчийн нэхэмжилсэн 200.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.М нь хэлэлцэхгүй орхисон эрүүл мэндэд учирсан болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Хохирогч С.М нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Нийг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх санал гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг хуульчилсан бөгөөд тус заалтыг хэрэглэх эсэх нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон хэм хэмжээ тул эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Б.Нийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Үүнд: Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас тохиолдлын шинжтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршиг нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Бын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч С.М нь эрүүл мэндэд учирсан болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР