| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2021/00850/и |
| Дугаар | 155/ШШ2021/00919 |
| Огноо | 2021-09-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2021/00919
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд 1988 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, бага боловсролтой, малчин, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 1 дүгээр багт оршин суух, РИ88100607 дугаар регистртэй, Улаан хуулар овогт Хын Эын,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд 1981 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 1 дүгээр багт оршин суух, РИ81111536 дугаар регистртэй, Шарнууд овогт Хын Эт холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2021/00850/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Х. нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х., бид хоёр 2006 онд гэр бүл болж, 09 жил амьдарсан. Хамт амьдрах хугацаанд 2008 оны 6 дугаар сарын 19-ний өдөр охин Э.Ц, 2010 оны 3 дугаар сарын 05-ны өдөр охин Э.Цтуяа нар төрсөн. Х. архи дарс хэрэглэн, зодох болсон тул бид таарамжгүй харилцаатай болсон. Тэгээд 2015 онд би хүүхдүүдийн хамт ээжийндээ амьдарч эхэлсэн, энэ хугацаанд хүүхдүүд маань хичээл тараад зуны амралтаар аав дээрээ очдог.
Х.тай цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Охин Э.Ц, Э.Цтуяа нарыг өөрийн асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ч Х. хүүхдүүддээ тусламж дэмжлэг үзүүлж байна гэсэн тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч Х. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Этай 2006 онд гэр бүл болж, 2008 онд Э.Ц, 2010 онд охин Э.Цтуяа нарыг төрүүлсэн, 2015 оноос хойш тусдаа амьдарч байна. Би байнга архи дарс ууж байгаагүй, Д.Э өөрөө найз нөхөдтэйгээ нийлж, архи дарс хэрэглэдэг байсан. Тусдаа амьдраад 6 жил болж байна. Энэ хугацаанд эхнэрээсээ уучлалт гуйсан боловч хүлээж аваагүй. Би эхнэр хүүхдэдээ өөрийн гэр орон, малнаасаа өгсөн. Охидууд маань хичээл тараад зуны амралтаараа над дээр ирдэг. Д.Этай ярилцаад хүүхдийн тэтгэлэг төлөхгүй, боломжоороо тусалж дэмжихээр болсон.
Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин Э.Ц, Э.Цтуяа нарыг ээжийнх нь асрамжид үлдээнэ. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Х.т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид болох Д.Э, Х. нар 2015 оноос хойш гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргалгүй удаан хугацаагаар тусдаа амьдарч байгаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэрлэгчид 2006 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтаны бүртгэсэн “Эрэгтэй: РД: ри81111536, Монгол улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, овог: Шарнууд, эцэг /эх/-ийн нэр: Х, нэр: , эмэгтэй: РД: ри88100607, Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, овог: Улаан хуулар, эцэг /эх/-ийн нэр: Х, нэр: Э нар 2006 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 0078-рт бүртгэж, гэрчилгээ олгов” гэх бичилттэй №0001499 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдөр охин Э.Ц, 2010 оны 3 дугаар сарын 05-ны өдөр охин Э.Цтуяа нар төрсөн болох нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтаны бүртгэсэн “РД: ри08261900, Шарнууд овогт ын Ц, эмэгтэй, 2008 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрөх газар төрснийг Рэнчинлхүмбэ сумын төрсний бүртгэлд 2008 оны 6 дугаар сарын 23-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов...” гэх бичилттэй №0105030/45 дугаар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтаны бүртгэсэн “РД: ри10230502, Шарнууд овогт ын Цтуяа, эмэгтэй, 2010 оны 3 дугаар сарын 05-ны өдөр эмнэлэгт төрснийг Рэнчинлхүмбэ сумын төрсний бүртгэлд 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов...” гэх бичилттэй №0366367/34 дугаар төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүүхэд эрүүл бойжиж буй тухай Улаан-Уул сумын сум дундын эмнэлгийн их эмч, даргын тодорхойлолт, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдлоо.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид маргаагүй, харилцан тохиролцсон байдал, хүүхдийн санал, эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал зэргийг харгалзан 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Э.Ц, 2010 оны 3 дугаар сарын 05-ны төрсөн охин Э.Цтуяа нарыг эх Д.Эын асрамжид үлдээх нь зүйтэй байна
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.
Охин Э.Ц, Э.Цтуяа нар нь төрүүлсэн эх Д.Эын асрамжид үлдсэн нь эцэг Х.ын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл охин Э.Ц, Э.Цтуяа нартай эцэг Х. хэдийд ч уулзаж, дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх бөгөөд үүнд эх Д.Э ямар нэг хориг тавихгүй байхыг ойлгоно.
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь охин Э.Ц, Э.Цтуяа нарт хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдлаа.
Иймд Д.Э, Х. нарын гэрлэлтийг цуцалж, охин Э.Ц, Э.Цтуяа нарыг эх Д.Эын асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 112.000 төгрөг, бүгд 182.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Улаан хуулар овогт Хын Э, Шарнууд овогт Хын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Э.Ц, 2010 оны 3 дугаар сарын 05-ны төрсөн охин Э.Цтуяа нарыг эх Д.Эын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Х.т, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Д.Эд тус тус даалгасугай.
4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Д.Эд олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА