| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2021/00763/и |
| Дугаар | 155/ШШ2021/00846 |
| Огноо | 2021-08-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 155/ШШ2021/00846
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1988 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, бага боловсролтой, малчин, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн Нугын тохой гэх газар оршин суух, РГ88102400 дугаар регистртэй, Тогоруутан овогт П Б,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Ханх суманд 1982 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 3 дугаар багт оршин суух, РИ82120119 дугаар регистртэй, Баяндай овогт ПДд холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 155/2021/00763/и дугаар индекстэй иргэний хэргийг 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгч П.Б, хариуцагч П.Д нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Дтэй 2004 онд танилцан үерхэж байгаад, 2006 оны 1 дүгээр сард охин Б.Э төрж, би өөрийн нэрээр овоглон, төрсний гэрчилгээ авсан. Бид 2006 оны 8 дугаар сард албан ёсоор гэр бүл болж, хамт амьдарсан боловч хоорондоо таарамж муутай, байнгын хэрүүл маргаантай байсан. Тэгээд 2010 оны 6 дугаар сараас эхлэн тусдаа амьдраад 10 гаруй жил өнгөрч байна. Би охин Б.Эг төрүүлснээс хойш дахин 2 хүүхэд төрүүлсэн, П.Д тусдаа амьдралтай болсон тул эвлэрч хамт амьдрах боломжгүй.
Иймд П.Дгээс гэрлэлтээ цуцлуулна. Охин Б.Эг өөрийн асрамжид авна. П.Д өөр амьдрал зохиож, хүүхэдтэй болсон, түүний амьдралын боломж зэргийг нь харгалзаад хүүхдийн тэтгэлгийг багасгаж, дараахь байдлаар авахаар тохиролцсон. 2021 онд бэлэн 1.000.000 төгрөг, гар утас буюу 200.000 төгрөг, өвлийн хүнсэнд даага буюу 500.000 төгрөг, 2022 онд бэлэн 1.000.000 төгрөг, өвлийн хүнсэнд даага буюу 500.000 төгрөг, 2023 онд бэлэн 1.000.000 төгрөг, өвлийн хүнсэнд даага буюу 500.000 төгрөг өгч авахаар болсон. Гэхдээ шүүхийн шийдвэрт хүүхдийн тэтгэлгийг хуулинд зааснаар тогтоолгоно. Эд хөрөнгийн талаар маргаангүй гэв.
Хариуцагч П.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би П.Бтэй 2004 онд танилцан үерхэж байгаад албан ёсоор 2006 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд охин Б.Э 2006 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан тул охин Б.Э ээжээрээ овоглосон, миний хүүхэд мөн. 2010 онд намайг ажилд яваад ирэхэд эхнэрийн маань зан ааш хувирч, таарамж муутай болсон тул гэрээсээ явсан. Үүнээс хойш 10 гаруй жил тусдаа амьдарч байна. Би охинтойгоо хааяа утсаар ярьдаг. Одоо П.Б 2 хүүхэд төрүүлсэн, би тусдаа өөр амьдралтай болж, үр хүүхэд төрүүлсэн тул цаашид эвлэрч, хамт амьдрах боломжгүй.
Иймд гэрлэлт цуцлуулж, охин Б.Эг ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийн талаар П.Б бид хоёр ярилцаад дараахь байдлаар тохирсон. 2021 онд бэлэн 1.000.000 төгрөг, гар утас буюу 200.000 төгрөг, өвлийн хүнсэнд даага буюу 500.000 төгрөг, 2022 онд бэлэн 1.000.000 төгрөг, өвлийн хүнсэнд даага буюу 500.000 төгрөг, 2023 онд бэлэн 1.000.000 төгрөг, өвлийн хүнсэнд даага буюу 500.000 төгрөг өгнө. Би охиндоо боломжийнхоо хэрээр тэтгэлэг өгч дэмжиж тусална. Гэхдээ шүүхийн шийдвэрт хүүхдийн тэтгэлгийг хуулинд зааснаар тогтоолгоно гэсэн. Эд хөрөнгийн талаар маргаангүй гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч П.Дд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14, 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид болох П.Б, П.Д нар 2010 оны 6 дугаар сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, хариуцагч хамтран амьдрагчтай болсон, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
П.Б, П.Д нар 2006 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтаны олгосон Эрэгтэй: РД: ри82120119, Монгол улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, овог: Баяндай, эцэг /эх/-ийн нэр: Пүрэвхүү, нэр: Д, Эмэгтэй: РД: рг88102400, Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, овог: Тогоруутан, эцэг /эх/-ийн нэр: Пүрэвдорж, нэр: Б нар 2006 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 675 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэх бичилттэй №005110-675 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
тэдний дундаас охин Б.Э 2006 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтаны бүртгэсэн РД: рю06211704, Тогоруутан овогт Б Э, охин, 2006 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрснийг Мөрөн-ИБМ төрсний бүртгэлд 2006 оны 2 дугаар сарын 17-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй №0116823/87 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон, хүүхдийн санал, амьдарч дассан орчин нөхцөл, эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал зэргийг харгалзан 2006 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Эг төрүүлсэн эх П.Б асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг П.Дгээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.
Охин Б.Э төрүүлсэн эх П.Б асрамжид үлдэж байгаа нь эцэг П.Дгийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл охин Б.Этэй эцэг П.Д хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, гэрлэгчид хүүхдийн тэтгэлэгт 2021 онд бэлэн 1.000.000 төгрөг, гар утас буюу 200.000 төгрөг, өвлийн хүнсэнд даага буюу 500.000 төгрөг, 2022 онд бэлэн 1.000.000 төгрөг, өвлийн хүнсэнд даага буюу 500.000 төгрөг, 2023 онд бэлэн 1.000.000 төгрөг, өвлийн хүнсэнд даага буюу 500.000 төгрөг өгч авахаар тохиролцсон. Гэхдээ хүүхдийн тэтгэлгийг хуулинд зааснаар гаргуулна гэсэн болохыг дурьдаж байна.
Иймд П.Б, П.Д нарын гэрлэлтийг цуцалж, охин Б.Эг төрсөн эх П.Б асрамжид үлдээж, хариуцагч П.Дгээс охин Б.Эд сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2006 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Э 15 нас 06 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 213.800 төгрөгийг Б.Эд сар бүр эцэг П.Д төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.Эд сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.565.600 төгрөг болж байна.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч П.Б эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлэг 2.565.600 төгрөгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 56.000 төгрөг, бүгд 126.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Дгээс улсын тэмдэгтийн хураамж бүгд 126.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Тогоруутан овогт П Б, Баяндай овогт ПД нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Эг эх П.Б асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2006 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Эг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг П.Дгээс гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг П.Д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх П.Б нарт тус тус даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч П.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Дгээс улсын тэмдэгтийн хураамж 126.200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч П.Бд олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА