| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2021/00733/И |
| Дугаар | 155/ШШ2021/00866 |
| Огноо | 2021-08-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 155/ШШ2021/00866
| 2021 оны 08 сарын 31 өдөр | Дугаар 155/ШШ2021/00866 | Хөвсгөл аймаг |
| 2021 оны 08 сарын 31 өдөр | Дугаар 155/ШШ2021/00866 | Хөвсгөл аймаг |
Хэргийн индекс 155/2021/00733/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .. дугаар багийн … дугаар гудамжны … тоотод оршин суух, регистрийн дугаар РФ…......., …......... овогт Э.А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын … дүгээр багийн … дүгээр гудамжны … тоотод оршин суух, регистрийн дугаар РЮ…...., ….. овогт Х.Х хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг багасгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгч Э.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч Х.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь иргэн Х.Х-тай 2006 онд танилцан, үерхэн дотносож байгаад, 2008 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтын амьдралын явцад 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр охин А.А, 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүү А.Аз нар төрсөн. Х.Х амьдрах хугацаанд зан харилцаа, амьдралын хэв маягийн хувьд таарч тохирохгүй олон зүйл тохиолдох болсон учир байнгын гэр бүлийн таагүй харилцаа үүсч, улмаар Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 155/ШШ2020/01776 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Улмаар тус шийдвэрээр хоёр хүүхэд маань ээжийнхээ асрамжид үлдэж, харин надаас охин А.А, хүү А.Аз нарт хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг олгуулахаар шийдвэрлэсэн. Миний хувьд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт байрлах Хүслэн авто засварын газарт ажил хөдөлмөр эрхэлж, өнгөрсөн хугацаанд 2 хүүхдийнхээ тэтгэлгийг сар бүр хугацаа алдалгүй төлсөөр ирсэн. Гэтэл миний бие 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр бусдад зодуулж, эрүүл мэндэд минь хүнд гэмтэл учирсан. Дээрхи шалтгааны улмаас Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0361573 дугаартай акт тогтоосон шийдвэр гарч, миний хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон. Одоо миний хувьд урьд эрхэлж байсан ажлаа хийх боломжгүй, эрүүл мэндийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалд орсоноос шалтгаалж цалин орлогогүй болж, зөвхөн группын мөнгөөрөө амьдралаа залгуулж байна. Цаашид дээрхи шүүхийн шийдвэрт заасан хувь, хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг төлөх боломжгүй болсонг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт заасан ...тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан бол... шүүх тэтгэлгийн хэмжээг багасгаж болно... гэх зохицуулалтад нийцүүлэн хүүхдэд төлбөл зохих тэтгэлгийг хэмжээг багасгуулах хүсэлтэй байна. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн байдаг. Охин А.Азжаргалдаа сар бүр 213.800 төгрөгийн тэтгэлгийг төлдөг. Одоо миний бие хүнд зодуулсны улмаас ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул сар бүр төлдөг 213.800 төгрөгийн тэтгэлгийн хэмжээг хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 180.000 төгрөгийн 50 хувь буюу 94.000 төгрөг болгон багасгаж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Х нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тай 2006 онд үерхэн дотносоод 2008 онд албан ёсоор гэр бүл болсон. 2008 онд том охин А.А, 2013 онд хүү А.Аз-т маань бидний дундаас төрсөн. Хамт амьдарч байх хугацаандаа байнга архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн, биед маань удаа дараа гарч хүрч байсан. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх бүрдээ агсан тавьж, хүүхдүүдээ айлгаж уйлуулдаг байсан. Сүүлдээ охиндоо хүртэл гар хүрдэг болсон. Миний хоолойг ухаан алдтал боож, хутга тулгаж байсан асуудлууд нэлээд байдаг. Архи ууж яваад толгойгоо бэртээсэн байсан. Гэхдээ одоо Хүслэн авто засварын газраа ажиллаж байгаа. Уг газрын эзэн нь ийн хамаатан учраас ажил эрхлэх боломжгүй болсон учраас ажлаас чөлөөлсөн гэх тодорхойлолтыг гаргаж өгсөн байх гэж бодож байна. Миний хувьд үнэхээр гэмтсэн эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Хуульд заасны дагуу 1 хүүхэддээ 213.800 төгрөгийг төлүүлмээр байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2 хүүхэддээ тэтгэлэг олгодог талаар дурдсан байсан. Охин А.А л хүүхдийн тэтгэлэг төлдөг. Хүүхдийнхээ ирээдүйг бодоод 50 хувиар багасгуулахгүйгээр сард авдаг тэтгэлгийн хэмжээг хэвээр үлдээх хүсэлтэй байна. Тархиндаа гэмтэл авсан гэдгээ шалтаг болгоод хүүхэддээ төлөх тэтгэлгийн хэмжээг багасгуулах зорилгоор нэхэмжлэл гаргасан. Хүүхэддээ сайн дураараа өгөх байтал шүүхээр 94.000 төгрөг болгуулж байгаад нь гайхаж байна. Энэ мөнгө 2 хүүхдэд хаанаа ч хүрэхгүй шүү дээ. 2 хүүхэдтэй атлаа 1 хүүхдийн тэтгэлэг төлдөг. Мартаж, санаад байдаг гэж тайлбар өгч байгаа нь худлаа. Нэхэмжлэгч ярих чадвар муутай. Саяхан архи уугаад явж байсан гэсэн. Эрүүл мэндийн шалтгаанаар группт орсон гэдэгт нь эргэлзэж байгаа. Эмнэлгийн байгууллагаар бичиг хийлгэсэн хэдий ч танил талаараа гаргуулсан байх магадлалтай. Хүүхдүүд маань эцгээрээ овоглодог. Нэхэмжлэгчид эцгийн үүрэг, хариуцлагыг мэдрүүлмээр байна. Хүүхэддээ гар хүрдэг. Одоо хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгуулах гэж байгаа нь хүүхдийн эрхийг зөрчиж байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ядаж 1 хүүхэддээ тэтгэлэг төлөх ёстой гэж бодож байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Х.Х-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг багасгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 155/ШШ2020/01776 дугаартай шүүхийн шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2008 оны 5 дугаар сарыдн 29-ний өдөр төрсөн охин А-ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ -тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэр гасан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн хэмжээг багасгуулах шаардах эрх үүссэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д тэтгэлэг төлөгч өөр хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь тэтгэлэг авагчаас бага орлоготой, тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан, эсхүл тэтгэлэг авагч хүүхэд өөрөө хангалттай орлоготой бол шүүх тэтгэлгийн хэмжээг багасгаж болно гэж заасан байдаг.
Нэхэмжлэгч нь анх хүүхдийн тэтгэлэгийг өөрийн олж буй орлогын 50 хувь буюу 94.000 төгрөгөөр тооцож тэтгэлэгийн хэмжээг тогтоож өгнө үү гэсэн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд одоо төлж байгаа хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ буюу 213.800 төгрөгийн таль хувь буюу 107.000 төгрөгөөр төлье гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Энэ нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа алдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэний 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Эрдэнэтуул овогтой Алтанхуяг /РФ88052976/ регистэртэй. Нийгмийн халамжийн сангаас 188,000 төгрөгийн тэтгэвэр авдаг нь үнэн болн гэсэн бичвэр бүхий тодорхойлолт,
Хүслэн авто засварын газрын 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ...2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс бусдад зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан үндэслэлээр тус засварын газарт ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэж үзэж түүнийг ажлаас чөлөөлсөн нь үнэн гэсэн бичвэр бүхийн ажлын газрын тодорхойлолт,
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоол зэрэг баримтууд хэрэгт авагдсан учир шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РФ…......... овогт Э.А-н 1 сард төлөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг 107.000 төгрөг болгон тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31.622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Х-с 31.622 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА