| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2021/00747/И |
| Дугаар | 155/ШШ2021/00885 |
| Огноо | 2021-09-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2021/00885
Хэргийн индекс 155/2021/0747/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын дугаар багийн дүгээр гудамжны 04 тоотод оршин суух, регистрийн дугаар , А овогт З.С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг, Хөвсгөл аймгийн Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох Хөвсгөл эрчим хүч ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/62 тоот тушаалыг хүнчингүй болгуулж, Хөвсгөл эрчим хүч ХХК-ийн дотоод хяналтын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Со нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Сумьяабазар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: З.С миний бие Хөвсгөл Эрчим хүч ХХК-ийн дотоод хяналтын ажилтны албан тушаалд 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш одоог хүртэл 2 дахь жилдээ ажиллаж байна. Миний бие ажиллах хугацаандаа байгууллагын дотоод хяналтын албан тушаалтны ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай төвшинд гүйцэтгэж ирсэн нь жилийн тайлангийн үнэлгээ, байгууллагын үйл ажиллагаанд хийсэн жилийн эцсийн Аудитын байгууллагын шалгалт зэргээр дүгнэгдсэн үнэлгээгээр нотлогдсон болно. Албан үүргээ гүйцэтгэж байх явцад 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Ковид-19 цар тахлын халдварын ойрын хавьтал болон гэрийн тусгаарлалтад байсан болно. Улмаар 6 дугаар сарын 24-ний өдөр байгууллагын гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Бадрал нь байгууллагын Б/62 тооттушаалыг хууль зөрчин гаргаж, намайг хууль зөрчил албан тушаалаас халж, мөн хууль зөрчиж, өөр иргэнийг тухайн албан тушаалд томилжээ.Хөвсгөл Эрчим хүч ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Б-н гаргасан шийдвэр нь Захиргааны ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон Гүйцэтгэх захиралтай байгуулсан Хөдлөмөрийн гэрээг илтэд зөрчиж байгаа тул гомдолтой байна.
Иймд Хөвсгөл эрчим хүч ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож, Хөвсгөл эрчим хүч ХХК-ийн дотоод хяналтын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Э нь З.С-ын нэхэмжлэлтэй ажилд эгүүлэн тогтоолгох иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хөвсгөл Эрчим хүч ХХК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Б/62 дугаар тушаалаар З.С-ыг ажлаас чөлөөлсөн. Ингээд З.С-ын албан тушаалд Ц.У-г томилсон. Хөвсгөл Эрчим хүч ХХК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Б/62 дугаар тушаалыг үл хүлээн зөвшөөрч, гомдолтой байгаа тул Хөвсгөл аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. Нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, сонсох ажиллагааг явуулаагүй. Ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн талаар тайлбарлуулах хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хүлээн аваагүй. Мөн Хөвсгөл Эрчим хүч ХХК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Б/62 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар заалтыг үндэслэсэн боловч аль заалтыг баримталсан нь тодорхойгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага, тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно гэж хуульчилсан байна. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд гэрээг цуцлах санал гаргаагүй бол цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэж заасан байдаг. Нэхэмжлэгч З.С-ыг анх ажилд томилсон тушаалдаа туршилтын хугацааг 3 сараар тогтоож, Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан. Нэхэмжлэгч З.С-ыг ажлаас чөлөөлөх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтыг үндэслэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй бөгөөд ажил олгогчийн зүгээс ямар нэгэн байдлаар гэрээг цуцлах талаар мэдэгдээгүй байдаг. Ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд тодорхой үндэслэлүүд бий болсны үндсэн дээр үүсдэг харилцаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч З.Сын хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан нөхцөл байдал нь бүрэн гүйцэд тогтоогдоогүй. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар тайлбар болон бусад холбогдох ажиллагааг хийгээгүй. Мөн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.3-т заасан нөхцөл байдал хэрхэн үүссэн талаар тусгаагүй байдаг.
Иймээс Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Б/62 дугаар тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Д.С-ыг Хөвсгөл Эрчим хүч ХХК-ийн дотоод хяналтын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл Эрчим хүч ХХК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Б/62 дугаар тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийг яагаад баримталсан юм бэ? гэдэг талаар дурдаж байна.
Уг тушаалын 1 дүгээр заалтаар нэхэмжлэгч З.С-ыг ажлаас чөлөөлөөд, 2 дугаар заалтаар Ц.У-ийг уг албан тушаалд түр томилсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийг баримталсан гэж ойлгож байна. Ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон учраас ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэдэг асуудлыг дурдаж оруулсан. мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын гүйцэтгэл нь хангалтгүй гэж үнэлэгдсэнээр тогтоогдож байгаа. Тус байгууллагын гүйцэтгэх захиралтай шууд уялдаатай ажилладаг 5 албан тушаалтан байдаг. Уг албан тушаалтнууд нь гүйцэтгэх захиралтай харилцан уялдаатай ажиллах бөгөөд гүйцэтгэх захирал Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр тэднийг томилж, компанийн ажлын үр дүнтэй холбоотой гүйцэтгэх захиралтай хамтын хариуцлага хүлээдэг албан тушаалтнууд юм. Нэхэмжлэгчийн хувьд компанийн дотоод хяналттай холбоотой хийсэн ажлын үр дүнгээс шалтгаалан ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны ерөнхий хуулийн заалтыг иш татаж тайлбарлаж байна. Энд захиргаатай холбоотой харилцаа байхгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь тодорхой бөгөөд бодитой байх ёстой. Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Б/62 дугаар тушаалыг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тодорхой тайлбарлаж чадахгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Хөвсгөл аймгийн Хөвсгөл Эрчим хүч ХХК-д холбогдуулан нь Хөвсгөл эрчим хүч ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/62 тоот тушаалыг хүнчингүй болгуулж, Хөвсгөл эрчим хүч ХХК-ийн дотоод хяналтын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт: Ажилтан ажлаас буруу халсан ...тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. гэж заасан байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдорж нь Хөвсгөл Эрчим хүч ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Хөвсгөл Эрчим хүч ХХК-ийн 2020 оны үйл ажиллагааны тайланг хангалтгүй, санхүүгийн тайланг хангалтгүй гэж дүгнэсэн бөгөөд тус ХХК-ийн гүйцэтгэх захирлын зөвлөлд 5 албан тушаал хамаардагийн 1 нь нэхэмжлэгч Д.С-ын эрхэлж байсан дотоод хяналтын ажилтны албан тушаал юм. Д.С-с бусад гүйцэтгэх захирлын зөвлөлийн 4 албан тушаалтан ажлаас чөлөөлөгдөх нь чөлөөлөгдөж, албан тушаал буурах нь буурсан. Д.С- анх туршилтын 3 сарын хугацаагаар томилсон бөгөөд хөдөлмөрийн гэрээг төлөвлөсөн ажилтны буруугаас хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. Д.С нь үндсэн ажилтан биш бөгөөд Хөвсгөл Эрчим хүч ХХК-ийн гүйцэтгэх захирал нь тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлж ажилладаг. Хөвсгөл Эрчим хүч ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолын шийдвэрийг үндэслэж ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Д. нь Хөвсгөл Эрчим хүч ХХК-д дотоод хяналтын ажилтнаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Хөвсгөл Эрчим хүч ХХК-ийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/009 дүгээр Д.С-г ажилд томилох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, мөн газрын гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/62 дугаар Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ажил олгогч байгууллагын гүйцэтгэх захирал, ажилтан Д.С нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр авагдсан Хөвсгөл Эрчим хүч ХХК-ийн 2020 оны дотоод хяналт, шалгалтын ажлын төлөвлөгөө, 2020 оны 1, 2 дугаар улирлын дотоод хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө, дотоод хяналт хариуцсан ажилтны 1, 2 дугаар улиралд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг баримтуудаар ажилтан нь ажил, үүргээ гүйцэтгэж байсан нь тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажил олгогч Д.С-г дотоод хяналт хариуцсан ажилтны албан тушаалаас чөлөөлж, Ц.У түр томилсон учир Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсгийг үндэслэл болгосон, Д.С-г анх туршилтын хугацаа тогтоож ажилд авсан ба хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулах ёстой атал гэрээг төлөвлөсөн ажилтны буруугаас хугацаагүй байгуулсан, Д.С- тухайн албан тушаалд жинхлэн томилоогүй учир хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэж үзэж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
Мөн ажилтан Д.С мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь Хөвсгөл Эрчим хүч ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь хэсэгт заасан байгууллагад хохирол учирсан болох нь иргэд, байгууллагын гомдлоор тус тус тогтоогдож байгаа гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй, татгалзлаа нотолж чадахгүй, энэ үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд Хөвсгөл эрчим хүч ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/62 тоот тушаалыг хүнчингүй болгож, З.Сыг Хөвсгөл Эрчим хүч ХХК-ийн дотоод хяналтын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтай байна гэж дүгнэлээ.
Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй, гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах ба зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул хариуцагч Хөвсгөл Эрчим хүч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Хөвсгөл аймгийн Хөвсгөл Эрчим хүч ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/62 дугаар Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, регистрийн дугаар РЛ74101418, Ач хариад овогт Зундуйн Сумъяабазарыг Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ийн дотоод хяналтын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.С улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Хөвсгөл Эрчим хүч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА