Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2021/00893

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2021/00893

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын ............... тоотод оршин суух, А овогт Чийн Г /000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох

Х аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн Б/00 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 21ий өдөр хүлээн авч, 155/2021/00708/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгч Ч.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Гшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чийн Г миний бие ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Миний бие аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2014 оны 0 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын жолоочоор томилогдон ажиллаж байсан. 2021 оны 0 дугаар сарын 0-ний өдрөөс хойш П нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон хугацаанаас хойш миний хариуцан ажиллаж байсан автомашиныг өөр жолоочоор жолоодуулж эхэлсэн. Улмаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П нь 2021 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн Б/0 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлж, уг өдөр би өөрийн хариуцан ажиллаж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ХӨА 0000 улсын дугаартай, H-7 маркийн автомашиныг ажил хүлээлцэх комисст хүлээлгэн өгсөн.

Миний бие улсад 22 жил ажилласан ба албан ёсны ээлжийн амралт 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж, хуулийн дагуу би ажлын 18 хоног амарч дуусаад байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П нь Х аймгийн Засаг дарга Шийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах, төрийн үйлчилгээний бусад албан тушаалын орон тоог тогтоох тухай А/000 дүгээр захирамжийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасан үндэслэлээр 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдэх хуудас гардуулан өгсөн. Үүнийгээ ... албаны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах болсонтой холбогдуулан таныг үүрэгт ажпаас чөлөөлөх болсныг мэдэгдэж байна гэсэн байдаг.

Аймгийн Засаг даргын 2021 оны А/194 дүгээр захирамж нь Нийтлэг үйлчилгээний албаны 31 орон тоотой байсан бүтцийг доторх зарим нэг албан тушаалыг өөрчилж, шинээр орон тоо нэмэгдүүлж буцаагаад 31 орон тоогоор баталсан хууль бус шийдвэр. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиодолд ажил олгогч ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй. Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Монгол Улсын дээд шүүхийн тайлбарт: Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-Д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална. Мөн хэсэгт заасан орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно гэж тус тус заасан ба хасах болон цөөрүүлэх тохиолдолд өмнө байсан албан тушаалын тоо тэр хэмжээгээр багассан байхыг ойлгоно. Гэтэл Нийтлэг үйлчилгээний албаны орон тоо 31-ээр ажиллаж байсан, шинээр батлахдаа 31-ээр баталсан. Үүнд багассан ямар ч өөрчлөлт байхгүй төдийгүй захирамжийн үндэслэх хэсэгт заасан Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолыг зөрчиж, ажпын ачааллыг тэнцвэржүүлэх тухай огт бодолгүй, төсвийн ачааллыг багасгах, хэмнэх зарчмыг баримтлалгүй, тооцоо судалгаагүйгээр шийдвэр гаргаж, эрх ашиг сонирхол хөндөгдөж буй этгээдийг оролцуулан сонсох ажиллагаа явуулалгүй, хууль тогтоомжийг зөрчин, зөвхөн өөрийн тойрон хүрээлэгчдээ ажлын байраар хангах зорилго агуулж ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргаж, түүнийгээ үндэслэн үндсэн ажилтанг хууль бусаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.

Би аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын жолооочоор ажиллаж байсан, энэ ажлын байр өнөөдөр ч тэр байгууллагад байгаа. Гэтэл үндэслэлгүйгээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлалгүйгээр, ээлжийн амралттай хугацаанд ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35, 40 зүйлийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд хууль тогтоомж зөрчсөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Пын 2021 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн Б/0 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны Засаг даргын Тамгын газрын даргын жолоочийн ажилд эгүүлэн тогтоох шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 2 дугаар сард тус тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд жолоочоор томилогдсон. 7 жил 3 сар ажилласан бөгөөд мэргэшсэн жолооч. Бүтцийн өөрчлөлт гээд намайг ажлаас чөлөөлснийг ойлгохгүй байгаа. Надад эхлээд амралтын мэдэгдэл өгөөд, дараа нь ажлаас чөлөөлсөн. Манай алба өмнө нь 5 жолоочтой байсан ба 2020 онд 1 жолооч нь өндөр насны тэтгэвэрт гарсан. Ингээд уг хүний сул орон тоон дээр Засаг дарга өөрийн жолоочоо дагуулж ирэн ажилд томилсон. Үүний дараа бүтцийн өөрчлөлт хийж жолоочийн 3 орон тоотой болсон. 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Тамгын газрын дарга намайг өөрийн эзэмшиж байгаа машинаа шилжүүлж өг гэхэд нь би өөрийгөө сул байгаа старикс машиныг нь жолоодох юм байна гэж ойлгосон. Тэгтэл 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж байгаа талаар хэлсэн. Старикс машин одоог хүртэл жолоочгүй уг машин гаражид байгаа. Мөн миний өмнө нь барьж байсан соната маркийн машин зүгээр хэвийн ажиллаад явж байгаа. Ямар үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн гэдгийг нь ойлгохгүй байгаа, гаргасан шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандсан. Би ямар нэгэн намын гишүүн биш. Төрийн үйлчилгээний албан тушаал хашдаг хүн. Үүнийг үнэн, зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би цалингаас өөр нэмэлт орлого байхгүй байсан тул 3-4 сарын хугацаанд цалингийн зээлээ төлөхөд хүндрэлтэй байсан. Бүтцийн өөрчлөлт хийгээд 6 жижүүрийн орон тоон дээр 2 жижүүрийн орон тоо нэмэгдээд, 2 угтах үйлчилгээний орон тоо хасагдаад 1 үйлчлэгчийн орон тоо, мөн Засаг даргын зөвлөх, техник, тоног төхөөрөмжийн ажилтны орон тоо гэж нэмэгдсэн байсан. Энэ нь өмнө батлагдсан 31 ажлын байрны орон тоо хэвээр батлагдсан гэсэн үг. Яагаад орон тоогоо цөөрүүлсэн гэж үзэж байгааг нь ойлгохгүй байгаа. Би хэдий санхүүгийн талаар мэдлэг дутмаг ч 2021 оны байгууллагын төсөвт жолоочийн цалин, хангамжийг багтаасан байсан гэж ойлгож байна. Засаг даргын зөвлөх, техник, тоног төхөөрөмжийн ажилтан жолоочийн цалин, хангамжаас илүү гэж бодож байна. Төсөв хэмнэсэн зүйл харагдахгүй байна. Яагаад заавал ажлаас халах шаардлагатай байсан гэдгийг нь сайн ойлгохгүй байгаа. Гаргасан шийдвэрээ эргэн харна уу гэж өргөдөл бичсэн. Хариуг нь надад огт танилцуулаагүй. Хуулиндаа шилжүүлэн ажиллуулах тохиолдолд эрхэлж байгаа албан тушаал, цалингаас нь дордуулж болохгүй талаар заасан байдаг гэж ойлгосон. Миний хувьд мэргэшсэн жолоочийн нэмэгдэл зэргийг үндсэн цалин дээр нэмүүлээд Нийтлэг үйлчилгээний албаны цалингийн шатлалын хамгийн өндөр цалинг нь авдаг байсан. Ш худалдааны төв ОНӨХК-нд ажиллавал аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсантай адил хэмжээний цалин, хөлс авч чадахгүй гэж ойлгосон. Иймээс намайг урьд эрхэлж байсан ажилд минь буюу Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч нь Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаар тушаалаар Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочоор томилогдсон байдаг.

Харин Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн Б/0 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолооч Ч.Гыг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолын 1,3-д төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх... талаар төсвийн захирагч нарт даалгасан байдаг.

Тус тогтоолын хүрээнд гарсан Х аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Аймгийн засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах, төрийн үйлчилгээний бусад албан тушаалын орон тоог тогтоох тухай А/000 дүгээр захирамжаар Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн орон тоо урьд 5 байсныг цөөрүүлж, 3 орон тоотой байхаар тогтоосон.

Учир нь Аймгийн Засаг даргын Тамгын газар нь албаны хэрэгцээнд ашигладаг байгууллагын 2 автомашинтай, аймгийн Засаг даргын орлогчид албаны автомашин хүрэлцдэггүй тул хувийн автомашиныг нь албаны хэрэгцээнд ашигладаг бөгөөд нийт 3 автомашин жолоодох 3 жолооч ажиллах хэрэгцээ, шаардлага байдаг. Аймгийн Засаг даргын Тамгын газрын жолооч нар нь ээлжийн ажилд гардаггүй, ажлын хэвийн горимоор ажилладаг тул нэмэлтээр жолооч ажиллах шаардлага үүсдэггүй тул тийнхүү төсвийн хэмнэлт хийх, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгах үүднээс жолоочийн 2 орон тоог цөөрүүлж шийдвэрлэсэн.

Ч.Гыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж заасны дагуу ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдэж, мэдэгдэх хуудас гардуулан өгсөн. Мөн ээлжийн амралтын тооцоог бүрэн хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу нэг сарын үндсэн цалинтай нь тэмцэх хэмжээний тэтгэмжийг олгосон болно.

Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны Б/00 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэл бүхий гарсан, Ч.Гын хөдөлмөрийн гэрээг цуцлах үйл ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 0-ны өдрийн А/000 дүгээр захирамжаар Төсвийн тухай хуульд заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоог батлах, төрийн үйлчилгээний албаны орон тоог тогтоох захирамжийн хүрээнд бүтэц, орон тоог баталсан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоог шинэчлэн баталсан үндэслэл, хэрэгцээ, шаардлагын талаар тайлбарлая. Аймгийн Засаг даргын 2019 оны Нийтлэг үйлчилгээний бүтэц, орон тоог баталсан захирамж байдаг. Уг захирамжид жолоочийн орон тоог 5 байхаар тогтоосон. Харин 2021 оны А/000 дүгээр захирамжаар жолоочийн ажлын байрны орон тоог 3 болгож цөөрүүлсэн. Энэ нь 2 үндэслэлтэй. Нэгдүгээрт: Тамгын газрын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагддаг 3 автомашин байдаг боловч 5 жолоочтой байгаа нь тохиромжгүй байна гэж үзсэн. Хоёрдугаарт: 2021 оны 02 дугаар сарын 00-ны өдрийн төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолд орон нутгийн бүх шатны байгууллагын төсөв захирагч нарт байгууллагын ажилтны ажлын чиг үүргийн давхардлыг арилгах, цалингийн зардлыг хэмнэх чиглэл өгсөн байдаг. Ингээд 3 автомашинтай атлаа 5 жолооч ажиллуулж байгаа асуудал яригдахад хүрсэн. Тамгын газар дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авахдаа үйлчилгээний ажилтны ажлын ачаалал харьцангуй байсан. Жишээ нь, Тамгын газрын үйл ажиллагаа явуулж буй объект нь 3 давхар бөгөөд үүнд хүрэлцэхээргүй бага үйлчлэгч байсан тул үйлчлэгчийн орон тоог нэмэгдүүлсэн. Мөн ээлжээр ажилладаг албан тушаал болох жижүүрийн хувьд 24 цагаар ажиллаж, 48 цаг амардаг байхаар зохицуулалт хийсэн. Харин хэвийн горимоор ажилладаг жолоочийн орон тоог ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн тоотой уялдуулан цөөрүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажилтныг ажлаас чөлөөлөх үед тодорхой арга хэмжээг авсан байх шаардлагатай бөгөөд үүнийг хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Үүнд: нэхэмжлэгч Ч.Г-д 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэх хуудсыг өгсөн бөгөөд үүнийг 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээлгэн өгч гардуулсан. Мөн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг танилцуулж, гардуулсан. Эдгээр баримтыг нэхэмжлэгч танилцаж, гардан авсантай холбоотой баримтууд хэрэгт авагдсан.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Г-ыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд авах ёстой холбогдох арга хэмжээг авсан гэж үзэж байна. Өмнө тайлбарласан зүйл дээр нэмж хэлэхэд ажлаас чөлөөлөхөөс өмнө 2 асуудлыг шийдэж өгөхийг зорьсон. Нэгдүгээрт: ажиллаж байх үеийн 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Хоёрдугаарт, өөр бусад байгууллагад жижүүр болон жолоочийн орон тоо сул байгаа эсэхийг судлаад Ш төв ОНӨХК-ийн захирал н.Нацагдоржтой уулзан уг асуудлын талаар ярилцахад Хүмүүсээ явуулчихаарай. гэж хэлсэн. Нэхэмжлэгч Ч.Гыг уулзсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Үүнтэй холбоотой албан бичгийг өөрөө хүлээн авсан байсан.

Мөн нэхэмжлэлдээ ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн талаар дурдсан байсан. Ээлжийн амралтын мэдэгдэх хуудас олгосон байсан. Энэ дээр харин манай байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн алдаа гаргасан байсан. Эрүүл мэндийн сайдын ээлжийн амралт олгох журмын хавсралтаар баталсан ээлжийн амралтын тооцоо хийх, ээлжийн амралт олгох маягтыг тус тус баталсан байдаг. Гэтэл хүний нөөцийн ажилтан маань ээлжийн амралтын тооцоо хийх маягт олгох байтал ээлжийн амралт олгох маягтыг андуурч өгсөн байдаг бөгөөд энэ нь төөрөгдөл үүсгэсэн байж магадгүй. Уг хуудсанд буцаж ажилдаа орох хугацааг тавиагүй байгаа. Эрүүл мэндийн сайдын баталсан журмын дагуу ажлаас чөлөөлөгдөж байгаа албан тушаалтантай заавал ээлжийн амралтын тооцоо хийсэн байх шаардлагатай. Үүний дагуу ээлжийн амралтын тооцоо хийсэн. ...Таван жолоочоос хэнийг нь сонгож чөлөөлөх эсэх нь Засаг даргын Тамгын газрын даргын өөрийн эрхийн асуудал юм. Үүнтэй холбоотой холбогдох ажилтнаас нь тодруулахад, жолоочийн албан тушаал нь даргын хувийн болон албаны нууцтай холбогддог, мөн жолоочийн ур чадвар, туршлага, итгэл даах чадвар зэргийг харгалзан дарга нар жолоочоо сонгосон гэдгийг тайлбарласан. Г, М, Б, Г, Э гэх нэр бүхий 5 жолоочоос М, Г нарыг жолоочийн ажлаас нь чөлөөлсөн. Гурван жолоочийг авч үлдэхдээ жолооч н.Г нь 20 гаруй жил жолоочоор ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн байдлаар ажлын хариуцлага алдаж байгаагүй учир аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П нь соната-7 маркийн машиныг бариулж, жолоочоор ажиллуулахаар болсон. Ч.Г өмнө нь 2018 онд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үндэслэлээр арга хэмжээ авагдаж байсан тул түүнийг сонгож ажлаас чөлөөлсөн. Аймгийн Засаг дарга н.Б гэх хүнийг өөрөө сонгож өөрийнхөө жолоочоор авч үлдсэн, аймгийн Засаг даргын орлогч н.Э гэх жолоочийг мөн сонгож өөрийн жолоочоор ажиллуулахаар болсон. Ажил олгогчийн сонголтын хүрээнд бүтэц, орон тоогоор батлагдсан 3 жолоочийг сонгон ажиллуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил олгогчийн гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх тохиолдолд тавигдах шаардлагуудыг Улсын Дээд Шүүхийн уг заалтыг тайлбарласан тайлбарт тодорхой зааж өгсөн байдаг. Ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах нь ажил олгогчийн эрх хэмжээний асуудал хэдий ч ажлаас чөлөөлөхдөө хууль зүйн үндэслэлтэй байх ёстой талаар тайлбарласан байдаг. Нэхэмжлэгч Ч.Гг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар ажлаас чөлөөлсөн хэдий ч яг аль үндэслэлийг нь баримталсан нь тодорхой бус байна. Тухайлбал, орон тоо цөөрүүлсэн, цомхотгосон эсэх нь тодорхой байх ёстой. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа орон тоог цөөрүүлсэн бөгөөд ажил олгогчийн эрх хэмжээний хүрээнд ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр 5 жолоочоос 2 жолоочийг халсан нь зөвхөн үзэмжээрээ шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй гэж харж байна. Ялангуяа өөрийн орон тоо, машин нь байхад ажлаас халсан нь хууль зүйн үндэслэл муутай болсон байна. Хэдий өөр байгууллагад шилжүүлэн ажиллуулахаар зохицуулалт хийсэн гэдэг ч албан ёсоор эрх зүйн баримт бичиг гараагүй бөгөөд шилжүүлсэн гэх тайлбар хийж байгаа нь ойлгомжгүй байна. Ч.Г, н.М, н.Г, н.Б, н.Э гэх хүмүүсээс Ч.Г, н.М нарыг сонгож ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Х аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Пын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/00 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны Засаг даргын тамгын газрын даргын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Пн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/00 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж Х аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хуулийн зохицуулалттай ба нэхэмжлэгч Ч.Г нь дээрх ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба тэрээр 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэний үүсгэсэн байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ, мөн хуулийн 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй гэж тус тус зохицуулсан тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гарсан 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хөөн хэлэлцэх хугацааны тасалдал үргэлжилжээ.

Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох ба 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолоход уг хугацаа 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөр дуусах байсан, нэхэмжлэгч 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байх тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байгаад хариуцагч байгууллагын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/00 дугаартай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/00 дугаартай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, /хх-ийн 7р тал/, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаартай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, /хх-ийн 11р тал/, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч нь Ч.Гыг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/00 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5, 43 дугаар зүйлийн 43.1, 94 дүгээр зүйлийн 94.1, аймгийн Засаг даргын 2021 оны Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бүцэц, орон тоог шинэчлэх, батлах, төрийн үйлчилгээний бусад албан тушаалын орон тоог тогтоох тухай А/194 дугаар захирамжийг тус тус үндэслэн жолоочийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажил олгогч нь аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо нь хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх нийтлэг үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох ба хуулийн энэхүү заалтын орон тооны цомхтгол нь байгууллагыг татан буулгасан, ажиллагсдын тоог хасах, цөөрүүлэх гэсэн 3 агуулгаар хэрэгждэг учиртай.

Хариуцагч нь Х аймгийн Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч Ч.Гын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэл болон ажлаас чөлөөлөх болсон шалтгаанаа ...Х аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах, төрийн үйлчилгээний бусад албан тушаалын орон тоог тогтоох тухай А/194 дүгээр захирамжийн хүрээнд Ч.Гд мэдэгдлийг 1 сарын өмнө өгч, мөн Эрүүл мэндийн сайдын баталсан журмын дагуу ажлаас чөлөөлөгдөж байгаа албан тушаалтантай заавал ээлжийн амралтын тооцоо хийсэн байх шаардлагатай ба энэ журмын дагуу ээлжийн амралтын тооцоо хийсэн. Таван жолоочоос хэнийг нь сонгож чөлөөлөх эсэх нь Засаг даргын Тамгын газрын даргын өөрийн эрхийн асуудал бөгөөд жолоочийн албан тушаал нь даргын хувийн болон албаны нууцтай холбогддог, мөн жолоочийн ур чадвар, туршлага, итгэл даах чадвар зэргийг харгалзан дарга нар жолоочоо сонгосон. Ч.Г өмнө нь 2018 онд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үндэслэлээр арга хэмжээ авагдаж байсан тул түүнийг сонгож ажлаас чөлөөлсөн гэж тайлбар гарган маргаж байна.

Х аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/00 дугаартай Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах, төрийн үйлчилгээний бусад албан тушаалын орон тоог тогтоох тухай захирамжийн 1 дүгээр хавсралтаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн орон тоог 3 байхаар баталсан болох нь тогтоогдож байх боловч Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь нэхэмжлэгч Ч.Гыг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/00 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж маргаж байгаа боловч энэ талаар тушаалд тусгаагүй.

Тодруулбал ажил олгогчийн дээрх тушаал нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлөх үндэслэл нь тухайн тушаалд баримталсан хуулийн зохицуулалттай тохирч байх ёстой атал уг тушаал хуулийн шаардлага хангаагүй байна.

Түүнчлэн хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн 5 орон тооноос Ч.Гыг сонгож ажлаас чөлөөлсөн болохыг нотолсон баримтыг буюу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаатай холбоотой холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/00 дугаартай Ч.Гыг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Ч.Гын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч байгууллагаас 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/00 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Гыг Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Х аймгийн Засаг даргын Тамгын газраас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН