Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2021/00845

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2021/00845

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багт оршин суух Хариад овогт Батсайханы Пүрэвцэцэг /РМ95041402/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар баг Бурхантын 301 тоотод оршин суух, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булагийн 278 тоотод түр оршин суух Халиугчин овогт Нямрагчаагийн Өлзий-Орших /РМ....../-д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 155/2021/00773/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч Б.П нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.П  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр Н.Өтой 2016 онд танилцаж, үерхэж байгаад бидний дундаас 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүү Ө.Х төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Ирэн, очин амьдарцгааж байсан юм. Н.Ө хүү Ханхүүг төрснөөс хойш ааш авир нь өөрчлөгдөж, гадуур тэнэж болж, бидний харилцаа хөндийрснөөс тусдаа амьдрах болсон.

Иймд эцэг Н.Өоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Н.Ө нь Б.Пийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдан оролцож байна. Б.Пэй 2016 онд танилцаж, үерхэж байгаад 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүү Ө.Хг төрүүлсэн. Б.Пэй 2018 оны 4 дүгээр сар хүртэл хамт амьдарч байгаад хувийн таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдрах болсон. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй юм. Одоо нэхэмжлэгч Б.П нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Би хүү Ө.Хд хүүхдийн тэтгэлгийн мөнгийг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Ө.Х нь миний хүүхэд мөн юм. Би Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг хүн байгаа юм. Шүүх хуралдаан зарлагдахад нааш дахин ирэх боломжгүй учраас намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Би хүү Ө.Хд хүүхдийн тэтгэлгийн мөнгийг хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр төлж явах болно гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч Н.Өод холбогдуулан

хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.П, хариуцагч Н.Ө нар нь гэрлэлтээ батлуулаагүй ба тэд үерхэж, хамтран амьдарч байх хугацаанд нэхэмжлэгч Б.П нь жирэмсэлж тэдний дундаас хүү Ө.Х төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Халиугчин овогт Ө.Х  бүртгэлийн 6710000042 дугаар бүхий төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.

Хүү Ө.Х нь эрүүл өсөж бойжиж байгаа баримт хэрэгт авагджээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ. гэж,

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон ... хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно. гэж,

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж тус тус заажээ.

Иймд 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Халиугчин овогт Ө.Х /РМ         /-д эцэг Халиугчин овогт Нямрагчаагийн Өлзий-Орших /РМ....../-оос хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно:

40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар;

40.1.2-т 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тогтоохоор хуульчилсан байх тул Ө.Хд 11 настай болтол тухайн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас, (суралцаж байгаа бол 18 нас)-тай болтол тухайн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Өоос тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Пийн Голомт банкны 1165117377 тоот дансанд 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,337 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.П олгох нь зүйтэй байна.

 

Шүүхээс хариуцагч Н.Ө шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тус иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Халиугчин овогт Өлзий-Оршихын Ханхүү /РМ17261119/-г 11 настай болтол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас, (суралцаж байгаа бол 18 нас)-тай болтол тухайн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Халиугчин овогт Н.Ө /РМ....../-оос тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Пийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.П олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХТУЯА