| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маруушийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 132/2018/00310/И |
| Дугаар | 0017 |
| Огноо | 2018-09-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 0017
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 404 дугаартай шийдвэртэй,
Г.О-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 3558011 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Н.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.
Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 2012 онд төрийн албаны шалгалт өгч улмаар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт хөдөлмөр халамж, хэвлэл мэдээллийн ажилтнаар томилогдон ажиллаж байсан. 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/09 тоот тушаалаар орон тоо хасагдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлснийг хууль зүйн үндэслэлгүй хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхийн шийдвэр гарч буцаад ажилдаа томилогдон ажиллаж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 2139716 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс хойшхи буюу 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын 143 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 3558011 төгрөгийг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин тодорхойлох журмын дагуу тооцож гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.О нь 2012 онд төрийн албаны шалгалт өгч улмаар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт хөдөлмөр халамж, хэвлэл мэдээллийн ажилтнаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/09 тоот тушаалаар орон тоо хасагдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар 3 шатны шүүхийн шийдвэр гарч буцаад ажилдаа томилогдон ажиллаж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 2139716 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс хойшхи буюу 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын 143 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 3558011 төгрөгийг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү. Цалингийн дундажийг ажлаас халагдахаас өмнөх 3 сарын цалингийн дунджаар тооцсон” гэжээ.
Хариуцагч Н.Г шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр Г.Оюунцэгийг ажилд томилж цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг хэрэгжүүлж ажилгүй байсан хугацааны цалин болох 2139766 төгрөг, ажил олгогчоос төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг шилжүүлж дэвтэрт бичилт хийхээс 1139766 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, нийгмийн даатгалын шимтгэл 176328 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус тус шилжүүлсэн. Уг шийдвэрийг хэрэгжүүлж ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Үлдсэнийг нь энэ сард багтаан төлөхөөр шийдвэрлээд байна. Шүүхийн шийдвэрээр тогтоосон цалинг төлнө, бусад нөхөн олговрыг төлөх боломжгүй байна. Шийдвэр гарснаас хойшхи нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг төлөөд 1000000 төгрөгийн нөхөн олговрыг олгож болно” гэжээ.
Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 404 дугаартай шийдвэрээр:
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас Г.О-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 3558011 /гурван сая таван зуун тавин найман мянга арван нэг/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.О-т олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Г.О-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт үүрэг болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72800 /далан хоёр мянга найман зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 71878 /далан нэгэн мянга найман зуун далан найм/ төгрөг, Төрийн сангаас илүү төлсөн 122 /нэг зуун хорин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын дарга Н.Г давж заалдах гомдолдоо:
“... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр Г.О-ийг ажилд томилж цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг хэрэгжүүлж ажилгүй байсан хугацааны цалин болох 2139766 төгрөг, ажил олгогчоос төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг шилжүүлж дэвтэрт бичилт хийхээс 1139766 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, нийгмийн даатгалын шимтгэл 176328 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус тус шилжүүлсэн. Уг шийдвэрийг хэрэгжүүлж ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Үлдсэнийг нь энэ сард багтаан төлөхөөр шийдвэрлээд байна. Шүүхийн шийдвэрээр тогтоосон цалинг төлнө, бусад нөхөн олговор буюу ажилгүй байсан хугацааны цалинг олгох боломжгүй тул Г.О-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 404 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Г.О нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 3558011 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.О нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт хөдөлмөр халамж, хэвлэл мэдээллийн ажилтнаар ажиллаж байгаад орон тоо хасагдсан гэх үндэслэлээр 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ажлаасаа чөлөөлөгджээ.
Г.О-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу түүнийг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацаа /2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх/-ны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 2139716 төгрөг олгохоор шийдвэрлэсэн Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаартай шийдвэр нь давж заалдах болон хяналтын журмаар хянан хэлэлцэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Ажил олгогч нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б/02 дугаартай тушаалаар Г.О-ийг ажилд буцаан томилсон байх бөгөөд нэхэмжлэгч нь анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн өдрөөс хойшхи хугацаа буюу 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 3558011 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын дарга Н.Г-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1, 167 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 404 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ М.ХҮРЭЛБААТАР