Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/хт2024/00137

 

Л.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 150/ШШ2023/00203 дугаар шийдвэртэй,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 208/МА2024/00016 дугаар магадлалтай,

Л.Б-ын нэхэмжлэлтэй

“Ц” ТӨХК-д холбогдох

“Ц” ТӨХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн Тооцоологч эдийн засагч буюу нэршил өөрчлөгдсөн Үйлдвэрлэлийн эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 15,000,000 төгрөг, 2022 оны өртөгт суурилсан урамшуулалд 6,810,281 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, өмгөөлөгч П.С, М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Б нь “Ц” ТӨХК-д холбогдуулан “Ц” ТӨХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн Тооцоологч эдийн засагч буюу нэршил өөрчлөгдсөн  Үйлдвэрлэлийн эдийн засагч болсон албан тушаалд эгүүлэн тогтоолгож, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 15,000,000 төгрөг,  2022 оны өртөгт суурилсан урамшуулалд 6,810,281 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 150/ШШ2023/00203 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар “Ц” ТӨХК-ийн захирлын 2023.04.14-ний өдрийн Б/362 тушаалыг хүчингүй болгож, Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн үйлдвэрлэлийн эдийн засагч албан тушаалд Л.Б-ыг эгүүлэн тогтоож, дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 15,000,000 төгрөгийг “Ц” ТӨХК-аас гаргуулан Л.Б-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 зүгээр зүйлийн 101.1, 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 6,810,281 төгрөгийг “Ц” ТӨХК-аас гаргуулан Л.Б-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Л.Б-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч “Ц” ТӨХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Ц” ТӨХК-аас 337,201 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 208/МА2024/00016 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 150/ШШ2023/00203 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.2.2, 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Б-ын нэхэмжлэлтэй хариуцагч “Ц” ТӨХК-д холбогдох ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337,202 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан хариуцагчид буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Л.Б-ын нэхэмжлэлтэй “Ц” ТӨХК-д холбогдох “Ц” ТӨХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн Тооцоологч эдийн засагч (2023 онд нэршил өөрчлөгдөн Үйлдвэрлэлийн эдийн засагч болсон) албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, 2022 оны өртөгт суурилсан урамшууллыг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023.12.05-ны өдрийн 150/ШШ2023/00203 дугаар шийдвэртэй, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.19-ний өдрийн 208/MA2024/00016 дугаар магадлалтай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б би давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т заасныг баримтлан дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч Л.Б-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар орон тоо цөөрсөн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан “Ц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.04.14-ний өдрийн Б/362 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлгүй, хэрхэн ямар шалгуур, үндэслэлээр ажилчдыг ажилд томилсон, ажлаас чөлөөлж цомхотголд оруулсан нь тодорхойгүй, дээд удирдах албан тушаалтны үзэмжээр хэн нэгэнд давуу байдал үүсгэж, зарим этгээдийг ажлаас чөлөөлсөн нь ялгаварлан гадуурхах нэг хэлбэр гэж үзсэн болно...” гэж дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2, 101 дүгээр зүйлийн 101.1, 128 дугаар зүйлийн 128.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх “... Дээрх үйл баримтаар дүгнэж үзэхэд тухайн хэлтсийн ажилтны 3 орон тоог цөөрүүлсэн байх ба нэхэмжлэгч Л.Б нь мэргэжлийн дагуу өөр тасаг нэгжид шилжин ажиллах хүсэлт гаргаагүй, нэхэмжлэгч Л.Б-ын хэлтсийн дарга, Санхүүгийн газрын дарга нарын зүгээс орон тооны цомхотголд оруулахаар санал оруулсан 3 хүнийг ялгаварлан гадуурхаж сонгосон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчоос дуусгавар болгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158 2.2, 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх шийдвэр магадлалаас харахад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэлийг хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт байна гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн хуульд заасан ялгаварлан гадуурхах харилцаа тогтоогдоогүй байна гэж дүгнэж, анхан болон давж заалдах шатны шүүхүүд Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтуулыг зөрүүтэй хэрэглэсэн.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг доорх үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Л.Б нь “Хөтөл цемент” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017.07.24-ны өдрийн Б/417 дугаартай тушаалаар Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэст Тооцоологч-нягтлан бодогчоор томилогдсоноос хойш 2023.04.14-ний өдрийг хүртэл 5 жил, 8 сар тасралтгүй ажилласан байдаг. Энэ хугацаанд компанийн хэлбэр, бүтэц, орон тоо хэд хэдэн удаа өөрчлөгдөж байсан боловч нэхэмжлэгчийн тооцоологч-нягтлан бодогчийн ажил үүргийн хуваарь, хийдэг ажил огт өөрчлөгдөж байгаагүй.

Тухайлбал: Гүйцэтгэх захирлын 2022.04.13-ний өдрийр Б/163 дугаар тушаалаар Эдийн засгийн хэлтсийн орон тоог 8 байхаар тусгаж, Л.Б, Б.У, Т.А, Б.С нарыг тооцоологч эдийн засагчаар, 2022.05.27-ний өдрийн Б/277 тушаалаар Л.Б-ыг Төлөвлөлт эдийн засгийн хэлтсээс Чулуунцарын үйлдвэрийн тооцоологч эдийн засагчаар, 2022.11.23-ны өдрийн Б/713 дугаартай тушаалаар Төлөвлөлт эдийн засгийн хэлтэс 11 орон тоотой, тооцоологч эдийн засагч 5 байхаар тогтоож, тооцоологч эдийн засагчаар Л.Б, Б.У, Т.А, Э.Т, Б.С нарыг томилж байсан.

Дээрх бүтцийн өөрчлөлтөөр Л.Б нь Төлөвлөлт эдийн засгийн хэлтэс, Чулуунцарын үйлдвэрийн алинд нь ч харьяалагдаж байгаагаас үл шалтгаалан Чулуунцарын үйлдвэрийн 256 ажилтны цалин хөлс бодох, бүтээгдэхүүний өртөг зардал гаргадаг ажил нь өөрчлөгдөөгүй хэвээр хадгалагдаж байсан ба одоо ч энэ албан тушаалын нэр өөрчлөгдсөн ч ажил нь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа болно. Орон тоо хасагдаагүй зөвхөн ажлын байрны нэршил өөрчлөгдсөн болон Чулуунцарын үйлдвэр татан буугдаагүй тохиолдолд уг үйлдвэрийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний өртөг зардал гаргах, ажилчдын цалинг бодох ажил хэвээрээ хадгалагдаж үлдсэн гэж нэхэмжлэгч талаас мэтгэлцэхэд хариуцагч талаас үгүйсгэдэггүй. Тухайлбал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И “Үйлдвэрийн эдийн засагч нь тооцоологч эдийн засагчийн ажлыг хийж байгаа”, хариуцагчийн өмгөөлөгч П.С “тооцоологч эдийн засагч нь үйлвэрийн эдийн засагчийн ажлыг давхар хийж байгаа” гэж анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарладаг. Гүйцэтгэх захирлын 2022.12.26-ний өдрийн А/291 дугаар тушаалаар Төлөвлөлт эдийн засгийн хэлтэс 8 орон тоотой болж, тооцоологч эдийн засагч гэх ажлын байрны нэршлийг үйлдвэрийн эдийн засагч гэж өөрчлөн 4 эдийн засагчтай байхаар баталж, 2023.04.14-ний өдрийн Б/362 дугаартай тушаалаар Л.Б-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан “орон тоо цөөрсөн” үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 2023.04.19-ний өдрийн Б/391 дүгээр тушаалын хавсралт “Албан тушаалын нэр өөрчлөгдсөн ажилтнуудын нэрс”-д үйлдвэрийн эдийн засагчаар Б.С, Э.Т, Б.У, Т.А нарыг томилсон байдаг.

Дээрх байдлаар 4 эдийн засагчийн орон тоотой байсан хэлтсийг 5 орон тоотой болгох, буцааж 4 орон тоотой болгож цөөрүүлэхэд хүн нэмж авах эсвэл халахаас өөр ямар хэрэгцээ шаардлага байсан талаар хариуцагч тал үндэслэлтэй тайлбар хийж чаддаггүй. Байгууллагын орон тоо цөөрсөн тохиолдолд уг албан тушаалыг эрхэлж байсан ажилтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг шалгаруулсныхаа дараа хамгийн бага үнэлгээ авсан ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан бол ажилтнууддаа тэгш боломж олгосон гэж үзэж болно.

Гэтэл эсрэгээр нь буюу өөрт таалагдахгүй ажилтнаа сонгож сонсох ажиллагаанд оруулсан удирдах албан тушаалтнуудын үйлдэл нь “Үл ялгаварлан гадуурхах” гэж заасан хөдөлмөрийн харилцааны суурь зарчимтай зөрчилддөг. Ийнхүү “орон тоо” цөөрсөн гэх үндэслэлээр 5 ажилтнаас хэнийг үлдээх тухай шийдвэр гаргахдаа яагаад 5 хүнээс 3-ийг нь буюу н.С, н.С, н.Б нарыг сонсох ажиллагаанд оруулсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.З “З ажилтныг чөлөөлөх шаардлагатай байна гэж тухайн үед Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Г, шууд дээд удирдлага Санхүү эдийн засгийн газрын дарга н.А, хүний нөөцийн хэлтсийн дарга н.Б 3 хүний нэр өгсөн байдаг. н.С, н.С, н.Б нар” гэж анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан ба түүний тайлбарыг нотлох бичгийн нотлох баримт хэрэгт байдаггүй. Гэвч энэ тайлбарыг үнэн зөв гэж үзвэл хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох жинхэнэ үндэслэл нь “даргад таалагдаагүй” гэх үндэслэл байсан нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл дарга нарын зүгээс ажилчиддаа тэгш бус ялгавартай ханддаг харилцааны үр дүнд Л.Б-ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь тогтоогдсон. Иймд удирдах албан тушаалтны үзэмжээр 5 эдийн засагчаас Б.С, Л.Б-ыг сонгож, ажлаас халах сонсох ажиллагаанд оруулж тэгш байдал, боломжийг нь алдагдуулж, үлдэх 3 эдийн засагчийг сонсох ажиллагаанд оруулалгүй, давуу байдал олгож, улмаар Л.Б-ын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2-т заасан ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох заалтыг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.05.30-ны өдрийн 001/ШХТ2024/00693 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Бын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Л.Б нь “Ц” ТӨХК-д холбогдуулан “Ц” ТӨХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн Тооцоологч эдийн засагч  буюу 2023 онд нэршил нь өөрчлөгдсөн Үйлдвэрлэлийн эдийн засагч албан тушаалд эгүүлэн тогтоолгож, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 15,000,000 төгрөг,  2022 оны өртөгт суурилсан урамшуулалд 6,810,281 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...“Ц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Н-ын 2023.04.14-ний Б/362 дугаартай тушаалаар орон тооны цомхотголд оруулан ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байна. … Засварын нэгдсэн цех нь компанийн бүтцээс хасагдсан учраас манай хэлтсийн орон тоо цөөрч байхад ажил үүргээ хэвийн үргэлжлүүлж байсан намайг орон тооны цомхотголд оруулсан нь хууль бус, шудрага бус, ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж үзэж байна. Мөн компанийн ажилтнуудад 2022 оны өртөг зардлаас тооцоолон 2023 оны 04-р сард олгосон өртөгт суурилсан урамшууллыг олгосон бөгөөд энэхүү урамшууллыг миний бие авах ёстой байтал ажлаас халагдсан ажилтанд олгохгүй байх нь зөв гэж Маргаан таслах зөвлөлөөс шийдвэрлэсэн ...” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “Ц” ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “… нэхэмжлэгч Л.Б-ын томилогдон ажиллаж байсан Тооцоологч эдийн засагчийн ажлын байр  хасагдсан тул түүнтэй үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан бөгөөд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу урьдчилан мэдэгдэх, тушаалыг гардуулах, тэтгэмж олгох зэрэг хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор, хугацаанд нь биелүүлсэн тул ажил олгогчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй. … Нэхэмжлэгч Л.Б нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбогдуулан олгогдсон тэтгэмжийг хүлээн авсан бөгөөд энэ нь тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болно. Гүйцэтгэх захирлын 2023.04.21-ний өдрийн А/191 тоот “Журам батлах тухай” тушаалаар “Өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгох журам”-ыг баталсан бөгөөд уг журмын 3.1.3-т “Ажил олгогч болон ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж, ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд урамшуулал олгохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн 2022 оны өртөгт суурилсан урамшууллыг олгуулах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй болно.” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “... хэрхэн ямар шалгуур, үндэслэлээр ажилчдыг ажилд томилсон, ажлаас чөлөөлж цомхотголд оруулсан нь тодорхойгүй, дээд удирдах албан тушаалтны үзэмжээр хэн нэгэнд давуу байдал үүсгэж, зарим этгээдийг ажлаас чөлөөлсөн нь ялгаварлан гадуурхах нэг хэлбэр, ... хариуцагч тайлбартаа ... холбогдох нэгжийн удирдлага эдгээр хүмүүсийг чөлөөлөх хамтран ажиллах боломжгүй гэж тодорхойлж өгсөн гэсэн нь Л.Б-ыг ямар үндэслэл, шалтгааны улмаас, ямар шалгуураар орон тооны цомхотголд оруулж ажлаас халсан талаараа хариуцагч тал нотолж чадаагүй тул  ...“Ц” ТӨХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн Тооцоологч эдийн засагч буюу нэршил өөрчлөгдсөн Үйлдвэрлэлийн эдийн засагч албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй,  ... цалин хөлсний олговорт 15.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох,  … Л.Б нь 2023.04.14-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн, 2022 онд ажилласан байх тул “Ц” ТӨХК-аас ажилчдад олгосон 2022 оны Өртөгт суурилсан менежментийн урамшуулал 6,810,281 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй...” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд хангаж шийдвэрлэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй,  ... Төлөвлөлт эдийн засгийн хэлтэс нь 11 орон тоотойгоор ажиллаж байгаад орон тоо 8 болж цөөрөх үед тухайн хэлтсийн болон компанийн удирдах ажилтнуудын зүгээс цомхотголд оруулах 3 ажилтан буюу Л.Б, П.С, Б.С нарын нэрсийг өгч тус компанийн хүний нөөцийн болон хуулийн хэлтсийн ажилтнууд сонсох ажиллагааг явуулсан болох нь нотлогдсон, Б.С тус хэлтэстээ өөрийн хүсэлтээр гарсан ажилтны оронд ажиллаж үлдсэн, П.С өөр хэлтэс тасагт шилжиж ажиллах хүсэлтээ илэрхийлсэн, нэхэмжлэгч Л.Б хүлээн зөвшөөрөхгүй талаараа хэлсэн боловч өөрийн хүсэлтээр ээлжийн амралтаа эдэлж ирсний дараа буюу 2023.04.14-ний өдрийн Б/362 тоот тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа ажил олгогчийн санаачилгаар цуцлагдсан байна. Дээрх үйл баримтаар дүгнэж үзэхэд ажил олгогч компанийг нэхэмжлэгч Л.Б-ыг ялгаварлан гадуурхсан, удирдах албан тушаалтны үзэмжээр хэн нэгэнд давуу байдал үүсгэсэн гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй, ажлаас чөлөөлөх үйл баримт хуульд заасан шаардлагын хүрээнд явагдсан гэж үзнэ. ...” гэсэн дүгнэлт хийжээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан орон тоо цөөрсөн талаарх зохицуулалтыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

12. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Л.Б нь Х-ийн “Ц” ХК-д 2017.07.24-ний өдрөөс эхлэн тооцоологч-нягтлан бодогч, “Ц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.04.13-ны өдрийн Б/163 дугаар тушаалаар Эдийн засгийн хэлтэст Тооцоологч эдийн засагчаар, 2022.05.27-ны өдрийн Б/277 дугаар тушаалаар нэхэмжлэгч Чулуунцарын үйлдвэрт Тооцоологч эдийн засагчаар, 2022.11.23-ны өдрийн Б/713 дугаар тушаалаар Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн Тооцоологч эдийн засагчаар тус тус томилогдож ажиллаж байсан, 2023.04.14-ний Б/362 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас халсан үйл баримт тогтоогдсон.

13. Зохигчийн маргааны зүйл нь нэхэмжлэгч Л.Б-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан орон тоо цөөрсөн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь хуульд нийцсэн эсэх асуудал болжээ.

14. Хариуцагч “Ц” ТӨХК нь  Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022.11.10-ны өдрийн 20 дугаар тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтэц орон тоо шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор “Ц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.26-ны өдрийн А/291 дүгээр тушаалаар компанийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц орон тооны дээд хязгаарыг батлахдаа нэхэмжлэгч Л.Б-ын ажиллаж байсан Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн тооцоологч эдийн засагчийн ажлын байрны нэрийг үйлдвэрлэлийн эдийн засагч гэж өөрчилж, орон тоог өмнө 5 байсныг 4 болгон цөөрүүлэхдээ нэхэмжлэгч Л.Б-ыг сонгож түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.

15. Хариуцагч энэ талаар тайлбарлахдаа хэлтэс, нэгжийн удирдлагын саналыг харгалзсан, мөн сонсох ажиллагаа явуулахад Л.Б нь ажлаас халах шийдвэрийг зөвшөөрөхгүй гэснээс өөрөөр санал хүсэлт гаргаагүй тул түүнийг ажлаас чөлөөлсөн гэсэн нь хуульд нийцээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй.

16. Харин давж заалдах шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг ажилтныг ялгаварлан гадуурхсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь буруу биш боловч орон тоо цөөрсөн тохиолдолд ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах нөхцөл шаардлагыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй тул магадлалыг хүчингүй болгоно.

17. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан ба  “Ц” ТӨХК-ийн хувьд энэ хуульд заасан орон тоо цөөрсөн нөхцөл байдал бий болжээ.

Энд заасан орон тоо цөөрсөн гэдэг нь хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг хэлэх бөгөөд маргааны тохиолдолд орон тоо цөөрсөн гэсэн үндэслэлд хамаарна.

Учир нь хариуцагчаас өөрийн зохион байгуулалтын бүтэц нэгжийн орон тоог өөрчлөхдөө Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн тооцоологч эдийн засагчийн ажлын байрны нэрийг үйлдвэрлэлийн эдийн засагч гэж өөрчилж, орон тоог өмнө 5 байсныг 4 болгосон нь орон цөөрсөн гэж үзнэ.

Тодруулбал компанийн гүйцэтгэх захирлын 2022.04.13 №Б/163 дугаар тушаалаар Эдийн засгийн хэлтсийг 8 орон тоотой, үүнээс үйлдвэрлэлийн эдийн засагч 1, тооцоологч эдийн засагч 4 ажиллаж байсныг 2022.09.27 №А/205 дугаартай тушаалаар Төлөвлөлт эдийн засгийн хэлтэс болгож 11 оронтой, үүнээс үйлдвэрлэлийн эдийн засагч 1, тооцоологч эдийн засагч 5 болгон өөрчилсөн ба 2022.12.26 №А/291 дугаар тушаалаар хэлтсийн нэрийг өөрчлөөгүй, тооцоологч эдийн засагчийн орон тоо байхгүй болж, үйлдвэрлэлийн эдийн засагч 4 байхаар тогтоосон байна.

Дээр дурдсан тушаалуудад албан тушаалын нэр өөрчлөгдсөн гэж дурдсанаас болон хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт баримтаас үзэхэд сүүлийн тохиолдолд өмнө байсан тооцоологч эдийн засагч болон үйлдвэрлэлийн эдийн засагчийн орон тоог нэгтгэн албан тушаалын нэрийг үйлдвэрлэлийн эдийн засагч гэж нэрлэж, орон тоог нийт 6 байсныг 4 болгож цөөрүүлсэн.

18. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т зааснаар ажил олгогчоос холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн  ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох, ийнхүү цуцалж, дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах үүрэгтэй бөгөөд орон тоо цөөрсөн үед ажил олгогч нь үлдээж ажиллуулах ажилтныг сонгох тодорхой шалгуур, шаардлагыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ зэрэгт тусгах замаар зохицуулах боломжтой юм.

Гэтэл хариуцагч ийнхүү зохицуулаагүй атлаа нэгжийн удирдах ажилтны саналыг харгалзсан гэсэн нь хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааны суурь зарчмуудад нийцээгүйгээс гадна энэ нь тодорхой, шалтгаан бүхий үндэслэл болохгүй.

Тухайлбал, хариуцагч  нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022.05.18-ны өдрийн 04 дүгээр тогтоол, гүйцэтгэх захирлын 2022.09.27-ны өдрийн А/205 дугаар тушаалыг үндэслэн компанийн зохион байгуулалтын нэгжүүдийн дотоод бүтэц, орон тоог шинэчилсэнтэй холбоотойгоор  компанийн гүйцэтгэх захирлын 2022.11.23-ны өдрийн Б/713 дугаар тушаалаар ажиллагсдыг ажилд дахин томилохдоо Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн тооцоологч эдийн засагчаар нэхэмжлэгч Л.Б болон Б.У, Т.А, Э.Т, Б.С нарын 5 хүнийг томилж, ажиллуулж байгаад 2022.12.26-ны өдрийн №А/291 дугаар тушаалаар өөрчлөгдсөн бүтцийн дагуу үйлдвэрлэлийн эдийн засагчийн 4 орон тоонд дурдсан нэр бүхий ижил түвшний ажилтнуудаас нэхэмжлэгч Л.Б-ыг яагаад сонгож ажлаас халсан үндэслэл тодорхойгүй, Б.С-гийн хувьд гурав хүртэлх насны хүүхэдтэй шалтгаан байснаас өөрөөр тухайн ажилтнуудын ажлын үр дүн, гүйцэтгэл, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан үзсэн тухай нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймээс хариуцагч нь орон тоо цөөрсөн үндэслэлээр нэхэмжлэгч Л.Б-ыг ажлаас халахдаа тодорхой үндэслэлгүйгээр түүнийг сонгож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д нийцээгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

19. Харин анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхсан гэж үзсэн нь хэргийн баримтад нийцээгүй байх тул энэхүү дүгнэлтийг залруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч шаардлагаа үндэслэхдээ ажил олгогчийг ялгаварлан гадуурхсан гэсэн нөхцөлийг дурдсан боловч энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглосон шинж хэргийн баримтаар тогтоогдоогүй байгааг анхаараагүй байна.

20. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 15,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд  эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасныг зөрчөөгүй, түүнийг ажлаас чөлөөлөгдсөнөөс ажилд эгүүлэн тогтоосон буюу энэ тухай шүүхийн шийдвэр  гарах хүртэл хугацаанд авах олговрын хэмжээнд нийцсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халахдаа 2023.04.14-ний өдрийн Б/362 дугаар тушаалд зааснаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 7,177,800 төгрөг олгосон тул энэхүү тэтгэмжийг дээрх ажилгүй байсан хугацааны олговрыг олгохдоо харилцан тооцох боломжтойг дурдах нь зүйтэй.

21. Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Ажилтны ур чадварын, ажилласан жилийн, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны болон бусад нэмэгдлийг хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно.” гэж заасан.  

Нэхэмжлэгч Л.Б- нь 2022 онд Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн Тооцоологч эдийн засагчаар бүтэн ажилласан, улмаар түүнийг ажилд эгүүлэн тогтоосон тул анхан шатны шүүхээс  “Ц” ТӨХК-ийн 2023.04.21-ний өдрийн А/191 дүгээр тушаалаар баталсан “Өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн тухайн 2022 оны урамшуулалд 6,810,281 төгрөг олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтад нийцсэн.

22. Иймд эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 208/МА2024/00016 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 150/ШШ2023/00203 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД                                                                     Н.БАТЗОРИГ

                                                                                                       Н.БАТЧИМЭГ

                                                                                                       Н.БАЯРМАА

                                                                                          П.ЗОЛЗАЯА