Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 988

 

 

 

 

 

 

2020             8              6                                           2020/ДШМ/988                              

 

     З.Дд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Буяндэлгэр,

хохирогч Т.Г,

шүүгдэгч З.Д, түүний өмгөөлөгч Б.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Д, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын давж заалдах гомдлоор З.Дд холбогдох эрүүгийн 1904000630040 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

           

 

          З.Д нь Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ахиц трейд” ХХК-ийн “Ахиц-1” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд ажиллахдаа 10.234.880 төгрөгийг, 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд ажиллахдаа 2.063.0750 төгрөгийг, мөн дээрх хугацаанд 726.500 төгрөгийн нэгжний мөнгө болон бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас нийт 13.138.130 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

          Багануур дүүргийн прокурорын газраас: З.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Дг таван зуун /500/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг З.Дд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар З.Дгээс 12.750.130 төгрөг гаргуулан хохирогч Т.Гд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 400.000 төгрөгийг З.Дгээс гаргуулан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд тус тус олгож, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол З.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, З.Дд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч З.Д болон түүний өмгөөлөгч Б.Батбаяр давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Шүүгдэгч З.Д нь “Ахиц-1” дэлгүүрт хохирол учруулаагүй гэх дараах үндэслэлүүд байна. Үүнд:

З.Д нь худалдагчаар ажиллаж байх хугацаандаа гэрлүүгээ бараа, материал авч яваагүй нь “Ахиц трейд” ХХК-ийн харуул ажилтай Х.Эн гэрчээр өгсөн “З.Дг гэрлүүгээ тортой зүйл аваад явж байхыг хараагүй, ээж нь хоол цай хүргэж ирээд явж байсныг мэдэх юм байна.”, мөрдөгчөөс “худалдагч нар өдрийнхөө орлогыг яаж байгууллагад өгдөг вэ?” гэхэд “захирал өөрсдөө орой, өдөртөө ирээд аваад явдаг” гэх, мөн гэрч Б.Мөнхцэцэгийн “З.Дгийн бараа, мөнгө хүмүүст зээлээр өгч байхыг нь хараагүй, “Ахиц-1” хүнсний дэлгүүрт ажиллаж байх хугацаанд дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн, орлогыг гэрийнхэндээ өгөх, гэрлүүгээ авч явах зэрэг асуудал гаргаж байгаагүй" гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна. “Ахиц-1” дэлгүүр нь өөрийн ашгийг бодож, цөөн тооны ажилтан авч олон цагаар, ээлжгүй ажиллуулдаг болох нь тухайн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан Г.Урангоогийн “зарагдсан барааг бүртгэж тэмдэглэх ямар ч завгүй ажилладаг байсан” гэх тус тус мэдүүлгүүдээс харагдаж байна. Мөн мөрдөгчөөс “худалдагч нар өдрийнхөө орлогыг яаж байгууллагад өгдөг вэ?” гэж асуухад гэрч Урангоогийн “тухайн өдрийнхөө оройн 23 цаг 40 минутын үед захирал руу утсаар яриад өнөөдөр ийм орлого орсон гэж хэлээд камерт харуулж байгаад цаасан уутанд хийгээд лацдаж далд хийдэг. Маргааш нь захирал тэрийг 11 цагийн үед ирж гарын үсэг зураад авдаг. Дг зээлээр бараа өгдөг байсныг мэдэхгүй байна.” /хх 92/ гэснээс харахад дэлгүүрийн орлогыг захирал нь ирээд аваад явдаг байсан тул З.Д нь дэлгүүрийн орлогоос хувьдаа завшсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. З.Дгийн гэм буруутай эсэхэд хамгийн их ач холбогдолтой нотолгоо болох шинжээч нарын эргэлзээтэй дүгнэлтийг мөрдөн шалгах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулалгүй мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирлын талаар:

Т.Г, захирал Н.Шинэжил, шинжээч нарын мэдүүлгээр “З.Дг 2018 оны 10 дугаар сарын 26-наас 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 2019 оны 1 дүгээр сарын 04-нөөс 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд ажиллаж байхдаа “Ахиц-1” ХХК-ийг хохироосон гэх боловч Н.Шинэжил захирал нь 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр тушаал гаргаж З.Дг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Эндээс үзэхэд, З.Д 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс хойш уг дэлгүүрт ажиллахааргүй болсон байна. Гэтэл энэ хугацаанаас хойш дэлгүүрийг хохироож, алдагдалд оруулсан гэж өргөдөл гаргасан нь бодит үнэнд нийцэхгүй юм.

Дээр дурдсанчлан шинжээч Т.Оюунтуяа, С.Оргил нарын дүгнэлт зөрүүтэй байхад зөрүүг арилгаж, эргэлзээгүй болгоогүй байна. Тухайлбал, шинжээч Т.Оюунтуяа нь “Худалдагч хоёр сарын хугацаанд багаар мөнгө завшаад байхад 10 сая төгрөгийн зөрүү, дутагдал гаргах бүрэн боломжтой” гэж таамаг дэвшүүлэн дүгнэсэн бол шинжээч С.Оргил “Обьектын шаардлага Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.1 дэх хэсэгт зааснаар “шинжилгээ хийхэд шаардагдах тоо, хэмжээ, чанарын үзүүлэлтийг хангасан байх” гэсэн заалтыг зөрчсөн байсан учир бодит хохирлыг тогтоох боломжгүй байна. Үнэхээр З.Д дутаасан гэдгийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй. Мөн хэрэгт тус компаниас шаардлагатай санхүүгийн албан ёсны баримтыг ирүүлээгүй, тооллого хийж тооцоо бодсон акт зэргийг ирүүлээгүй, мөн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Ахиц трейд” ХХК-ийн менежер Г болон худалдагчаар ажиллаж байсан З.Д нарыг байлцуулан дэвтрийн бүртгэлийн тооцоогоор тулгалт хийхэд З.Дгийн 2018 оны 10 дугаар сарын 26-наас 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 10,234,880 төгрөгийн зөрүү, 2019 оны 1 дүгээр сарын 4-нөөс 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 2,063,750 төгрөгийн, нийт 12,298,630 төгрөгийн тооцооны зөрүү байна. Гэхдээ энэ тооцоо нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.1-т “шинжилгээ хийхэд шаардагдах тоо, хэмжээ, чанарын үзүүлэлтийг хангасан байх”, 10.4.2-т “эх хувь буюу биет байдлаар, эсхүл шинжилгээний шаардлага хангахуйц бусад хэлбэртэй байх” гэсэн заалтыг зөрчиж байх тул эдийн засгийн шинжилгээгээр бодит хохирол тогтоох боломжгүй” гэснээс үзэхэд шинжээч нар шаардлагатай баримтууд дээр тулгуурлаж шинжилгээ хийгээгүй, хоорондоо зөрүүтэй дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна.

Шүүгч шинжээчийн "... дэвтрийн бүртгэлийн тооцоогоор тулгалт хийхэд З.Дгийн 2018 оны 10 дугаар сарын 26-наас 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд 10,234,880 төгрөгийн зөрүү, 2019 оны 1 дүгээр сарын 4-нөөс 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 2,063,750 төгрөгийн, нийт 12,298,630 төгрөгийн тооцооны зөрүү байна ...” гэсэн дүгнэлтийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож З.Дг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.”, мөн 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэсэнтэй нийцэж байна.

Мөн шүүхийн шийтгэх тогтоолд “хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн” гэсэн хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана” гэснийг зөрчиж гаргасан шинжээчдийн дүгнэлтийг нэг мөр болгоогүй, эргэлзээтэй дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч З.Дгийн өмгөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “... Хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн байдал, шийтгэх тогтоолыг харахад хохирогчийн мэдүүлэг, аудитын дүгнэлт, шинжээчийн дүгнэлтийг шийтгэх тогтоолын гол үндэслэл болгож үнэлсэн байсан. Шийтгэх тогтоолд гэрч Х.Энхбаяр, Б.Мөнхцэцэг, Г.Урангоо, хохирогч Т.Ггийн мэдүүлэгт гэмт хэргийг үгүйсгэсэн, няцаасан дүгнэлтийг хийгээгүй. ... З.Дд хөдөлмөрийн дотоод журам болон эд хөрөнгө хариуцуулсан баримттай танилцуулаагүй. Хохирогчийн мэдүүлгээр “нэг ажиллуулаад үзье” гэж ажиллуулсан. Хуульд зааснаар эд хөрөнгө итгэмжлэн хариуцуулсан байдал нь тодорхойгүй. ... шүүгдэгч З.Д хэрэв бараа эсвэл мөнгө дутаасан бол хэдний өдрийн ямар орлогыг авсан талаар хэрэгт авагдсан зүйл байхгүй. Тухайн дэлгүүр нь хяналтын камерын бичлэгтэй. Бичлэг нь 10-аас 15 хоног хадгалагддаг. Тэр хугацааны камерын бичлэгийг шалгаагүй. Шалгуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. ... Шийтгэх тогтоолын гол үндэслэл болгож байгаа шинжээчийн дүгнэлтээр ял оногдуулсан. Шинжээч С.Оргилын “аудитын дүгнэлтийг бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Ирүүлсэн материал нь худалдагч З.Дгийн тооцоотой холбоогүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон дагаж мөрдөх журмын дагуу хөтөлсөн санхүүгийн баримт байхгүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.1, 10.4.2 дахь заалтыг хангаагүй. Бодит хохирлыг тооцох нотлох баримт болох боломжгүй” гэх мэдүүлэг, мөн “дүгнэлт гаргасан шинжилгээний обьект нь шинжилгээний шаардлага хангахгүй байхад үүнийг үндэслэн дүгнэлт гаргаж, тэр дүгнэлтийг үндэслэж З.Д хохирол учруулсан гэж үзэх боломжгүй” гэж шинжээч мэдүүлсэн. Анхан шатны баримт гэдэг юу болохыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3, 13.5 дахь заалтад маш тодорхой заасан. Гэтэл энэхүү аж ахуй нэгжийн анхан шатны баримт нь байхгүй. Гарын үсэг зурж бичгээр үйлдсэн баримт нь шаардлага хангахгүй байгаа талаар шинжээч маш дэлгэрэнгүй дүгнэлт хийсэн. Бодит хохирлыг үүгээр тогтоох боломжгүй. Үнэхээр З.Д дутаасан эсэхийг тогтоох боломжгүй талаар эдийн засгийн шинжээч мэдүүлэг өгсөн. Дээрх нөхцөл байдлаас дүгнэлт хийж үзэхэд төлбөр мөнгө дутсан эсэх, түүнийг З.Д учруулсан эсэх нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байхад тогтоох ажиллагаа хийгээгүй. Үүнийг нэг бүрчлэн тогтоолгүйгээр ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч З.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би тус газарт ажиллаж байхдаа цалин аваагүй. 2 сар гаруй хугацаанд ажиллахад ямар ч мөнгө аваагүй байж буруутан болсондоо гомдолтой байна. Эхний тооцоо болоход 10.000.000 төгрөг дутаасан гэсэн. Миний ажиллаж байсан газар камертай учир бараа эсвэл мөнгө авсан бол камерт бичигдэнэ, шалга гэхэд шалгаагүй.” гэв.

 

Хохирогч Т.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:: “... Манайх 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулаад 18 жил болж байна. Манай байгууллагын үндсэн журам нь 14 хоног ажиллаад 14 хоног амардаг. Д анх 8 дугаар сард ажилд орохоор ирж байсан. Манай нөгөө ээлжийн худалдагч “Д гэх хүн байна, дээд боловсролтой, өмнө ажиллаж байсан туршлагатай юм байна” гээд, мөн Д өөрөө “Би ээжтэйгээ хамт амьдардаг, нөхөргүй, хүүхэдтэй ар гэр нь татлаа түтлээгүй” гэж хэлж байсан. Би амаар гэрээний нөхцлөө тохиролцоход зөвшөөрөөд ажилд орсон. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тооцоо нийлэхэд дэлгүүрээс 10.234.880 төгрөг дутсан. Энэ хүн надад хэлэхдээ “миний хүүхдийг ээж харж өгдөг, би үйлчлэгч хийе” гэж хэлж байсан. Эхлээд ажлын хариуцлага маш сайн байсан. Сүүлдээ залхуу, хайнга, хийж байгаа ажилдаа хайхрамжгүй ханддаг болсон. Эхний тооллогоор 8 сая гаруй төгрөгийн дутагдал гарсан. “Яагаад ингэж дутаж байгаа юм бэ, чи өөрөө шүүгээд үз” гээд би материалыг нь өгөөд явуулсан. Хэд хоногийн дараа “1 сая гаруй төгрөгийн зөрүү гарч байна” гэж хэлсэн. Би харахад 9-ийн тоог 2 болгож зассан байсан учир би “чи үүнийг зассан байна” гэж хэлсэн. Тэгээд “чи дахин бодоод ир” гэхэд Д “чи бодож чадахгүй байна, би мэргэжлийн нягтлан бодогчоор бодуулна” гэж хэлээд миний бүх баримтыг аваад явсан. Энэ 2 сар гаруй хугацаанд би шалгуулж байна, үзүүлж байна гэж байсан. Ингээд би шийддэг газраар шийдүүлнэ гээд цагдаад өгсөн. Багануурт аудитын байгууллага байхгүй учир Улаанбаатар хотод ирээд 1.500.000 төгрөг төлж дүгнэлт гаргуулсан. Гэтэл үүнийг бас зөвшөөрөхгүй гээд Шүүх шинжилгээний байгууллагаар шинжилгээ хийлгэнэ гэсэн. Шинжээч Оргил биднийг өрөөндөө дуудаад хамт сууж байгаад дүгнэлт гаргуулсан. Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөв гарсан гэж үзэж байна.” гэв.

 

Прокурор Б.Буяндэлгэр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж байна. Учир нь, “гэрч нар бид бараа хүлээж авах, орлого өгөхөд захирлууд хамт байдаг. Худалдагч нарт түлхүүр байдаг” гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүх боломжит хугацаагаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч гэм буруугийн хуралдааны дараа 2 хоног завсарлага аваад орж ирэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй гэж байр суурь нь өөрчлөгдсөн байсан. Шинжээч Оргил агуулгаараа нягтлан бодох бүртгэлийн журам зөрчсөн байна гэсэн. Аудитын дүгнэлт болон шинжээчийн дүгнэлтээр З.Д нь ажиллаж байх хугацаандаа 13 сая төгрөгийг дутаасан болохыг аль аль нь гаргаж ирж тавьсан. Үүнд үндэслэж шинжээч Оргил хохирлын хэмжээг тооцох боломжгүй гэсэн учир мөрдөгчийн магадлагаа үйлдэж хэрэгт хавсаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч магадлагаатай маргахгүй гэсэн учир уг магадлагааг үнэн зөв гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокуророос З.Дг Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ахиц трейд” ХХК-ийн “Ахиц-1” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд ажиллахдаа 10.234.880 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд ажиллахдаа 2.063.750 төгрөгийг, мөн дээрх хугацаанд 726.500 төгрөгийн нэгжний мөнгө болон бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас нийт 13.138.130 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг нотлон тогтоож ирүүлээгүй, хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар түүнийг гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдоогүй байхад З.Дг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар З.Дг завших гэмт хэрэг үйлдсэн гэж эргэлзээгүйгээр нотлоогүй тул түүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсонгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Хэрэгт авагдсан гэрч Х.Эн “... Д ганц нэг удаа хүмүүст архи зээлж байгаа харагдсан. Өөрийг нь бараа бүтээгдэхүүн авч хэрэглэж байхыг мэдэхгүй. ...гэрлүүгээ тортой зүйл аваад явж байхыг нь хараагүй, ээж нь хоол цай хүргэж ирээд явдаг байсныг мэдэх юм байна. Захирлууд өдрийн орлогыг өөрсдөө оройдоо ирээд аваад явдаг. ...” /1хх 80-81/,

гэрч Б.Мийн “... З.Д дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүн, орлогыг гэрийнхэндээ өгөх, гэрлүүгээ авч явах зэрэг асуудал гаргаж байгаагүй. ...” /1хх 88-89/,

гэрч Г.Уийн “... тухайн өдрийнхөө оройн 23 цаг 40 минутын орчимд захирал руу утсаар яриад өнөөдрийн орлогыг хэлээд, камерт харуулж байгаад цаасан уутанд хийгээд лацдаж далд хийдэг. Маргааш нь тус орлогыг захирал 11 цагийн үед ирж авдаг. ...зарагдсан барааг бүртгэж тэмдэглэх ямар ч завгүй ажилладаг байсан.” /1хх 91-94/,

хохирогч Т.Г-ийн “... би З.Дг ажилд авахдаа анкет бөглүүлж, ажилд авах тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Би өөрөө гардаж аваагүй, манай худалдагчаар ажиллаж байсан хүн дээр “зарын дагуу ирлээ” гэж ирсэн байсан. Тэгэхээр нь ямар ч гэсэн аваад ажиллуулаад үзье гэж шийдсэн. ...” /1хх 63-64/,

З.Дгийн яллагдагчаар өгсөн “... надад бусдын эд хөрөнгийг завшсан зүйл байхгүй. Би 13 сая төгрөгийг өдрийн нэг сая төгрөгийн орлоготой дэлгүүрээс 2 сарын хугацаанд завших боломж байхгүй. Өдрийн орлогоос заримдаа бараагаа авдаг. Намайг ажиллах 2 сарын хугацаанд ажилласан 27 өдрийн орлогоос бараа авсан, мөн 6 өдөр нь архи зарахгүй өдөр тул 200,000-300,000 төгрөгийн ордог байсан. Энэ орлогоос мөн адил бараа авдаг байсан. ...” /1хх 94/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаартай “Эд хөрөнгийн тайлан тооцоог нягтлан бодох бүртгэлд зөв тусгаагүй, зөвхөн гар бичмэл дэвтэр дээр бичиж тэмдэглэж, гарын үсэг зурж байсан тооцоо бүртгэлийг үндэслэж аудитын дүгнэлт гаргасан байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “... “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог”, 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно.“, 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна.” 13:7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.” гэсэн заалтуудыг тус компани нь мөрдөж ажиллаагүй байна.” /2хх 48-51/ гэсэн дүгнэлт зэрэг баримтуудаас үзэхэд шүүгдэгч З.Д нь бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аливаа нэг гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, арга хэрэгсэл, учруулсан хор уршиг, шалтгаант холбоо, гэмт этгээд болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцаа, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэж, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоосон байдалд хууль зүйн дүгнэлт хийдэг.

 

Хэрэгт авагдсан “Есөн хангай” аудит ХХК-ийн шинжээч Т.Оюунтуяагийн дүгнэлт нь дээр дурдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаартай дүгнэлтээр үгүйсгэгдсэн, анхан шатны шүүхээс хэргийн нотлох баримтаар үнэлсэн мөрдөгчийн магадлагаа нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдоогүй, юуг үндэслэж ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үндсэн дээр магадлагаа гаргасан нь ойлгомжгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд тодорхойлсон “мөрдөгчийн магадлагаа” тавигдах шаардлагыг хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг нотлон тогтоож ирүүлээгүй, хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул түүнийг мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгов.  

 

Түүнчлэн, шүүгдэгч З.Дгийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ...эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж  заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл үүсэв.

 

Шүүгдэгч З.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Багануур дүүргийн прокурорын газраас З.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар хэрэгсэхгүй болгож, Зоригбадрахын Дг цагаатгасугай.

2. Шүүгдэгч З.Д нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдаж З.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

              ДАРГАЛАГЧ,

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Т.ӨСӨХБАЯР

              ШҮҮГЧ                                                                     Л.ДАРЬСҮРЭН

              ШҮҮГЧ                                                                     Б.БАТЗОРИГ