| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0368/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/724 |
| Огноо | 2024-06-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Чингүн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/724
2024 06 24 2024/ШЦТ/724
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Ч.Чингүн /томилолтоор/,
Шүүгдэгч М.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******од холбогдох 2306 03965 0983 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2 оны дугаар сарын -ны өдөр Орхон аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, GS-25 дэлгүүрт худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, ....... оюутны байрны В....тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, БГ/РД: /.
Хэргийн товч агуулга:
М.Гнь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг И-март худалдааны төв дотор иргэн Н.Ганхүүгийн эзэмшлийн Голомт банкны 1605108388 дугаартай данснаас 94 удаагийн үйлдлээр нийт 6.970.500 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн Хаан банкны 5400994669 дугаартай данс руу шилжүүлэн авч, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Гөгсөн мэдүүлэгтээ: “Сүүлд дансыг цагдаа дээр байж байхад шалгасан. 6.970.500 төгрөгийг би аваагүй. Би өмнө нь авсан мөнгөө аваад хийсэн. 2 сая төгрөг аваад 1200.000 төгрөг хийгээд, дараа нь дахиж хийж байсан. Миний дансанд 5 сая төгрөг л орсон байсан. Яаж бодож 6 сая гаран төгрөг гарсан байгааг ойлгохгүй байна. Тухайн үед байцаагч дуудаад мөнгөний тоо зөрөөд байна гээд мөрдөгч дуудаж байсан. Тэгээд миний дансыг шалгахад миний дансанд 5 сая гөрөн төгрөг орсон байсан. Би мөнгө аваад буцаагаад мөнгө хийж байсан. Би нэг мөрийтэй тоглоомд орсон байсан. Тийшээ зарцуулдаг байсан. Сар сард нь бага багаар төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Ганхүүгийн өгсөн: “... Н.Ганхүү "Би 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс Сансарын И мартад агуулахад ажилд орсон. Тэгээд хамт ажилладаг Н.Гнадаас “ахаа надад мөнгө хэрэг болоод байна, та 200.000 төгрөг зээлээч” гэсэн. Тэгэхээр нь би за гэж хэлээд “ах нь интернэт банк ашиглаж чадахгүй, чи өөрөө ороод авчих” гээд банкныхаа нэвтрэх кодыг хэлж өгөөд утсаа өгөөд мөнгө зээлүүлсэн. Гнадаас зээлсэн мөнгөө 5 сарын сүүлээр 2 хувааж төлсөн. Тэрнээс хойш дахиад 07 сард надаас 100.000 төгрөг зээлсэн, маргааш нь буцааж “таны дансанд хийсэн” гэж хэлсэн мөртөө буцаагаад надад мэдэгдэхгүй авчихсан байсан. Тэрнээс хойш 07 сарын 18-ны өдөр манай ах “надад мөнгө зээлчих” гэж хэлээд миний интернэт банкаар нэвтэрч ороод “чамаас яагаад ийм их мөнгө гарчихсан юм бэ? Чи хүнд мөнгө зээлүүлсэн юм уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “юун мөнгө” гээд гайхаад утсаа үзтэл надаас 1.800.000 төгрөг гарчихсан байсан. Тэгээд ахдаа хэлээд бид нар залилуулсан байна гэж мэдсэн. Тэгээд ахтайгаа банканд очоод дансны хуулгаа аваад үзэхэд Г.*******ын дансанд орсон байсан. Бас миний банкны хадгаламжид байсан 14.000.000 төгрөгийг барьцаанд тавиад 3 удаа 2 сая төгрөгийн зээлийг Голомт банкны цахим зээлээс авчихсан байсан. Гминий данснаас 5.710.500 төгрөг авсан. Энэ мөнгөнөөс надад 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр 300.000 төгрөг, дараа нь увуулж цувуулаад 300.000, 100.000, 100.000, 50.000 гээд нийтдээ надад 550.000 төгрөг буцааж өгсөн. Одоо надад 5.160.500 төгрөг өгөх ёстой. Би энэ мөнгийг *******оос нэхэмжилж байна. Миний хохирлыг барагдуулаад өгчихвөл надад өөр гомдол санал байхгүй. *******ын надад буцааж өгсөн мөнгө манай эгч болох Ж.Цогзолын дансанд орж би эгчээсээ мөнгөө авсан. Би эгч Цогзолын дансны хуулгыг авчирч өгч болно...” гэх мэдүүлэг /хх.17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Давагнямын өгсөн: “... 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр надад мөнгө хэрэг болоод би төрсөн дүү болох Нямдоржийн Ганхүүгээс мөнгө авах гээд Ганхүү нь өөрөө интернэт банкаа ашиглаж чадахгүй учир би дүүгийн Голомт банкны интернэт банкаар нь ороход 1.600.000 төгрөгийн зарлага 07 дугаар сарын 25-ны өдөр Ггэх данс руу зарлага гарчихсан байхаар нь дүүгээсээ асуухад “би мэдэхгүй байна, Ггэж надтай хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, И-март дэлгүүрт ажилладаг хун, өмнө нь надаас 160.000 төгрөг зээлж буцааж өгч байсан” гэхээр нь би “чи яаж мөнгө эзэлсэн юм” гэж асуухад би интернэт банкныхаа кодыг хэлэхэд Гинтернэт банкаар нь өөрийнхөө данс руу шилжүүлж авсан гэж хэлсэн. Тэгээд би Ганхүүгийн дансны хуулгыг аваад үзэхэд 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш удаа дараа серийн данс руугаа мөнгө шилжүүлж, бас манай дүүгийн нэр дээр байдаг хадгаламжийн дансыг барьцаалж 2.000.000 төгрөгөөр 2 удаа 400.000 төгрөгөөр 1 удаа зээл авч өөрийн данс руугаа шилжүүлж авсан байсан. Ингээд нийтдээ өөрийнхөө данс руу 6.000.000 орчим төгрөг шилжүүлж, түүнээсээ тодорхой хэмжээний мөнгө манай дүүгийн данс руу эргүүлж шилжүүлсэн, одоогоор нийтдээ манай дүүд 5.710.500 төгрөгийн хохирол учраад байна. Дүүгээсээ энэ хүн ийм их хэмжээний мөнгө зээлсэн эсэх талаар нь асуухад манай дүү юу ч мэдэхгүй, гайхаад бид хоёр өргөдөл гаргаад байна...” гэх мэдүүлэг /хх.21/,
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.51-101/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.108-110/,
Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.112/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.*******ын яллагдагчаар өгсөн: “... Би хэдэн удаагийн үйлдлээр мөнгө авснаа мэдэхгүй байна. Миний тооцоолсноор 4 сая орчим төгрөг аваад түүнээсээ 1.200.000 төгрөг буцааж өгч байсан, хэдэн төгрөг авсан гэдэг нарийн тоогоо бол мэдэхгүй байна. Би Ганхүү ахын хохирлыг барагдуулна. Би нэг хэсэг хувийн асуудлаас болоод ажилгүй байх үедээ мөнгө өгч чадаагүй байсан. Одоо ажилд орсон учраас өөрийн зүгээс цалингаа буухаар хохирол барагдуулаад явна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрнө...” гэх мэдүүлэг /хх.113/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.25/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.27/,
Хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.28-37/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Үйл баримтын талаарх дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч М.Гнь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг И-март худалдааны төв дотор иргэн Н.Ганхүүгийн эзэмшлийн Голомт банкны 1605108388 дугаартай данснаас 94 удаагийн үйлдлээр нийт 6.970.500 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн Хаан банкны 5400994669 дугаартай данс руу шилжүүлэн авч, хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.*******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.
Нөгөөтээгүүр хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлогтой.
Шүүгдэгч М.Гнь удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч Н.Ганхүүгийн данснаас мөнгө авч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан байдаг ба шүүгдэгч М.Гнь хохирогч М.Ганхүүгийн 6.970.500 төгрөгийг данснаас нь хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулжээ.
Шүүгдэгч М.*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хор уршиг учруулах аюултай байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч М.Гнь хохиролд 1.810.000 төгрөг нөхөн төлсөн, үлдэх 5.160.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч М.Ганхүүд олгох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.
Шүүгдэгч М.Гнь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч М.*******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, урьд бусдын өмчлөх эрхийн эсрэг удаа дараа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.*******од эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Гнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч М.*******од урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******од 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч М.*******од оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч М.*******од урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Гнь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч М.*******оос 5.160.500 төгрөг гаргуулж, хохирогч М.Ганхүүд олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.*******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР