Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 159/ШШ2022/0010

 

 

 

                              

 

 

                                                                                              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                              

Хэргийн индекс: 159/2021/0022/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга “*******” ХХК-ийн 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан 4.774.956 /дөрвөн сая долоон зуун далан дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийн хохирол гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, гэрч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаас 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр  “*******” ХХК-нд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Цагаан гозгор нэртэй газарт 1559 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 14488Х дугаар бүхий тусгай зөвшөөрөл олгожээ.

Тус зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 793 дугаар шийдвэрийн дагуу 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах гэж байсан тул “*******” ХХК-иас ашигт малтмалын хайгуулын 14488Х дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрүүдэд тус тус байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар холбогдох материалыг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй эс үйлдэхүй гаргасан гэсэн үндэслэлээр “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын “*******” ХХК-ийн 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан 4.774.956 /дөрвөн сая долоон зуун далан дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

“*******” ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ:

“...“*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн нутагт XV-0014488 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшин уул, уурхайн олборлох үйлдвэрлэл эрхэлдэг. Манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дууссан юм. Манай байгууллага нь өөрийн эзэмшлийн 14488Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу 2011 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулж, хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө Орхонтуул сумын Засаг даргаар батлуулахаар 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 21/39 тоот албан бичгийн хамт нийт 18 хуудас материалыг “Монгол шуудан” ХК-ийн баталгаат шуудангаар илгээсэн.

            Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан хугацаа өнгөрсөн боловч Орхонтуул сумын Засаг даргаас хариу ирээгүй тул бид дахин 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Хариу шаардах тухай” 21/43 тоот албан бичгийг шуудангаар явуулсан боловч мөн хариу ирээгүй болно. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т заасны дагуу 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Орхонтуул сумын Засаг даргын энэ эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахыг даалгаж өгнө үү” гэх утга бүхий 21/51 тоот албан бичгээр дээд шатны захиргааны байгууллага болох Сэлэнгэ аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч мөн л хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй юм. Бидний зүгээс Ашигт малтмалын тухай хууль болон бусад органик хуулиуд, бусад хэм хэмжээний актуудад заасан бүхий л шаардлагыг бүрэн хангаж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай холбогдох баримт материалууд /төлөвлөгөө/-г эрх бүхий Засаг дарга нарт хүргүүлсэн хэдий ч хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр татгалзсаар өнөөдрийг хүрлээ. Орон нутгийн Засаг дарга нар хууль зөрчин энэхүү эс үйлдэхүйг гаргасаар байгаа тул бид өөрсдийн эрхийг хамгаалуулахаар танай шүүхэд нэхэмжлэл гарган хандаж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын манай компанийн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахыг даалгах тухай шаардлага бүхий “Монгол Улсын найдвартай татвар төлөгч Өргөмжлөлт” 2011 үндэсний хөрөнгө оруулагч “*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бичгээр ирүүлсэн нэмэлт тайлбартаа:

“... “*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт ХV-014488 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд “Цагаан гозгор нэртэй 14488Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2021 онд явуулах геологи хайгуулын ажлын үед хийгдэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг” батлуулахаар мөн оны 7 дугаар сарын 08-ны өдөр тухайн сумын Засаг даргын Тамгын газарт гэж хаяглан баталгаат шуудангаар илгээсэн боловч хариу ирэхгүй удсан тул 8 дугаар сарын 25-ны өдөр тамгын газрын бичиг хэргийн ажилтнаас нь утсаар лавлахад “...Засаг дарга цар тахал өвчин туссаны улмаас өвчтэй байгаа” гэж хэлсний дараа манай байгууллагын геологич Ж.Баяраа нь тус суманд Байгаль орчны хяналтын улсын байцаагч байхгүй болохыг бусад компаниудаас мэдэж аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхай хариуцсан улсын байцаагч Д.Даваадоржоор хянуулан зохих засварыг хийж сумын Засаг даргаар батлуулах шаардлагатай гэж хэлсэн билээ.

Ингээд манай байгууллагын хамт олон Орхонтуул сумын Засаг даргад хандан 8 дугаар сарын 25-ны өдөр “Хариу шаардах тухай” 21/43 тоот албан бичгийг илгээж байсан боловч ямар нэгэн албан ёсны хариуг өнөөдрийг хүртэл аваагүй байна. Бид өөрсдөө санаачлан уг төлөвлөгөөг батлуулахаар геологи уул уурхайн байцаагчид хандсан юм. Байцаагч Д.Даваадорж нь тухайн төлөвлөгөөний эх загвар нь өөрчлөгдсөн, тухайн бүс нутгийн геологийн хэсгийг заавал дурдаж оруулах ёстой гэж зөвлөсний дагуу засварыг хийж “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших XV-0014488 тоот хайгуулын талбайн Цагаан гозгор нэртэй талбайд 2021 онд гүйцэтгэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө” хэмээн нэрээ өөрчлөн 8 дугаар сарын 30-ны өдөр Д.Даваадорж байцаагчаар батлуулсан юм. “*******” ХХК-ийн эзэмшлийн 14488Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дуусч байсан тул бид арга буюу аймгийн Засаг даргад хандан 21/51 тоот “Гомдол гаргах тухай” утга бүхий албан бичгийг 9 дүгээр сарын 03-ны өдөр мөн илгээсэн. “*******” ХХК-ийн ажилтнууд Засаг дарга таниар уг төлөвлөгөөндөө гарын үсэг зуруулахаар 9 болон 10 дугаар сар удаа дараалан хандаж байсан боловч Засаг дарга та хүлээн авч уулзаагүй гэдгийг цохон тэмдэглэхийг хүслээ. Албан тушаал эрх мэдлээ ашиглан бусдыг хяхан боогдуулна гэдэг нь Эрүүгийн хуулийн 22.1-д заасан гэмт хэрэг шүү гэдгийг сануулж энэхүү эс үйлдэхүй нь удаа дараа давтагдаж байгаа болохыг сануулав.” гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“... Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй манай байгууллагын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад холбогдох “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар бүлэгт тус тус заасны дагуу захиргааны актын улмаас учирсан хохирлоо хамтатган нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ ихэсгэж байна. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга нь манай байгууллагын шинэчлэн боловсруулсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахгүй буюу батлуулахыг хүссэн хүсэлтэд хуульд заасан хугацаанд хариу өгөхгүй байгаа хууль бус эс үйлдэхүй гаргасны улмаас “*******” ХХК нь нийт 4.774.956 төгрөгийн зардал гаргасан. Тодруулбал, 2021 оны 12 дугаар сард томилолтоор ажилласан түлшний зардал 658.056 төгрөг, 2 ажилтны томилолтын зардал 60.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 46.900 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 4.000.000 төгрөг, шуудангийн зардалд 10.000 төгрөг.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-т заасны дагуу Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргаас түүний хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохиролд тооцож 4.774.956 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

“... “*******” ХХК нь тус сумын Баянцогт 2 дугаар багийн нутаг Цагаан гозгор гэх газарт ХV-014488 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг 2008 оны 12 дугаар сарын 01-ны өдөр авсан байдаг. 12 жилийн хугацаанд “*******” ХХК нь тухайн лицензтэй талбай дээрээ Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь заалтыг хэрэгжүүлэн ажилладаггүй, мөн өмнөх оны тайланг танилцуулж дараа оны төлөвлөгөөг батлуулах байтал танилцуулж дүгнүүлээгүй зэрэг дутагдал гаргасаар байна. Манай сум Байгаль орчны хяналтын улсын байцаагчгүй тул аймгийн Мэргэжлийн хяналтын газраар хянуулж төлөвлөгөөг баталж байгаа. Гэтэл “*******” ХХК нь шуудангаар сум орон нутаг руу явуулсан мөн өөрсдийн биеэр болон утсаар ярьж тодруулах болон санал хүсэлт солилцоогүй өнөөдрийг хүрсэн.

Сумын хэмжээнд 30 орчим тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд байдаг. Эдгээр аж ахуй нэгжүүд бүгд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын уул уурхай хариуцсан байцаагчаар хянуулж төлөвлөгөөг батлуулдаг. Бидний зүгээс орон нутагтай харилцаа холбоо муу зөвхөн өөрсдийн эрх ашиг хөндөгдөх болонгуут орон нутагтай харьцдаг аж ахуйн нэгжийг дэмжээд яваад баймааргүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

“... Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга ******* би тухайн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн нутагт XV-0014488 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Уул уурхай олборлох тусгай эрх бүхий лицензтэй компани бөгөөд байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар шуудангаар явуулсан гэх бөгөөд тухайн үед манай сум байгаль орчин хариуцсан улсын байцаагч байхгүй орон тоо сул байсан тул батлах боломжгүй байсан. Энэ талаар тухайн компани мэдэж байсан бөгөөд орон тоо дутуу талаар аймгийн холбогдох байгууллагад нь удаа дараа мэдэгдэж байсан. Төрийн албаны зарчмын дагуу аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч хянаж орлон баталж өгөх боломжтой байсан.

Гэтэл тухайн компани аймагт хандаж хянуулаагүй байна. Уг төлөвлөгөөг заавал байгаль орчны байцаагч үзэж шалган хууль тогтоомжид заасан холбогдох ажлуудыг хийж баталсны дараа миний бие гарын үсэг зурах ёстой байдаг. Иймд миний бие эс үйлдэхүй үйлдэж батлаагүй гэж үзэхгүй байна. Би тусгайлсан улсын байцаагчийн хийх ёстой ажлыг хийх боломжгүй мэргэжлийн байцаагч нь хянаж гарын үсэг зурагдаагүй тул батлах боломжгүй. Тухайн үед улсын байцаагч байхгүй байсныг аймгийн Засаг даргын Тамгын газраас тодруулга авч шалгаж болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, тодруулбал Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга “*******” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “*******” ХХК-ийн 14488Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад даалгаж, үлдэх шаардлагыг буюу Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан  хохирол 4.774.956 /дөрвөн сая долоон зуун далан дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга “*******” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах шаардлагын тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Цагаан гозгор” нэртэй газарт орших 1559 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 14488Х дугаар тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд хуульд заасан дээрх зохицуулалтын дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж сумын Засаг даргаар батлуулан, өргөдөл холбогдох баримтын хамт тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө төрийн захиргааны байгууллагад гаргах үүрэгтэй байна.

Энэ үүргийн хүрээнд нэхэмжлэгч нь 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 21/39 тоот албан бичгээр нийт 18 хуудас материал, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 21/43 тоот албан бичгийг “Монгол шуудан” ХК-ийн баталгаат шуудангаар тус тус илгээсэн боловч хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргаас хүсэлтэд огт хариу өгөлгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан нь шүүхээс Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын Тамгын газрын бичиг баримтад хийсэн үзлэгийн тэмдэглэл[1], үзлэгээр хэрэгт хавсаргасан баримт, гэрч *******, ******* нарын мэдүүлэг[2] болон хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Тодруулбал, хариуцагч хэдийгээр хариу тайлбартаа “...нэхэмжлэгч “*******” ХХК нь 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны улсын байцаагчаар хянуулаагүй тул төлөвлөгөөг миний бие шууд батлах боломжгүй...” гэх боловч дээрх шалтгаанаа хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх, албан бичигт хариу өгөх зэрэг үүргээ биелүүлээгүй.

Нэхэмжлэгчээс 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 21/39 тоот албан бичгээр хүргүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан ******* 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг 15 минутад, “*******” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Хариу шаардах тухай” 21/43 тоот албан бичгийг 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 10 минутад тус тус гарын үсэг зурж, хүлээн авсан болох нь “Монгол шуудан” ХК-ийн тодорхойлолт түүнд хавсаргасан баримтаар тус тус тогтоогдож байна.

Гэтэл дээрх албан бичгүүдийг Орхонтуул сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан ******* 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгууллагын ирсэн бичгийн бүртгэлд бүртгэж, тус өдөр хариуцагч Орхонтуул сумын Засаг даргаас тухайн үед сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан *******т “холбогдох хууль журмын дагуу хянуулж батлах эсэхийг шийдвэрлэх” гэж цохолт хийсэн боловч одоог хүртэл дээрх төлөвлөгөө болон албан бичигт хариу хүргүүлж ажиллаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.2-т “шуурхай, тасралтгүй байх” гэж тус тус заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг зөрчжээ.

Иймд нэхэмжлэгч “*******” ХХК нь сумын байгаль орчны улсын байцаагч байхгүй, аймгийн байгаль орчны улсын байцаагч менежментийн төлөвлөгөөг хянаж байгаа талаар хариуцагчаас бус хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч бусад хуулийн этгээдээс мэдсэний дагуу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхай хариуцсан улсын байцаагч Д.Даваадоржоор 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хянуулж[3], төлөвлөгөөнд зохих өөрчлөлтийг оруулсан байна.

Үүнээс үзвэл Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.3-т “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална” гэж тус тус заасныг хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгч компанийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас хууль бусаар татгалзсан гэж үзэхээр байна.

Харин шүүхээс нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагч нарт шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах талаар хүлээх үүргийг хуульчилсан бөгөөд 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.” гэж зааснаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах талаар хүлээх үүргийн хүрээнд, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, мөн байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын талаарх санал, төлөвлөгөөг Засаг даргаас хянаж, батлахаар хуульчилжээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга “*******” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “*******” ХХК-ийн 14488Х дугаар хайгуулийн тусгай зөвшөөрлийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан  хохирол 4.774.956 /дөрвөн сая долоон зуун далан дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно.” гэж заасны дагуу 2021 оны 12 дугаар сард томилолтоор ажилласан түлшний зардал 658.056 төгрөг, хоёр ажилтны томилолтын зардал 60.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 46.900 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 4.000.000 төгрөг, шуудангийн зардалд 10.000 төгрөг нийт 4.774.956 /дөрвөн сая долоон зуун далан дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийн хохирол хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Шүүх хэдийгээр нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын хууль бус эс үйлдэхүйг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн боловч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан нийт 4.774.956 /дөрвөн сая долоон зуун далан дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийн хохирол нь хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй болох “*******” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйгээс шууд учирсан бодит хохирол гэж үзэхээргүй байна.

Учир нь 2021 оны 12 дугаар сард томилолтоор ажилласан түлшний зардал, хоёр ажилтны томилолтын зардал, нотариатын үйлчилгээний хөлс, өмгөөллийн үйлчилгээний хөлс, шуудангийн зардал зэрэг нь тухайн захиргааны үйл ажиллагааны улмаас шууд учирсан бодит хохирол бус харин дам байдлаар учирсан хохирол байна. Өөрөөр хэлбэл дээрх зардлыг гаргах эсэх нь нэхэмжлэгчийн сонгох эрхийн хүрээнд байх бөгөөд нэхэмжлэгчийг өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахыг шүүх шаардаж, хуулиар үүрэг болгоогүй болно.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.” гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан  хохирол 4.774.956 /дөрвөн сая долоон зуун далан дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга “*******” ХХК-ийн 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “*******” ХХК-ийн 14488Х дугаар хайгуулийн тусгай зөвшөөрлийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад даалгаж, үлдэх Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан 4.774.956 /дөрвөн сая долоон зуун далан дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийн хохирол гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХЗАЯА

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэрэг-1, 56-57-р хуудас

[2] Хавтаст хэрэг-2, 84-р хуудас

[3] Хавтаст хэрэг-1, 16-34-р хуудас