Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 990

 

      2020             8              6                                            2020/ДШМ/990                              

 

     Ш.Т, Э.Б нарт

         холбогдох эрүүгийн хэргийн тухай     

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Эрдэнэбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г, түүний өмгөөлөгч Ц.Д,

шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч Г.Мөнхбаяр, Ч.Цэцэгсүрэн,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ, А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

              Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гийн өмгөөлөгч Ц.Д нарын гаргасан давж заалдах гомдлоор Ш.Т, Э.Б нарт холбогдох эрүүгийн 1809000001206 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

             

           

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 552 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

              Ш.Т, Э.Б нар нь бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрт” нэртэй зочид буудлын 402 тоот өрөөн дотор иргэн Г.Б нүүрэн тус газарт цохисны улмаас зүүн хацрын яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарал гэмтэл учирч, дээрх гэмтлүүдтэй холбоотойгоор амьсгалын зам руу цус алдан механик бүтэлтэд оруулж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

              Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ш.Т, Э.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.             

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан прокуророос шүүгдэгч Хаад боржигон овогт Шгийн Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Хаад боржигон овогт Эрдэнэдуламын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Эрдэнэдуламын Бийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Эрдэнэдуламын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 / арван гурав / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрдэнэдуламын Бийн эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрдэнэдуламын Бийн цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Шгийн Т нь 92 хоног цагдан хоригдсон болохыг, шүүгдэгч Эрдэнэдуламын Б нь төлөх төлбөргүйг, хохирогч нь сэтгэл заслын болон сэтгэл санааны хохирлоо баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Э.Бөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Ш.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдолдоо: “... миний бие үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оршуулгын зардал болох 13,277,030 төгрөгийг нөхөн төлсөн. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гийн өмгөөлөгч Ц.Д давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөвөөр үнэлж дүгнэлгүй, нэг нотлох баримтыг үнэлэхдээ нөгөөг нь үгүйсгэж буй баримтыг дурдалгүй, хэргийг хэт нэг талыг барьж, гэмт этгээд болон энэхүү хэргийн жинхэнэ холбогдогч Ш.Тт ял завших боломжийг олгосон гэж үзэж байна.

Шүүгдэгч Ш.Т нь шүүгдэгч Э.Бтэй бүлэглэж, миний үйлчлүүлэгч Д.Гийн нөхөр талийгаач Г.Батболдтой хувийн таарамжгүй харилцааны улмаас өс хонзонгийн сэдлээр бүлэглэж алсан, гэмт үйлдлээ нуун далдлах зорилгоор камерын бичлэг устгуулахыг завдсан болох нь “Хатуу дискэнд үзлэг хийсэн тухай” тэмдэглэл, гэрч А.Эдэнэбатын, гэрч П.Наранцэцэгийн, гэрч Д.Эрдэнэчимэгийн, гэрч П.Батбаярын, Э.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдож байгаа юм.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулаагүй тухай:

Шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд нэг ч удаа гэм буруугаа хүлээгээгүй, талийгаачийг зодсон, цохисон асуудал байхгүй, гар хүрээгүй гэх зэргээр удаа дараа худал мэдүүлэг өгч байсны улмаас хэргийн бодит үнэнийг тогтоох зорилгоор талийгаачийн цогцсонд дахин шинжилгээ хийж, түүнийг нийт 3 удаа оршуулсан үйл баримт тогтоогддог. Энэ бүрт нь хүнд нөхцөл байдалд орж, сэтгэл санаагаар хямардаг. Гэтэл Монгол улсад хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг гаргах аргачлалгүй, тооцох техник байхгүй гэсэн шалтгаанаар сэтгэл санааны хохирлын баримтаа жич бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тусган уг хохирлыг гаргуулахаас татгалзаж шийдвэрлэх нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхээр зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцэхгүй хууль бус шийдвэр гарсан гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэл санааны хохиролд 37,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд дээрх хохирлыг буруутай этгээдээс гаргуулах зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие анхан шатны шүүхэд уг хэргийн талаар худал мэдүүлж, “энэ хэргийг би үйлдсэн” гэж хэлсэн нь бүгд Ш.Т ахын шахалт дарамтнаас болсон.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.Т, Э.Б нарт маш их гомдолтой байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд миний өмгөөлөгч гадаад явсан байсан учир би ганцаараа орсон. Тухайн үед шүүгдэгч нар намайг шоолж, над руу муухай харахад би айсан. Би анхан шатны шүүх хуралдаанд “хүн алсан хүн пээдгэр байдаг юм байна, би нөхрөө алуулчихаад гөлөг болдог юм байна” гэж хэлээд гарсан. Шүүх Ш.Тыг гэм буруугүйд тооцсонд гомдолтой байна. Би 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай бөгөөд тухайн үед миний охин 6 настай байсан. Өмгөөлөгч маань сард 300.000 төгрөгөөр тооцож хохирол нэхэмжилсэн ч шүүх хүлээж аваагүй.” гэв.

 

Шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Б хэдийгээр надад оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгнө үү гэсэн бичгээр гомдол гаргасан боловч нэмэлт тайлбараараа хэрэг үйлдээгүй, тодорхой шахалт дарамт, эдийн засгийн эмзэг байдлыг далимдуулж олон янзын амлалт, мөн Э.Бийн өмгөөлөгч нараас хуулийг буруугаар тайлбарлах зэрэг шалтгааны улмаас буруу мэдүүлэг өгч байсан. Үүнийг давж заалдах шатны шүүхэд амаар илэрхийлсэн. Өмгөөлөгчийн зүгээс уг тайлбарыг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Учир нь, анх энэ хэрэг учрал 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үйлдэгдсэн. Энэ хугацаанд Э.Б нэг ч мэдүүлэг өгөөгүй. Улмаар 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр анхны мэдүүлгээ өгч хэргийн нөхцөл байдлын талаар ярьсан байдаг. Энэ хүртэл Э.Б Зулбилэг гэх өмгөөлөгчтэй оролцсон. Тухайн өмгөөлөгч 2 шүүгдэгчийн аль алинд эрх зүйн туслалцаа үзүүлж байсан бөгөөд Э.Бөд ямар нэг мэдүүлэг өгөхгүй байх талаар зөвлөсөн байдаг. Ш.Т мөн өмгөөлөгч Мөнхбаяр, Цэцэгсүрэн нартай гэрээ байгуулсан. Энэ нөхцөл байдлын талаар ярихдаа Ш.Т элдэв амлалт өгсөн, би хэргээ хүлээсэн талаараа ярьдаг. Тэгээд анхан шатны шүүх хуралдаан болох үед Э.Б би амь хохирогчийг алсан гэж мэдүүлсэн. Гэвч шүүгдэгчийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар нотлогдох ёстой. Шүүхээс Э.Бийн мэдүүлэг гэрч Наранцэцэгийн мэдүүлгээр нотлогдож байна гэж дүгнэсэн хэрнээ түүний мэдүүлгийн тал хэсгийг авч шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт оруулсан байсан. Гэтэл Наранцэцэг “Ш.Т ууртай нь аргагүй өндөр нуруутай залууг дагуулж дээшээ гарсан. Би араас нь гүйгээд гарахад пид падхийх чимээ гарсан. Тэр үед Т Эрдэнэбатыг зодож байсан. Тухайн нөхцөл байдалд Э.Б хэн нэгнийг цохиж байхыг хараагүй” гэж мэдүүлдэг. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт гэрч Наранцэцэг дээшээ гарахад пид падхийх чимээ гарч байсан гэж дурдсан байсан. Мөн гэрч Эрдэнэбат “тухайн үед Т том биетэй байсан, амь хохирогч жижигхэн биетэй хүн байсан. Т амь хохирогчийг хана руу саваад шидээд байсан” гэж мэдүүлдэг. Эндээс тухайн үйл явдал гарах болсон шалтгаан, сэдэл нь зөвхөн Ш.Ттай хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас гарсан байдаг. Түүнээс Э.Б хэн нэгнийг зодож цохисон асуудал байхгүй. Энэ талаар мэдүүлэг байхгүй. Мөн Э.Бийн амь хохирогчийг би алсан гэх мэдүүлгийг гэрч Батбаярын мэдүүлгээр нотлогдсон гэж үзсэн. Гэрч Батбаяр “Э.Б хохирогчийн нүүр рүү нь мөргөсөн, өшиглөсөн гэж надад хэлсэн” гэж мэдүүлдэг. Гэтэл Батбаяр уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд нэг удаа буцсаны дараа буюу 2019 онд ийм мэдүүлэг өгсөн байдаг. Батбаяр нь Ш.Тын багын найз тул Э.Бөд нөлөөлсөн байх магадлалтай. Э.Б “Ш.Т ах, түүний өмгөөлөгч нар надад нөлөөлж, элдэв зүйл амлаад байна” гэж хэлснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, Ш.Тын өмгөөлөгч нар хорих 461 болон 409 дүгээр ангид удаа дараа очиж Э.Бтэй уулзсан байдаг. Өмгөөлөгч нар шүүгдэгчийн хуулийн мэдлэггүйгээс шалтгаалж хуулийг буруу тайлбарлах, чи бага ял авна, чи залуу хүн учир бага ял аваад гараад ирнэ гэх мэтчилэн үйл байдал болсон байдаг. Хэдийгээр бидний ярьж байгаа зүйл миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж болзошгүй ч шударга байдлыг тогтоох ёстой. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч А.Буяндэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Бийн давж заалдах шатны шүүх хуралдаанд ярьсан нэмэлт тайлбарыг дэмжин оролцож байна. Өмгөөлөгч нар Э.Бөд нөлөөлсөн гэх баримтыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргуулсан. ... Тухайлбал, өмгөөлөгч Мөнхбаяр эсрэг ашиг сонирхолтой байж 6 удаа очиж уулзсан байдаг. Өмгөөлөгч Цэцэгсүрэн хорих 409 дүгээр ангид очиж уулзахдаа “давж заалдах гомдол битгий гарга” гээд давж заалдах гомдлын хугацааг хэтрүүлэх санаатай байсан. Энэ нь цаг хугацаатайгаа нотлох баримт болон авагдсан байна. Энэ хэрэгт Даваадорж гэх өмгөөлөгч Н.Бийн биш хэрнээ мөрдөн байцаалтын явцад 42 удаа очиж уулзаж, Тын өмгөөлөгч нар түүнд үг зааж өгч Э.Б, Ш.Т нарыг уулзахдаа Тыг Э.Бийг ятгах, айлгаж сүрдүүлэх янз бүрийн оролцоот байдлыг бий болгосон. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны нууц гэж явагдаагүй. Өмгөөлөгч Зулбаярын хэлснээр ахынхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн байдаг. Тын гэрч, сэжигтнээр өгсөн мэдүүлэгт Э.Б хэрэг үйлдээгүй гэсэн. Гэтэл Э.Б 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр болсон хэргийн талаар шүүхэд бичсэн. Үүнээс хойш 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгч Эрдэнэтуяад болсон хэргийн талаар үнэн зөвийг мэдүүлсэн байтал түүний мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглаж Ш.Т мэдүүлэг өгсөн байдаг. Э.Бийн мэдүүлэг нь мэдүүлэг шалгах ажиллагаагаар гарцаагүй нотлогдож байгаа бөгөөд тухайн хэрэгт камерын бичлэг устгуулахаар завдсан нь буудлын ресепшн, Ш.Тын найз Эрдэнэчимэг гэх хүн гэрчээр татагдсан. Энэ мэтчилэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Э.Бийг хэрхэн, яаж буруутан болгож, Ш.Тыг хэргээс татаж, буруугүй болгох гэж хичээсэн байдалтайгаар явагдсан. Мөн анхан шатны шүүх Э.Бийг илтэд 2 зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад сүүлийн мэдүүлэг нь ямар нотлох баримтаар нотлогдож байгааг няцаасан дүгнэлт хийгээгүй. Гэрч Наранцэцэгийг шүүх хуралдаанд асуусан бөгөөд тэрээр хохирогчийг Т өшиглөсөн, цохисон гэж мэдүүлсээр байхад уг мэдүүлэгт ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Мөн гэрч Эрдэнэбат тухайн үед согтуурсан байдалтай байсан боловч Т амь хохирогчийг хүүхэд шиг нааш цааш нь шидээд байсан гэж мэдүүлснийг үнэлээгүй. Э.Бийг тухайн буудалд очихоос өмнөх зодооныг үнэлээгүй, тухайн үед амь хохирогчид гэмтэл учирсан байх боломжтой. Гэтэл Э.Б ахыгаа авах гэж ирээд танихгүй, өөртөө нь ямар ч хувийн таарамжгүй харилцаа байхгүй хүнийг өшиглөсөн байх боломжгүй. Камерын бичлэг нь 30 секундын бичлэг байсан бөгөөд энэ хооронд хүнийг ямар нэг үндэслэлгүйгээр цохичихоод гарч явна гэдэг байж болшгүй асуудал. Иймд хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Мөн энэ хэрэг гарснаас хойш Э.Б тасралтгүй 1 жил 6 сар гаруй хугацаанд цагдан хоригдсон. Биеийн байдал, сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа учир таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ш.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад Э.Бөд байр, орон сууц авч өгнө гэсэн зүйл байхгүй. Би тийм мөнгө төгрөгтэй хүн биш, тийм зүйл огт яриагүй. Анх түрийвч авах гэж ороход цаад талд Э.Б амь хохирогчийг өшиглөөд тархин дээр нь дэвсэх гэж байхад би “чи хүн алах чинь дутаа юу” гээд уурлаад дүүгээ аваад гарсан. Улмаар найз Чимгээ рүү яриад ийм зүйл болчихлоо, камерын бичлэг хийгддэг, устгаж болох эсэх талаар асуусан маань үнэн.” гэв.

 

Шүүгдэгч Ш.Тын өмгөөлөгч Ч.Цэцэгсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.Т мөрдөн байцаалтын шатнаас авахуулан үнэн мэдүүлэг өгсөн. Зөвхөн түрийвч авах гэж орсон, малгай авах гэж орсон гэдэг дээр л зөрүүтэй болохоос бусад бүх мэдүүлэг нь тогтвортой байдаг. Мөн Ш.Тын гэм буруутай үйлдэл байна гэж үзэж байгаа бол талийгаачийн хаана, хэдэн удаа, яаж өшиглөсөн, цохисон, тэр үед Э.Б хаана байсан гэх нөхцөл байдал анхан шатны шүүх хуралдааны явцад болон мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгаж тогтоосон. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан асуудлуудыг шалгасан, хэрэгт авагдвал зохих бүх нотлох баримтыг цуглуулж дууссан гэж үзэж байна. Учир нь, өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж байгаа өмгөөлөгч нарын тайлбараар гэмт хэргийг Ш.Т үйлдэж, хүний амь нас хохироосон гэж үзэж байгаа бол нотлох баримттай байх ёстой. Ямар нотлох баримтад тулгуурлаж ярьж байгаа талаар гомдлын үндэслэлээ нотолж чадахгүй байна. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар Ш.Тын гэм буруутай үйлдэл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд Э.Б, Ш.Т нар хоёулаа цагдан хоригдсон. Энэ хугацаанд 2 удаа нүүрэлдүүлэн байцаахаар хяналтын прокурортой хамт очиж уулзах гэтэл Э.Б уулзахаас татгалзсан. Энэ талаараа мөрдөн байцаалтын шат болон анхан шатны шүүх хуралдаанд хангалттай тайлбарласан. Наранцэцэг гэх анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож мэдүүлэг, тайлбар гаргахдаа мөрдөн байцаалтын шатанд эргэлзээтэй байсан нөхцөл байдлуудын эргэлзээг тайлж өгсөн. Шүүх хуралдаанд оролцож байсан бүх талууд гэрчээс асуусан бөгөөд гэрчээс асуултанд дэлгэрэнгүй хариулсан. Ийм учир анхан шатны шүүх шийдвэрээ гаргаж, дүгнэлтээ хийсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн, хэрэг гарсан өдөр пид пад хийх чимээ гарсан гэж гэрч мэдүүлдэг. Гэвч уг чимээ хэний үйлдлээс болж гарсан гэдэгт анхаарал хандуулах ёстой. Уг чимээг том биетэй Ш.Т гаргасан байж болзошгүй гэсэн таамаглалаар биш хавтас хэрэгт байгаа нотлох баримтын хэмжээнд ярих ёстой. Ш.Т болон өмгөөлөгчийн зүгээс пид падхийх чимээ гарсан гэдгийг үгүйсгээгүй. Харин хэн ийм чимээ гаргасныг Наранцэцэг гэх хүн очиж харсан байдаг. Гэтэл Ш.Т ямар үйлдэл хийснийг хараагүй байж Ш.Т гаргасан гэж таамагласан нь үндэслэлгүй. Таамаг дэвшүүлж байгаа бол хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дэвшүүлэх ёстой. Эдгээр нөхцөл байдлуудаас харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим буюу мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн зарчмын дагуу анхан шатны шүүх шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өмгөөлөгч нарын зүгээс Батцэцэг гэх хүнийг мэдээгүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч уг хүн Э.Бийн хамтран амьдрагч. Түүнийг өмгөөлөгч Ч.Мөнхбаяр шүүх хуралдаанд оролцуулах тухай санал гаргасан боловч хэлэх үгийг нь зааж өгч оролцуулсан зүйл байхгүй. Шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгөх эсэх эрхээ эдэлж оролцсон. ... Түүнчлэн намайг шүүгдэгч Э.Бтэй хорих 409 дүгээр ангид байхад нь очиж уулзсан гээд ёс зүйгүй хэмээн ярьж  байна. Би шүүгдэгч нар болон шүүгдэгч Э.Бийн эхийн хүсэлтээр очиж уулзсан. “Өмгөөлөгч авах мөнгө байхгүй, өмгөөлөгч уулзуулахгүй бол өөр хүн уулзуулах боломжгүй байна” гэсэн учир би өөр бусад үйлчлүүлэгч нартайгаа уулзахдаа Э.Бийг дуудуулж уулзсан нь үнэн. ... Эцэст нь хэлэхэд, Ш.Т хэнтэй маргалдаж муудалцсан талаар үйл баримт хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байгаа. Талийгаачтай маргалдсан уу, эсхүл Эрдэнэбат гээд согтуу унтаж байсан хүнтэй маргалдаж муудалцсан уу. Хэрэв Ш.Тыг гэм буруутай гэж үзэж байгаа бол Ш.Т, Э.Б нар яг ямар үйлдэл хийсэн, Э.Бийг хаана зогсож байхад Ш.Т талийгаачийн амь насыг хохироохоор үйлдэл хийсэн гэх баримт хавтас хэргийн материалд хаана байгаа болоод эргэлзээтэй нөхцөл байдлаар таамаглал дэвшүүлж ярьж байна вэ гэдгийг ойлгохгүй байна. Түүнчлэн, шүүгдэгч Ш.Т Э.Бийг дарамталсан гэж байгаа боловч хоёулаа цагдан хоригдож байсан. Хэрэв тийм нөхцөл байдал тогтоогдсон бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар энэ асуудал яригдах ёстой байсан. Гэвч тийм нөхцөл байдал болоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ш.Тын өмгөөлөгч Г.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... хэргийн хувьд буудлын өрөөнд болсон асуудал бөгөөд тухайн асуудал болох үед хажууд нь байсан гэх гэрч Эрдэнэбат, Наранцэцэг, Б, Т нар юм. Наранцэцэг нь ресепшн хийж байсан бөгөөд хэргийн талаар гэрчилдэг. Эрдэнэбат өрөөнд хажууд нь байсан учир гэрчилдэг. Энэ хэрэг анхан шатны шүүхэд очих хүртлээ нотлогдоогүй байсан. Өмгөөлөгч нар гэрч Наранцэцэг Ш.Тыг амь хохирогчийг зодсон, цохисныг харсан гэж ярьж байгаа ч Эрдэнэбат хэрэг гарсны дараа цагдаагийн байгууллагын албан хаагчид хэргийн газрын үзлэг хийж очих үед согтуу, нүдээ аньсан, юугаа ч мэдэхгүй байдалтай байсан нөхцөл байдлыг гэрэл зургаар бэхжүүлсэн байдаг. Түүнээс анх мэдүүлэг авахад “мэдэхгүй байна, санахгүй байна” гэдэг. Сүүлд “хана руу савсан” гэж мэдүүлдэг. Мөрдөгч ажиллагаа хийгээгүй, хэргийг тогтоож чадаагүй. Анх энэ хэрэгт Бат-Ерөөлт, Даваадорж гэх өмгөөлөгч нар оролцож байсан бөгөөд тэдгээрт Ш.Т, Э.Б нар бүх хэргээ ярьсан байсан. Э.Б, Ш.Т нар цагдан хоригдсон бөгөөд эсрэг ашиг сонирхол гарах хүртэл би тэдэнтэй очиж уулзаж байсан. Ш.Ттай уулзах үед “энэ манай дүү байгаа юм, энэ хүнийг салхилуулах хэрэгтэй байна” гэдэг. Гэтэл Э.Бийн өмгөөлөгч нар намайг ятгасан гэж ярьж байгаа боловч “чи энэ хүнийг цохисон гээд хэлчих, хүн амины хэрэг даачих” гээд явах өмгөөлөгч байна гэж бодохгүй байна. ... Би цагдан хоригдож байх хугацаанд шүүгдэгч нарын хооронд эсрэг ашиг сонирхол гарах хүртэл 6 удаа очиж уулзсан нь үнэн. Эрдэнэбат, Наранцэцэг гэх хүмүүсийн мэдүүлгийг хавтас хэргээс үзэхэд 4 дэх удаагийн мэдүүлэгт цохисон, манай ахтай маргалдсан, Наранцэцэг өрөөнд орж, хэн юу хийснийг шагайж харсан хүн биш. Наад талд нь очиж толь засаад явсан болох нь камерын бичлэгээс харагддаг. Хавтас хэргийн хувьд нотлогдоогүй байж байгаад анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Э.Б бүх асуудлаа ярьж, хэргээ хүлээсэн учир шүүх гэм буруутай этгээдийг тогтоосон. ... Шүүх хэргийг шударгаар шийдвэрлэсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Прокурор П.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ ... Шүүхээс хэргийг буцаах шалтгаан нь Э.Б Ш.Тыг гэмт хэрэг үйлдсэн, мөн тухайн үед юу болсон талаар дэлгэрэнгүй хүсэлт бичсэний дагуу нэмэлт ажиллагаанд буцсан. Тухайн үед камерын бичлэг устгуулахаар холбогдож байсан гэх Эрдэнэчимэг гэх хүнийг тогтоож, мэдүүлэг авах ажиллагаа явуулсан. Ш.Тын өмгөөлөгч нарын зүгээс Ш.Тын мэдүүлгийг давхар шалгаж өгөхийг хүссэний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгасан. Энэ үед шүүгдэгч нар эсрэг байр суурьтай болж бие биенээ буруутгаж эхэлсэн. Шүүгдэгч нарын мэдүүлгээр 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн үед болсон процесс дээр зөрүүтэй болохоос буудлаас гарах хүртэл бүх мэдүүлгүүд таардаг. Уг мэдүүлгийн зөрүүг арилгах зорилгоор Э.Б, Ш.Т нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авахаар хорих 461 дүгээр ангид очсон. Гэтэл Э.Б “би мэдүүлэг өгөхгүй, мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна, энэ талаараа шүүхэд тайлбар хэлнэ” гэж хэлсэн. Шүүхэд хэрэг шилжих үед улсын яллагчийн зүгээс яллагдагч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар бүлэглэж бусдын амь нас хохироосон гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүхээс Э.Бийг яагаад мэдүүлгээ өөрчилж, мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаараа мэдүүлээгүй вэ, гаднаас нөлөөлсөн зүйл байна уу гэж асуухад Э.Б яагаад хэлээгүй, нүүрэлдүүлэн мэдүүлэг өгөөгүй талаараа дэлгэрэнгүй тайлбарласан. Мөн тухайн өдөр гэрч, Э.Бийн хамтран амьдрагч Батцэцэг, буудлын ресепшн Наранцэцэг, Батбаяр, Ш.Т нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдсон. Үүнээс гадна бүрэлдэхүүнтэй шинжээч Бадрал, Туяа нарын мэдүүлгээр “тухайн хохирогчид учирсан гэмтэл нь нэг хавтгай дээр үүссэн, нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл байсан“ гэж тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол тухайн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон гэрчүүдийн мэдүүлгүүдэд үндэслэж Ш.Тт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Э.Бөд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 16 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

            Ш.Т, Э.Б нар нь бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрт” нэртэй зочид буудлын 402 тоот өрөөн дотор иргэн Г.Б нүүрэн тус газарт цохисны улмаас зүүн хацрын яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарал гэмтэл учирч, дээрх гэмтлүүдтэй холбоотойгоор амьсгалын зам руу цус алдан механик бүтэлтэд оруулж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдож, прокуророос тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан байх ба анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр Э.Б нь Г.Б нүүрэн тус газарт өшиглөж, цохисны улмаас түүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, харин Ш.Т нь А.Эрдэнэбатыг зодсон боловч түүнд гэмтэл учраагүй бөгөөд Э.Бтэй бүлэглэн Г.Б амь насыг хохироосон нь тогтоогдоогүй гэж үзэн анхан шатны шүүх Ш.Тт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Э.Бөд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хэрэгт авагдсан Ш.Тын яллагдагчаар өгсөн “... Тэгээд би такси барих гэсэн чинь түрийвч байхгүй байсан болохоор буудал руу Бийг дагуулаад ороод буудлын өрөө рүү би эхлээд орсон чинь талийгаач сандал дээр суусан, Эрдэнэбат орон дээр хэвтэж байсан. Би талийгаачийн урд талаар гараад Эрдэнэбатын хэвтэж байсан орны урд очоод түрийвчээ ширээний дээд талаас авах гэхэд миний түрийвч байхгүй болохоор Эрдэнэбатын цээж хавиас татсан чинь орны урагшаа унах гэхээр нь өмсөж байсан комбинзоноос татсан чинь урагдаад урагшаа унасан. Тэгээд Эрдэнэбатыг буцаагаад татах гэхэд түрийвч ширээний булан хэсэгт шалан дээр хэвтэж байсан. Би түрийвчээ аваад эргээд харахад Б талийгаачийн толгой хэсэгт дэвсэх гэж байсан болохоор би болиулаад цаашаа авч гараад Бөд хандаж “ Хүн алах нь дутаа юу “ гээд уурлаад шатны бариул цохиод гарсан ... Б бид хоёр такси бариад явж байхдаа “Яаж байгаа юм бэ“ гэхэд Б “Ах аа зүгээр ш дээ“ гэсэн. Тэгэхээр нь би “Хамар амнаас нь цус гарсан байна лээ ш дээ. Чи яаж цохьсон юм бэ“ гэхэд Б “Өшиглөсөн“ гэж надад хэлсэн. Би түрийвчээ авах гэж байгаад Бийг яаж цохисныг хараагүй ...Тэгээд Чимгээ рүү залгаад ярихад Чимгээ гэртээ байхгүй, дүүгийндээ байна гэхээр нь би Чимгээд хандаж “Нэг балай юм болчихлоо. Чи маргааш очихоороо харах байлгүй дээ. Чи наад бичлэгээ устгаад өгч болох уу“ гэж асуухад Чимгээ “За. за“ гэж хэлээд утсаа тасалсан. ...” /3хх 131-133/,

 

шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт “... Түрийвчээ авна гээд бид хамт буудал руу орсон. Өрөөнд ороход талийгаач сандал дээр сууж байсан ба намайг “Чи муу шээс юу хийж яваа юм бэ“ гэхээр нь миний уур хүрээд нүүр лүү нь өшиглөөд, баруун гараараа нүүр хэсэгт нь 2 удаа цохисон. Мөн цамцнаас нь татаад дээрээс нь дэвсэх гэтэл ах “Саяхан шийтгүүлчихээд” гээд загинахаар нь “иймэрхүү юм болж л байдаг шүү дээ” гэж хэлээд гарсан. Тэгээд ахад “Таньдаг хүн байдаг юм бол яриад бичлэгийг устгаад өгөөч” гэж хэлсэн. Талийгаачид учруулсан гэмтлийг би учруулсан нь үнэн. Мөрдөн байцаалтын шатанд ахыгаа гүтгэж хэрэгт холбогдуулсандаа гэмшиж байна. Нүүрэлдүүлэх гэхэд ахынхаа нүүрийг хараад худлаа хэлэх хэцүү байсан учир би нүүрэлдэхээс татгалзсан. ... Өнөөдөр үнэнээ хэлэх болсон шалтгаан нь багаасаа ахтайгаа хамт байсан бөгөөд ахыгаа худлаа хэлж шоронд оруулж, 4 хүүхдийг нь өнчрүүлмээргүй байсан юм. Уг хэрэгт ах оролцоогүй, би алсан. ... Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж бүлэглэн гэх зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.” /4хх 101-105/,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гийн “... Маргааш нь 27-ны өдөр залгахдаа “Орой хань нь архи уухгүй гэртээ очно” гэж ярьсан боловч оройн 21:40 цагт над руу залгаад “хань нь архи уучихлаа. Битгий уурлаарай. Зочид буудалд ууж байна, хажууд Эрдэнэбат байна. Санаа битгий зовоорой. Би эртхэн харина” гэж хэлсэн. Тэрнээс хойш бид хоёр утсаар холбогдоогүй ба маргааш өглөө нь гар утас руу нь залгаад утсаа авахгүй байсан ба охин дүү нь над руу утсаар яриад талийгаачийг нас барсан талаар хэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны орой талийгаач архи уучихсан гэртээ ирсэн. Тэгэхэд биед нь ил харагдах ямар ч гэмтэл шарх байгаагүй ...” /1хх 126-129/,

 

гэрч А.Эрдэнэбатын “... Микроны талаар яриад байсан. Тэр бүдүүн залуу “Та нарын машин засдаг гэж юу байдаг юм” гэх мэтээр Батболд ахыг дээрэлхэх өнгө аястай байхаар би Батболд ахыг өмөөрч тэр бүдүүн залуутай маргалдсан. Тэгээд би Батболд ахад хандаж “Ингэж дээрэлхүүлж архи ууна гэж юу байсан юм, явъя” гэж хэлэхэд намайг тоохгүй бүдүүн залуутай л юм яриад байсан. ... Батболд ах шалан дээр нүүр нь цус болчихсон дээшээ харсан байдалтай нас барчихсан байсан. Би орон дээр унтаж байсан. Намайг унтахаас өмнө бүдүүн залуутай маргалдаж байсан. ... Талийгаач тэр бүдүүн залуугийн урд зогсоод ярьж байхад тэр бүдүүн залуу талийгаачийг заамдаж аваад хүүхэд шиг хоёр тал руугаа унагаж, шидээд байхаар нь би тэр залууд битгий ах дээрэлхээд байгаарай гэж хэлсэн. Талийгаач унаж босч ирчихээд тэр залуугийн өөдөөс дунд хуруугаа гаргасан юм уу, эсвэл гараараа зааж юм ярьсан уу мэдэхгүй, ямар ч байсан гараа урдаа гаргах шиг хөдөлгөөн хийсэн. ...” /1хх 138-141/,

 

гэрч П.Наранцэцэгийн “... Шөнө 00:00 цагийн үед 402 дугаартай өрөөнөөс хүмүүс маргалдаад байгаа чимээ гараад байхаар нь би очоод харахад махлаг бүдүүн залуу, ногоон өнгийн комбинзонтой залуутай барьцалдчихсан, махлаг залуу ногоон комбинзонтой залуугийн өмссөн байсан хувцсыг нь дээш шуучихсан, нурууг нь ил гаргачихаад доош нь дарсан байдалтай байхаар нь би “Та нар зодолдож болохгүй. Хүмүүс амарч байна, боль” гэж хэлсэн. Ногоон комбинзонтой залуу нилээн согтолттой байсан. Тэгэхэд талийгаач өрөөний баруун талд сандал дээр сууж байсан. Тухайн үед уг хэрүүл маргаанд талийгаач оролцоогүй шинжтэй биед нь ил харагдах гэмтэл, шарх байхгүй зүгээр байсан. Тэгэхэр нь би гараад явсан. ... Би коридорын үзүүрт сууж байхад бүдүүн махлаг залуу 402 дугаартай өрөөнөөс гарч ирээд “Миний нүүр цус болчихсон байна уу” гэж асуухаар нь нүүр рүү нь харахад зүгээр байхаар нь “Цус болоогүй байна” гэж хэлсэн. ... Тэгээд би гараад бүдүүн залууд малгайг нь өгсөн бa тэр залуу утсаар нилээн ууртай байдалтай 4 давхрын шатан дээр суугаад нэг хүнтэй “Намайг хоёр залуу нийлээд дээрэлхээд байна” гэж ярьж байгаад буудлаас гараад явсан. ... Тэгээд шөнө 01:00 цаг болох гэж байхад буудлын үүдний хаалгыг чангаар пижигнэтэл өшиглөж байгаад бүдүүн махлаг залуу өндөр туранхай, насаар 20 гаран насны залуутай нилээн ууртай орж ирээд шууд 402 дугаартай өрөө рүү алхсан. Би тэр хоёрын араас алхаж байхад түрүүлээд тэр хоёр залуу 402 дугаартай өрөө рүү орсны дараа 2-3 удаа “пэп пэд” гэх чимээ гарахаар нь би яг зодоон болж байна гэж бодсон. Эргээд орох үед Ш.Т нь Эрдэнэбатыг өшиглөж байсан. Харин Б зогсож байсан. Тэгээд намайг хараад Т нь буйдан дээр байсан куртикээ аваад явах үедээ Э.Бийг “чи муу” гэж хэлээд гараад явсан. Талийгаач шалан дээр доошоо хараад унасан байдалтай хоржигноод байсан ба нөгөө ногоон өнгийн комбинзонтой залуу цаад талд нь хажуу тийшээ харчихсан хурхираад байсан. ...бүдүүн залуугийн араас харахад нөгөө туранхай залуугаа загнаад байсан. ...өрөө рүү шагайхад ногоон комбинзонтой согтуу залуу орон дээр гараад хэвтчихсэн, харин талийгаач залуу газар доош хараад хэвтсэн байдалтай чигээрээ байхаар нь босгоод орон дээр хэвтүүлэх санаатай татахад огт хөдлөхгүй байсан ба гарнаас нь татаад хажуу тийш болгоход бие нь хөшчихсөн, толгойн доош харсан хэсгийн газар нь нил цус болоод хатчихсан байсан. ...” /1хх 149-158/,

 

гэрч Д.Эрдэнэчимэгийн “... Эхлээд над руу ярихдаа “Танай буудал чинь хаалгаа онгойлгохгүй байна. Хамт орсон хоёр хүнд зодуулчихлаа. Би цагдаа дуудлаа шүү” гээд яриад байсан. Тэрний дараа дахиж залгахдаа “Камер чинь бичдэг юм уу. Маргааш цагдаа сэргийлэх янз бүрийн асуудал гаргах вий” гэж яриад байсан” /3хх 158-163/,

 

гэрч П.Батбаярын “... Т “өчигдөр буудлын өрөөнд байхад хоёр залуутай муудалцаад нэг нь миний нүүр рүү өшиглөөд намайг боогоод гинж таслачихаар нь би буудлаас гараад явсан. Би Бийг дуудчихсан байсан. Бийг ирэхээр нь дагуулж ороод миний гинжийг тасалсан, намайг цохисон хүнийг би очиж зодсон” гэж хэлсэн. Харин Б болохоор өөрөө “ Би сандал дээр сууж байсан хүнийг татаад нүүр рүү нь өшиглөсөн” гэж хэлсэн. Тэгэхэд Т хажуунаас “Бийг өшиглөхөд нэг сонин “түг” гээд дугарсан. Тэгэхээр нь би Бийг “Чи яаж байгаа юм бэ. Одоо боль“ гээд салгаад аваад гарсан” гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 151 дугаартай “... Талийгаач Г.Б цогцост тархины аалзан хальсан доорх бичил цус харвалт, уушги, цагаан мөгөөрсөн хоолой дахь цусархаг агууламж, зүүн хацар ясны нум урд хэсэгтээ бага зөрөөтэй, дунд хэсэгтээ зөрөөгүй хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананд 1 см урттай зөрөөгүй хугарал, дээд эрүү буюу хоншоор ясны зүүн хэсэгт ташуу урдаас арагш дээш чиглэсэн зөрөөгүй хугарал, уг хугарал дээш ухархайн хана руу үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн гайморын хөндий дэх сул цус, зүүн нүдний дээд зовхинд няцарсан шарх, зүүн завьжны дотор салстад язарсан шарх, дээд уруулын зүүн хэсгийн дотор салстад, баруун чихний ар хэсэг, зүүн чихний дэлбэнд цус хуралтууд, зүүн хөмсөгний дээд хэсэг, зүүн хацрын төвгөр, хамрын нуруу, зүүн завьжны хэсэг, эрүүний доор зулгаралт, нүүр хэсгийн арьсан доорх зөөлөн эдийн цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн хацар ясны нум урд хэсэгтээ бага зөрөөтэй, дунд хэсэгтээ зөрөөгүй хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананд 1 см урттай зөрөөгүй хугарал, дээд эрүү буюу хоншоор ясны зүүн хэсэгт ташуу урдаас арагш дээш чиглэсэн зөрөөгүй хугарал, уг хугарал дээш ухархайн хана руу үргэлжилсэн нийлмэл хугарал гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн нүдний дээд зовхинд няцарсан шарх, зүүн завьжны дотор салстад язарсан шарх, дээд уруулын зүүн хэсгийн дотор салстад, баруун чихний ар хэсэг, зүүн чихний дэлбэнд цус хуралтууд, зүүн хөмсөгний дээд хэсэг, зүүн хацрын төвгөрт, хамрын нуруу, зүүн завжны хэсэг, эрүүний доор зулгаралт, нүүр хэсгийн арьсан доорх зөөлөн эдийн цус хуралт зэрэг гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Талийгаач Г.Батболд нь зүүн хацар ясны нум урд хэсэгтээ бага зөрөөтэй, дунд хэсэгтээ зөрөөгүй хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананд 1 см урттай зөрөөгүй хугарал, дээд эрүү буюу хоншоор ясны зүүн хэсэгт ташуу урдаас арагш дээш чиглэсэн зөрөөгүй хугарал, уг хугарал дээш ухархайн хана руу үргэлжилсэн нийлмэл хугарлын улмаас цус алдаж улмаар амьсгалын замд гадны биет /цус/ орж сорогдолт хэлбэрийн амьсгал бүтэлтийн улмаас нас барсан нь шүүх эд эсийн шинжилгээгээр уушигны цулцан жигд бус авчсан, зарим нь тэлсэн, капиляр судсууд тархмал цус дүүрэлттэй, цулцангийн хөндийд цус харвалт, голомтод хавантай, эдийн зарим хэсэгт улаан эс ууссан, бактерийн бөөгнөрөл, ялзралын өөрчлөлт эхэлсэн, гуурсан хоолойн хучуур эд хадгалагдсан, зарим гуурсанцрын хучуур эд үгүйрч улаан эсээр дүүрсэн, зарим нь салсархаг, масстай, судас тойрсон эдэд лимфоцитийн бөөгнөрөл, тоосжилттой, венийн судсууд цус дүүрэлттэй, капиляр венийн цус дүүрэлт, голомтод хаван, судас тойрсон үрэвсэл, цөс гуурсанцрын хөндий дэх цус, салсархаг агууламж илэрсэн байгаа зэргээр тогтоогдлоо. Талийгаач Г.Б цогцосноос авсан цусанд 3.5 промилли, ходоодны шингэнд 6.4 промилли, шээсэнд 4.6 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарах ба талийгаач нь спиртийн хордлогонд ороогүй байгаа нь шүүх эд эсийн шинжилгээгээр батлагдаж байна. ” /1хх 213-217/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 151 дугаартай “... Шарил дахин шинжлэх шүүх эмнэлгийн шинжилгээ, эд эсийн шинжилгээгээр талийгаач Г.Батболд нь зүүн хацар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарлын улмаас амьсгалын зам руу цус алдан амьсгал механикаар бүтэж нас барсан нь тогтоогдож байна ... Талийгаачийн цогцост тогтоогдсон зүүн хацар яс, зүүн хоншоор ясны ухархайн хана руу үргэлжилсэн нийлмэл хугарлууд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн завьжны дотор салст дахь шарх, баруун чихний ар хэсэг, зүүн чихний дэлбэн зүүн хөмсөгний дээд хэсэг, зүүн хацар, хамар, зүүн завж, эрүүний доод хэсгийн зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь мөн журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач Г.Батболд нь зүүн хацар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарлын улмаас амьсгалын зам руу цус алдан амьсгал механикаар бүтэж нас барсан нь тогтоогдож байх тул нүүр хэсэгт учирсан хугарал, шарх гэмтлүүдтэй талийгаачийн үхэл шалтгаант холбоотой байна. ...Талийгаач Г.Батболд нь спиртийн цочмог хордлогын улмаас нас бараагүй бөгөөд нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна.” /1хх 218-222/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадрал, Д.Долгормаа, Ц.Оюун-Эрдэнэ нарын 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 987 дугаартай “... 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээ №151 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна ... Дээрх дүгнэлт нь үхлийн шалтгаан нэгдсэн саналд хүрсэн ба дүгнэлт нь товч ба дэлгэрэнгүй бичигджээ. Талийгаач нь зүүн хацар, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарлын улмаас амьсгалын зам руу цус алдан амьсгал механикаар бүтэж нас барсан нь шарилд дахин шинжилгээ болон шүүх эд эсийн шинжилгээгээр тогтоогдож байна.” /3хх 108-112/ гэсэн дүгнэлтүүд,

 

шинжээч эмч О.Болороогийн: “... Н.Туяа эмчийн гаргасан 151 дугаартай дүгнэлттэй Ш.Цэцэгмаа эмч бид хоёрын гаргасан 151 дугаартай дүгнэлт агуулгын хувьд ямар нэгэн зөрүү байхгүй. ... эд эсийн шинжилгээгээр болон шарилыг дахин шинжилж үзэхэд үхлийн шалтгаан нь амьсгалын замд цус алдаж, амьсгал механикаар бүтэж нас барсан нь тогтоогдсон болно. Уг нөхцөл байдлын улмаас урьд гаргасан 2639 дүгнэлттэй санал нийлээгүй болно.” /1хх 228-231/,

 

шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “... Дүгнэлтийн хувьд тусдаа гарсан нь хоорондоо утга, агуулгын хувьд ямар нэгэн зөрүү, ялгаа байхгүй. Н.Туяа эмчийн дүгнэлт хэсгийг бичсэн хэсэгт дэлгэрэнгүй бичсэн байсныг О.Болороо эмч бид хоёр уншаад зарим нэг асуултад хариулсан байдлыг товчхон хариулах санал хэлсний улмаас тусдаа дүгнэлт гаргах болсон. Уг дүгнэлтүүд хоорондоо утга, агуулгын хувьд зөрүүгүй болно. ... Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Уг гэмтлийн улмаас амьсгалын замд цус орж амьсгал механикаар бүтэж, амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан” /1хх 232-235/,

 

              шинжээч эмч Н.Туяагийн “... Томилогдсон шинжээч нар дүгнэлтэд санал зөрсөн асуудал байхгүй. 151 дугаартай 2 дүгнэлт хоорондоо агуулгын хувьд ямар нэгэн зөрүү байхгүй. Утга найруулгын хувьд бага зэргийн зөрүүтэй. Миний гаргасан дүгнэлт нас барсан шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарласан. ... Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо зүйл гэдэгт хурц ир ирмэгтэй зүйлээс бусад зүйлс багтана. Олон удаагийн үйлчлэл гэдэгт 2 ба түүнээс дээш удаа гэдгийг ойлгоно. Нүүрний яснуудад үүсгэгдсэн хугарал гэмтлүүдийг эхний задлан шинжилгээгээр шалгах боломжгүй. Яагаад гэвэл шинжилгээгээр нүүрний хэлбэр дүрс алдагдуулдаг, нүүрний арьс, булчин зөөлөн эдүүдийг бүгдийг нь шулж авч цэвэрлэж шалгадаг учраас эхний шинжилгээгээр хориглодог. Арьсны гаднаас тэмтэрч дээрх гэмтлүүдийг илрүүлэх боломжгүй. ...талийгаачид учирсан дээрх гэмтлүүд нь нүүрний нэг хэмд буюу нэг түвшинд учирсан гэмтэл байх тул нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шарилд эксгумаци хийж нүүрэнд учирсан хугарлыг шинээр илрүүлсэн. Мөн эд эсийн шинжилгээгээр уушгинд гарч буй өөрчлөлтүүдийг үндэслэн дүгнэлт гаргасан. Ингээд нүүрэнд гэмтэл учирсан байх боломжтой юм байна гэх дүгнэлтэд хүрч бүх нүүрний арьсыг хуулж цаана нь байх нүдний алим, ухархайн хана, хоншоор яс зэрэг бүх зөөлөн эдийг шулж үзсэний үндсэн дээр нүүрний ясны хугарлуудыг илрүүлсэн. Эдгээр олон ясны хугарлуудын улмаас хялгасан бичил судаснууд хагарч амьсгалын замруу орсноор талийгаач нь цусаа сорж залгиад амьсгалын дээд замыг бөглөж нас барсан. Иймд механик амьсгал бүтэлт байсан гэдгийг тогтоосон” /2хх 214-218, 4хх 118-122/,

 

              шинжээч эмч Ц.Бадралын “... нүүрэнд учирсан гэмтэл нь нийлмэл учир нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...” /4хх 121-122/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 35-44/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 45-49/, хатуу дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 67-121/, цогцсыг оршуулсан газраас гаргаж, дахин шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 241-250/ зэргээр Ш.Т нь А.Эрдэнэбатыг зодсон боловч түүнд гэмтэл учраагүй, мөн талийгаачийг цохисон үйл баримт тогтоогдоогүй бөгөөд талийгаачид учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож, Э.Б нь Г.Б нүүрэн тус газарт өшиглөсний улмаас талийгаачид зүүн хацар, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарал гэмтэл учирч, улмаар амьсгалын зам руу цус алдан амьсгалын замын механик бүтэлтэд оруулсны улмаас түүний амь насыг хохироосон хэргийн үйл баримт тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Шүүгдэгч Э.Б нь давж заалдах шатны шүүх хуралдаан дээр ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх үндэслэлээр гаргасан давж заалдсан гомдлоо өөрчлөн анхан шатны шүүхэд худал мэдүүлэг өгсөн, энэ нь Ш.Т ахын дарамтнаас болсон гэх агуулга бүхий гомдол гаргасан боловч энэ нь нотлогдохгүй байх ба дээр дурьдсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар талийгаачийн үхлийн шалтгаан болсон гэмтлийг Э.Б учруулсан нь нотлогдсон байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ш.Тын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Бийг хүнийг алсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Э.Б нь талийгаач Г.Б нүүрэн тус газарт нэг удаа өшиглөж зүүн хацар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарал гэмтэл учирсны улмаас амьсгалын зам руу цус алдан амьсгалыг механикаар бүтэлтэд оруулж алсан, Ш.Т нь талийгаач Г.Батболдыг авч шидсэн үйл баримт тогтоогддог хэдий ч түүнд гэмтэл учраагүй бөгөөд талийгаач Г.Б биед учирсан гэмтлүүдийг Ш.Т учруулсан гэх үйлдэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Учир нь, гэрч А.Эрдэнэбатын “... Ш.Т нь талийгаач Г.Батболдыг хоёр тал руугаа унагаж, шидээд байсан. ...” /1хх 138-141/ гэрч П.Наранцэцэгийн “... тэр залуу “өрөөнд малгайгаа үлдээчихлээ, та ороод аваад ирээч” гэж хэлэхээр нь би өрөөнд ороход  талийгаачийн биед нь ил харагдах гэмтэл, шарх байхгүй зүгээр байсан.” /1хх 149-152/ гэсэн мэдүүлгүүдээс дүгнэж үзэхэд Ш.Т нь хэрэг учрал болохын өмнө амь хохирогч болон гэрч А.Эрдэнэбаттай муудалцаад гарахдаа амь хохирогчийн биед ямар нэгэн гэмтэл учруулсан гэдэг нь нотлогддоггүй бөгөөд харин хэрэг учрал болсон тухайн үед Э.Б талийгаачийн нүүрэн тус газар гараараа 2 цохиж, 1 удаа нүүрлүү нь өшиглөсний улмаас амь хохирогчийн биед үхлийн шалтгаан болсон гэмтэл болон бусад гэмтлүүдийг учруулсан болох нь дээр дурьдсан хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ш.Т нь А.Эрдэнэбатыг зодсон боловч түүнд гэмтэл учраагүй бөгөөд талийгаачийг цохисон үйл баримт тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүгдэгч Э.Бийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрт” нэртэй зочид буудлын 402 тоот өрөөн дотор иргэн Г.Б нүүрэн тус газарт өшиглөсний улмаас зүүн хацрын яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарал гэмтэл учирч, дээрх гэмтлүүдтэй холбоотойгоор амьсгалын зам руу цус алдан механик бүтэлтэд оруулж амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Э.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд 13 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Бийн ...Миний бие анхан шатны шүүхэд уг хэргийг худал мэдүүлж, “энэ хэргийг би үйлдсэн” гэж хэлсэн нь бүгд Ш.Т ахын шахалт дарамтнаас болсон. ... гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гийн өмгөөлөгч Ц.Дын гаргасан “...Ш.Тт холбогдох хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон” гэсэн тус тус давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гийн өмгөөлөгч Ц.Д нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ,

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                                      ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

                                      ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ