Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2021/01496

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 05 өдөр

                          181/ШШ2021/01496

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.Н/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “К” ХХК/РД: /-д холбогдох, 

 

Тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нямсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баягмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Н миний бие 2020 оны 08 сарын 12 өдрийн Б/288 дугаартай “Ч.Нтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

Миний бие 2011 оны 10 сараас 2020 оны 08 cap хүртэл тогтвор сууршилтай ажиллаж байна. К нь жил бүр нийт ажилчдаас “Түвшин тогтоох шалгалт”-ыг зохион байгуулан авдаг бөгөөд тус шалгалтыг миний бие “Хангалтгүй” үнэлгээ авч байсан удаагүй буюу ажиллаж байх хугацаандаа ажлын доголдол, хариуцлага алдаж байсан тохиолдол гарч байгаагүй юм.

2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Гүйцэтгэх захирлын Б/288 тоот “хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох тушаал”-ын хуулбарыг өгсөн. Энэ тушаалдаа МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэх үндэслэлээр ажлаас халж буйгаа дурьджээ.

Дээрх хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 19-459-1 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба тус гэрээний 7.2-т “... энэхүү гэрээг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл буюу ажил олгогчийн санаачлагаар цуцална” гэж заасан.

2020 оны 08 сарын 12-ны өдрийн “хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох” тушаал нь ажил олгогчийн санаачилгаар боловч мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалтыг дүрэм, журам зөрчиж авсан хууль бус үндэслэл гэж үзэж байна.

Шалгалт зохион байгуулах тухай гэсэн гарчигтай “Ажилтны ажил үүргээ гүйцэтгэхэд санхүүгийн шинжилгээний мэдлэгийг тогтоох, ажилтны хандлага, ур чадварын үнэлгээг тодорхойлох, карьер хөгжлийн нөөцөд бүртгэх, сургалтын хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг тодорхойлох шалгалтыг зохион байгуулах болсныг үүгээр мэдэгдэж байна” гэсэн цахим шуудан ирсэний дагуу 2020 оны 05 сарын 08-аас 11-ний өдрүүдэд онлайнаар шалгалт авсан юм. Уг мэдэгдэлдээ шалгалтын үнэлгээг 5 сарын 14-ний өдөр ажилтан бүрт мэдээллэх ба ажилтныг ажлаас чөлөөлөх, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахгүй хэмээн мэдэгдсэн.

2020 оны 6 сарын 17-ны өдөр Мэргэжил, ур чадварын түвшин тоггоох шалгалт авах тухай гэсэн гарчигтай “Зарим ажилтны мэргэжлийн мэдлэг тогтоох, ур чадварын үнэлгээг тодорхойлох зорилгоор 2020 оны 05 сарын 8-наас 11-ний өдрүүдэд зохион байгуулсан шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан харилцагчийн менежерүүдийг “мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалт”-д хамруулж, ажилтныг тухайн албан тушаалд тэнцэж буй эсэхийг тодорхойлох тухай Гүйцэтгэх захирлын тушаал гарсны дагуу уг шалгалтыг зохион байгуулах удирдамжийг хүргүүлж байна” гэх цахим шуудан ирсэн.

2020 оны 07 сарын 10-ны өдөр “2020 оны 06 сарын 11-ний өдрийн А/92 тоот тушаалаар томилогдсон “мэргэжил ур чадварын тогтоох комисс”-ын 2020 оны 07 сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулсан шалгалтанд 59%-аас доош буюу хангалтгүй үнэлгээ авч тухайн ажил албан тушаалд тавигдаж буй мэдлэг, мэргэжил ур чадварын түвшинд тэнцэхгүй болох нь тогтоогдсон болно” Тиймээс тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 08 сарын 11-ний өдрөөр дуусгавар болгож, ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсныг танилцуулсан мэдэгдлийг өгсөн.

“Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт”-ын дүнг одоог хүртэл эрх зүйн албан ёсны бичиг баримт болгон гардуулж өгөөгүй. Ямар ч тамга, тэмдэг гарын үсэг зураагүй 57,2 гэсэн оноо тавьсан “Excel” программ дээр шивж оруулсан материалыг надад өгсөн тул уг эрх зүй актыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа төдийгүй энэхүү материал дээрх тоон дүнг хооронд нь нэмэхэд 67.2 гарч бгаа юм. Эндээс юу харагдаж байна гэхээр К нь олон ажил ажилласан дадлага туршлагатай ажилтнуудаас шалгалт авах нэрийдлээр автоматаар оноог нь хасаж, хангалтгүй дүн авсан, ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэх шалтгаанаар халах гэж байсан нь илт байна.

Учир ньмэргэжил ур чадварын түвшин тогтооох комиссын ажиллах журмаар комисс нь ажиллахдаа хууль тогтоомжид нийцсэн, хараат бус, шударга байх, эрх тэгш байх зарчмыг баримтлан шалгалтыг зохион байгуулах үүрэгтэй юм.

Анхны шалгалт авах удирдамж чиглэлд шалгалтын үнэлгээнээс хамааран ажлаас чөлөөлөх, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахгүй гэж мэдэгдсэн, мөн 2020 оны 6 сарын 17-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалыг бидэнд танилцуулаагүй, шалгалт авах, шалгалтыг хэрхэн яаж дүгнэх нь ойлгомжгүй, шалгалтын дүнг бидэнд албан ёсоор, эрх зүйн бичиг баримтын шаардлага хангаснаар танилцуулж гарын үсэг зуруулаагүй ажлаас ажил олгогчийн санаачилгаар гэх үндэслэлээр халж, ажилтан миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн тушаал гаргасанд гомдолтой байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 буюу “Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон” гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр хамаарах ёстой.

Гэтэл ажилтан бидэнд албан ёсны дүгнэлт, шийдвэрийг танилцуулаагүй, гардуулаагүй нь хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл мөнөөс мөн.

Тиймээс 2020 оны 08 сарын 12-ны өдрийн Б/288 дугаартай “Ч.Нтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.гэв.

 

Нэхэмжлэгч Ч.Нийн өмгөөлөгч Г.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Нтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах Кны гүйцэтгэх захирлын тушаал үндэслэлгүй гэдгийг нотлох хэд хэдэн үндэслэл хэргийн материалаас харагдаж байна. 1-рт Мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт огт гараагүй. Яагаад гэхээр энэ талаар Мэргэжил ур чадварын шалгалт зохион байгуулах комиссын ажиллах журмын 5.4 дэх хэсэгт Комисс нь ажилтан мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд албан ёсны дүгнэлт гарна. Энэхүү дүгнэлт нь комиссын дарга болон бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна гэсэн байна. Гэсэн хэдий ч Ч.Нд энэ дүгнэлтийг огт танилцаагүй байж 7 дугаар сарын 10-ны өдөр ажлаас халах тухай мэдэгдэл ирсэн. Мэдэгдэл нь дүгнэлтээсээ түрүүлээд ирсэн. Энэ хүн яагаад хангалтгүй оноо авсан талаар өмнө нь комиссын дүгнэлт гарч тогтоох ёстой байсан. Гэтэл ийм дүгнэлт гараагүй байхад мэдэгдэх хуудас ирсэн байдаг. Ингээд Ч.Н шалгалтын оноотойгоо танилцая гэхэд нь оноо нь гараагүй, ямар ч гарын үсэггүй дүгнэлт өгсөн бөгөөд үүнийг нь албан ёсны дүгнэлт гэж үзэхгүй байна. Ер нь бол анх өөрийнхөө давуу байдлыг ашиглан баримтуудыг сүүлд нь гаргаж өгч байсан. Албан ёсны дүгнэлт гэж комиссын дарга, бүх гишүүд гарын үсэг зурсан дүгнэлт өгсөн. Гэхдээ түүнийг Ч.Нд албан ёсоор танилцуулж баталгаажуулсан зүйл байхгүйгээр зүгээр дүгнэлт гэсэн баримт байдаг. Бодит байдал дээр бол энэ дүгнэлт анхнаасаа гараагүй, Ч.Нд танилцуулагдаагүй юм. Ийм учраас энэхүү дүгнэлтийг үндэслэж байгаа хүчин төгөлдөр гүйцэтгэх захирлын тушаал үндэслэлгүй гэж үзэж байна. 2-рт Хариуцагчийн төлөөлөгч анхны шалгалтад таныг хангалтгүй оноо авсан учраас мэргэжил ур чадварын шалгалтанд оруулсан гэж тайлбарлаж байна. Тухайн 5 дугаар сард авсан шалгалтанд хангалтгүй дүн авах юм бол мэргэжил ур чадварын шалгалтанд хамруулна гэсэн заалт оруулан танилцуулсан гэж ярьдаг. Гэтэл тэр удирдамж нь үнэн хэрэгтээ ажилчдад огт танилцуулагдаагүй. Удирдах албан тушаалтаны тушаал гэж ойлгож байна. Магадгүй нөхөж гаргачихаад ингэж ярьж байж ч магадгүй.” гэв.

 

Хариуцагч “К” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ч.Н нь “К” ХХК-ийн “Улаанбаатар” салбарын “Харилцагчийн менежер”-ийн ажил, албан тушаалд ажиллаж байгаад Мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж буй ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, дуусгавар болгосон болно. Үүнтэй холбогдуулан Ч.Н нь манай “К” ХХК-ийг холбогдуулан “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай” шаардлага гаргасан байх бөгөөд тус иргэний хэрэгт дор дурдсан хариу тайлбарыг гаргаж байна.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч Ч.Н нь 2012 оны 04 сараас эхлэн тус банкинд Харилцагчийн менежерээр ажиллаж байсан болно.

Кны гүйцэтгэх захирлын 2020.05.01-ний өдрийн А/71 тоот тушаалаар Банкны салбар, нэгжийн удирдлага болон харилцагчийн менежерүүдийн мэргэжлийн мэдлэгийг тогтоох, ур чадварын үнэлгээг хийх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг ажлын хэсэг нь батлагдсан удирдамжийн дагуу ажиллаж, шалгалт зохион байгуулж үнэлсэн.

Энэхүү шалгалтын мэдээ, мэдээллийг тухай бүр оролцогч нарт имэйлээр хүргэж ажилласан бөгөөд удирдамжид зааснаар уг шалгалтад “хангалтгүй” үнэлгээ авсан тохиолдолд “Ажлын маардлага хангахгүй байгаа тул шаардлагатай гэж үзвэл Мэргэжил, ур чадварын түвилин тогтоох шалгалт арч, комиссын дүгнэлт гаргуулна” гэдгийг урьдчилан мэдэгдсэн байсан. Тус шалгалтад нэхэмжлэгч Ч.Н нь “хангалтгүй” үнэлгээ авсан бөгөөд өөрт нь энэ тухай албан ёсны мэйлийг илгээсэн.

Ингээд дээрх шалгалтад “хангалтгүй” үнэлгээ авсан Харилцагчийн менежерүүдийн дунд Гүйцэтгэх захирлын 2020.06.11-ний өдрийн А/92 тоот “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт зохион байгуулах тухай” тушаалаар мэргэжил, ур чадварын түвшин тоггоох комиссыг байгуулж, холбогдох шалгалтыг зохион байгуулж ажилласан.

Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь батлагдсан төлөвлөгөө, удирдамж, холбогдох журмын дагуу ажилласан бөгөөд хурлын тэмдэглэл, шийдвэрүүдийг тухай бүр гаргаж баталгаажуулсан байдаг. Батлагдсан удирдамжид заасны дагуу шалгалтыг 3 арга, хэлбэрээр явуулсан бөгөөд тест-50 оноо, Assessment center буюу өгөгдсөн сэдвийн хүрээнд багаар эсвэл дангаар ажиллан кейс, дасгал даалгавар хийх, гүүнийг илтгэл тавих байдлаар танилцуулах, ур чадвар тодорхойлох ярилцлага хийх зэргийг ашиглан хувь хүнийг үнэлэх арга-40 оноо, шууд удирдлагын үнэлгээ/хариуцсан зээлийн багц, үзүүлэлтүүд/-10 оноо, нийт 100 оноогоор дүгнэсэн. Авах шалгалтын хэлбэр, дүгнэх арга, мөн журамд заасан хугацаанд гомдол гаргах боломжийн талаар шалгалтын удирдамжид тусган нийт шалгалтад оролцогчдод мэйл хүргүүлж ажилласан.

Нэхэмжлэгч Ч.Н нь дээрх шалгалтад буюу тест-т 41 оноо, Assessment center-т 12 оноо, шууд удирдлагын үнэлгээнд 4.2 оноо, нийт 57.2 оноо авч шалгалтад тэнцээгүй тул Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссоос “тэнцээгүй” гэсэн албан ёсны дүгнэлт гарсан болно.

Шалгалтын үнэлгээг Хүний нөөцийн ахлах менежер Б.Мөнхцэцэг нь хэвлэж Ч.Нд өгөх үедээ буюу нэгдсэн томьёотой excel програмаас бусад ажилтнуудын дүнгийн мэдээллийг нууцлан зөвхөн тухайн ажилтны дүнг татаж гаргахдаа процессын алдаа гаргасан байдаг. Тус алдаагаа Б.Мөнхцэцэг нь хүлээн зөвшөөрч Ч.Нд тайлбарлан, түүний үнэлгээг дахин танилцуулсан болно.

Ч.Н нь шалгалтын дараа банкны Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын ажиллах журамд заасны дагуу үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар бичгээр өргөдөл гаргаж, өөрийн үнэлгээгээ дахин хянуулахыг хүссэн бөгөөд уг хүсэлтийн дагуу комиссын зүгээс үнэлгээг дахин нягталж хянахад түүний авсан оноо нь 57.2 буюу үнэн зөв байсан. Тус өргөдлийн хариуг 2020.07.22-ны өдрийн 1246 тоот албан бичгээр мэдэгдсэн. Ингэхдээ Ч.Нийг банкинд тууштай ажилласан хугацаа, хичээл зүтгэл гарган ажиллах нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, холбогдох журам болон удирдлагаас өгсөн зөвшөөрлийн бүрэн эрхийн хүрээнд зхугацаатай үүрэг даалгавар авч, уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах санал тавьсан боловч Ч.Н нь татгалзаж, энэ талаар бичгээр хариу өгсөн.

Иймээс мэдэгдэлд дурдсан хугацаа дуусахад Ч.Нтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасныг үндэслэн Кны Гүйцэтгэх захирлын 2020.08.12-ны өдрийн Б/288 тоот тушаалаар ажил олгогчийн санаачилгаар цуцалж, дуусгавар болгосон болно.

Хоёр. Хууль зүйн үндэслэл

Ажил олгогч ажиллагсдын ур чадварыг тодорхойлох шалгалтыг авах журмаа өөрөө тодорхойлж, тухайн тодорхойлсон журмын дагуу шалгалтаа зохион байгуулж, шийдвэрлээд “мэргэжил, ур чадварын хувьд тэнцээгүй” гэдгийг тодорхойлон, түүний дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалт олгосон байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад “Ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална” хэмээн заасан бөгөөд мөн нэхэмжлэгч Ч.Нтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2-т “Энэхүү гэрээг “Хөдөлмөрийн тухай” хуулийн 39-р зүйл “Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцлах, 40-р зүйл “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах”, 131.1.3-р зүйл “ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах” болон Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох зүйл заалтуудыг тус тус үндэслэн цуцална.” хэмээн заасан. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг хууль зүйн үндэслэлтэйгээр цуцалсан болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай 2006 оны Улсын Дээд шүүхийн 33-р тогтоолд дээрх зүйл заалтыг тайлбарласан байдаг. Уг тогтоолд зааснаар “ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно” хэмээн тайлбарласан байдаг. Манай хувьд Банкны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын ажиллах журамд заасны дагуу ажиллаж, түүнд заасны дагуу албан ёсны дүгнэлтээ гаргасан тул хуульд нийцэж байна.

Дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахтай холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогчийн зүгээс “40.1.2”-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдсэн бөгөөд тус мэдэгдлийг хүлээн авч танилцсан гэдгээ Ч.Н гарын үсгээр баталгаажуулсан байдаг. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу ажил олгогчийн зүгээс нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг Ч.Нд олгосон болно.

Гурав. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан асуудал нь холбогдох хууль зүйн үндэслэлгүй, нөгөө талаар банкны зүгээс Ч.Нийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Н хариуцагч “К” ХХК-д холбогдуулан тушаалыг хүчингүй болгуулах, харилцагчийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 14 400 000/арван дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулах гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “К” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид Улаанбаатар салбарын харилцагчийн менежерийн албан тушаалд ажиллаж байсан болох нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №19-459-1 Хөдөлмөрийн гэрээний болон Ажлын байрны тодорхойлолтын хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэн Ч.Н нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэх шалтгаанаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болгосон болох нь 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/288 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:”, 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар ... хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон;” гэж заасан.

 

Хариуцагчийн гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/71 дугаар тушаалын 1 дэх заалтаар Банкны салбар, нэгжийн удирдлага болон харилцагчийн менежерүүдийн мэргэжлийн мэдлэгийг тогтоох, ур чадварын үнэлгээг хийх ажлын хэсгийг байгуулсан болох нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/71 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/92 дугаар тушаалын 1, 2 дахь заалтаар харилцагчийн менежерүүдийн мэргэжлийн мэдлэгийг тогтоох, ур чадварын үнэлгээг тодорхойлох зорилгоор 2020 оны 5 дугаар сарын 08-наас 11-ний өдрүүдэд зохион байгуулсан шалгалтад “Хангалтгүй” үнэлгээ авсан ажилтнуудыг “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох” шалгалтад хамруулж, түвшин тогтоох, дүгнэх ажлыг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд зохион байгуулахаар шийдвэрлэж, комисс байгуулсан болох нь 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/92 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/92 дугаар тушаалд зааснаар мэргэжил, ур чадварын шалгалтын комисс нь Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын удирдамжийг баталж, шалгалтыг тестийн, assessment center буюу өгөгдсөн сэдвийн хүрээнд багаар эсвэл дангаар ажиллах кейс, дасгал даалгавар хийх, түүнийг илтгэл тавих байдлаар танилцуулах, ур чадвар тодорхойлох ярилцлага хийх, ажлын гүйцэтгэл, хандлага, ёс зүй, идэвх санаачлага зэрэгт үнэлэлт, дүгнэлт хийх аргаар зохион байгуулахаар болсон болох нь Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын удирдамжийн хуулбараар тогтоогдож байна.

 

Мэргэжил, ур чадварын шалгалтын комисс нь Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын ажлын журмын 3-р зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авах арга, хэлбэрийг нэгдүгээр хавсралтаар, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын үнэлгээний аргачлалыг хоёрдугаар хавсралтаар баталж, Assessment center шалгаруулалтад удирдах албан тушаалтныг ороцуулахаар шийдвэрлэсэн болох нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №М-01/20 шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтад 67.2/жаран долоо аравны хоёр/ оноо авсан гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь уг шалгалтад тухайлбал Assessment center шалгаруулалтад 40/дөч/ оноо авахаас 12/арван хоёр/ оноо, тестийн шалгалтад 50/тавь/ оноо авахаас 41/дөчин нэг/ оноо, шууд удирдлага/гүйцэтгэлд 10/арав/ оноо авахаас 4.2/дөрөв аравны хоёр/ оноо, нийт 57.2/тавин долоо аравны хоёр/ оноо авсан болох нь Нэгдсэн дүн, Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын үнэлгээ, Бүлгээр хийх дасгалын үнэлгээний болон Ярилцлагын үе шатны үнэлгээний хуулбар, 2020 оны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтад хамрагдсан харилцагчийн менежерүүдийн “10” онооны үнэлгээ, Илтгэлийн үе шатны үнэлгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Шалгалтын комисс нь шалгалтын үнэлгээг тогтоохдоо Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн М-01/20 тоот шийдвэрийн Хавсралт №02 Үнэлгээний аргачлалд зааснаар үнэлсэн болох нь Нэгдсэн дүн, Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын үнэлгээ, Бүлгээр хийх дасгалын үнэлгээний болон Ярилцлагын үе шатны үнэлгээний хуулбар, 2020 оны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтад хамрагдсан харилцагчийн менежерүүдийн “10” онооны үнэлгээ, Илтгэлийн үе шатны үнэлгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 10/арав/ онооны шалгалтын үнэлгээтэй холбоотой зээл олголтын хугацаа тооцсон байдал буруу, Ч.Н ажилдаа дөнгөж орж ирээд ажиллах нөхцөл боломжгүй байхад Улаанбаатар хотын салбарын харилцагчийн менежерүүдийн нийт ажилласан жилд олгосон зээлтэй харьцуулсан гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгчийн 2020 оны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын үнэлгээг тогтоохдоо 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл олгосон зээлийг хамруулсан байх ба Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн М-01/20 тоот шийдвэрийн Хавсралт №02 Үнэлгээний аргачлалд зааснаар буюу тус аргачлалын дагуу Улаанбаатар салбарын захирал үнэлгээг гаргасан болох нь Зээлийн хувийн хэрэг хүлээлцсэн акт, 2020 оны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтад хамрагдсан харилцагчийн менежерүүдийн “10” онооны үнэлгээ, “10” онооны үнэлгээгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 57.2/тавин долоо аравны хоёр/ гэсэн оноо тавьсан “Excel программ дээр шивж оруулсан материалыг надад өгсөн, энэхүү материал дээрх тоон дүнг хооронд нь нэмэхэд 67.2/жаран долоо аравны хоёр/ гарч байгаа гэж маргаж байна.

 

Хариуцагч нь Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын оноог Excel программ дээр нэгтгэсэн байх ба уг программ дээр ашигласан томъёог утсгасан байх тул туршилтаар нэгтгэсэн оноог алдаатай хэвлэсэн эсэхийг тогтоох боломжгүй байх боловч Хавсралт №02 Үнэлгээний аргачлалд зааснаар комиссын гишүүд болон Улаанбаатар салбарын захирлын өгсөн үнэлгээ буюу онооны баримтуудаар нэхэмжлэгч нь нийт 57.2/тавин долоо аравны хоёр/ оноо авсан болох нь Нэгдсэн дүн, Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын үнэлгээ, Бүлгээр хийх дасгалын үнэлгээний болон Ярилцлагын үе шатны үнэлгээний хуулбар, 2020 оны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтад хамрагдсан харилцагчийн менежерүүдийн “10” онооны үнэлгээ, Илтгэлийн үе шатны үнэлгээний хуулбар, Зээлийн хувийн хэрэг хүлээлцсэн акт, “10” онооны үнэлгээгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчид комиссын дүгнэлтийг танилцуулаагүй гэж маргаж байх боловч хариуцагч нь комиссын дүгнэлтийн талаар мэдэгдэж, нэхэмжлэгч нь шалгалтын дүн болон үнэлгээнд гомдол гаргаж, хариуцагч нь тухайн гомдлыг шийдвэрлэсэн болох нь нэхэмжлэгчийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хүсэлт, хариуцагчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн № 1246 Гомдолд хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын удирдамжид шалгалтын үр дүнд үндэслэн 59%, түүнээс доош хангалтгүй дүн авсан тохиолдолд тухай ажил, албан тушаалд тавигдаж буй шаардлагыг хангахгүй байгаа буюу тэнцэхгүй гэж үзэж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хүртэл арга хэмжээ авна гэжээ.

 

Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нэхэмжлэгч нь мэргэжил, ур чадварын хувьд харилцагчийн менежерийн албан тушаалд тэнцэхгүй тухай 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр №06/2020 дүгнэлт гаргасан болох нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №06/2020 дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа Улаанбаатар салбарын харилцагчийн менежерийн албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон байх тул хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр цуцалсан болох нь 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/288 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ... хийнэ.” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн болох нь 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан №19-459-1 Хөдөлмөрийн гэрээг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ч.Нийн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 14 400 000/арван дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулах гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ч.Нийн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 14 400 000/арван дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулах гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Нийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Ч.Нд буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ХИШИГБАТ