| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2024/0447/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/460 |
| Огноо | 2024-06-19 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/460
2024 06 19 2024/ШЦТ/460
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагай ,
улсын яллагч Б.Энх-Амгалан,
шүүгдэгч А.************ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Шаазган овогт ************ийн ************д холбогдох эрүүгийн *************** дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ний өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн **** дугаар хороо, **** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Шаазган овогт ************ийн ************ (РД:************)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.************ нь 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 18 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн *****, **** клиникийн ***** байшингийн цонхыг хагалж, хаалгыг эвдэж хохирогч У.************ бага хэмжээнээс дээш буюу 339.000 /гурван зуун гучин есөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч А.************ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч А.************: “...2024 оны 4 сарын 14-ний өдөр найзын маань төрсөн өдөр болоод гэрт нь очсон. Тэгээд орой харих гээд явж байхад эмэгтэй хүний туслаарай авраарай гэсэн дуу сонсогдсон. Тэгээд туслах санаатай орсон. Тухайн байшин актлагдаад хүн амьдрах боломжгүй байшин байсан. Ороод хэсэг ухаан орж гарсан, байшин дотор болсон үйл явдлаа санахгүй байгаа. Санаатайгаар эд зүйлийг нь гэмтээх зорилго байгаагүй. ..” гэв.
Гурав: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч У.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 04 дүгээр сарын 14-ний оройн 18 цаг 45 минутын орчим амьдрахгүй байгаа Хан-Уул дүүргийн ***** хороо ******* тоотын хажуу айлын хүн танай цонхыг чинь хагалаад хүн орсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь 18 цаг 55 минутын үед хашаа руугаа яваад ороход өөдөөс согтуу хүн гараад ирсэн. Тэгээд машин руу цохих гэж дайрахаар нь машинтайгаа зугтаад буцаад ирсэн чинь нөгөө хүн хашаан дотор байж байсан ба удалгүй цагдаагийн хүмүүс ирээд тэр эрэгтэй хүнийг аваад явсан. Байшингаа үзэхэд дотор талын модон хаалганы -оод талыг цөм өшиглөж, гал тогооны залгаа үргэлжилсэн дунд зэргийн хэмжээтэй 3 цонхыг хагалаад, үргэлжилсэн жижиг цонх, том өрөөний цонхыг нилэнхүйд нь хагалсан байсан...
...349.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо барагдуулмаар байна” (хавтас хэргийн 06, 9 дэх тал) гэсэн,
“Бан Хас”ХХК-ний №Х24-33 дугаартай үнэлгээний тайлан (хавтас хэргийн 18 дахь тал)
Сэжигтнээр О.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд алхаад явж байхад эмэгтэй хүний дуу гарах чимээ гарахаар нь би тухайн айлын байшингийн цонх болон хаалгыг эвдээд орсон...” (хавтаст хэргийн 14 дэх тал) гэсэн,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дэх тал),
Шүүгдэгч А.************гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 42-47 дахь тал),
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.************д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч А.************ нь 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 18 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн ******** хороо, *************** байшингийн цонхыг хагалж, хаалгыг эвдэж хохирогч У.************ бага хэмжээнээс дээш буюу 339.000 /гурван зуун гучин есөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч У.************ын мэдүүлэг, 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн баримт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
“Бан Хас”ХХК-ний №Х24-33 дугаартай үнэлгээний тайлан (хавтас хэргийн 18 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.
Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.************ нь хохирогч У.************ 339.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ...бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Улсын яллагчийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Тиймээс шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй...” гэсэн саналыг гаргасан.
Шүүх шүүгдэгч А.************г бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг (хавтаст хэргийн 42-44 дэх тал) харгалзан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар А.************д оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч У.************ 339.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг барагдуулсан баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн мөн хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирлоо бүрэн барагдуулж авсан тул шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байх тул шүүгдэгч А.************г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч А.************гаас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
1. Шүүгдэгч Шаазган овогт ************ийн ************г бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.************г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.************ нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А.************д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ