Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2021/01676

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 08 өдөр

                          181/ШШ2021/01676

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Ө” СӨХ/ГД: /-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Б/РД: /,

 

Хариуцагч: Б.Э/РД: / нарт холбогдох,

 

605 610 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Наранцацрал, хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Ө” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Наранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Ө” СӨХ-ны гишүүн, сууц өмчлөгч Б.Э, Г.Б нар нь СӨХЭЗБ, НЗОСБДӨЭХТухай хуулийн 13.2.3, Иргэний хуулийн 147.1-д заагдсан үүргээ биелүүлэхгүй 2018 оны 1-р сараас 2020 оны 10-р сарыг дуустал хугацаанд cap бүр төлвөл зохих 15,990 төгрөг, 2020 оны 11-р сараас 2021 оны 4-р сарыг хүртэлх cap бүр төлвөл оны 19,490 төгрөг нийт 605,610 төгрөгийг төлөхгүй байгаа нь “Ө” СӨХ- ны хэвийн үйл ажиллагаа алдагдах нөхцөл байдал үүсээд байна.

Сууц өмчлөгч нар “Ө” СӨХ-нд cap бүр төлөх засвар үйлчилгээ, цахилгаан шат ашиглалтын зардал, цэвэрлэгээ, жижүүрийн мөнгөө төлөхгүй байгаа нь цаашид нийт сууц өмчлөгчдийн эрх ашигт шууд хохиролтой байх тул, мөн удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан ч биелүүлэхгүй байх тул аргагүйн эрхэнд шүүхэд хандан нэхэмжлэл гаргахад хүрсэн болно. Иймд “Ө” СӨХ-ны төлбөрт 605,610 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие СХД-ийн 15-р хорооны 20-р байрны 297 тоотод 2005-2018 онуудад амьдарч байсан бөгөөд 2018 оноос одоог хүртэл СБД-ийн 3-р хороо Нарны зам 13/1 байр, 27 тоотод оршин сууж байгаа болно. СХД дэх байранд оршин сууж байх хугацаандаа СӨХ-ны төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж байсан бөгөөд СӨХ-ны нэхэмжилж байгаа мөнгийг сүүлийн саруудад төлөөгүй нь үнэн болно. Учир нь сүүлийн 9 жилийн турш манай орц тогтсон жижүүргүйн улмаас орцны дотор хог шороо, тоос, тамхины ишинд дарагдаастай, шатны тавцан, хогийн бункерийн хажууд ялангуяа манай 3-р давхрын хэсэгт байнга хүмүүс шээж, бие засаж, нус цэрээ шал болон хана руу цацсан байдгаас байнгын муухай үнэр үнэртэж байдаг.

Мөн орцны гаднах сандал дээр олон жилийн турш архины хамааралтай хүмүүс цугларч, архи ууж, тамхи татан хавь орчныг бохирдуулж, чангаар хашхиралдан, зодоон цохио ч үүсгэн оршин суугчдад төвөг учруулж байдаг. Хүүхдүүд хичээл, сургуульд явах, ирэх, гарч орохдоо айж түгшсэн байдалтай, корридорт гэрийн хаалганы хажууд унадаг дугуйгаа байрлуулаад дөнгөж эргээд гарах хооронд хулгайлаад явчихдаг. Яг хажуу хөрш 298 тоотын айл өдөр, шөнө, үүрийн аль ч цагт архи ууцгааж, наргиж цэнгэн, хэрүүл маргаан, хашхираан тасардаггүй. Энэ бүгдээс дайжиж манайх ондоо дүүрэг рүү шилжиж нүүсэн.

Орцны жижүүр хийхээр ирсэн хүмүүс нь 3-7 хоног ажиллаад алга болдог. 1-2 сар ажилласан хүмүүс нь “Сарын цалин 100.000 төгрөг өгөх юм. Хаанаа ч хүрэхгүй тул болилоо” гээд явцгаадаг. Тэр хүмүүс нь юу юу ч үгүй ирцгээдэг байсан тул би хувийн зүгээс хөнжил, гудас, матрас, сав суулга, хоол ундны зүйлс илүүчилж өгч, тусалж дэмждэг байсан. Уг нь СӨХ-ны дарга гэх хүмүүс өөрсөддөө боломжийн цалин аваад байдаг шигээ биш ч гэсэн арай нэмүү цалин орцны жижүүрүүддээ өгч байвал тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл нь бүрдэх байх. Одоо байгаа СӨХ-ны дарга, удирдах зөвлөлийн гишүүд гэгдэх хүмүүс нь нийт оршин суугчдын хурал хуралдаж, олонхийн санал авч сонгогдоогүй хэдхэн хүн хоорондоо ярилцаж тохиролцон, хуучин даргыг хөөж явуулаад хууль бусаар өөрсдийгөө сонгоод ажиллаж байгаа СӨХ гэдгийг тус байрны оршин суугчдын дийлэнх олонх нь мэднэ. Гэхдээ оршин суугчдад таалагдсан ажил үүргээ хийгээд арчилгаа, үйлчилгээ хийж байвал хэн ч шүүмжлэхгүй хүлээн зөвшөөрөөд л явах болно шүү дээ.

Одоо манай байранд/тоотод/ хүн суудаггүй, зарах гэж байгаа тул хэд хоноод эргэж тойрох болон сонирхсон хүнд үзүүлэх гэж очдог. Дотоод байдал сайн, засалт тохь тухтай боловч орцны дотор болон гаднах орчны байдлын бохир муу болон орцны жижүүргүй зэргээс болоод зарагддаггүй. Бусад орцнуудын байдал ямар байдгийг мэдэхгүй. Ямартай ч манай 9-р орцны байдал тун муу тул тогтсон орцны жижүүртэй болж орцны доторх болон гаднах цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийдэг болсон мөчөөс эхлэн СӨХ-ны сар тутмын мөнгийг төлж байх болно.

Одоо бол хааяа нэг өөр хүн ирж дутуу дулимаг цэвэрлэсэн болоод явчихдаг. Орцны жижүүрийн хаалга нь сар, жилүүдээр цоожтой л байдаг. Энэ цаг үед урьдынх шигээ хийгээгүй зүйлийн төлөө, бохир заваан, тохь тухгүй орчинд амьдарсныхаа төлөө нэрлэхээд, “За яахав” гээд төлбөр төлөөд яваад баймааргүй байгаа тул тус СӨХ-ны нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй байх нь зөв зүйтэй гэж үзэж байгаа болно. Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн үндсэн хуулийн заалт ч байдаг. Шүүгч та бүхний гаргасан шийдвэрийг хүндэтгэн биелүүлэх болно.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Ө” СӨХ хариуцагч Г.Б, хариуцагч Б.Э нарт холбогдуулан засвар үйлчилгээний төлбөрт 605 610/зургаан зуун таван мянга зургаан зуун арав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Г.Б нь орцны доторх болон гаднах цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийдэг болсон мөчөөс эхлэн СӨХ-ны сар тутмын мөнгийг төлж байх болно, нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй байх нь зөв зүйтэй гэж үзэж байгаа болно гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ө” СӨХ хариуцагч Б.Энх-Бүжин, Г.Б нарт холбогдуулан гаргасан 605 610/зургаан зуун таван мянга зургаан зуун арав/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээс хариуцагч Б.Энх-Бүжинд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас сууц өмчлөгчдийн холбооны 2018 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх засвар үйлчилгээний зардалд нийт 159 880/нэг зуун тавин есөн мянга найман зуун ная/, 2019 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх засвар үйлчилгээний зардалд нийт 188 380/нэг зуун наян найман мянга гурван зуун ная/ төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх засвар үйлчилгээний зардалд нийт 198 880/нэг зуун ерэн найман мянга найман зуун ная/ төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сараас 3 дугаар сарыг дуусталх засвар үйлчилгээний зардалд нийт 58 470/тавин найман мянга дөрвөн зуун дал/ төгрөгийг, бүгд 605 610/зургаан зуун таван мянга зургаан зуун арав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө., 148 дугаар зүйлийн 148.2-т “Орон сууц өмчлөгч нь дараахь үүрэг хүлээнэ:”, 148.2.3-т “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон ... зардлыг санхүүжүүлэхэд ... оролцох;”, 148.2.6-д “дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг бусад этгээдийн ашиглалтад шилжүүлсэн тохиолдолд тухайн этгээдээс энэ хуулийн 148.2.1-148.2.3-т заасан үүргийг биелүүлээгүйгээс ... хариуцах;гэж заасан.

Сонгинохайрхан дүүрэг, 15-р хороо, 20-р байр, 297 тоотын өмчлөгч нь Б.Энхсаруул болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч нь энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

 

Б.Энхсаруул нь хариуцагчид 297 тоотын эзэмшил, ашиглалтыг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 297 тоотод 2005 оноос эхлэн амьдарсан байх ба 2018 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх засвар үйлчилгээний зардал нийт 159 880/нэг зуун тавин есөн мянга найман зуун ная/, 2019 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх засвар үйлчилгээний зардал нийт 188 380/нэг зуун наян найман мянга гурван зуун ная/ төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх засвар үйлчилгээний зардал нийт 198 880/нэг зуун ерэн найман мянга найман зуун ная/ төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сараас 3 дугаар сарыг дуусталх засвар үйлчилгээний зардал нийт 58 470/тавин найман мянга дөрвөн зуун дал/ төгрөгийг, бүгд 605 610/зургаан зуун таван мянга зургаан зуун арав/ төгрөгийг төлөөгүй болох нь Төлөгдөөгүй төлбөрүүдийн жагсаалтаар тогтоогдож байх ба хариуцагч нь энэ үйл баримтын талаар марахгүй байна.

 

Хариуцагч нь Сонгинохайрхан дүүрэг, 15-р хороо, 20-р байр, 297 тоотыг эзэмшиж, ашиглаж байгаа талаар маргахгүй байх тул Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.6 дахь заалтад зааснаар хариуцагчаас засвар үйлчилгээний зардалд бүгд 605 610/зургаан зуун таван мянга зургаан зуун арав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хариуцагч нь орцны цэвэрлэгээг зохих ёсоор хийдэггүй байсан гэж маргаж байх боловч хариуцагчийн тус тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.6 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Г.Бээс бүгд 605 610/зургаан зуун таван мянга зургаан зуун арав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ө” СӨХ-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.6 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Г.Бээс бүгд 605 610/зургаан зуун таван мянга зургаан зуун арав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ө” СӨХ-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ө” СӨХ хариуцагч Б.Энх-Бүжин, Г.Б нарт холбогдуулан гаргасан 605 610/зургаан зуун таван мянга зургаан зуун арав/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээс хариуцагч Б.Энх-Бүжинд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Ө” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 18 850 төгрөгөөс 18 818 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 32 төгрөгийг улсын орлогоос,  хариуцагч Г.Бээс улсын  тэмдэгтийн хураамжид 18 818 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ө” СӨХ-д тус тус олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.ХИШИГБАТ