Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 0020

 

    Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 451 дугаартай шийдвэртэй,

С.З-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн “Эрдмийн өргөө цогцолбор” сургуулийн захиралд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч С.З-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                            С.З

Хариуцагч                                               Н.Я

Нарийн бичгийн дарга                           С.Гончигбал нар оролцов.

Нэхэмжлэгч С.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Монгол улсын боловсролын их сургуулийг 2010 онд мэдээллийн технологи, англи хэлний багшаар төгссөн. 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн “Эрдмийн өргөө цогцолбор” сургуульд мэдээллийн технологи, англи хэлний багшаар томилогдон ажилласан. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр намайг хууль бусаар ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулинд заасны дагуу 1 жил хүртэл хугацаагаар чөлөөг ажилтанд олгож болно гэсэн заалт байсан учраас би чөлөө авах гээд Н.Я захиралд өргөдөл гаргаад чөлөө олгочихлоо гэж бодоод 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр амьдрал ахуйн шаардлагаар БНСУ-руу ажиллахаар яваад 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу 2 сар болоод ирсэн. Надтай цуг явсан багшийн чөлөө олгох тушаал гарсан болохоор чөлөө олгочихлоо гэж бодоод би явсан. Тэгээд 2018 оны 1 дүгээр сард Н.Я захиралтай уулзаж учир байдлаа хэлтэл чамайг халсан гэж хэлсэн. Тэгээд ажлаас чөлөөлсөн тушаалаа авах гэтэл өгөөгүй. Тушаал гарсан өдрөөр гарын үсэг зураад ав гэсэн. Би тушаалаа авч байгаа өдрөө бичээд авах гэтэл тушаалаа авбал ав, авахгүй бол боль гэхээр нь аваагүй гараад явсан. Ингээд ажилдаа эргэж орохоор Н.Я захиралтай уулзахад чамайг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн учир ажиллуулах боломжгүй гэж хэлсэн боловч ажлаас халсан тушаалыг надад албан ёсоор гардуулаагүй ба уг тушаалыг цахимаар явуулсан гэх боловч тийм зүйл огт байхгүй байсан. Булган аймаг дахь Сум дундын шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан ажлаас халагдсан тушаал хавсаргагдах ёстой гэж шаардлага тавьснаас би шүүхэд өргөдөл өгч эрх ашгаа хамгаалуулах нөхцөл байдлаа алдаж, 8 сар гаруй ажилгүй амьдралаараа хохирч байна. Сургуулийн захирал Н.Я нь анх намайг Солонгос улсад жилийн хугацаатай явж ажиллах хүсэлтийг албан ёсоор өгсөн боловч сургуулийн дотоод журамд зааснаар тухайн ажилтны хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж 1 жил хүртэл хугацааны чөлөөг өгч болно гэсэн заалт байсаар байтал үүнийг харгалзан үзэлгүй надад чөлөө олголгүй бусад багш, ажилтанд чөлөө олгож ялгавартай хандаж байсан явдалд захирал Н.Я-д их гомдолтой явдаг юм. Намайг ажлаас халсан тушаалыг хуулийн хүрээнд албан ёсоор гардуулсан бол өөр хэрэг. Би халагдсан тушаалаа албан ёсоор гардаж аваагүй учир шүүхэд хандах эрхтэй гэж үзэж байна. С.З миний бие багшаар ажиллаж байх хугацаанд сард нэмэгдлийн хамт 699000 төгрөгийн цалинтай байсан болно. Тиймээс 2017 оны 11 дүгээр сараас одоог хүртэл 8 сарын цалин 5.592.000 төгрөгөөр хохирч байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 5.592.000 төгрөгийг буруутай албан тушаалтнаас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэлийг шаардлага гаргаж байна. Би маш их гомдолтой байна” гэжээ.

 Хариуцагч Н.Я шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Тус сургуулийн мэдээллийн технологийн багшаар ажиллаж байсан С.З нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Бүгд найрамдах Солонгос улс руу хувийн шалтгаанаар буюу ажил хийхээр явах 1 жилийн чөлөө олгох хүсэлт гаргасан. Хичээлийн дундуур хүүхдүүдийн хичээлийг завсардуулахгүйн тулд багшид чөлөө олгож болгохгүй талаар үүрэг чиглэл өгсөн учраас С.З-д чөлөө олгоогүй. Чөлөө олгох өргөдөл хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу авалгүй ажлын байраа орхин явсан. Энэ нь шалтгаангүй ажил тасалсанд тооцох үндэслэлтэй байсан боловч сургуулийн захиргаа 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл С.З-аас хариу хүлээсэн ч хариу байхгүй төдийгүй ажилдаа ирээгүй. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл түүнийг хүлээсэн ба хичээл сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдаж нэг улирлын хичээлийн хоцрогдол үүсч хохироож байсан тул хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ажлын байраа орхин явж, ажлаа шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш хоног тасалсан зөрчлийг үндэслэн, мэдээллийн технологийн багш ажилтай С.З-г сахилгын шийтгэл давтан гаргасан, шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш хоног ажлаа тасалсан гэх үндэслэлээр “Хөдөлмөрийн тухай хуулййн” 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүлийн 4.2 дахь заалт, хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлаас халах тушаалыг гаргасан. Багш С.З нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр БНСУ-руу ажиллахаар 3 сарын чөлөө хүссэн өргөдөл гаргасны дагуу 3 сарын чөлөө олгож байсан ба 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын Хавдар судлалын эмнэлэгт шинжилгээ өгөх, хагалгаанд орох шалтгаанаар чөлөө олгохыг хүссэн хүсэлтийн дагуу Булган аймгийн Нэгдсэн эмнэлгээс олгосон 13А маягтад тусгасан хоногоор чөлөө олгосон. Чөлөөний хугацаа дуусахад ажилдаа ирээгүй ба олон хоног ажил тасалж сургуулийн сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болгосон. 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн сургуулийн менежерүүдийн зөвлөлийн хурлаар түүний ажил тасалсан асуудлыг хэлэлцэж өөрийн биеэр ажилдаа ирэхийг хүлээхээр шийдвэрлэж хүлээсэн. Багш С.З нь 2017 оны 03 дугаар 13-ны өдөр ажилдаа ирэхдээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай эмнэлгийн магадлагаа авчирч сургуулийн нягтлан бодогч Д.Ганцэцэг хөдөлмөрийн чадамж түр алдсаны тэтгэмж олгохоор нийгмийн даатгалд хүргүүлэхэд уг магадлагаа нь хуурамч болох нь нотлогдож, мөн “Аюурвэд-Энх” ХХК-ийн ерөнхий эмч Ш.Нарантуяа 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №3 албан тоот бичгээр хуурамч болох талаар хариу ирж С.З нь буруугаа хүлээж БНСУ руу ажил хийхээр явсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба ажлаа цалгардуулалгүйгээр тасалсан хичээлээ нөхөн хичээж ажиллана гэсэн хүсэлт өгснийг үндэслэн сургуулийн захиргаа 2017 оны 03 дугаар сарын 20-ны Б/15 дугаар тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан. Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил болоогүй байхад дахин сахилгын шийтгэл давтан гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй удаа дараа БНСУ-руу ажил хийх гэж явж байгаагаас суралцагчдын хичээл хоцрогдож сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдаж байгаа. Сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/59 тоот “ажлаас халах тухай” тушаалыг багш С.З-д танилцуулах гардуулах ажиллагааг түүний цахим хаяг фэйсбүүк, цахим хаяг sukhbaatar zolzaya болон албан ёсны оршин суугаа хаягт шуудан холбоогоор хүргүүлсэн боловч эзэнгүй гэх шалтгаанаар буцаж ирсэн. Ажлаас халах тушаалыг гардуулах ажиллагааг хийсэн боловч тушаалыг цахимаар хүлээн авсан атлаа хариу өгөөгүй. Багш С.З нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Солонгос улсаас ирсэн гэж ярьж байна. Уг өдөр ирснийг манай байгууллага мэдээгүй ба ажилдаа орох эсвэл ажлаас халах тушаал авахаар манай байгууллагад энэ хугацаанд ирж байгаагүй. Харин 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ирж уулзахдаа ажлаас халагдсан талаараа мэдэж байсан бөгөөд ажилд эгүүлэн авах хүсэлтийг амаар гаргахад нь хүлээн авах боломжгүй, ажлаас халагдсан тушаалаа хүний нөөц, бичиг хэргийн ажилтан Б.Батзулаас авахыг хэлээд өрөөнөөс нь гаргахад ажлаас халагдсан тушаалаа аваагүй явсан байсан. Сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/59 тоот ажлаас халах тушаал нь хууль зөрчөөгүй, ажил олгогч тушаалыг гардуулах үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 451 дугаартай шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан Булган аймгийн “Эрдмийн өргөө цогцолбор” сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэгч С.З-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тrухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.З давж заалдах гомдолдоо:

“... Булган аймгийн 2 дугаар 12 жилийн сургуулийн захирал Н.Я-д холблогдох иргэний хэргийн 2018 оны 07 дугаар сарын 31-ны өдөр хэлэлцэж С.З миний нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.

Тухайлбал сургуулийн захирал Н.Я нь С.З намайг гэнэт ажлаас халж миний ахуй амьдрал сэтгэл зүйд ихээхэн хохирол учруулж мэргэжлийн ажил болон цалин хөлсөөр хохироосонд гомдолтой байгаа. Сургуулийн захирал нь хуульд заасны дагуу ажлаас халахаа урьдчилж албан ёсоор бичгээр мэдэгдээгүй бөгөөд миний халагдсан тушаалыг мөн албан ёсоор гардуулж өгөөгүй дур мэдэн түүгээрээ эчнээ хэлбэрээр албан тушаалаа ашиглан хууль бус шийдвэр гаргаж миний ажиллаж, амьдрах цалин хөлсийг хохироосон гэж үзэж байна.

Захирал Н.Я нь өөрийнхөө дутагдлыг хаацайлахын тулд сургуулийн дотоод журмыг баримтлахгүй, харин ч дотоод дүрмийн заалтыг Н.Я өөрийн гаргасан шийдвэрийг зөвтгөхийн тулд хуурамчаар зохиомол шинжтэй дотоод дүрмийн боловсруулалтыг албан ёсны биш бичиг баримт гаргаж гэм зэмгүй жирийн ажилтан намайг шүүхийн өмнө гүрдэж буруутгахыг оролдож байгаа явдалд гомдолтой бүр маш их гомдолтой байна. Н.Я-ийн ийнхүү хуурамч дотоод журмын бичиг баримт гаргаж шүүхийг хууран мэхлэж байгааг шүүхээс Н.Я-д хуулийн дагуу арга хэмжээ авч шударга ёсыг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзэж байна.

Захирал Н.Я надад тушаалыг цахимаар өгсөн гэж хэлдэг боловч үүнийг өгөөгүй. Өгөөгүйгээс гадна би 2018 оны 01 дүгээр сарын 23-нд ажилдаа ороё гэж очтол чамайг үүрэгт ажлаас чинь халсан гэж хэлсэн. Тэгвэл тушаалаа авъя гэтэл нарийн бичиг Батзул дээр байгаа гэсэн. Уг тушаалыг авах гэтэл ард нь 10.20-нд цахимаар мэдэгдэв гэж томоор бичсэн байсныг хараад өнөөдөр харж байна өнөөдрөөр хүлээгээд авъя гэтэл авбал ав, больвол боль гээд надад өгөөгүй. Би ажлаас халагдсан гомдлын талаар Булган аймгийн шүүх, БСГ, Аймгийн засаг дарга Батзориг, БСШУС Цогзолмаа, УИХ Бат-Эрдэн зэрэг холбогдох байгууллага албан тушаалтнуудад гаргасан боловч хамгийн сүүлд Аймгийн засаг дарга Батзоригийн хариуг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээж аваад тэр даруйд нь шүүхийн байгууллагад өмгөөлөгч авч дахин гомдол гаргаж холбогдох материалыг бүрдүүлж өгсөн.

Шүүх өмнө миний өгсөн өргөдлийг сургуулийн захирлын тушаалыг хавсаргах ёстой гээд аваагүй /Үүдний өргөдөл хүлээн авдаг хүн мөн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүхийн камерын бичлэг нотолно/ бөгөөд Н.Я нь холбогдох тушаалыг надад өгөөгүй чирэгдүүлсэн. Ингээд би өмгөөлөгчөөс зөвлөгөө авч шүүхэд хүсэлт гаргаж захирал Н.Я-аас тушаалыг хуулийн дагуу албадуулж гаргуулж авсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж С.З намайг ажилд эргүүлэн тогтоож алдагдсан цалин хөлсийг буруутай байгууллага албан тушаалтнаас гаргуулж хохиролгүй болгож өгөхийг хүсэлт болгож байна. Би анхан шатны шүүхийн шийдвэрт маш их гомдож байна ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.З нь Булган аймгийн Булган сумын “Эрдмийн өргөө“ цогцолбор сургуулийн захирал Н.Я-д холбогдуулан мэдээллийн технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд ажил олгогч нь 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн Б/59 дугаартай “Багш С.З-г үүрэгт ажлаас халах тухай” тушаалаар мэдээллийн технологийн багш С.З-г хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаж, 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаа шалтгаангүйгээр тасалж, 30 хоног хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулсан гэх шалтгаанаар 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “... 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь гомдлоо 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, БСШУСЯам, Боловсрол соёлын газарт тус тус гаргажээ. /х.х-ийн 5-8/

Ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаасаа халагдсан тухайгаа нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сард мэдсэн, тушаалаа авах гэж 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажил дээрээ очсон боловч аваагүй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.З-г Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүх маргаан бүхий эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1, 167 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч С.З-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 451 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

2. Нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ё.БЯМБАЦЭРЭН

           ШҮҮГЧИД                                  С.УРАНЧИМЭГ

                                                                                      

                                                                                                  М.ХҮРЭЛБААТАР