Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 991

 

2020             8              6                                       2020/ДШМ/991                        

 

     Э.О, А.Б нарт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай    

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Үүлэн,

хохирогч Б.Г,

шүүгдэгч Э.О,

өсвөр насны шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/442 дугаартай шиийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.О, шүүгдэгч А.Б, түүний хууль ёсны төлөөлөгч А.Анарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Э.О, А.Б нарт холбогдох эрүүгийн 2005003360223 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            1.

 

          Шүүгдэгч Э.О нь А.Бтэй бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Сувиллын сургуулийн хойд талын автомашины задгай зогсоол дээр иргэн Б.ыг “шөнө унтуулсангүй, орилж хашхирлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн гадна хана, хамар ясны хугарал, баруун хөмсөгт шарх, баруун зовхинд зулгаралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

          Өсвөр насны шүүгдэгч А.Б нь Э.Отай бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Сувиллын сургуулийн хойд талын автомашины задгай зогсоол дээр иргэн Б.Гыг “шөнө унтуулсангүй, орилж хашхирлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн гадна хана, хамар ясны хугарал, баруун хөмсөгт шарх, баруун зовхинд зулгаралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

          Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Б, Э.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Эын О, Их мянган овогт Алинзулын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан бүлэглэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Оыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Бийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.О, А.Б нараас тус бүр 2.947.750 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол 8 дугаар байрны 164 тоотод оршин суух О овгийн Бын Г /РД:ХБ1080619/-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.О, А.Б, түүний хууль ёсны төлөөлөгч А.Анар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... хэргийн зүйлчлэлийн талаар гомдол саналгүй, оногдуулсан ялыг хөнгөрүүлж торгуулийн ялын доод хэмжээгээр шийтгэл оногдуулж өгнө үү. Мөн тус хагалгаа хийсэн гэх эмнэлэг нь хагалгааны төлбөрийг урьдчилан авалгүйгээр хагалгааг хийдэггүй гэсэн тул анхан шатны шүүхээс хохирогчид хагалгааны төлбөр гэх 4,391,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэмж хэлэх тайлбаргүй. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна.” гэв.

 

Шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэмж хэлэх тайлбаргүй. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна.” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч А.Бийн өмгөөлөгч Л.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Бийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед насанд хүрээгүй байсан. Өнөөдрийн байдлаар 18 насанд хүрсэн, ажил хөдөлмөр эрхэлж байгаа учир нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял шийтгэлээр сольж хөнгөрүүлж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан. Үүнийг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байна. Хохирлын хувьд шүүхээс тогтоосон 4,391,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасан. Учир нь, хавтас хэргийн 63 дахь талд “Э” гэх эмнэлгийн нэхэмжлэл авагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлыг хохиролд тооцохоор хуульчилсан. Хэрэгт авагдсан баримтыг хохирогчоос гарсан шууд зардал гэж үзэх боломжгүй. Шүүх ирээдүйд гарах зардлыг шүүгдэгч нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хохирлоос хасаж тооцож өгнө үү.” гэв.

 

Хохирогч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад учирсан баруун нүдний ухархайны хугарлын улмаас  хагалгаанд орохгүй удвал нүд унжих, бороолж эдгэрэх, дахин хагалгаа хийлгэх боломжгүй болно, яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Тухайн үед миний санхүүгийн боломж муу, хагалгаанд орох бололцоогүй учир эхлээд хамар ясны хугарлын хагалгаанд орохоор болж намайг зодсон хүмүүс тодорхой байгаа тул тэдгээрээс хагалгааны төлбөрөө гаргуулж авна гэх хүсэлтийг эмч Баасанжавд тавьж тохиролцоод хагалгаанд орсон. Намайг зодсон болох нь Гэмтлийн эмнэлэг болон Шүүх эмнэлгийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Өвчний түүх бүгд хавтас хэрэгт авагдсан байгаа. Би хагалгаа хийлгэх гэж явж байгаа биш хагалгаанд ороод хийлгэсэн төлбөрөө төлөх гэж явж байна. Тухайн үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, ажил хийж байсан бөгөөд акт авч явсан. Олох ёстой орлого гэж тооцож хохирол шаардаагүй. Нэгэнт хийлгэсэн хагалгааны төлбөрийг барагдуулж өгөхийг хүссэн. Хэрэг гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байхад гэм буруугаа хүлээн зөвшөөрч уучлал гуйхын оронд хохирол төлбөр төлөхгүй гомдол гаргасан байгаад би гомдолтой байна. Ял шийтгэл хүлээх болохоор төлбөр мөнгөний боломжтой, торгох ял оногдуулж өгнө үү гэсэн хэрнээ хохирогчид нэг ч төгрөг төлж барагдуулах сэтгэлгүй байгаад гомдолтой байна.” гэв.

 

Прокурор Д.Үүлэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс “Э” эмнэлэгт хэвтэж 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр нүдний ухархайн болон хамрын хугарлыг засах мэс засалд орсон болох нь тус эмнэлгээс ирүүлсэн өвчний түүхээр тогтоогдсон тул хохирогчийн нэхэмжилсэн хагалгааны төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Шүүгдэгч нарт оногдуулсан нийтэл тустай ажил хийлгэх ял нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанартай тохирсон. Шүүгдэгч нар ажил хөдөлмөр эрхэлдэггүй, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй нөхцөл байдал харагдаж байгаа тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

 

          Э.О, А.Б нар нь бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Сувиллын сургуулийн хойд талын автомашины задгай зогсоол дээр иргэн Б.Гыг “шөнө унтуулсангүй, орилж хашхирлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн гадна хана, хамар ясны хугарал, баруун хөмсөгт шарх, баруун зовхинд зулгаралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Гын “... ноосон цамцтай эрэгтэй хүн гарч ирээд шууд миний баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохиход нүдний шил газар унаад хойшоо бөгсөөрөө газар унатал миний нүүр лүү гутлынхаа хоншоороор өшиглөөд толгой руу 4-5 удаа цохиод байсан. Энэ үед миний нүүрнээс цус гарч байхаар нь “одоо болиочээ, больё, цус гарчихлаа шүү дээ” гэж хэлтэл цаанаас манай хүү Г.Мөнх-Эрдэнэ болиоч гээд иртэл хүү рүү дайраад надаас холдсон. Би гараараа цусаа арчаад сууж байтал дахиад улаан куртиктэй залуу ирээд шууд миний нүүр лүү өшиглөөд толгой дээрээс гараараа нилээн хэдэн удаа цохиход манаач “наад хүн чинь настай хүн байна, больцгоо” гээд салгасан. ...эхний залуу нь миний хөмсгийг сэтэлсэн байсан. Хоёр дахь залуу нүүр лүү ирж өшиглөхөд нүдний ухархайн хана хугарсан байх. Их эвгүй өшиглөчихсөн. Хамрыг харин хэн нь цохиж хугалсныг мэдэхгүй байна. Хоёулаа нүүр лүү цохиж, өшиглөсөн. ...хамрын хагалгаанд бэлнээр 1,200,000 төгрөгийг төлсөн байгаа. Нүдний ухархайн 4,391,000 төгрөгийг төлж чадаагүй. Нэхэмжлэлийг нь авсан. Намайг зодсон залуучуудаас эмчилгээний зардал, нүдний шилний захиалгын мөнгийг нэхэмжилнэ. Миний хохирлыг барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй. ...” /хх 8-9/,

 

гэрч Г.Мөнх-Эрдэнийн “... шууд аав руу очоод нүүр лүү нь хөлөөрөө өшиглөөд гараараа толгой, нүүр лүү нь цохитол аав хойшоо бөгсөөрөө газар унатал нүдний шил нь хагараад баруун талын хөмсөгнөөс нь цус гарчихсан. Тэгтэл нөгөө залуу аавын нүүр лүү хөлөөрөө өшиглөөд гараараа толгой нүүр лүү нь цохиод байхаар нь би очоод “болиоч” гэтэл надруу дайраад байсан. ... гэнэт улаан куртиктэй залуу гүйж гарч ирээд аавыг манаачийн харуулын байрны шатан дээр сууж байхад нь очоод нүүр, толгой руу нь гараараа 4-5 удаа цохиод үргэлжлүүлээд нүүр лүү нь гутлынхаа хоншоороор өшиглөөд байсан. ...эргээд хартал хоёулаа аав дээр оччихсон толгой, нүүр лүү цохиж байтал ээж нь гэх эмэгтэй гарч ирээд уг хоёр залууг салгаад гэр лүүгээ аваад орсон. ...” /хх 10-11/,

 

гэрч Б.Сүхбаатарын “... машин орж ирээд би машин байрлуулах гээд зүүн урагшаа явчихаад эргээд иртэл хижээл насны эрэгтэйн нүүр лүү нэг залуу хоёр удаа өшиглөж байсан. Намайг яваад очтол хижээл насны эрэгтэй манай манаачийн байрны шатан дээр суучихсан “ингэчихлээ” гээд хөмсөгнөөс нь цус гарчихсан сууж байсан. ...” /хх 12/,

 

Э.Оын яллагдагчаар өгсөн “... би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Гын биед дээрх гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би нүүр лүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөж, гараараа нэг удаа цохисон. Намайг өшиглөх үед нүд, хамар нь гэмтсэн байж магадгүй. Хөмсөгийг нь яаснаа мэдэхгүй байна. ...” /71-72/,

 

А.Бийн яллагдагчаар өгсөн “... би гэрээсээ гараад зогсоол дээр байсан ахын нүүр лүү гараараа нэг удаа цохиод дахин нэг удаа өшиглөчихөөд хажууд нь зогсож байтал ах О гарч ирээд нөгөө ахын нүүр лүү гараараа цохисон. ... би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Гын биед дээрх гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Намайг эхлээд нүүр лүү нь цохих үед хөмсөг нь язраад цус гарчихсан. Хамар болон нүдний ухархайн гэмтлийг учруулсан эсэхээ мэдэхгүй байна. Би нүүр лүү нь гараараа нэг удаа цохиж, нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. ...” /хх 78-79/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1504 дугаартай шинжээчийн “... Б.Гын биед баруун нүдний ухархайн гадна хана, хамар ясны хугарал, баруун хөмсөгт шарх, баруун зовхинд зулгаралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдож, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 21-22/ гэсэн дүгнэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Э.О, А.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

             Шүүгдэгч Э.О, А.Б нар бүлэглэн хохирогч Б.Гын нүүрэн тус газар цохиж, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

 

Шүүгдэгч Э.О, А.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Оыг 300 цаг, А.Бийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд дээр дурьдсан хохирол учирч, үүний улмаас хамар ясны хагалгаанд орсон болох нь хохирогчийн мэдүүлэг болон хагалгааны төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэл, төлбөр төлсөн төлбөрийн баримтуудаар нотлогдож байх тул хохирогчид учирсан гэмтлийн эмчилгээний төлбөр болох нийт 5,895,500 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Иймээс шүүгдэгч Э.О, А.Б, түүний хууль ёсны төлөөлөгч А.Анар нь “.... ялыг хөнгөрүүлж, торгуулийн ялын доод хэмжээгээр шийтгэл оногдуулж өгнө үү. Мөн хохирогчид хагалгааны төлбөр гэх 4,391,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгов.  

 

Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 насанд хүрснээр бий болдог бөгөөд мөн хуулийн 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүн бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах үүрэгтэй боловч түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр нь эцэг, эх, харгалзан дэмжигч нь нөхөн төлөх хариуцлага хүлээдэг.

Насанд хүрээгүй шүүгдэгч А.Бөөс өөрөөс  нь дангаар хохирогчид учирсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шийтгэх тогтоолд заасан нь үндэслэлгүй байх тул шүүгдэгч А.Б болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон А.Анараас уг хохирлын мөнгийг гаргуулж шийдвэрлэх нь дээр дурьдсан хуулийн зохицуулалтад нийцэж байх тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 2020/ШЦТ/442 дугаартай шийтгэх тогтоолын:

 тогтоох хэсгийн 6 дахь заалтын “... Э.О, А.Б нараас тус бүр 2,947,750 төгрөг ...” гэснийг “... Э.Оаас 2,947,750 төгрөг, А.Бийн хууль ёсны төлөөлөгч А.А-аас 2,947,750 төгрөг тус тус...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.О, А.Б, түүний хууль ёсны төлөөлөгч А.Анарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ