Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 132/ШШ2021/00243

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:, Тэшиг ус дулаан сүлжээ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар,

Гуравдагч этгээд” Булган аймгийн ******* сумын Засаг дарга нарт холбогдох,

хохирол 66.143.955 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг,  “хамтран ажиллах, хөрөнгө ашиглуулах тухай” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага бүхий  сөрөг нэхэмжлэлтэй, 132/2020/00693/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат түүний өмгөөлөгч Э.*******, Р.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, түүний өмгөөлөгч М.*******, хариуцагч Н.*******, нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Тэшиг ус дулаан сүлжээ” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай  “Тэшиг ус дулаан сүлжээ ХХК нь Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газартай 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хамтран ажиллах, хөрөнгө ашиглуулахгэрээ байгуулсан. Уг гэрээтэй холбоотойгоор манай Тэшиг ус дулаан сүлжээ ХХК-д ажилчидтайгаа гэрээ байгуулж, цалин олгосон зардал 5.175.000 төгрөг, техник тоног төхөөрөмж буюу эксковаторын түрээсийн зардал 8.000.000 төгрөг, бараа хураасан контейнерийн түрээсийн зардал 3.000.000 төгрөг, тээврийн зардал 2.400.000 төгрөг, ажилчдын хоол, хүнсний зардал 3.243.012 төгрөг, гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой бусдаас зээл авсаны зээлийн хүүгийн зардал 15.308.218 төгрөг, мөн бараа, материал худалдаж авсан зардал 10.650.200 төгрөг, дээрх бүх үйл ажиллагаатай холбоотойгоор гарсан шатахууны зардал 3.367.525 төгрөг зэрэг нийт 66.143.955 төгрөгийн бодит зардал гарсан байна. Гэтэл гэрээг цаашид хэрэгжүүлэх боломжгүй болсон гэсэн мэдэгдэл хүргүүлж, гэрээг цуцалсан. Манай компани дээрх гэрээг цуцлахаас өмнөх хугацаанд гэрээний дагуу бүх үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан бөгөөд гэрээг биелүүлэхтэй холбоотой бүхий л үйл ажиллагааны бараа, материал, техник, тоног төхөөрөмжийг тухайн орон нутагт татан авч ирсэн байна. Иймд уг гэрээтэй холбоотой манай компанид гарсан бодит зардал болох 66.143.955 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлгөөлөгч Д.Ганбат нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 онд “Тэшиг Ус дулааны сүлжээ” ХХК нь Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын хүсэлтийн дагуу очиж нэгдсэн халаалтын ажлыг гүйцэтгэхээр компанийн үйл ажиллагааны талаар танилцуулсан. Тухайн үед уг ажлыг гүйцэтгэхээр 3 байгууллага хүсэлт ирүүлсэн гэж байсан. Тэгээд ******* сумын халаалтын нэгдсэн шугам сүлжээтэй танилцсан. ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн тогтоол гарсан, дараа нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарсан. Уг тогтоолын дагуу хамтран ажиллах гэрээ байгуулъя гээд сумын Засаг даргатай гэрээ байгуулсан. Засаг дарга Мөнхтөр манай компанийг ажилдаа шууд ор гэсний дагуу ажлаа эхэлсэн. Гэвч тодорхойгүй шалтгаанаар үйл ажиллагаа явуулахаа түр хүлээж бай гээд байсан. 2019 оны 06 сарын 07-ны өдөр манай компанид албан тоот ирүүлсэн. Албан бичигт ******* сумын нэгдсэн халаалтын ажил концессын гэрээгээр гүйцэтгэх ажлын жагсаалтад орсон тул хамтран ажиллах гэрээг хэрэгсэхгүй болгох тухай заасан байсан. Гэрээ байгуулснаас хойш ажил хийх ч юм шиг, үгүй ч юм шиг байгаад хугацаа алдсан. Манай компани дулааны шугам дээр ажил хийгээгүй харин шаардлагатай тоног төхөөрөмж, ажиллах хүч, бараа материалаа бэлдэх, зөөж очих ажил хийсэн. Энэ үед багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөр гарч байсан. Гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй тухай хэлсэн бол хэн хэндээ ажил удахгүй байсан. Манай компанид ажилчдын цалин, Улаанбаатар хотод ажилласан  томилолтын зардал, экскаватор, ЗИЛ-130 авто машины түрээсийн зардал, бараа материал, тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн зардал, ажилчдын хоол хүнсний зардал, зээлийн гэрээний хүүний төлбөр, сэлбэг хэрэгсэл, бараа материал, шатахууны зардал нийт 66.143.955 төгрөгийн зардал гарсан. Нэгэнт гэрээнээсээ татгалзсан тул хохирлоо гаргуулна  гэв.

 

Хариуцагч Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулсан Тэшиг ус дулаан сүлжээ ХХК-ийн нэхэмжлэлтэй, 66.143.955 төгрөгийн зардал гаргуулах тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Учир нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрийн дагуу гэрээ байгуулахыг үүрэг болгосон ба зарим нэг нөхөдтэй хуйвалдан гэрээ байгуулсан. Үүнийг захиалагч мэдээд зарим шаардлагатай баримт бичгийг ирүүлэхийг хугацаа заан шаардахад ирүүлээгүй мөн холбогдох газраас лавлахад тусгай зөвшөөрөл нь хуурамч шаардлага хангахгүй байсан тул сумын Засаг дарга хууль журмын дагуу илт хууль бус гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Иймд илт хууль бус гэрээ байгуулж, хуурамч материал бүрдүүлж, хийгдээгүй ажлыг хийсэн гэж хууль бус нэхэмжилж буй 66.143.955 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тэшиг Ус дулааны сүлжээ” ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу гарсан зардлаа гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Гэвч энэ нэхэмжлэлийг анхнаасаа хуурамч гэж үзэж байна. Гэрээ байгуулахдаа ирүүлсэн бичиг баримт, шүүхэд гаргасан нотлох баримт нь хуурамч байна. “Тэшиг Ус дулааны сүлжээ” ХХК нь 2015 оны 12 сарын 25-ны өдөр байгуулагдсан байдаг. Гэтэл дулаан үйлдвэрлэх эрх нь “Тэшиг ус” нэрээр гарсан байгаагаас харахад нэр, он сарын зөрүүтэй, зөвшөөрөлгүй байсан атлаа гэрээ байгуулсан. Анх компанийн үйл ажиллагааг танилцуулахдаа 15 нэр төрөл бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй үүнд гинжит эксковатор, хово гэх мэт техник хэрэгсэлтэй гэж байсан. Тэгээд компани нь 129.000.000 төгрөгийн хөрөнгөтэй, татвар, нийгмийн даатгалд өргүй, аж ахуй нэгж байгууллага, иргэнээс авлагатай гэж байсан. Гэтэл нотлох баримт дээр иргэнээс зээл авсан, түүний хүүг төлсөн гэх баримт гаргаж өгсөн байна. Ажилчдын цалин хөлсийг ажил хийгээгүй боловч ажилласнаар тооцож цалин олгосон гэж харагдаж байна. Энэ талаар санхүүгийн тайланд тусгасан эсэхийг шалгуулах гэсэн боловч тайланг татах боломжгүй байна. Мөн нягтлан бодогч, хуулийн зөвлөх, гүйцэтгэх захирлын цалинг манай байгууллагаас нэхэмжилсэн нь  үндэслэлгүй байна. Мөн нотлох баримтаас харахад 4 сарын 01-ний өдрөөс ажиллах хүчээ авсан байна. Сомсмол машин компанийн хөрөнгө гэж харагдаж байгаа боловч түрээслэсэн гэж бичиг баримтууд бүрдүүлсэн нь зөрчилтэй байна. Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 4 сарын 24-ний өдрийн хурлаар  концессын гэрээний жагсаалтад манай сумын нэгдсэн халаалтын ажил орсон шийдвэр гарсан болохыг мэдсэн.  Иймд тухайн компанид энэ тухай албан бичиг хүргүүлж концессын гэрээнд оролцох боломжтой болохыг мэдэгдсэн боловч концессын гэрээнд оролцох боломжгүй гэсэн. Концессын гэрээний жагсаалтад манай сумын нэгдсэн халаалтын ажил орсон шийдвэр гарсан болохыг 2019 оны 4 сарын 24-ний өдөр мэдсэн хэдий ч албан бичиг нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр манай суманд ирсэн. Ингээд 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн албан бичгээр гэрээ цуцлах талаар “Тэшиг ус дулаан сүлжээ” ХХК-д мэдэгдсэн. Тухайн компаниас хамтран ажиллах гэрээний улмаас учирсан хохирол 36 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан гэж байсан. Гэтэл өнөөдөр 66.143.955 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Энэ байдлаас харахад тоо баримтууд нь зөрүүтэй байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус сумын Засаг даргын Тамгын газар нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 18 дугаар тогтоолыг үндэслэн нийтийн аж ахуйн ашиглалт, үйлчилгээний тусгай зөвшөөрөл бухий Булган аймгийн “Тэшиг ус дулааны сүлжээ” ХХК-тай сумын нэгдсэн халаалтыг ашиглалтын гэрээгээр эзэмшүүлэхээр 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Хамтран ажиллах, хөрөнгө ашиглуулах” гэрээг байгуулсан.

Уг ажлыг эрхлэх “Тэшиг ус дулааны сулжээ” ХХК нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 5 нүүр хуудас бүхий танилцуулга хийхдээ ажлын арвин туршлагатай, техник, тоног төхөөрөмж сайтайгаар танилцуулсан. Гэтэл гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасны дагуу ажил хүлээн аваагүй, хэрхэн ажиллах талаархи гэрээний салшгүй хэсэг болох төлөвлөгөө гаргаагүй хирнээ 66.143.955 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Хамтран ажиллах хөрөнгө ашиглуулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д Сумын Засаг даргын Тамгын газар нь дулаан хангамжийн шугам сүлжээ түүний барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийг “Тэшиг ус дулаан сулжээ” ХХК-д хүлээлцэх актыг холбогдох хууль тогтоомжийн дагуу комисс томилон, одоогийн түвшинг тодорхойлон актаар шилжүүлэн баталгаажуулахаар заасан. Гэрээний 9.5-д гэрээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гэрээний салшгүй хэсэг мөн гэж тодорхойлжээ. Гэрээний дээрхи заалтууд хэрэгжихгүй болохоор сумын Засаг даргын Тамгын газар нь энэ компанийн үйл ажиллагаанд эргэлзэж тухайн компаниас тодорхой мэдээлэл, шаардлагатай бичиг баримт ирүүлэхийг удаа дараа шаардсан ч ямар ч материал ирүүлээгүй. Ингээд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар сумын нэгдсэн халаалтын асуудлыг концессийн гэрээгээр шийдвэрлэхээр баталсан тул энэ тухай тухайн байгууллагад мэдэгдсэн.

Гэтэл “Тэшиг ус дулааны сүлжээ” ХХК нь манай байгууллагаас ихээхэн хэмжээний мөнгө нэхэмжилсэн тул үйл ажиллагааг нь судлахад Эрчим хүчний тухай хуульд зааснаар дулаан үйлдвэрлэх, түгээх зөвшөөрөлгүй нь холбогдох газруудаас авсан тодорхойлолт /Булган аймгийн зохицуулах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн в/2534 тоот/-ууд уг үйл ажиллагааг эрхлэн явуулах техник эдийн засгийн боломжгүй нь гаргасан нэхэмжлэлээр нь тодорхойлогдож байна.

Өмнө нь бид нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны хэргийн шүүхээр асуудал шийдвэрлүүлэхээр хандсан байсан тул нэхэмжлэлээ татан авсан, уг шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Иймд Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас “Тэшиг Ус дулаан сүлжээ” ХХК-тай 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан "Хамтран ажиллах, хөрөнгө ашиглуулах” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: “Тэшиг Ус дулааны сүлжээ” ХХК-аас анх ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргад хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан тэгээд тухайн ажлын хэсэг 3 удаа хуралдсан. 2 дахь хурал дээр “Тэшиг Ус дулааны сүлжээ” ХХК-ийн захирал Баярсайхан ирж компанийн  тухай танилцуулга хийсэн. Тэр үед үйл ажиллагаа явуулах туршлага, хөрөнгө хүчтэй талаар сайхан зүйл ярьж байсан. Ажлын хэсгийн хурлаар хэлэлцээд сумын нэгдсэн халаалтын ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, гүйцэтгэх компанийн талаар ил тод, нээлттэй шалгаруулах, энэ ажлыг гүйцэтгэх компанийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэр зааж орж ирсэн нь хуульд нийцэхгүй байгаа талаар Засаг дарга танилцуулсан. Тэгээд Засаг дарга Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тендер зарлах нь зүйтэй гэж саналаа танилцуулсан. Хамтран ажиллах гэрээний хувьд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр 2 өөр гарсан. Тэгээд гэрээний төслийг баталсан. Сумын Засаг дарга “Тэшиг Ус дулааны сүлжээ” ХХК-тай гэрээ байгуулсан. Засаг даргын албан бичгээр ажлын төлөвлөгөө, ажлын туршлага, эд хөрөнгө, тоног төхөөрөмж, ажиллах хүчний мэдээллийг ирүүлнэ үү гэж шаардсан. Гэвч материалаа ирүүлээгүй. Ийм учраас танай байгууллагатай цаашид ажиллах боломжгүй гэж албан бичиг хүргүүлсэн. Тэгээд дүр үзүүлж, хуурамч бичиг баримт бүрдүүлж гэрээ хийсэн тул хуулийн дагуу гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Ганбат сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гэрээний загварыг гаргасан. Гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байвал гэрээ байгуулъя гээд гэрээ байгуулсан. Хийх ажлын төлөвлөгөө гарсан. Техникийн хувьд хуурамч бичиг баримт гаргаагүй. Ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгсөн бол ажил хэвийн явах боломжтой байсан. Гэрээний нөхцөлийг зөвшөөрч байвал гэрээ байгуулъя гэж Засаг дарга хэлсэн. Хийх ажлын төлөвлөгөө, танилцуулгыг өгсөн, үүн дээр үндэслэж гэрээний төсөл гарсан байх гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Тэшиг-Ус дулаан сүлжээ” ХХК нь Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 66.143.955 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газар нь “Тэшиг-Ус дулаан сүлжээ” ХХК-д холбогдуулан “хамтран ажиллах, хөрөнгө ашиглуулах тухай” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага бүхий  сөрөг нэхэмжлэлийг шүүхэд тус тус гаргажээ.

            Хохирол 66.143.955 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Тэшиг-Ус дулаан сүлжээ” ХХК нь Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас 66.143.955 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарч уг тогтоолын дагуу 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр сумын Засаг даргатай хамтран ажиллах, хөрөнгө ашиглуулах гэрээг байгуулж, гэрээ байгуулагдсан даруйд үйл ажиллагаагаа эхэл гэсэн чиглэлийг Засаг дарга өгч гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулах бэлтгэл ажлыг хангаж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, ажиллах хүчээ бэлдэж 66.143.955 төгрөгийн зардал гаргасан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэх албан бичгийг ирүүлсэн. Гэрээний дагуу үйл ажиллагаа явагдахгүй байсан талаар бидэнд эрт мэдэгдсэн бол ийм хэмжээний  зардал гарахгүй байх байсан” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ “Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрийн дагуу гэрээ байгуулахыг үүрэг болгосон ба нэхэмжлэгч компани нь зарим нэг нөхөдтэй хуйвалдан гэрээ байгуулсан. Үүнийг захиалагч тал мэдэж, шаардлагатай зарим баримт бичгийг ирүүлэхийг хугацаа заан шаардахад ирүүлээгүй, холбогдох газраас лавлахад дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл нь хуурамч байсан тул сумын Засаг дарга гэрээг илт хууль бус гэж үзэж цуцлах шийдвэр гаргасан. Илт хууль бус гэрээ байгуулж хуурамч материал бүрдүүлж, хийгдээгүй ажлыг хийсэн гэж хууль бусаар нэхэмжилж байгаа 66.143.955 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж тус тус тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Булган аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор “Тэшиг ус дулаан сүлжээ” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллахыг Засаг дарга С.Мөнхтөрд зөвшөөрч, мөн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаартай “хөрөнгө ашиглуулах тухай” тогтоол, Булган аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай “хөрөнгө ашиглуулах тухай” тогтоолоор тус сумын Ш.Гаадамбын нэрэмжит бүрэн дунд сургуулийн үндсэн хөрөнгөд байгаа уурын зуухны тогоо, тоног төхөөрөмж шугам сүлжээ, барилга байгууламжийг “Тэшиг ус дулаан сүлжээ” ХХК-д ашиглуулж, хамтран ажиллах гэрээний дагуу бүртгэлээр эзэмшүүлэхийг Засаг даргын Тамгын газрын дарга Н.*******, сургуулийн захирал Ж.Бямбасүрэн нарт зөвшөөрсүгэй” гэжээ.  /хх-ийн 14-16/

Дээрх тогтоолын дагуу Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Гөнхөлөг, “Тэшиг ус дулаан сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбат нар 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “хамтран ажиллах, хөрөнгө ашиглуулах тухай” гэрээг байгуулж, уг гэрээг сумын Засаг дарга С.Мөнхтөр, “Тэшиг ус дулаан сүлжээ” ХХК-ийн захирал Э.Ууганбаяр нар гарын үсэг зурж баталсан байна. /хх-ийн 12-13/ 

Уг гэрээнд орон нутгийн өмчийн төвлөрсөн дулаан хангамж, шугам сүлжээ, барилга, тоног төхөөрөмж техник хэрэгсэлийг “Тэшиг ус дулаан сүлжээ” ХХК-д хариуцуулан гүйцэтгүүлэх замаар хэрэглэгчдэд хүртээмжтэй чанартай үйлчилгээг үзүүлэх, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалтыг сайжруулах, техник тоног төрөөмжийн шинэчлэл, шугам сүлжээний өргөтгөлийг хийх,  сумын Засаг даргын Тамгын газар нь дулаан хангамжийн шугам сүлжээ, түүний барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийг “Тэшиг ус дулаан сүлжээ” ХХК-д актаар хүлээлгэн өгч гэрээгээр ашиглуулж байгаа өмч хөрөнгийн техникийн нөхцөл, үйлчилгээний норм, стандартын дагуу ажиллуулж байгаа эсэхэд  хяналт тавьж, халаалтын чанар, үнийн санал тооцоог холбогдох байгууллагаар батлуулж хяналт тавьж ажиллахаар тусгажээ.

Иргэний  хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан. Хамтран ажиллах үүрэг нь оролцогчдын хураамж, хамтын үйл ажиллагаа гэсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд нэг тал зөвхөн хөрөнгө оруулж, ажил үйлчилгээг нөгөө тал гүйцэтгэхээр харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээг байгуулж болох ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ  нь дээрх шинжийг агуулсан байна. 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 Зохигчид гэрээ байгуулагдсан талаар маргаагүй харин хариуцагч  тал гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй, цуцлах талаар “Тэшиг ус дулаан сүлжээ” ХХК-д мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаа нь хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан “Тэшиг ус дулаан сүлжээ” ХХК-аас зарим шаардлагатай баримт бичгийг ирүүлэхийг хугацаа заан шаардахад ирүүлээгүй, тусгай зөвшөөрөл нь хуурамч байсан тул сумын Засаг дарга хуульд заасны дагуу илт хууль бус гэрээг цуцлах шийдвэр гаргасан, түүнчлэн Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 4 сарын 24-ний өдрийн хурлаар концессын гэрээний жагсаалтад сумын нэгдсэн халаалтын ажил орсон шийдвэр гарсан тул гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй талаарх албан бичгийг хүргүүлсэн” гэх тайлбар, Булган аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 01/92 дугаартай  “2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хуралдсан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар концессын зүйлийн жагсаалтад манай сумын нэгдсэн халаалтын асуудал батлагдсан тул ...танай компанитай байгуулсан  гэрээг цааш хэрэгжүүлэх боломжгүй” гэх албан бичиг, мөн сумын Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн  01/91 дугаартай “гэрээнд дагалдах төлөвлөгөө, хавсралт гэх мэт олон зүйлийг тусгахаар заасан ба танай компаний ажлын туршлага, санхүүгийн сүүлийн үеийн 2 жилийн тайлан, техникүүдийн баримт бичиг гэх мэтийг удаа дараа аман байдлаар шаардсан боловч ирүүлээгүй тул гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байгааг мэдэгдэж байна” гэх албан бичиг зэргээр тогтоогдож байна. /1 дэх хх-ийн 18 / Тодруулбал хариуцагч тал гэрээ байгуулагдсаныг хүлээн зөвшөөрсөн, гэрээг цааш үргэлжлүүлэхгүйгээр гэрээнээс татгалзах санал гаргасан гэж үзэхээр байна.

Түүнчлэн “Тэшиг ус дулаан сүлжээ” ХХК-ийг  дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрөлгүй байсан гэж маргасан.

Булган аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс “Тэшиг ус дулаан сүлжээ” ХХК-д Булган аймгийн Тэшиг суманд дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг  2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр  5 жилийн хугацаатай  олгожээ. /хх-ийн 5/

Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т /Энэ хуулийн 12.2, 12.3-т зааснаас бусад тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл олгоно/ зааснаар  дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг аймаг нийслэлийн  зохицуулах зөвлөл олгохоор, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-21.2.10-д заасан бичиг баримтыг бүрдүүлж өргөдлийн хамт зохицуулах зөвлөлд гаргахаар тус тус хуульчилсан байна.

Түүнчлэн гэрч С.О “...Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулйн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар материал бүрдүүлж аймгийн зохицуулах зөвлөлд ирүүлснээр тусгай зөвшөөрлийг авдаг. Барилга байгууламж тоног төхөөрмжөө угсарсаны дараа комисст хүлээлгэн өгч, бичиг баримтаа бүрдүүлж тусгай зөвгшөөрлийг авдаг. “Тэшиг ус дулаан сүлжээ” ХХК нь Тэшиг суманд дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг авсан, харин ******* суманд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө аваагүй. Үйлчлэх хүрээндээ тусгай зөвшөөрлөө авдаг” гэж мэдүүлжээ.

Дээрх гэрчийн мэдүүлэг, хуулийн заалтаас үзвэл дулаан түгээх, дулаан үйлдвэрлэх, эрчим хүчээр зохицуулалттай хангах үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөл авахын тулд үйл ажиллагаагаа явуулах тоног төхөөрөмж, техникийн нөхцөл байдал, санхүүгийн чадавхи, үйлчлэх хүрээ эзэмшлийн зааг, үйл ажиллагаагаа эхлэх хугацаа, хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр зэргийг бүрдүүлж тусгай зөвшөөрөл  олгодог байна.

Түүнчлэн гэрч С.О “...Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулйн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар материал бүрдүүлж аймгийн зохицуулах зөвлөлд ирүүлснээр тусгай зөвшөөрлийг авдаг. Барилга байгууламж тоног төхөөрмжөө угсарсаны дараа комисст хүлээлгэн өгч, бичиг баримтаа бүрдүүлж тусгай зөвгшөөрлийг авдаг. “Тэшиг ус дулаан сүлжээ” ХХК нь Тэшиг суманд дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг авсан, харин Хишиг-Өнлдөр суманд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө аваагүй. Үйлчлэх хүрээндээ тусгай зөвшөөрлөө авдаг” гэх мэдүүлгээс үзвэл  тус компани нь Булган аймгийн ******* суманд дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажиллагаагаа хангаж байсан гэж үзэхээр байна.

Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах асуудал нь зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд яригдах бөгөөд хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах, харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж үүргийн харилцааг цаашид дуусгавар болохыг гэрээг цуцлах гэж ойлгоно.

Хэрэгт авагдсан баримт зохигчдын гаргасан тайлбараас үзвэл хамтран ажиллах гэрээний нэг тал болох Булган аймгийн ******* сумын Засаг дарга нь гэрээнд дагалдах төлөвлөгөө, хавсралт зэрэг шаардлагатай бичиг баримтыг ирүүлээгүй,  тус сумын төвд төвлөрсөн дулаан хангамж, инженерийн байгууламж барих ажил концессын зүйлийн жагсаалтад орсон гэх шалтгаанаар Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасан үндэслэлүүдээр гэрээнээс татгалзсан байна. Гэрээнээс татгалзаж байгаа тал гэрээнээс татгалзах хүсэлтээ Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар  нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй бөгөөд ******* сумын Засаг дарга нь гэрээнээс татгалзах хүсэлтээ 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн албан бичгээр “Тэшиг ус дулаан сүлжээ” ХХК-д мэдэгдсэн байна.

Гэрээнээс татгалзсанаар үүсэх үр дагаварыг Иргэний хуулийн 205, 227  дугаар зүйлд зааснаар зохицуулсан бөгөөд  гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх, гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс нөгөө тал гэрээнээс татгалзсантай  холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрх үүсдэг байна.

Хариуцагч тал тус сумын төвд төвлөрсөн дулаан хангамж, инженерийн байгууламж барих ажил концессын зүйлийн жагсаалтад орсон болохыг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр мэдсэн атлаа энэ талаар “Тэшиг ус дулаан сүлжээ” ХХК-д мэдэгдээгүй хугацаа алдсаны улмаас тус компани гэрээний дагуу үйл ажиллагааг явуулахаар бэлтгэл ажиллагааг хийж зардал гаргасан байна.

Дээрх зардлыг гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар “Тэшиг ус дулаан сүлжээ” ХХК нь учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.

Хохирол 66.143.955 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Тэшиг ус дулаан сүлжээ” ХХК нь гэрээ байгуулснаас хойш гарсан бодит зардал болох тоног төхөөрөмж, бараа материал ажиллах хүчний зардал 34.436.979 төгрөгийг Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч “Тэшиг ус дулаан сүлжээ” ХХК-д олгох нь зүйтэй байна. Үүнд: нотлох баримтын шаардлага хангасан зардал болох цементны үнэ 6400.000 төгрөг /хх-ийн 20-23, 53-56/, бараа материалын /нүүрсний тэрэг, гагнуурын аппарат, газу, багс, машины дугуй, өнхөрүүш гэх мэт/  үнэ  3.651.500 төгрөг /1 дэх хх-ийн 24-27, 34-36, 37-40, 94-96, 47-49, 50-52/, тоолуурын үнэ 60.000 төгрөг /1 дэх хх-ийн 28-29/, ажлын хувцасны үнэ 405.000 төгрөг /1 дэх хх-ийн 30-33/, ажилчдын  цалин хөлс 3.265.000 төгрөг /1 дэх хх-ийн 65-66, 74-75, 82, 89-90, 97-98/, эксковаторын түрээсийн төлбөр 15.000.000 төгрөг /1 дэх хх-ийн103-108/, контейнерийн түрээс 3.000.000 төгрөг /1 дэх хх-ийн 121-122/, 2019 оны 4 сарын 30-ны өдрөөс 2019 оны 5 сарын 30 хүртэл хугацааны шатахууны зардал 2.655.479 төгрөг  /1 дэх хх-ийн 197-240/  бүгд 34.436.979 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 6 дугаар сарын шатахуун, тээврийн хөлс  3.112.046 төгрөг, ажилчдын цалин хөлс 1.910.000 төгрөг, хоол хүнсний зардал 3.243.012 төгрөг, Зил 130 самсмол машины түрээсийн төлбөр 8.000.000 төгрөг, зээлийн гэрээний дагуу тооцсон хүүгийн төлбөр 15.308.218 төгрөг, тамганы үнэ 45000, илүү нэхэмжилсэн 88700 төгрөг, бүгд 31.706.976 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь:

-нэхэмжлэгч байгууллага нь 2019 оны 6 дугаар сард үйл ажиллагаа явуулаагүй тул ажилчдын 6 дугаар сарын цалин, шатахуун тээврийн зардлыг,

 -Зил 130 самсмол машин нь нэхэмжлэгч компанийн нэр дээр бүртгэлтэй байгаа учир түрээсийн төлбөр 8.000.000 төгрөгийг,

- хоол хүнсийг шаардах хуудсаар авсан байгаа боловч хаанаас ямар дэлгүүрээс авсан нь баримтаар тогтоогдоогүй, томилолттой байх хугацаанд идсэн хоолны зардлыг,

- Тамганы үнэ 45000 төгрөг, илүү нэхэмжилсэн 88700 төгрөг, үйл ажиллагаага явуулахаар зээлийн гэрээ байгуулж иргэнээс авсан зээлийн төлбөрийн хүү 15.308.218 төгрөгийг тус тус хариуцагч байгууллага хариуцан төлөх үүрэггүй байна.

Иймд дээрх шалтгаануудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон болно.

Хамтран ажиллах, хөрөнгө ашиглуулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгыг газар нь нэхэмжлэгч “Тэшиг ус дулаан сүлжээ” ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан хамтран ажиллах хөрөнгө ашиглуулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрчээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр гэрээний төслийг баталж, сумын Засаг дарга “Тэшиг ус дулааны сүлжээ” ХХК-тай гэрээ байгуулсан. Компанийн ажлын төлөвлөгөө, туршлага, эд хөрөнгө, тоног төхөөрөмж, ажиллах хүчний мэдээллийг ирүүлэхийг Засаг дарга албан бичгээр шаардсан боловч  материалаа ирүүлээгүй. Гэрээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө нь гэрээний салшгүй хэсэг мөн бөгөөд  хуурамч бичиг баримт бүрдүүлж гэрээ хийсэн тул хуулийн дагуу гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд  тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан” гэж, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч татгалзлын үндэслэлээ “******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гэрээний загварыг гаргаж, гэрээний нөхцөлийг талууд хүлээн зөвшөөрч гэрээгээ байгуулсан. Хийх ажлын төлөвлөгөө, танилцуулгыг хавсаргаж өгсөн. Ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгсөн бол ажил хэвийн явах боломжтой байсан. Хуурч гэрээ байгуулаагүй” гэж тус тус тайлбарлаж, мэтгэлцэж байна.

            Хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байхыг хэлэх бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нь хүчин төгөлдөр хэлцлийг сонирхогч этгээдийн хүсэлтээр Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулдаг.   

Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлын үндэслэлээс үзвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээг хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар тайлбарлаж байна.

 Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д ”Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” гэж  заажээ.

Хууран мэхлэх гэдэг нь хэлцэл хийж буй этгээд бодит бус худал зүйлийг бодитой үнэн мэтээр итгүүлэх, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хууран мэхлэх зорилго агуулж үйлдлээ хийсэн байхыг хэлдэг.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т “Сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй” гэж заасан.

“Тэшиг ус дулаан сүлжээ” ХХК нь хамтран ажиллах хөрөнгө ашиглуулах гэрээг байгуулахдаа хууран мэхлэх зорилго агуулсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байгаагаас гадна дээрх үндэслэлээр гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд хамтран ажиллах, хөрөнгө ашиглуулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Булган аймгийн ******* сумын Засаг дарга С.Мөнхтөр нь эрх ашиг хөндөгдсөн гэж гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 132/ШЗ2020/02809 дугаартай  захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.

Тус сумын Засаг дарга өөрчлөгдөж, Засаг даргаар Ц.Энхбат томилогдсон боловч 2021 оны 4 дүгээр арын 29-ний өдөр чөлөөлөгдөж Засаг даргын орлогч Н.Мөнхгэрэл засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллах болжээ.

Засаг даргын орлогч Н.Мөнхгэрэлд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас 34.436.979 /гучин дөрвөн сая дөрвөн зуун гучин зургаан мянга есөн зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Тэшиг ус дулаан сүлжээ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31.706.976 /гучин нэгэн сая долоон зуун зургаан мянга есөн зуун далан зургаа/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч “Тэшиг ус дулаан сүлжээ” ХХК-д холбогдуулан “хамтран ажиллах, хөрөнгө ашиглуулах тухай” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилсан төлсөн 488670 /дөрвөн зуун наян найман мянга зургаан зуун дал/ төгрөгийг  Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 332778 /гурван зуун гучин хоёр мянга долоон зуун далан найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.МЯГМАРСҮРЭН