Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 132/ШШ2021/00253

 

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.******* /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.*******д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон  тэтгэлэг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 132/2019/00700/И  индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: ******* бид хоёр 2013 оны 08 сарын 23-ны өдрөөс хойш хамт амьдарч эхэлсэн. Тэгээд 2013 оны 09 дүгээр сарын 13-нд охин Ө, 2015 онд хүү Х, бага охин Б 2018 онд төрсөн. 2018 он хүртэлх хугацаанд бид хоёр эвтэй найртай сайхан амьдарч байсан. ******* хурдан морь уяж манайх хот хүрээ, хөдөө гадаагүй амьдарч байсан. Нөхөр маань 2018 оны 10 сараас хойш өөр хүнтэй болж, намаржин гэртээ ирээгүй. Тэгэхээр нь би 2018 оны 11 сард 3 хүүхдээ дагуулаад, ойр зуурын зүйлээ аваад ээж рүүгээ явсан. Бид хоёр муудалцаж салсан зүйл байхгүй. ******* өөр хүнтэй болсноо хүлээн зөвшөөрөөгүй. ******* хүүхдүүдтэйгээ 2018 оны 12 сард, 2019 оны 03 сард, 2019 оны 05 сард тус тус  уулзаж байсан. Намар нь хичээл орох үед хүүхдүүддээ хичээлийн хэрэгсэл, хувцас хунар бэлдэж өгсөн. 2019 оны 10 сард, 2020 оны 01 сард хүүхдүүдтэйгээ уулзсан.  Гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авна. Хүүхдийн тэтгэлгийн хувьд бид хоёр мал малладаг тул сар бүр цалин авдаггүй. Тийм болохоор тэтгэлгийг бөөнөөр нь тогтоолгох саналтай байна. ******* явахдаа гэрээ аваад явсан. Би 3 хүүхэдтэйгээ ээжийндээ амьдарч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2012 онд танилцаж 2013 оноос хойш хамт амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд том охин Ө, хүү Х, бага охин Б нарын 3 хүүхэдтэй болсон. Гэрлэлт цуцлуулах талаар 2018 оноос хойш шүүхэд ирж байна.  Хүүхдийн асрамжийн хувьд аль аль нь хүүхдүүдээ асрамжиндаа авах хүсэлтэй. ******* айл гэр болсноос хойш чамтай суусандаа харамсаж байна гэдэг байсан. Мөн өөрөө өөр хүнтэй байж байгаад надад баригдаж байсан ба би түүнийг уучилсан. Ээж нь амьдралд их оролцдог, эхнэр маань 2018 оны 11 сард надаас салж мал ахуйгаа аваад явсан. Өнөөдөр намайг хаяад явсан мэтээр ярьж гэрлэлтээ цуцлуулна гэж байна. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна.. Бид 2 ярилцсан боловч сална гэсэн шийдвэрт хүрсэн. Би хүүхдүүддээ ойр зуурын хэрэгтэй зүйлийг нь авч өгдөг, манай ээж дээр хүүхдүүд байнга ирдэг. *******тай эвлэрье гэж зөндөө ярьсан боловч  сална гэдэг шийдвэр гаргасан. Өмнөх шүүх хурлаар 3 хүүхдийг *******гийн асрамжинд өгөх шийдвэр гарсан. Би үүнийг эсэргүүцэж Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан мөн шинжээч томилуулж шалгуулсан. Тэгээд бид хоёроос Булган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 100 гаран асуулгатай асуумж авсан. Түүний 5 нь миний талд, 1 нь *******гийн талд шийдэгдсэн. Би хүүхдүүдээ өөрийн асрамжинд авна. ******* хүүхдүүдээ хардаггүй, тэнээд явчихдаг, айлын мал малладаг. Тэгээд хүүхдүүдээ ээж дээрээ үлдээдэг боловч ээж нь хүүхдүүдийг маань хардаггүй. Өмнө нь надад хүүхдүүдээ харж чадахгүй байна чи ав гэж байсан. Тэгсэн хэрнээ шүүх хурал дээр сайхан сайхан юм яриад байдаг. ******* нь  Орхонтуулд Идэрмөнх гэдэг айлд хуц, ухна маллаж байгаад шүүх хуралд орох гэж 2 хоногийн өмнө ирсэн. Хүүхдүүдтэйгээ ярихад ээж хөдөө яваад ирээгүй гэж хэлсэн. Тийм  болохоор хүүхдүүдийнхээ эрх ашгийг бодож би өөрийн асрамжинд авна Болохгүй бол би хүүгээ асрамжиндаа авна. Миний гал голомтыг залгана, 2 охинтойгоо байнгын холбоотой амьдарна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Б.*******, Б.*******  нар нь 2011 онд гэр бүл болж,  2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр охин Н.Ө, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүү Н.Х, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр охин Н.Б нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4-7/

Нэхэмжлэгч Б.******* нь сэтгэл санааны хувьд таарч тохирохгүй болсон, Б.******* нь бусадтай гэр бүлээс гадуур харилцаатай болсон, цаашид хайрлан хүндэтгэж хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна гэж гэрлэлт цуцлах шалтгаанаа тайлбарлаж байна. Харин хариуцагч Б.*******  нь Б.******* 2018 оны 10 дугаар сард гэрээсээ явсан, эвлэрэх талаар ярилцсан боловч эвлэрэхгүй гэсэн тул гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байна.

Зохигчийн гаргасан тайлбараас дүгнэхэд гэрлэгчид нь цаашид бие биенээ хайрлан хүндэтгэж, хамтран амьдрах боломжгүй, 2018 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч эвлэрээгүй, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ дахин авахгүйгээр  гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

            Хариуцагч Б.******* нь хүү Н.Хг өөрийн асрамжид авна гэж маргасан байна.

          Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх  ….шүүх шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол хүүхдийн саналыг харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

          Зохигч хүүхдийн асрамжийн талаар тохиролцоогүй тул хариуцагчийн хүсэлтээр Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилж, шинжээч нар  2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ. / хх-ийн 130-143/

 

Шинжээчийн дүгнэлтээс харахад “эцэг эх хүүхэддээ хандах хандлагыг тодорхойлох үнэлгээг” эцэг хүүхдийн харилцаа хүмүүжлийг тодорхойлох 3 оношилогоогоор үнэлгээ гаргасан байдлыг нь авч үзвэл “Гэр бүлийн харилцаа” судалгаанд эцэг Б.******* нь 5 үзүүлэлтэд өндөр, эх Б.******* нь 1 үзүүлэлтэд өндөр гарсан байна.

          Түүнчлэн охин Н.Ө тайлбар авсан байх бөгөөд охин ээжийнхээ хамт амьдрах  саналыг гаргажээ. /хх-ийн 150/

Иймд 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Н.Ө, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Н.Б нарыг эх Б.*******гин, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Н.*******г эцэг Б.*******гийн асрамжид тус тус үлдээх  нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүх хүүхдийн асрамжийг тогтоон шийдвэрлэж байгаа нь хүүхдийг эцэг, эхийнхээ хэнтэй нь хамт амьдрах оршин суух хаягийг тодорхойлж байгаа явдал болохоос эцэг, эх нь хүүхдэдээ анхаарал тавих, асран халамжлах, хүмүүжүүлэх үүрэг болон уг үүргээ гүйцэтгээгүйн төлөө хүлээлгэх хариуцлагаас чөлөөлж байгаа явдал биш юм. Тодруулбал: Хүүхдүүд эцэг, эхийн хэн нэгтэй нэг гэрт хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран эцэг Б.*******, эх Б.******* нарын хэн аль нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

          Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26. 2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө саад учруулахыг хориглодог болохыг тайлбарлах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл хүү Н.*******тэй эх Б.*******, охин Н.Ө, Н.Б нартай эцэг Б.******* хэдийд ч уулзаж дээрх хуульд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д "эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй" гэж, 38 дугаар зүйлийн 38.5-д "тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна" гэж тус тус заасан.

Гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхдүүдээс охин Н., охин Н.Б нарыг эхийн асрамжинд үлдээсэн тул охин Н.Б эцэг Б.*******гаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу хариуцагч Б.*******гаас 1 хүүхдийн тэтгэлэгт ногдох нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс /213800х12=2.565.600₮/50хувь/ улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 35337 /гучин таван мянга гурван зуун гучин долоо/ төгрөг, гэрлэлт цуцлах нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, бүгд 105537 төгрөгийг гаргуулж, 35337 төгрөгийг Төрийн санд, 70200 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэв.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан Б.******* Б.******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2013 оны 09 сарын 13-ны өдөр төрсөн охин  Н.Ө, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Н. нарыг эх Б.*******гийн, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Н.Х эцэг Б.*******гийн асрамжинд тус тус үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн  40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Н.*******ыг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Б.Нямхайнямбуугаар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.*******д даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 105537 /нэг зуун таван мянга таван зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг, Төрийн санд 35337 /гучин таван мянга гуван зуун гучин долоо/ төгрөгийг тус тус  олгосугай.

 7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Батсайханд даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МЯГМАРСҮРЭН