Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/137

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС\

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ариунжаргал,

шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.*******ад холбогдох эрүүгийн 2415000000115 дугаартай 163/2024/0148/Э индекстэй хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Булган аймгийн ******* суманд 1980 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Булган аймгийн ******* сумын * дүгээр багт оршин суух бүртгэлтэй, 43 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415000000115 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.******* нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт Д.*******той хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ “манай дүүг доромжиллоо” гэх шалтгааны улмаас Д.*******той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүний бие эрх чөлөөнд халдан цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун 7, 9, 10 дугаар хавирганы хугарал, 11 дүгээр хавирганы цуурал, бүсэлхийн 2, 3 дугаар нугалмын баруун хажуугийн сэртэнгийн хугарал, сээр, бүсэлхийд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

- Шүүгдэгч Т.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2415000000115 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:

- Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал),

- шүүгдэгч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал),

- хохирогч Д.*******ийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 06-07 дахь тал)

- гэрч Б.*******гийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

- гэрч Д.*******гийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

- гэрч О.*******ийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 6472 дугаартай: Д.*******ийн биед  баруун 7, 9, 10 дугаар хавирганы хугарал, 11 дүгээр хавирганы цуурал, бүсэлхийн 2, 3 дугаар нугалмын баруун хажуугийн сэртэнгийн хугарал, сээр, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж зааснаар шүүгдэгч Т.*******ын хохирогч Д.*******ийн нуруун тус газарт өшиглөж хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 6472 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтлүүд нь шүүгдэгч Т.*******ын хохирогч Д.*******ийг өшиглөсөн үйлдэлтэй буюу мохоо зүйлийн үйлчлэлийн олон удаагийн үйлдлээр үүссэн шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Т.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэх дүгнэлтийг, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч оролцов.

Иймд шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ хэргийн улмаас хохирогч Д.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нь иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй боловч шүүгдэгч Т.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол төлбөрт 1,000,000 төгрөгийг сайн дураар төлснөөр хохирогч Д.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

           Иймд шүүгдэгч Т.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Т.*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирогчийн хөрөнгө орлого, орлого олох боломж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Д.******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ад шүүхээс оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

4. Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******ад сануулсугай.

5. Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

6. Шүүгдэгч Т.******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Д.******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг өөрөө гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Т.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Э.ЭНЭРЭЛ