Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 0021

 

    Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 406 дугаартай шийдвэртэй,

Х.Б-гийн нэхэмжлэлтэй, О.О-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2300000 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч                                               О.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                    П.Ган-Очир

Нарийн бичгийн дарга                           С.Гончигбал нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.О нь өөрийн танил Э.Содномсүрэнтэй утсаар ярьж мөнгө зээлэхээр тохиролцоод 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр миний банкны дансаар дамжуулан 2300000 төгрөг авсан юм. Мөнгө шилжүүлсэн Э.Содномсүрэн нь энэ мөнгийг эгч Намжилмаагаасаа авахаар болж эгчдээ миний дансны дугаарыг өгөөд миний дансанд мөнгө шилжүүлсэн учраас чи хариуцах ёстой гээд Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 33 дугаартай шийдвэрээр надаас 2300000 төгрөг гаргуулж Э.Намжилмаад олгуулахаар шийдвэрлэсэн юм. Миний бие энэ мөнгийг аваад О.О-д өгсөн. О.О уг мөнгийг Голомт банкаар дамжуулан гадаад руу шилжүүлсэн. Энэ талаар О.О нь Э.Намжилмаагийн нэхэмжлэлтэй Х.Б надад хариуцагдах хэргийг хэлэлцсэн шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо “... Мөнгийг би өөрийн нэрээр гадаад руу шилжүүлсэн... ” гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Иймд О.О-гээс 2300000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч О.О нь өөрийн танил Э.Содномсүрэнтэй утсаар ярьж мөнгө зээлэхээр тохиролцоод 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Х.Б-гийн дансаар дамжуулан 2300000 төгрөг авсан юм. Мөнгө шилжүүлсэн Э.Содномсүрэн нь энэ мөнгийг эгч н.Намжилмаагаасаа авахаар болж эгчдээ Х.Б-гийн дансны дугаарыг өгөөд дансанд нь мөнгө шилжүүлсэн учраас чи хариуцах ёстой гээд Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 33 дугаартай шийдвэрээр Х.Б-гаас 2300000 төгрөг гаргуулж Э.Намжилмаад олгуулахаар шийдвэрлэсэн юм. Х.Б нь мөнгийг аваад О.О-д өгсөн. О.О Голомт банкаар дамжуулан гадаад руу уг мөнгийг шилжүүлсэн. Энэ талаар О.О нь Э.Намжилмаагийн нэхэмжлэлтэй Х.Б-д хариуцагдах хэргийг хэлэлцсэн шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо “...Мөнгийг би өөрийн нэрээр гадаад руу шилжүүлсэн...” гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Би Х.Б, О.О нарын хооронд болсон асуудлыг сайн мэдэж байна. Нийслэлийн Прокурорын газраас О.О-г хохирогчоор тогтоож, Индонез улс руу даалгавар гүйцэтгүүлэхээр хэргийг түдгэлзүүлээд асуудлыг шалгаж байгаа. Иймд О.О-гээс 2300000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч О.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х.Б нь надаас 2300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлд О.О нь өөрийн танил Э.Содномсүрэнтэй утсаар ярьж мөнгө зээлэхээр тохиролцсон гэжээ. Миний хувьд Э.Содномсүрэнг зүс танина, энэ хүнтэй дугарч ч үзээгүй. Э.Содномсүрэнгийн гэр бүлийн хүн болох Б.Нямбаяр нь манай суманд авто болон хэв журмын цагдаагаар ажиллаж байсан, миний хувьд Э.Содномсүрэнг Б.Нямбаярын эхнэр гэдгээс өөр мэдэх зүйл байхгүй ээ. Б нь өөрийн дансыг ашиглуулж Э.Содномсүрэн болон түүний эгч Э.Намжилмаагаас мөнгө авч О.О-д өгсөн гэжээ. Миний зүгээс Э.Содномсүрэнг зүс танина, эгч гэгдэх Э.Намжилмааг огт танихгүй учир уг хүмүүс нь надад мөнгө зээлдэх ямар ч боломжгүй учир би С.Б-гийн дансыг ашиглах шаардлага байхгүй. Мөнгийг авч О.О нь Голомт банкаар дамжуулан гадаад руу шилжүүлсэн гэжээ. Х.Б нь гадаад руу мөнгө шилжүүлэх үйл ажиллагаанд анхнаасаа хамтран оролцъё гэсэн бөгөөд анхны 6500000 төгрөгийг би хамт ажилладаг Ж.Бямбасүрэнгээс өөрийн нэр дээр зээлж гадаад руу шилжүүлсэн бөгөөд дахин мөнгө шилжүүл гэж мөнгө нэхсэн байхаар нь энэ нь худлаа болилоо, болье гэдэг саналыг миний зүгээс Х.Б-д тавьсан. Тухайн үед Б миний үгэнд оролгүй та ганцаараа шийдвэр гаргах ёсгүй, эцсийг нь үзнэ гээд миний төрсөн эгч О.Цэнджаргалаас хүртэл зөвшөөрөл авч байсан юм. Миний төрсөн эгч О.Цэнджаргал нь энэ бүх үйл явдлыг анхнаас мэдэж байсан, хамтран мөнгө шилжүүлэхийг зөвшөөрөөч, хамтран мөнгө шилжүүлэхийг зөвшөөрөөч, эрсдлээ өөрсдөө хариуцна гэж миний эгчийн ажил дээр хүртэл Х.Б нь цуг очиж гуйж байсан. Би 2016 оны 10 дугаар саны 28-ны өдөр Х.Б-гаар дамжуулан бусдаас мөнгө зээлж аваагүй. Харин Х.Б мөнгө олчихлоо, би эрсдэлээ өөрөө хариуцна. Шилжүүлсэн мөнгөний хэмжээгээр ашигаа авна шүү гээд байхаар нь би 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Голомт банкны Орхон аймгийн салбараар дамжуулж Х.Б-гийн өгсөн мөнгийг өөрийн нэрээр гадаад улсын иргэн рүү шилжүүлсэн. Үүнийг тухайн үед эгчийн ажил дээр цуг очиж байсан 2 хүний нэг болох Ш.Дэлгэрцэцэг, Бямбасүрэн нар мэднэ. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би Х.Б-гийн картыг ашиглаж Содномсүрэнгээс зээлсэн миний мөнгө биш. Х.Б нь н.Содномсүрэнгээс юу гэж хэлж мөнгө зээлснийг би мэдэхгүй, тэдний хоорондох зээлийн асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн. Тэр шүүх хуралдаанд би гэрчээр оролцож байсан. Х.Б бид хоёр гадаад руу 4 удаа мөнгө шилжүүлсэн бөгөөд шилжүүлэг хийх бүртээ хамт байсан. Өөрсдөө эрсдэлээ хариуцна гэж ярьсан бөгөөд үүнийг миний төрсөн О.Цэнджаргал, Ш.Дэлгэрцэцэг, Д.Бямбасүрэн нар мэдэж байгаа. Х.Бн.Содномсүрэнгээс хэдэн төгрөг зээлснийг мэдэхгүй. Би мөнгийг барьж, тоолж үзээгүй. Иймд Х.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан 2300000 төгрөгийг миний бие өгөх үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэв.  

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 406 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 336 дугаар зүйлийн 336.1-д заасныг баримтлан Х.Б-гийн нэхэмжлэлтэй, О.О-д холбогдох, 2300000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 52000 /тавин хоёр мянга/ төгрөгөөс 51750 /тавин нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 250 /хоёр зуун тавь/ төгрөгийг Төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгч Х.Б-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарлаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах гомдолдоо: “... Шүүх Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Энэ маргааныг даалгаврын гэрээ гэж үзсэн нь буруу бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар даалгавар өгсөн, даалгавар авсан нь нотлогдоогүй. Иймд нэхэмжлэлийг хангасан заалтыг шийдвэрт оруулна уу ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу тодорхойлж чадаагүй, зохигчдын тайлбар болон хэргийн бусад баримт, хэргийн нөхцөл байдалтай харьцуулан зөв үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна.

Нэхэмжлэгч буюу зээлдэгч гэх Х.Б нь хариуцагч О.О-гээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2300000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Х.Б, О.О нар нь ашиг хүртэх зорилгоор Индонез улсын иргэний данс руу өмнө нь хэд хэдэн удаа О.О-гийн нэрээр мөнгө шилжүүлж байсан бөгөөд Х.Б нь иргэн Э.Намжилмаагаас 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ХААН банкин дахь 5282016524 тоот өөрийн харилцах дансаар дамжуулан 2300000 төгрөгийг авсан байна.

Улмаар уг мөнгөнөөс 772 евро буюу 2.071.518 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Голомт банкаар дамжуулан дээрх гадаадын иргэний 0442292002 тоот харилцах данс руу О.О-гийн нэрээр хамтдаа шилжүүлжээ.

2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөнгө шилжүүлэхээс өмнө Х.Б нь О.О-гийн эгч гэх О.Цэнджаргалд “...эрсдэлээ өөрөө хариуцна...” гэсэн нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч О.Цэнджаргалын өгсөн мэдүүлэг /хх 89-91/-ээр нотлогдож байх ба хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхийн тулд хэлцлийн талуудын хүсэл зориг, хүсэл зоригийн илэрхийлэл байгаа эсэхэд дүгнэлт хийх ёстой.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд буюу О.О-гийн нэрээр шилжүүлсэн дээрх мөнгө нь хариу төлбөртэй эсэх, Х.Б, О.Онарын хооронд зээлийн гэрээний нөхцөл болох хүсэл зориг илэрхийлэгдсэн эсэх нь тогтоогдохгүй байх ба О.О нь өөрийн нэрээр бусдад мөнгө шилжүүлснийг Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.4-т заасанчлан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн эсэх, тэдгээрийн хооронд хэлцэл хийгдсэн эсэх, мөн Х.Б нь О.О-д зээлийн гэрээний дагуу мөнгө зээлүүлсэн гэж үзэх нөхцөл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан “...нэхэмжлэлийн шаардлагыг хангасан заалтыг шийдвэрт оруулж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Харин Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасанчлан даалгаврын гэрээний харилцаа гэж зохигчдын хоорондын маргааныг буруу тодорхойлж, хууль хэрэглээний алдаа гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж, зохих өөрчлөлт оруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичсэн хуулийн заалтыг тогтоох хэсэгт бичихдээ хуулийн өөр зүйл, хэсгийг бичиж техникийн алдаа гаргасан байгааг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, 167 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 406 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ”... 399 дүгээр зүйлийн 399.1, 336 дугаар зүйлийн 336.1” гэснийг “...281 дүгээр зүйлийн 281.1” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 52.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ё.БЯМБАЦЭРЭН

                                               ШҮҮГЧИД                                          С.УРАНЧИМЭГ                                                                                                                                                              

                                                                                                        М.ХҮРЭЛБААТАР