Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 989

 

2020             8              6                                 2020/ДШМ/989                              

 

     Т.Ат холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч О.Б, О.О,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

              Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.О, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/422 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч О.Б, О.О нарын давж заалдах гомдлоор Т.Ат холбогдох эрүүгийн 2009005890212 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

             

 

            Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

            Т.А нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 510 дугаар байрны 156 тоот гэртээ аливаа биетийг гэмтээх хэрэгсэл болох 32 см урттай, бор өнгийн иштэй хутгыг ашиглан хохирогч Э.Мын хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоогдсон хөгжлийн бэрхшээлтэй, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний цээжин тус газар нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

           

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Т.Аыг 8 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аын урьд цагдан хоригдсон 89 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Т.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хохирогч Э.М нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Т.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.А давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг ба том хүүхэд 4 настай, бага хүүхэд 1 настай, эхнэр ажил хөдөлмөр эрхэлдэггүй, гэртээ хүүхдээ хардаг. Эцэг, эх маань өндөр настай хүмүүс байдаг бөгөөд аав Т тал цус харвасан, түүнээс гадна бэртэл авсны улмаас түнхний хагалгаанд орсон. Үүнээс болоод миний аавд байнгын асаргаа шаардлагатай бөгөөд миний бие аавыгаа асардаг. Миний бие гэмт хэрэгт холбогдохоос өмнө өөрийн шударга хөдөлмөрөөр ар гэрээ тэжээдэг байсан. Манай гэр бүл одоогоор ямар ч орлогогүй болсон. ...үйлдсэн хэрэгт чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б, О.О нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Т.Аын тухайд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлдэг. Хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулж, хэрэг болох үед болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан үл ойлголцлыг арилгаж, ойлголцолд хүрсэн нь 2017 оны шинэчилсэн Эрүүгийн хуулийн үзэл баримтлал, өөрөөр хэлбэл хохирогчийн гомдлыг барагдуулж, эвлэрсэн байх үзэл баримтлалд нийцүүлэн хохирогчийг гомдолгүй болгож, цаашдын эмчилгээ, сэтгэл санаанд нь дэмжлэг үзүүлсэн. Т.Аын гэм буруугаа чин санаанаасаа ойлгон гэмшиж байгаа байдал, хохирогчтой эвлэрсэн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 8 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна гэж зааснаар Т.Аын эдлэх ялыг багасгаж өгнө үү. ...” гэжээ.

 

Хохирогч Э.М давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: “... Т.А бид 2 эвлэрсэн. Надад учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулан намайг гомдол саналгүй болгосон. Миний бие Т.Ааас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Тиймээс энэхүү нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Т.Аын өмгөөлөгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Т.А нь үйлдсэн хэргийнхээ талаар маргаагүй. Харин анхан шатны шүүхээс оногдуулсан 8 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан хөнгөрүүлж өгнө үү. Хэрэв үүнийг хэрэглэх боломжгүй гэж үзвэл 5 жил хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргаж байна. Учир нь, шүүгдэгч Т.А гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эмчилгээний зардал болон бусад зардлыг нөхөн төлсөн. Хохирогч, шүүгдэгч нар багын найзууд бөгөөд бага зэргийн үл ойлголцлоос болоод уг гэмт хэрэг гарсан. Хохирогчийн биеийн байдал хэвийн хэмжээнд орсон, эмчлэгдсэн гэж үзэж болно. Хохирогчид ар гэрийн гачигдал гарсан учир шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Шүүгдэгч Т.Аын эцэг нь асаргаанд байдаг, эхнэр нь ажилгүй. Энэ айл гэрийн амьдралыг Т.А авч явдаг байсан. Шүүх бүрэлдэхүүн төрийн энэрэнгүй зарчмыг баримтлан Т.Ат оногдуулсан ялыг багасгаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Т.Аын өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч О.Отэй санал нэг байна. Мөн шүүгдэгч Т.А тухайн үед гэмт хэрэг үйлдээд хохирол учруулсны дараа өөрөө эмнэлгийн тусламж дуудсан гэх нөхцөл байдлыг харгалзаж өгнө үү.” гэв.

Прокурор П.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч, хохирогч нар багын найз нөхдийн гэх харилцаатай боловч хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хүнд хохирол учруулсан. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчид 2.000.000 төгрөг төлж барагдуулсан байсан. Хохирол бүрэн төлөгдөөгүй, гомдол саналтай гэсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй. Анхан шатны шүүхээс 8 жил хорих ял оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч П.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 18 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 510 дугаар байрны 156 тоот гэртээ хохирогч Э.Мын хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоогдсон бэрхшээлтэй, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний цээжин тус газарт 32 см урттай, бор өнгийн иштэй хутгаар 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Э.Мын “... Т.Аын гэрт 2 шил архи хувааж уусан. Тэр үед Т.А нэг хүнтэй утсаар яриад хэрэлдээд байсан. Тэр уурандаа миний зүүн хөмсөгний дээд тал руу нэг хатуу зүйлээр цохисон. ...Би Т.Ат “намайг урьд нь 2 удаа зодсон асуудлыг Цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулаагүй, одоо дахиад намайг зодох юм бол хэлдэг газар нь хэлнэ шүү” гэхэд “чи муу хэлээд яадаг юм бэ” гээд гал тогооны хэсгээс авсан бололтой хутгаар миний цээжин хэсэг, зүрхэн хэсэгт 1 удаа хутгалж зоосон. Би хутгалуулаад ухаан балартаад байсан. ...нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн, хагалгаанд орох гээд байж байсан. ...Т.А урьд нь ...над руу зурагт авч шидээд миний нуруу бөөр өвдөж байгаад өөрөөрөө эдгэрсэн. Дараа нь 2019 оны12 дугаар сарын 23-ны өдөр манай гэрт ирээд хоолны шанагаар толгойд цохиж хагалж байсан. Би түнхний дунд чөмгийн толгой солиулах хагалгаанд орох шаардлагатай таяг тулж явдаг болохоор биеэ хамгаалах чадваргүй. Энэ явдлууд урьд болоод өнгөрсөн учраас гомдол, санал байхгүй, ...хутгаар гэмтээсэнд гомдолтой байна. Т.А намайг хутгалах үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Миний мэдэж байгаагаар 1 удаа миний зүрхний хэсэг газар руу хутга зоосныг бол мэдэж байна. ...” /1хх 35-40/,

 

гэрч С.Эийн “... 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр эмийн сан руу явчихаад ирэх хооронд хүү Э.Мын найз Т.А манай гэрт ирчихсэн байсан. ...Удалгүй Т.А миний хүү Э.Мыг “би машинтай явж байгаа, ойрхон яваад ирье” гэж хэлээд дагуулаад гэрээс гараад явсан. ...Би хүүгээ хүлээгээд байхад хүү маань гэртээ ирээгүй. ...охин Онон над руу залгаад “Э.М хүнд хутгалуулаад цэргийн төв эмнэлэгт хэвтэж байгаа гэнээ” гэж хэлсэн. Эмнэлэг дээр очоод эмчтэй нь уулзахад “маш хүнд хагалгаа хийнэ, амьд гарах эсэх нь эргэлзээтэй, цус их хэмжээгээр алдсан” гэж хэлээд яаралтайгаар хагалгаанд оруулсан. ... эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг өгсөн. ...” /1хх 97-100/,

 

гэрч Ж.Туяадэлгэрийн “... би залгаж ярихад Т.А “хайр нь архи уучихлаа” гэж хэлэхээр нь ...“чи хэнтэй байгаа юм” гэж асуухад “...Алдараас цус гараад байна” гэж хэлсэн. ...би гэртээ ирэхэд цагдаа нар манай гэрт ирчихсэн, түргэн тусламжийн эмч ирээд Э.Мыг аваад явчихлаа гэж хэлсэн. ...” /1хх 93-96/,

 

Т.Аын яллагдагчаар өгсөн “... би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, найзыгаа ийм байдалд оруулсандаа маш их харамсаж байна. Би Э.тай хааяа нийлж архи уудаг. ...Э.Мын хөлний хагалгаанд удахгүй орох талаар ярилцсан. Би ...Э.Мт байр зарсан мөнгөөрөө хийх ажлынхаа төлөвлөгөөг ярьсан. ...Э.М “намайг хагалгаанд ороход чи надад хэдэн төгрөгөөр туслах юм” гээд миний шарыг хөдөлгөх шинжтэй яриа өрнөсөн. ...тэгээд тэр яриа улам даамжирсаар байгаад “би чамд мөнгө өгөх ёстой юм уу” гэхэд чи надад өгөх ёстой гээд муудалцаж байгаад царцаамаг зүсэж байсан хутгаараа хальт далайх шиг болсон. Тэгээд цээжийг нь сөхөөд харсан чинь цус гоожиж байсан. ...Би Э.Мыг хутгалсныхаа дараа гэрийнхээ утаснаас 103-т залгаж дуудлага өгсөн. ...” /1хх 125-129/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2397 дугаартай шинжээчийн “... Э.Мын биед “цээжинд зүүн эгэмний дунд шугамаар 6, 7 дугаар хавирганы завсраар нэвтэрч өрцийг нэвт гарч хэвлийн хөндий рүү орж ходоодны ханыг хатгаж төгссөн хутгалагдсан шарх” бүхий хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон” /1хх-ийн 43-45/ дүгнэлт,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-8/,

Түргэн тусламжийн дуудлагын хуудас /1 хх 11/,

Э.Мын өвчний түүх /1хх 154-180/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Аын хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Т.Аын хөгжлийн бэрхшээлийн улмаас тэргэнцэр дээр сууж явдаг хохирогч Э.Мын цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч О.Б, О.О нар нь “...анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 8 жилийн хорих ял оногдуулсныг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал болон хохирогчийн гомдол саналгүй зэргийг харгалзан тухайн зүйл, заалтад зааснаар 6 жил болгон өөрчилж, ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч О.Б, О.О нарын гаргасан “...анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/422 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтад “Шүүгдэгч Д овогт Тгийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэмт буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Т.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Т.Ат 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. …” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Т.Ат 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч О.Б, О.О нарын нарын гаргасан “... ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авсныг дурдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                                        Б.БАТЗОРИГ