Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 159/ШШ2022/0012

 

                                                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                              

Хэргийн индекс: 159/2022/0012/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ахлах прокурор *******,

Гомдол гаргагч: *******

Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч *******,

Прокурорын дүгнэлт, гомдлын шаардлага: “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 0090108 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: дүгнэлт гаргагч Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ахлах прокурор *******, гомдол гаргагч *******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Х.Ургаа, хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Гомдол гаргагч *******ээс 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч ******* холбогдуулан “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 0090108 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдлыг гаргасан.

            2.Дүгнэлт гаргагч Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ахлах прокурор *******гаас 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч ******* холбогдуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 0090108 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлт гаргасан.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Аль нэг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаантай хэрэг байгаа, ... шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно.” гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ахлах прокурор *******гийн дүгнэлттэй, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч ******* холбогдох зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг гомдол гаргагч *******ийн гомдолтой, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч ******* холбогдох зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 92 дугаар захирамжаар нэгтгэсэн болно.

4.Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч ******* 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэн *******ийг Оросын Холбооны Улсаас Монгол Улсын хилээр орж ирэхдээ их хэмжээний валютыг гаальд мэдүүлэхдээ худал мэдүүлэн Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3-д заасан гаалийн байгууллагад худал мэдүүлсэн зөрчил гаргасан гэж үзэж 2.000.000 рублийг хураан авч, валютын үнийн дүнгийн 15 хувиар буюу 8.403.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Дүгнэлт гаргагч Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ахлах прокурор ******* 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн дүгнэлтдээ:

“... Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ахлах прокурор ******* би, тус аймаг дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч Б.Мөнхтулгын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр *******ийг Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар торгож, хялбаршуулсан журмаар зөрчил шалгаж шийдвэрлэсэн материалыг шалгалтын хүрээнд хянавал:

******* нь 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Оросын холбооны улсаас Монгол Улсын хилээр нэвтрэхдээ зорчигчийн гаалийн мэдүүлгийг бөглөхдөө биедээ авч явсан 2.000.000 рублийг худал мэдүүлэн нуун далдалж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 0090108 дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/ Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар *******ийн биедээ авч явсан 2.000.000 рублийг хурааж, хураан авсан валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8.403.000 торгож шийдвэрлэсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тухайн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн байх боловч тухайн зөрчил гаргагчийн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт заасан зөрчлийн субъект мөн эсэх, ямар зорилгоор Монгол Улсын хилээр мөнгө /валют/ авч явсан болох, ******* нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан мэдээлэх эрхтэй субъект мөн эсэх,  мөн уг хуулийн 5 дугаар зүйлд заасан харилцагч мөн эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг явуулаагүй, эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй байна. Мөн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр тухан зөрчлийн талаарх гомдол мэдээллийг шалган, улмаар шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтан буюу тус аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Мөнхтулгыг гэрчээр байцааж мэдүүлэг авсан нь ойлгомжгүй, ******* нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлд заасан эрх бүхий албан тушаалтны чиг үүргийн хүрээнд бүрэн эрхийг хэрэгжүүлсэн байтал гэрчийн мэдүүлэг авсан нь буруу байна. Түүнчлэн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд шийтгэлийн хуудасны эх хувийг хавсаргаагүй нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолоор батлагдсан “шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ын 2.5-д заасан “эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсыг 3 хувь үйлдэж, эх хувийг хавсаргаж 2 дахь хувийг холбогдогчид өгч, үлдэх хувийг энэ журмын 2.4-д заасан албан тушаалтанд өгч тооцоо хийнэ” гэснийг зөрчсөн байна.

Иймд тус аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч Б.Мөнхтулгын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр *******ийг Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар торгож, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн 0090108 дугаартай шийтгэлийн хуудсыг /маягт-2/ хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Гомдол гаргагч ******* 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн гомдолдоо:

“... Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсгийн 22.3-д заасныг үндэслэн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 0090108 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Цэндийн Мөнхдэлгэр надад шийтгэл оногдуулсан. Уг шийтгэх хуудасны 1 дэх хэсэгт “... торгох, үнийн дүнгийн 15% гэж бичиж, 2 сая рублийг хурааж авсан. Дээр дурдсан шийтгэлийг хуудсыг эс зөвшөөрч миний бие Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 0090108 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

1.Шийтгэлийн хуудсыг хууль зүйн үндэслэлгүй гаргаж, хууль бус шийтгэл оногдуулсан тухайд: Шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсгийн 22.3-д заасныг үндэслэхдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий нотлох баримт байхгүй байхад надад шийтгэл оногдуулсан нь хууль бус. Учир нь:

Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээрр зүйл нь “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих” бүлэгт багтсан бөгөөд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “мөнгө угаах” гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг, 3.1.2-т “терроризмыг санхүүжүүлэх” гэж террорист этгээд, террорист үйлдэл, үйл ажиллагаанд зарцуулагдахыг мэдсээр байж шууд болон шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, өөрчилсөн, шилжүүлсэн, зарцуулсныг” гэж ойлгохоор хуульчилсан.

Эрх бүхий этгээд нь хуулийг хэрэглэхдээ тухайн үйл баримт нь хууль зүйн үндэслэлтэйгээ тохирч байх зарчим баримталдаг. Хэрвээ тухайн хураан авсан гадаад валют нь мөнгө угаасан мөнгө болон терроризмыг санхүүжүүлэх мөнгө байсан нь хууль ёсны нотлох баримтаар нотлогдсон нөхцөл илүү нарийвчлан зохицуулсан хуулийг буюу Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсгийн 22.3-д заасныг хэрэглэх нь хуульд нийцнэ.

Гэтэл уг зөрчлийг шалган шийдвэрлэхдээ тухайн валют нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх мөнгө байсан уу гэдгийг шалган тогтоогоогүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий нотлох баримтаар нотлогдоогүй байхад дээрх илүү нарийвчилсан зохицуулалтыг баримтлан шийтгэл оногдуулсан нь хуульд үндэслэх, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.

Мөн миний бие тухайн мөнгөний эх үүсвэрийн талаар “хамт хилээр орж ирж байсан хамаатны эгчийн мөнгө байсан” гэж үнэн зөв мэдүүлж, мөнгөний эзэн өөрөө тайлбар болон нотлох баримтыг гаргаж өгсөн байхад, нөгөө талаар улсын байцаагч шийтгэлийн хуудсыг бичиж өгөхдөө “Таны энэ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх мөнгө учраас хурааж, шийтгэл ногдууллаа” гэж хэлээгүй, огт тайлбарлаагүй хирнээ дээрх үндэслэлээр шийтгүүлсэндээ гомдолтой байна.

Шийтгэл хүлээж байгаа бол шийтгэлийн үндэслэл, шийтгэлийн хэмжээгээ тодорхой мэдэх эрхтэй атал энэ эрхийг минь хангаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд “... зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, ... хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” тодорхой зохицуулсан. Гэтэл шийтгэлийн хуудсыг 2 дахь заалтад оногдуулсан шийтгэлийг тодорхой тусгасан байх байтал огт тусгаагүй.

2.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

а/ Гаалийн улсын байцаагч ******* нь тухайн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй. Шийтгэлийн хуудсыг үндэслэх хэсэгт “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-д заасны дагуу шалгах боломжтой байна” гэсэн үндэслэлээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх үндэслэлийг нарийвчлан зохицуулсан байтал тухайн 6.6 дугаар зүйлийн аль заалт, хэсгийг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээ огт тусгаагүй. Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйл нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих зүйл хэсэгт хамаарагдах зүйл хэсэг бөгөөд тухайн зүйл хэсгийн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрхэн зөрчиж гаалийн байгууллагаар орж ирснийг хянан шалгаж шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл уг ажиллагаа огт хийгдээгүйгээр зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн үндэслэлгүй болсон.

Өөрөөр хэлбэл Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг 15 дугаар зүйлийн 15.1-д “зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэмцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай Гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ” гэсэн заалт нь Зөрчлийн хуулиар шууд арга хэмжээ авах хэм хэмжээг зохицуулсан заалт биш бөгөөд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэж байсан мөнгө болохыг зөрчил шалган шийдвэрлэж байсан эрх бүхий албан тушаалтан өөрөө нотлох үүрэг хүлээж уг ажиллагаанд оролцож буй бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15-д заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үндэслэлгүй юм.

Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг шалган шийдвэрлэхдээ тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон холбогдох хуулийг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган хуульд нийцсэн ажиллагааны зорилт, зарчмууд хэрэгждэг. Гэтэл энэхүү ажиллагаануудыг огт хийлгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үндэслэлгүй болжээ.

б/ Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлд зааснаар эд зүйл, баримт бичиг хураан авах талаарх зохицуулалт тусгагдсан бөгөөд 6 дахь хэсэгт “Хураан авсан эд зүйл, баримт бичгийн жагсаалт, тэмдэглэлийг эд зүйл, баримт бичгээ хураалгасан болон тухайн ажиллагаанд байлцсан хүнээр гарын үсэг зуруулж, хувийг эд зүйлийн эзэмшигч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид даруй гардуулна” гэж заасан бөгөөд тухайн ажиллагаанд өөр хүн байлцуулаагүй мөн эд зүйл хураан авсан тэмдэглэлээ надад огт өгөөгүй.

в/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлд Зөрчлийг нотлох зохицуулалт орсон бөгөөд 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж хуульчилсан бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан гаалийн улсын байцаагч ******* нь өөрийнхөө шийдвэрлэж буй зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд өөрөө гэрчээр мэдүүлэг өгч буй нь ашиг сонирхлын хувьд ч хуульд нийцэхгүй хууль зөрчсөн ажиллагаа болсон. Өөрийнхөө шалган шийдвэрлэж буй ажиллагаанд өөрөө гэрчээр мэдүүлэг өгөөд, өөрөө шийтгэлийн хуудас гаргаж буй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дугаар зүйлд заасныг зөрчсөн.

г/ Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсгийн 22.3-д худал мэдүүлсэн бол гэж зүйлчилсэн бөгөөд миний бие нь тухайн мөнгийг өөрийнх биш болохоор мэдүүлээгүй орж ирсэн бөгөөд түүнээс гаалийн мэдүүлэгт худал мэдүүлсэн зүйл огт байхгүй билээ.

д/ Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлд энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. 3.1.1-д ““бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэн ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг ойлгоно.” гэж хуульчилсан бөгөөд тухайн миний хураалгасан рубль нь валют бөгөөд Гаалийн тухай хуулиараа бараа юм.

Зөрчлийн тухай хуулийг зөрчиж, буруу хэрэглэн, зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх журмыг зөрчиж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0090108 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч ******* 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйл шийтгэл оногдуулах харилцааг зохицуулсан. Тус зүйлд нөхцөл үүсгэхдээ “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон” гэж эхэлж байна. Нөхцөл байдлыг тогтоосон байх шаардлага тавигдсан гэж ойлгож байгаа. 1.3-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүй” гэж тодотгож өгсөн. Үйлдлийг тогтоох шаардлага тавигдаж байгаа болохоос биш зорилго, хандлага гэх мэт субьектив нөхцөлийг тогтоох үүргийг эрх бүхий албан тушаалтан хүлээхгүй байхаар зохицуулагдсан байдаг. Харин 1.3 заалтын үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг тогтоох ёстой байсан. Энд эрх бүхий албан тушаалтны бичсэн шийтгэлийн хуудас дээр Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсгээр зүйлчилсэн Зөрчлийн тухай хуулийн тус заалтад бичигдсэнээр 22.Гаалийн байгууллагад

22.1 үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн

22.2 үнэн зөв мэдүүлэг гаргахаас татгалзсан

22.3 худал мэдүүлсэн гэсэн гурван үйлдлийг зааж өгсөн байх бөгөөд “худал мэдүүлсэн” гэх үйлдэл үйлдсэнийг нь тогтоосон. Өөр хууль биш харин Зөрчлийн тухай хууль гэж онцолсон байдалд анхаарна гэж ойлгож байна. Ингэхээр эрх бүхий албан тушаалтан ******* нь Зөрчлийн тухай хуульд зөрчил гэж үзсэн үйлдлийг нотолж шийтгэлийн хуудас бичсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. 2021 оны Засгийн газрын 135 дугаар тогтоолын журам маягт батлах журамд зааснаар Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулах, шийтгэлээс чөлөөлөх хуудсыг хэрэглэх, бэлэн бус хэлбэрээр торгох шийтгэл оногдуулахад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон энэ журмыг мөрдөнө. Шийтгэлийн хуудасны 1 дэх заалтад тодорхой бичсэн мөн 2 дахь заалтад торгуулийн дүнг тоогоор бичсэн, гаалийн байгууллага торгуулийг бар код бүхий нэхэмжлэх гарган өгч бэлэн бусаар төлөхөөр зохицуулагдсан байдаг. Иргэн ******* нь гарын үсэг зурахаас татгалзаж, үнийн нэхэмжлэхдээ танилцаагүй. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчсөн процессын алдаа гэж үзэхээргүй гэж ойлгож байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дугаар зүйл “хөндлөнгийн гэрч” 2-д “Хөндлөнгийн гэрч тухайн зөрчлийн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна” гэсэн шаардлага тавигдсан байдаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн

3.1.2."хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг;

3.1.3."ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг;

3.1.5."хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг;

 Хилийн боомт газарт тусгай дэглэм үйлчилсэн орчинд хөндлөнгийн ямар нэг иргэх байх боломжгүй үед үзлэгийг хийж гүйцэтгэсэн байх бөгөөд өөрийн явуулж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тухайн газарт үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчийг татан оролцуулсан нь “тухайн зөрчлийн хэрэгт хувийн сонирхолгүй” байх шаардлагыг зөрчсөн болохгүй гэж үзэж байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч  улсын байцаагч ******* иргэн *******ийн улсын хилээр орж ирэхдээ бэлэн валют болох 2.000.000 рублийг гаалийн мэдүүлэгт бичилгүй нуун далдлах арга хэрэглэн оруулсан үйлдэлд бичсэн 0090108 дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, талуудаас гаргасан тайлбар, нотлох баримтуудыг үнэлээд эрх бүхий этгээд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах үүргээ бүрэн биелүүлээгүй, нотлох баримт цуглуулах зэрэг хуульд заасан зөрчил шалгах ажиллагааг дутуу явуулж шийтгэлийн хуудас оногдуулсан нь хууль бус гэсэн үндэслэлээр гомдол гаргагч *******ийн шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг, Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ахлах прокуророос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1.1, 1.4-т тус тус заасны дагуу бичсэн  2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар дүгнэлтийг тус тус бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 0090108 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ахлах прокурор хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн 25 дугаартай зөрчлийн хэргийг Сэлэнгэ аймгийн прокурорын газраас аймгийн гаалийн газрын эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх талаар хийсэн шалгалтын хүрээнд хянаад 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 77 дугаартай дүгнэлтдээ ... Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн хэргийн субъект мөн эсэх, ямар зорилгоор Монгол Улсын хилээр мөнгө /валют/ авч явсан, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн мэдээлэх үүрэгтэй этгээд, харилцагч мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй, шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтнаас гэрчээр байцааж мэдүүлэг авсан, зөрчил шалган шийдвэрлэсэн материалд шийтгэлийн хуудасны эх хувийг хавсаргаагүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн ... үндэслэлээр, гомдол гаргагч ******* гаалийн улсын байцаагч шийтгэлийн хуудас оногдуулахдаа “... Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ...” гэж маргажээ.

Хариуцагч 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 0090108 дугаар шийтгэлийн хуудсаар *******ийг Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих гээд тус зүйлийн 22.3-д зааснаар гаалийн байгууллагад худал мэдүүлсэн зөрчил гаргасан гэж үзэж 2.000.000 рублийг хурааж, валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 8.403.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн зорилт нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн үндсийг тогтооход орших бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "мөнгө угаах" гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг, мөн зүйлийн 3.1.2-т "терроризмыг санхүүжүүлэх" гэж террорист этгээд, террорист үйлдэл, үйл ажиллагаанд зарцуулагдахыг мэдсээр байж шууд болон шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, өөрчилсөн, шилжүүлсэн, зарцуулсныг тус тус ойлгохоор байна.

Гэтэл хариуцагч гомдол гаргагчийн биедээ авч явсан гадаад валют нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэсэн ойлголтод хамаарч байгаа эсэхийг шалган тогтоох зорилгоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан чиг үүргийг бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дутуу явуулжээ.

Тухайлбал, *******ийн биедээ авч явсан гадаад валют нь гэмт хэрэг үйлдэж олсон эсэх, террорист этгээд, террорист үйлдэл, үйл ажиллагаанд зарцуулагдахыг мэдсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй, энэ талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх, мөн зүйлийн 2-т заасан баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийгээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасныг зөрсөн гэж үзэхээр байна.

2.Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11гаалийн хяналт гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлж, биелэлтийг нь хангуулах зорилгоор гаалийн байгууллагаас хэрэгжүүлэх цогц арга хэмжээг” ойлгох бөгөөд Гаалийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1-д тус тус заасны дагуу гаалийн байгууллага нь гаалийн хууль тогтоомжийг гаалийн харилцаанд оролцогчид болон нийтэд чөлөөтэй, үнэ төлбөргүй мэдээлэх үүрэгтэйгээс гадна гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх ба зөвлөгөө өгөх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батлахаар зохицуулсан байна.

Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 735 дугаар тушаалын хавсралтаар баталсан Гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх журам-ын 2.1-д “Гаалийн улсын байцаагч бүр хариуцаж буй ажил үүргийн хүрээнд зөвлөгөө өгөх үүрэгтэй.”, 2.4 “Энэ журмын 2.1-2.3-д заасан албан тушаалтнууд зөвлөгөөг хуулийн хүрээнд бодитой өгөх үүрэгтэй.”, 3.1 “Зөвлөгөөг ... аман болон бичгийн хэлбэрээр өгч болно.” гэж тус тус заажээ.

Гэтэл хариуцагч зорчигчийг /гомдол гаргагчийг/ гаалийн мэдүүлэг бөглөх үед нь түүнд Гаалийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-т заасан зохицуулалтыг тайлбарлаж, валютыг гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн татвараас чөлөөлөгддөг, гаальд мэдүүлснээр ямар нэгэн татвар ногдуулахгүй. Харин мэдүүлээгүйн улмаас Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээх талаар мэдээлж, зөвлөөгүй нь гомдол гаргагчийн Сэлэнгэ аймгийн Гаалийн газарт 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр холбогдогчоос авсан мэдүүлгээр тогтоогдлоо.

Иймд дээрх үйл баримтаас үзвэл хариуцагч гаалийн улсын байцаагч гаалийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ иргэд олон нийт болон гаалийн харилцаанд оролцогч нарт хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэх, гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлэх зорилгоор зөвлөгөө, мэдээлэл өгөх үүргээ бүрэн, бодитой хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна

3.Эрх бүхий этгээд зөрчлийг хянан шалгахдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дараах журмыг зөрчсөн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтны энэ хуулийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэр, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол гаргах, давж заалдах хугацаа дуустал хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг зохих журмын дагуу хадгалж, энэ тухай баримтыг зөрчлийн хэрэгт хавсаргана.” гэж заасныг зөрчиж, хураан авсан гадаад валютын хадгалалтын талаар зөрчлийн хэргийн материалд хавсаргаагүй, шүүхээс шаардсны дагуу гаргаж өгсөн баримтад улсын орлогын няравт хүлээлгэн өгсөн гэж тэмдэглэл үйлдсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 3-т “Хураан авсан үндэсний болон гадаад валютыг тусгай дансанд байршуулна.” гэж заасантай нийцэхгүй.

Мөн хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар холбогдогчийн эрхийг хангаж зөрчлийн хэргийн материалыг танилцуулаагүй, мөн зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан холбогдогчийн эрх, үүргийг танилцуулаагүй болох нь зөрчлийн хэргийн материал болон гомдол гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул эрх бүхий этгээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй байна.

Өөрөөр хэлбэл Зөрчлийн хэрэг шалгаж буй байцаагч *******ас дээрх ажиллагаануудыг хийгээгүй бөгөөд зөрчлийн хэрэгт хамааралгүй Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны дарга Д.Довчинсүрэн /гомдол гаргагч/ *******ээс холбогдогчийн мэдүүлэг авсан болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн 25 дугаар зөрчлийн хэрэгт шийтгэлийн хуудасны эх хувийг хавсаргах байтал хуулбар хувийг хавсаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу гарсан Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журмыг зөрчжээ.

Иймд гомдол гаргагч *******ийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчиж, гаалийн байгууллагад худал мэдүүлсэн зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл оногдуулсан нь дээр дурдсан холбогдох хууль тогтоомж болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан хуульд үндэслэх, 4.2.4-т заасан үр нөлөөтэй байх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг тус тус зөрчсөн байх тул Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 0090108 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гаалийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн  22.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 3.1 дүгээр зүйлийн 2, 4.12 дугаар зүйлийн 2, 3, 4.15 дүгээр зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.4, 4.2.5, Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 735 дугаар тушаалын хавсралтаар баталсан Гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх журам-ын 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагч болон Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ахлах прокуророос Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч ******* холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 0090108 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдол болон дүгнэлтийг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 0090108 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ахлах прокурор ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.   

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.ОДБААТАР