| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2024/0104/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/104 |
| Огноо | 2024-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/104
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Анхбаяр хөтөлж,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
хохирогч З.Солонго /цахим/
шүүгдэгч Э.Хүчитбаатар нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Бичээч овогт Эрдэнэбилэгийн Хүчитбаатарт холбогдох эрүүгийн 2431001290126 дугаартай 175/2024/0104/Э индекстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ***** аймгийн Хүдэр суманд төрсөн, эрэгтэй, *** настай, **** боловсролтой, **** мэргэжилтэй, “Таван толгой” ХХК-д механикч ажилтай, ам бүл ***, эхнэр, *****хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын *** дугаар баг, *** дугаар хэсэг, *** тоотод оршин суух хаягтай, урьд:
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Бичээч овогт Эрдэнэбилэгийн Хүчитбаатар /РД: МП92011414/,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурьдснаар/
Шүүгдэгч Э.Хүчитбаатар нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед *****аймгийн Хүдэр сумын *** баг, *** тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр З.Солонгыг “гэр орондоо байсангүй” гэх шалтгаанаар гараараа түүний биед хүзүү, зүүн бугалга, зүүн мөр, зүүн тохой, зүүн ташаа, 2 өвдөг, зүүн гуянд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Э.Хүчитбаатар нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед *** аймгийн Хүдэр сумын *** баг, *** тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр З.Солонгийг “гэр орондоо байсангүй” гэх шалтгаанаар гараараа түүний биед хүзүү, зүүн бугалга, зүүн мөр, зүүн тохой, зүүн ташаа, 2 өвдөг, зүүн гуянд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо гэж үзэв. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Хүчитбаатарын өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй. Эхний өдөр нь гэртээ байгаагүй. Дараагийн өдөр нь гэртээ бас л байгаагүй” гэжээ[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Солонгын өгсөн: “...Биеийн байдал сайн байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн өдөр олон улсын эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн тэмцээнтэй байсан. Тэгээд өглөө гараад оройтож очсон. Тухайн үед манай охин тэмцээний нээлтэд бүжиглэсэн. Тэгээд охинтойгоо өдөржингөө зааланд яваад хоолоо хийгээгүй байсан. Тэр хоолоо хийгээгүй байснаас л болж жоохон бухимдсан л байх” гэх мэдүүлэг[2]
3.Хохирогч З.Солонгын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр манай Хүдэр суманд эмэгтэйчүүдийн баяр болох гэж байгаатай холбоотой гар бөмбөгийн тэмцээн болсон юм. Тухайн өдөр тэмцээний өмнө би хүүхдүүдээ хадмындаа үлдээгээд явсан. Энэ үед нөхөр Э.Хүчитбаатар найзуудтайгаа хөдөө явсан. Улмаар би гар бөмбөгийн тэмцээндээ оролцоод оройн 21 цагийн үед тэмцээн дууссан. Тэгээд би хадмындаа очиж хүүхдүүдээ аваад гэр лүүгээ харьсан. Гэртээ ороод удаагүй байж байтал хадам ээж залгахаар нь ярьтал нөхөр Э.Хүчитбаатар “би ээжийнд ирсэн байна намайг ирээд авчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь ээжийндээ очоод нөхрөө авсан. Нөхөр машинд суугаад “юун машин юм, ямар машин юм” гээд маргалдсан. Тухайн үед авах гээд явж байхад хажуу талаар хоёр машин зөрсөн. Уг машинтай л гэрлээр дохисон гээд маргаан үүссэн. Машин тэрэгний хувьд чи өөрөө дагаж яваад наад машинаа харчихаа гэж хэлсэн. Улмаар харьж байх замд нөхөр Э.Хүчитбаатар “чи хоол хийсэн юм уу? зааланд өдөржин өнжлөө” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгээд миний биеийн зүүн гарын мөр лүү хэд хэдэн удаа цохьсон. Гэрийн гадаа ирэхэд малгайгаараа миний нүүр лүү нэг удаа шавхуурдсан. Машинаа хашаандаа оруулаад гэртээ ороод би нүүрээ угаагаад байж байтал хажуу талын айлын найз эмэгтэй Мөнхзул орж ирсэн ба өдөржингөө гар бөмбөг тоглосныг мэдээд надад хуушуур оруулж ирсэн. Миний гар өвдөөд байсан тул би нөхрийнхөө гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгсэн чинь намайг босож ирээд шууд миний хацар луу нэг удаа алгадсан юм. Энэ үед Мөнхзул голоор ороод боль гэж хэлсэн. Улмаар нөхөр Э.Хүчитбаатар Мөнхзул бид хоёрыг хаалга онгойлгоод хөөж гаргасан. Би өмссөн хувцастайгаа гарсан учраас гэрийнхээ хаалгыг тогшиж байгаад Мөнхзулын гутлыг авсан. Энэ үед нөхөр маань намайг татаад гэрт оруулчихсан. Тэгээд гэрийнхээ хаалгыг цоожлоод түлхүүрээ нуусан. Тэгснээ шууд миний цамцнаас зуурч татаад ахин хацар луу алгадсан. Би газарт унахад том охин Энэрэл голоор ороод “ааваа та болиоч” гэж хэлсэн. Нөхөр маань гар утсаа аваад нойлд ороод утсаар ярьж байсан. Энэ үед би илүү түлхүүрээ олоод хувцсаа өмсөөд гараад явсан. Нөхөр миний цамцнаас татах үед хувцсанд үрэгдээд миний хүзүү улайж бага зэрэг хөхөрсөн. Цамцнаас боосны дараа миний нүүр лүү алгадах үед би газарт унасан. Унах үедээ хөлийн хоёр өвдөг болон ташаа хэсгээрээ унасан. Харин зүүн тохой, зүүн мөр лүү нэлээд хэд цохьсон. Тэр үед хөхөрч улайсан байсан. Гарын бугалгад үүссэн гэмтлийн хувьд гэр рүү татаж оруулах үед үүссэн” гэх мэдүүлэг[3],
4.Насанд хүрээгүй гэрч Х.Энэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед би дүү нарын хамт өрөндөө орсон байсан. Ээж, аав хоёр маргалдаад байх шиг байсан. Би мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Д.Мөнхзулын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байгаад манай найз Солонгоо тэмцээнтэй оройтсон болохоор нь би хэдэн хуушуур хийгээд оройн 22 цаг өнгөрч байхад байх цагаа сайн хараагүй. Тэгээд би гэрт нь хоолоо аваад ороход Солонгоо нүүрээ угаагаад зогсож байгаад угаалгын өрөөнөөсөө гарч ирээд миний гар өвдөөд даагдахгүй байна гээд уурлаад нөхөр Хүчитбаатарыг цохих шиг болсон. Тэгэхэд Хүчитбаатар нь эхнэр Солонгоогоо цохисон уу? алгадсан уу? чанга дуугараад хоорондоо барьцалдаж аваад угзралцаад байсан, би голоор нь ороод “ямар аймар юм бэ? болиоч ээ” гэсэн. Тэгсэн над руу Хүчитбаатар нь “эр, эмийн хооронд илжиг бүү жороол” гээд уурлаад байсан тэр үедээ тэр хоёр зууралдаад л байгаад байсан Солонгоо цохиулж байгаа бололтой яая л гээд дуугараад байсан. Тэгж байгаад “зайл, зайл” гээд орилоод байсан тэгснээ Солонгоо бид 2-г түлхээд гэрээсээ гаргачихсан Солонгоо гэрийнхээ хаалгыг нүдээд байсан би тэнд байсан гутлыг өмсчих гэхэд өмсөх гээд байж байхад Хүчитбаатар хаалгаа онгойлгоод Солонгоог татаж гэртээ оруулаад миний өмсөж орсон гутлыг шидээд өгсөн. Би тэгээд гадаа зогсож байхад гэр дотроо чанга чанга орилолдоод байсан би хаяж явж чадахгүй байж байгаад 10-аад минут болсон байх Солонгоо гэрээсээ гараад ирсэн. Солонгоо илүү түлхүүр олоод гарч ирлээ гээд хэлж байсан. Тэгээд манайд орж цай уучихаад тэгээд ээжийндээ очиж хоносон. Солонгоо гараа угаачихаад гарч ирээд миний гар даагдахгүй өвдөөд байна гэснээ нөхрийгөө цохих шиг болсон. Тэгэхэд Хүчитбаатар нь босч ирээд цохиод авсан, тэгээд л хэрэлдээд зууралдаад эхэлсэн” гэх мэдүүлэг[5],
6.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 117 дугаартай шинжээчийн: “...З.Солонгийн биед хүзүү, зүүн бугалга, зүүн мөр, зүүн тохой, зүүн ташаа, баруун, зүүн өвдөг, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүрийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэгт хамаарч байна” гэх дүгнэлт[6],
7.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 457 дугаартай: “...З.Солонгийн биед хүзүү, зүүн бугалга, зүүн мөр, зүүн тохой, зүүн ташаа, баруун, зүүн өвдөг, зүүн гуянд цус хуралт гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт[7],
8.Шүүгдэгч Э.Хүчитбаатарын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Намайг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр З.Солонгын биед халдсан нь миний буруу. Яллагдагчийн эрхэд зааснаар мэдүүлэг өгөхгүй” гэжээ[8], 9.Хохирогчийн Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл[9], 10.Хүдэр сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн эмчийн тодорхойлолт[10], 11.Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл[11], 12.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[12], 13.Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн тухай маягт[13], 14.Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14], 15.Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15], 16.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа[16], 17.Шүүгдэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа[17], 18.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[18], 19.Шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[19], 20.Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа[20], 21.Шүүгдэгчийн ам бүлийн тодорхойлолт[21], 22.Хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[22] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Хүчитбаатар нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед **** аймгийн Хүдэр сумын *** дугаар баг, *** тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр З.Солонгыг “гэр орондоо байсангүй” гэх шалтгаанаар гараараа түүний биед хүзүү, зүүн бугалга, зүүн мөр, зүүн тохой, зүүн ташаа, 2 өвдөг, зүүн гуянд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Хүчитбаатарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.Солонгын биед хүзүү, зүүн бугалга, зүүн мөр, зүүн тохой, зүүн ташаа, 2 өвдөг, зүүн гуянд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тогтоогдсон ба хохирогч З.Солонгын зүгээс хохирол төлбөрийн талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хохирогч нь цаашид эрүүл мэндэд учирсан хохирлын холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Э.Хүчитбаатарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Э.Хүчитбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хүчитбаатарыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Э.Хүчитбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүгдэгч Э.Хүчитбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бичээч овогт Эрдэнэбилэгийн Хүчитбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хүчитбаатарыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хүчитбаатарын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хүчитбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч З.Солонго нь энэ гэмт гэмтлийн улмаас өөрт учирсан хохирлын талаар холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Шүүгдэгч Э.Хүчитбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Шүүгдэгч Э.Хүчитбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдьсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Хавтаст хэргийн 10-11, 26-27, 31 дүгээр хуудас
[4] Хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 42 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 93 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 05 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 06 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 07-09 дүгээр хуудас
[12] Хавтаст хэргийн 19-20, 53-54 дүгээр хуудас
[13] Хавтаст хэргийн 55 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 56 дугаар хуудас
[15] Хавтаст хэргийн 57дугаар хуудас
[16] Хавтаст хэргийн 58 дугаар хуудас
[17] Хавтаст хэргийн 59 дүгээр хуудас
[18] Хавтаст хэргийн 60 дугаар хуудас
[19] Хавтаст хэргийн 61 дүгээр хуудас
[20] Хавтаст хэргийн 62 дугаар хуудас
[21] Хавтаст хэргийн 64 дүгээр хуудас
[22] Хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас