Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/111

 

                          Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                               

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Анхбаяр хөтөлж,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

шүүгдэгч А.Баттулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Зэлэм овогт Амаржаргалын Баттулгад холбогдох эрүүгийн 2431000360076 дугаартай, 175/2024/0100/Э индекстэй хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, *** боловсролтой, *** эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **** хамт ** аймаг, Ерөө сум, *** дугаар баг, Бугант тосгон, ** дүгээр хэсэг, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Зэлэм овогт Амаржаргалын Баттулга /РД: М393100717/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч А.Баттулга нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Hyundai Robex 2900LC-3”, “Hyundai Robex 2800 LC-3” загварын экскаватор, техник тоног төхөөрөмж ашиглан *** аймгийн Ерөө сум, *** дугаар баг, **, “**” гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 778,81 метр квадрат талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын олборлолт явуулсны улмаас байгаль экологид 739,128 төгрөгийн шууд хохирол, 1,478,874 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Баттулга нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Hyundai Robex 2900LC-3”, “Hyundai Robex 2800 LC-3” загварын экскаватор, техник тоног төхөөрөмж ашиглан ** аймгийн ** сум, ** дугаар баг, ** тосгон, “***” гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 778,81 метр квадрат талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын олборлолт явуулсны улмаас байгаль экологид 739,128 төгрөгийн шууд хохирол, 1,478,874 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч А.Баттулга нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч А.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 21-ний өдөр Бат-Энхжин, Хүрэлбаатар хоёроос экскавотор аваад техникүүд доголдоод явах замд эвдэрсэн, тэгээд сэлбэгэнд явсан. Тэр хойгуур цагдаа нар ирсэн учраас буцаж ирсэн. Хэдэн төгрөг олох зорилгоор явсан...” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эрдэнэбулганы 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би дээрх асуудал болох танай цагдаагийн газрын бүртгэлийн 1100- 5954 дугаартай гомдол мэдээлэл шалгагдаж байгаа талаар одоо мэдэж байна. Миний бие Ерөө сумыг төлөөлөн удирдах ажилтнаар оролцоход татгалзах зүйлгүй байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны нутаг дэвсгэр буюу тосгоны төвөөс ертөнцийн зүгээр зүүн урд зүгт тухайн “35-ын ам" гэх нэртэй газар нь хамаардаг. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны “35-ын ам” гэх нэртэй газарт 2023 оны зун нэр бүхий иргэн хууль бусаар ашигт малтмал олборлож байгаад Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлж шалгагдаж байгаа гэж ойлгосон. Би давхцалтай эсэхийг мэдэхгүй байна. Байгаль орчинд учруулсан хохирлын төлбөрийг Ерөө сумын төрийн сангийн хүү торгуулийн дансанд ордог. Би өөрийн биеэр шүүх хуралд оролцох боломжгүй байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг 2023 онд нөхөрлөл, иргэдтэй байгуулаагүй болно. Манай Ерөө сум өөрөө байгалийн дагалдах баялаг ихтэй үүнийгээ дагаад ашигт малтмал хууль бусаар олборлох иргэд ихээр нэмэгдэж байгаа мөн Бугант тосгоны “35-ын ам" гэх газар руу очиход Байгаль орчин. Цагдаагийн байгууллага, Хан Хэнтий улсын тусгай хамгаалалтын газраас алба хаагчид гардаг байсан. 2023 оноос хөрөнгө мөнгөний шалтгаанаар уг хяналтын постууд гарахгүй байгаа юм. Цаашид цагдаагийн байгууллага болон байгаль орчны алба хаагчдыг хяналтын постод гаргах хөрөнгө мөнгийг шийдвэрлэх асуудлыг ярилцах болно Мөн манай сумын байгаль орчны болон цагдаагийн алба хаагч нар Бугант тосгоны нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтмол хяналт шалгалтын ажлыг зохион байгуулдаг боловч иргэдийн хууль бусаар ашигт малтмал олборлох асуудал байнга гарч байгаа. Цаашид хяналт шалгалтыг эрчимжүүлэн төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах болно. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна..” гэх мэдүүлэг[2],

3.Иргэний нэхэмжлэгч Л.Отгонбаатарын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би “Түвшин Тэмүүлэл” ХХК-ийн захирал бөгөөд 2022 онд Сайнбаатар гэх найзаасаа “Хьюндай 2900ЛС-3” загварын экскаваторыг худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч А.Жадамбаас 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би Бугант тосгоны төвд гэртээ байж байтал нутгийн танил ах Баттулга миний утас руу залгаж “ахынх нь экскаватор ууланд эвдэрчихлээ, чи очоод янзлалцаад өгөөч гэж гуйсан” тэгээд би хаана байгаа талаар асуухад “ах нь экскаваторын сэлбэгэнд яваад ирье, чи 35-руу манай хэд дээр очоод байж байгаач” гэж гуйсан тэгээд би “35-ын ам” гэх газар руу очсон бөгөөд очиход зүс таних Ганаа гэх залуу, нутгийн Бямба гэх залуу мөн Баатар гэх танихгүй ах байсан. Тэр 3 хоол хийгээд байцгааж байсан. Удалгүй хоол нь болоод хоолоо идэцгээгээд байж байтал араас 2 цагдаа орж ирж ирээд “энд хариуцаж байгаа хүн нь хэн байна” гэж асуухад нөгөө хүмүүс чимээгүй дуугүй байгаад байхаар нь би “би хариуцаж байгаа” гэж хэлтэл энийг аваад явъя гээд намайг аваад явсан. Тэгээд замдаа юм ярьцгаагаад би үнэнээ хэлсэн бөгөөд “миний экскаватор бишээ, Бугантын Баттулга гээд танил ахын экскаватор байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд би одоо ирж байгаа нь энэ юм. Өөр зүйл болоогүй. Тэрийг би мэдэхгүй. Би ирээд шууд гэрт нь ороод хоол идээд сууж байтал цагдаа нар ирсэн. Экскаватор энэ тэрийг нь харж амжаагүй байсан. Экскаватор нь байгаа гэрээс нь дээшээ яваад харагдахгүй газар байсан юм байна лээ. Тэрийг би мэдэхгүй байна. Цагдаа нар ирхэд тэнд байсан хүмүүс буюу Ганаа, Бямба, Баатар 3 гэртээ хоол хийгээд байж байсан. Би ирээд удалгүй миний араас тэр 2 цагдаа орж ирсэн. Өмнө нь ажилласан энэ тэрийг бол би мэдэхгүй, ямартай ч намайг очиход тэнд байсан хүмүүс бүгдээрээ гэртээ байцгааж байсан. Баттулга гэх нутгийн танил ахын экскаватор. Шалгалтаар ирсэн цагдаа нар анх ирээд 1 экскаватор чинь нормалдцан байна, энд хэн хариуцаж байгаа юм бэ ? гэж асуухад нь би “би хариуцаж байгаа’: гэж хэлсэн. Би тэгээд тухайн үедээ мэдэхгүй байсан болохоор ямар нэгэн тайлбар хэлээгүй.  Баттулга гэх иргэнтэй та ямар нэгэн цалин хөлс тохиролцоогүй,  ямар нэгэн өр авлага байхгүй. Гуйхаар нь зүгээр туслах гэж явсан” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч В.Отгонбаярын 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр буюу 00 цаг өнгөрч байхад Бугант тосгоны төвөөс дүү Баттулга. Бямбаа, Ганаа нарын хамт 35-ын ам гэх нэртэй газарт экскаватороор ашигт малтмал олборлох зорилгоор би 2900 маркийн, Бямбаа 2800 маркийн экскаваторыг барьж хөлөөр нь явуулж 2023 оны 12 дугаар сарын 21-ний оройн 19-20 цагийн орчимд энэ газар ирсэн, ...дүү Баттулга хариуцаж байгаа, яг цалин мөнгө тохироогүй, таньдаг болохоор хэдэн цаас өгөх байх гэж бодоод ирсэн” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч Г.Ганпүрэвийн 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Газар ухаж ашигт малтмал олборлох гэж байгаа хүмүүсийн хоолыг хийхээр ирсэн. Бугант тосгоны төвөөс Нуипс!а1 маркийн шар өнгөтэй 2 экскаватор авч ирсэн, ... Бямбаа оператор, Баатар ах туслах, би тогооч, Баттулга ахалж байгаа, Баттулгын техник хэрэгслүүд, ... яг цалин хөлс тохироогүй, Баттулга “очоод хэд хоног тогооч хийгээд өгөөч болно шүү дээ” гэсэн” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч С.Хүрэлбаатарын 2024 оны 02 дугаар 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би ойлголоо. 2023 оны 12 дугаар сарын 15, 16-ны үед нутгийн танил залуу А.Баттулга гэх иргэн надтай ирж уулзаад “экскаватор чинь байгаа юу хэд хоног ашиглуулаач мөнгө төгрөгийг нь өгнөө" гэж хэлээд миний  маркийн “Hyundai Robex 2800 LC-3” экскаваторыг авахаар болсон бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 20-ны орой надаас ирж экскаватор аваад явсан. Бугант тосгоны “35-ын ам” гэх нэртэй газар руу алт олборлоно гэж хэлээд авч явсан. Бугант тосгоны 10 жилийн сургуульд манай доод ангид сурдаг байсан залуу юм. Ямар нэгэн садан төрөл болон найз нөхдийн холбоо хамаарал байхгүй, танилууд юм. А.Баттулга хэд хоног ашиглуулаач ажилд явж ирээд мөнгөө өгнө гэж хэлсэн яг тодорхой ярилцаагүй. Би өөрөө ажилгүй байгаа учраас техникээ зүгээр байлгаж байхаар гээд явуулсан юм. Гэрээ, хэлцэл хийсэн зүйл байхгүй. “Hyundai Robex 2800 LC-3” маркын экскаватор нь  бичиг баримттай. Яг миний өөрийн эзэмшлийн экскаватор болоогүй байгаа. 2023 оны 11 дүгээр сарын дундуур Бугант тосгоны Од-Эрдэнэ гэдэг хүнээс 8 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон бөгөөд урьдчилгаа 2 саяыг өгсөн байгаа, үлдэгдэл 6 сая төгрөгийг өгөөгүй байгаа юм” гэх мэдүүлэг[7],

8.Гэрч А.Бат-Энхжингийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын дундуур манай ээжийн бие тааруу Улаанбаатар хотод эмнэлгээр явж байхад нутгийн танил дүү А.Баттулга над руу залгаж “экскаватороо хэд хоног түр өгөөч мөнгөний хэрэг гараад байна” гэж гуйсан тэгэхээр нь “тэгээ тэг хэд хоног аваад яваа" гэж хэлсэн юм. Тэгээд Бугант тосгоны “Бой” гэх газраас миний “Hyundai Robex 2900LC-3” маркийн экскаваторыг авч уул руу явсан байсан. Тухайн үед би өөрөө Улаанбаатар хотод явж байсан юм. Яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. 2023 оны 12 дугаар сарын 17, 18, 19-ний үе байсан санагдаж байна. яг тодорхой санахгүй байна, хотоор эмнэлгээр явж байсан болохоор. Мөнгөний хэрэг гараад байна гээд аваад явсан. Яг нарын ширийн юм асууж ярилцаж амжаагүй. Хаашаа энэ тэрийг нь мэдээгүй. Нутгийн хүүхэд байгаа юм, бүр багаас нь мэдэх юм. Ямар нэгэн садан төрлийн холбоо хамаарал байхгүй. Тухайн үед ярьж байхад нь завгүй байсан болохоор ярилцаж амжаагүй, гэрээ энэ тэр байхгүй. Би А.Баттулга гэх иргэнээс ямар нэгэн мөнгө авсан зүйл байхгүй, нутгийн танил дүү гуйхаар нь өгсөн. Миний “Hyundai Robex 2900LC-3” маркийн экскаватор нь бичиг баримт байгаа. Тухайн экскаватор нь яг миний өөрийн эзэмшлийн техник бишээ. Би Дархан-Уул аймгийн Л.Отгонбаатар гэдэг хуурай ахаасаа энэ хавар ажил хийх гээд авсан байсан юм. Ажил эхлэхээр түрээс мөнгө төгрөгөө тухайн үедээ ярилцаж байгаад тохиролцъё гэж хэлээд авч ирсэн байсан. Л.Отгонбаатар нь одоо Дархан-Уул аймагт оршин суудаг юм. Одоо Дархан-Уул аймагт байгаа” гэх мэдүүлэг[8],

9.Гэрч Ж.Бямбабаатарын 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрөө тогтсон ажилгүй байдаг учраас Бугантад олдсон ажлаа хийгээд явдаг. 2023 оны 12 дугаар 20-ны өдөр би ажил хийх гээд гэрээсээ гарсан бөгөөд явж байтал Баттулга гэх залуутай таарч намайг “2-3 хоног экскаватор бариад өгөөч” гэхээр нь зөвшөөрч тэр шөнөдөө төвөөс би “Хюндай 2800” маркийн экскаваторыг нь барьж, Баатар гэх танихгүй ах “Хюндай 2900” маркийн экскаваторыг нь барьж, Баттулга, тогооч Ганаа нарын хамт маргааш орой нь буюу 20, 21 цагийн үед тухайн “35-ын ам” гэх газарт очсон. Тэгээд бид нар хоол цай хийж идэж уугаад шууд амарцгаан бөгөөд маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажиллаж эхлэх гээд байж байтал “Хюндай 2800” маркийн экскаваторын хуваарилах нь эвдрээд угаасаа ирэх замдаа болж өгөхгүй явсаар ирсэн юм. Тэгээд Баттулга төв рүү сэлбэгт явсан бөгөөд бид нар отог дээрээ ирцгээгээд боорцог хайрч идээд байж байтал нутгийн зүс таних Жадамба гэх залуу орж ирээд байж байтал араас нь удалгүй цагдаа нар орж ирээд “гараад ир" гээд зураг дараад регистр энэ тэр бичиж аваад Жадамба гэх залууг аваад явцгаасан. Тэрийг сайн мэдэхгүй байна, нэг цагдаа нь Жадамба гэх залууг авч явж уулзаад буцаж ирээд аваад явсан. Юу болсон, яагаад авч явсан гэдгийг мэдээгүй. Бид бүгд газар ухаж хөндсөн юм огт байгаагүй, ажиллах гээд байж байтал миний унаж байсан “Хюндай 2800” маркийн экскаваторын хуваарилах нь эвдрээд зогссон бөгөөд Баттулга төв рүү “сэлбэгт яваад ирье” гээд бид нар юмнуудаа тэр чигт нь орхиод отог дээрээ ирцгээгээд байж байсан. Цагдаа нар ирэхэд бид нар отог дээрээ байсан. Бид нарыг очиход ухагдсан байсан. Бид нар ухаагүй. Ямартай ч Баттулга, Баатар ах бид 2-ыг тэнд оч гэж хэлсэн тэгээд очоод байж байтал “Хюндай 2800” маркийн экскаватор нь эвдэрсэн. Бид нар алт угаах төхөөрөмж авч очоогүй. Тэрийг би ёстой хараагүй юм байна. Дөнгөж очоод экскаватор эвдрээд буцаад доошоо явсан дээшээ явж үзээгүй. Би анх удаа л ийм юманд явж байгаа болохоор нөхцөл байдлаа сайн ойлгоогүй. Дээшээ явах замд харин нэг цасан дарагдсан алт угаах төхөөрөмж байсан. Баттулга гэх залуу экскаватор барих ажлын санал тавьж тэгээд би зөвшөөрч 35-ын ам гэх газарт экскаватор барьж газар ухах зорилгоор очсон. Баттулга гэх танил залуугийн экскаватор гэж ойлгосон гэхдээ яг тодорхой лавлаж асуугаагүй юм байна. Баттулга “Хюндай 2800” маркийн экскаваторын тосол хийх хэсэгт ус хийсэн байгаа битгий унтраагаарай нормальдаад байж байгаарай гэж хэлээд явсан юм. Нөгөө 2900 нь бол унтраалттай байсан. Мөнгөний хэрэг гарсан байсан учраас ажиллах уу гэхэд нь ажиллая, ажиллая гээд цалин хөлс тохироогүй явсан” гэх мэдүүлэг[9],

10.Гэрч Б.Баярмагнайн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны  өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би тус цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Галбадрахаар ахлуулж Бугант тосгоны 35-ын ам гэх газар руу хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж ажилласан. Тус хугацаанд буюу 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн орчимд “35-ын ам” гэх газарт очиход хүн амьдрах зориулалт бүхий 1 монгол гэр, 1 майхан байсан. Монгол гэрээс дээшээ уулын ам хэсэг рүү экскаваторыг мөр байсан бөгөөд уг мөрийг дагаж очиход “Хюндай 2800 ЛС-3”, “Хюндай 2900 ЛС-3” маркийн хоёр экскаватор асаалттай шинээр ухагдсан байдалтай харагдах хоёр том нүхний баруун хойд хэсэгт зогсож байсан бөгөөд очиж харахад ямар нэгэн хүнгүй байсан. Улмаар буцаж яваад Монгол гэр рүү ороход Алтангэрэл овогтой Жадамба, Василь овогтой Отгонбаяр, Ганболд овогтой Ганпүрэв, Жигжид овогтой Бямбабаатар нарын 4 иргэн хоол идээд байж байсан. Дээр байгаа 2 экскаватор хэний эзэмшлийн экскаватор вэ? Энд хэн хариуцан ажиллаж байгаа талаар асуухад ахмад Галбадрах “энэ Жадамба гэдэг хүн хариуцаж байгаа юм байна, энэ хүнийг аваад явъя” гэж хэлсэн бөгөөд би үлдсэн хүмүүсийг бүртгэлжүүлээд маргааш өглөө Бугант тосгоны цагдаа дээр бэлэн байх талаар хэлээд тосгоны төв рүү явцгаасан. Хяналт шалгалтаар ахмад Галбадрахын хамт очиход шинээр ухагдсан байж болзошгүй 2 нүхний баруун хойд талд хоёр экскаватор асаалттай зогсож байсан бөгөөд тухайн хоёр экскаваторын оператор жолооч нар байгаагүй. Миний бодлоор операторууд нь хоолоо идэх гээд гэр рүүгээ орцгоосон байх гэж бодсон. Тэгээд ахмад Галбадрах бид хоёр хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж газар ухсан байна гэж ойлгосон. Яг экскаватороор газар ухаж ашигт малтмал олборлож байгаа үйл явцтай тааралдаагүй мөн хараагүй. Экскаватороор газар ухаж байгаа зураг, дүрс бичлэг бол байхгүй, харин тухайн нүхний хажууд асаалттай, байрлаж зогсож байгаа бичлэг бол байгаа. Тухайн хоёр нүхний харагдах байдал бол шинэ харагдсан гэхдээ яг тэгж цаг, өдрөөр хэлж мэдэхгүй байна. Нүхний хэмжээг авах гэхэд метргүй байсан учраас алхаж үзэхэд хоёр нүх нийтдээ ойролцоогоо 18х15 метр хэмжээтэй нүх байсан. Газар хөлдүү байсан бөгөөд яг суларсан хөрс харагдаагүй нийт харагдах байдал хөлдсөн хөлдүү байдалтай харагдаж байсан. Хэргийн газарт алт угаах төхөөрөмж, хоёр ширхэг ус татах насос байсан. Гэхдээ тухайн техник хэрэгслийг холбож ашигласан байдал байгаагүй. Гитаран бууны урд талын хөл хэсэг салж эвдэрсэн байдал байсан. А.Жадамба гэх иргэн нь тухайн газарт хариуцаж байна гэхээр нь авч ирсэн. Бусад хүмүүсийг авч ирэх гэхэд тээврийн хэрэгсэлд багтаагүй бөгөөд тухайн газраа үлдээд техник хэрэгслээ харж хоноод маргааш өглөө нь Бугантын төвд цагдаа дээр ирэх талаар чиглэл өгч тухайн иргэдийг бүртгэлжүүлж зураг авч ирсэн” гэх мэдүүлэг[10],

11.“Нуман Алтай” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/141 дугаартай шинжээчийн: “...иргэн А.Баттулгын үйл ажиллагаа явуулсан талбай нь 2 хэсэг буюу 391,03 м.кв, 387,78 м.кв, нийт 778,81 м.кв бүхий талбайг эвдрэлд оруулж уг талбайд учирсан хохирлын үнэлгээгээр газрын хэвлийд 738,511 төгрөг, эдэлбэр газарт 617 төгрөг. усны орчинд 0 төгрөг, хөрсний бүрхэвчинд 0 төгрөг, ургамлын нөмрөгт 0 төгрөг нийт 739,128 төгрөгийн хохирол учруулсан байна. Эвдрэлд орсон талбайн нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 1.221,013 төгрөг гарсан болно...” гэх дүгнэлт[11],

12.“Ашил Билгүүн” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ТХҮ824/8736 дугаартай шинжээчийн: “...Хюндай робекс 2900ЛС-3 загварын экскаватор 8,8 сая төгрөг, Хюндай робекс 2800ЛС-3 загварын экскаватор 8,3 сая төгрөг, алт угаар төхөөрөмж буюу гитаран буу 500,000 төгрөг, ус татах насос помп 2 ширхэг 500,000 төгрөг, усны шланк 40 метр 120,000 төгрөг, нийт 18,220,000 төгрөг” гэх дүгнэлт[12],

13.Шинжээч А.Цэнд-Аюушийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2023 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар сансрын зураг харахад тухайн газар ямар нэгэн байдлаар эвдэгдээгүй эрүүл газар байсан. 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн сансрын зургаар 2 ухаш нүхний дээд буюу баруун талын нүх үүссэн байсан. 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн сансрын зургаар доод буюу зүүн талын нүх нь үүссэн байсан, ..Энэ сансрын зураг нь заримдаа 2 хоног, заримдаа 4-5 хоногийн зайтай зураг авагддаг байгаа юм. Сүүлийн 10 жилийн сансрын зураг энэ байдлаар авагдаж байгаа. ... Тэгээд тухайн Бугант тосгоны 35-ын ам гэх нэртэй газарт үүссэн 2 ухаш нүхний сансрын зураг нь 5 хоног болон 3 хоногийн зайтай авагдсан зураг байгаа юм Дараа нь үүссэн нүх нь 2023 оны 12 дугаар сарын 20, 21. 22-ны өдрүүдэд үүссэн байгааг харуулж байгаа юм, тухайн гэрэл зургуудыг танд гарган өгч хэрэгт хавсаргуулъя” гэх мэдүүлэг[13]

14.Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/29-01/068/11 дугаартай: “1. Ерөө сум, Бугант тосгоны нутаг "35-ын ам" гэх газарт зохих зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр олборлолт явуулснаас байгаль орчинд учруулсан хохирлыг БОАЖЯ- ны сайдын 2010.05.27-ны А-156 тоот тушаалаар баталсан "Байгаль орчны хохирол тооцох аргачлал"-ыг үндэслэн гаргасан 2025.12.27-ны өдрийн 1/141 дугаартай "Нуман алтай" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.45, 49.5.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирол 738.511*2=1.477.022 төгрөr, газарт учруулсан хохирол 617*3=1851 төгрөг буюу нийт хохирлын хэмжээ 1.478.874 төгрөг болж байна. 2. Актыг үндэслэлгүй гэж үзвэл "Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтын дагуу дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй” акт[14],

15.Эд хөрөнгөөр: ““Hyundai Robex 2900LC-3”, “Hyundai Robex 2800 LC-3” экскаватор 2 ширхэг, “Honda” маркийн 2 ширхэг ус татах насос, усны шланк 10 метрийн урттай, 4 ширхэг” битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл[15],

16.Иргэний нэхэмжлэгч Д.Од-Эрдэнийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би 2018 онд 8456 УБ улсын дугаартай Хюндай 2900 ЛС7 маркийн экскаваторыг хүнээс 14 сая төгрөгөөр худалдаж аваад 2020 онд мөнгийг бүрэн төлж барагдуулж авсны дараа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Тэгээд тухайн экскаватор хэдэн жил ашиглаад зарим эд анги нь муудсан болохоор Бугантад байдаг аавынхаа хашаанд орхисон байсан юм. Гэтап 2023 оны 10 дугаар сарын үед миний танил Хүрэлбаатар нь тухайн экскаваторыг засч янзлаад авъя гэхээр нь би зөвшөөрөөд 8 сая төгрөгөөр Хүрэлбаатарт худалдахаар болж бид аман гэрээ хийж урьдчилгаа 3 сая төгрөгийг би тухайн үед авсан. Тэгээд миний экскаваторыг аваад явсан. Түүнээс хойш Хүрэлбаатар нь надад үлдэгдэл мөнгийг өгөөгүй байгаа бөгөөд би экскаватороо одоо хаана, ямар хүнд байгааг нь мэдэхгүй байна. Би Баттулга гэх хүнийг танихгүй. Хүрэлбаатар миний экскаваторыг цааш өөр хүнд дамжуулаад тэр нь цагдаад шалгагдсан гэж сонссон. Бодвол тэр хүн нь Баттулга байх.” гэх мэдүүлэг[16]

17.Шүүгдэгч А.Баттулгын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “…Би өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгнө. Би 2023 оны 12 дугаар сарьи 21-ний шөнө өөрийн танил Бямбаа, Ганаа, Баатраа /бүтэн нэр нь Отгонбаяр/ нарын хамт Бугант тосгоны төвөөс гараад Бугант тосгоны “35-ын ам” гэх газарт очсон. Бид явахдаа Хүрэлбаатар гэх нутгийн ахын “Хюндай 2800”-г Бямбаа жолоодож, нутийн ах Бат-Энхжингийн “Хюндай 2900” маркийн экскаваторыг Баатраа ах жолоодож явсан бөгөөд алт ухаж олох зорилгоор миний өөрийн эзэмшлийн 2 ширхэг, усны 1смп, усны шланг, гитаран буу зэргийг аваад тухайн газарт очихоор явж байтал тухайн шөнө “Хюндай 2800” экскаваторын хуваарилагч нь эвдрээд ажиллахгүй байхаар нь аргалаад унтраалгүйгээр тэр чигээр ууланд аваачиж тавьсан. Тэгээд ойд хоноцгоогоод маргааш өглөө нь би Улаанбаатар хот руу сэлбэг авахаар явсан. Намайг явсан хойгуур Бугантын цагдаа нар ирсэн байсан. Би 12 дугаар сарын 22-ны өглөө хотруу яваад “цагдаа ирчихлээ” гэхээр нь ажлаа амжуулалгүй буцаад орой нь Бугантад ирсэн. Надтай явсан 3 хүнийг би зохион байгуулаад авч явсан бөгөөд шинэ жил болох гэж байсан учраас ажлаа дуугмагц тус бүр баяраар хэрэглэх мөнгө өгнө гэж тохироод явсан юм. 2 экскаваторын хажууд ухсан 2 нүхийг би мэдэхгүй байна. Биднийг анх тэр газарт очиход л тэр нүхнүүд болон монгол гэр нь тэндээ байсан. “Хюндай 2800” нь Хүрэлбаатар гээд ахынх. “Хюндай 2900” нь Бат-Энхжин гэдэг хүнийх. Харин гитаран буу, ус татах насос, усны шланг зэрэг нь бүгд миний эзэмшлийнх. 2023 оны 12 дугаар сарын 21-ний шөнө тухайн газарт очихоосоо 7 хоногийн өмнө хүний машин гуйгаад өөрийн эзэмшлийн гитаран бууг тээвэрлэж “35-ын ам” гэх газарт аваачиж тэнд орхисон байсан. Би ашигт малтмал олборлох зорилгоор тухайн газарт очсон. Бямбаа, Баатараа ах 2-ыг экскаваторын жолоочоор ажиллуулахаар, харин Ганааг тогоочоор ажиллуулахаар авч явсан. Надад алт олборлох тусгай зөвшөөрөл байхгүй. Би тухайн газрын хэвлийд халдаагүй” гэх мэдүүлэг[17], 18.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл[18], 19.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[19], 20.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл[20], 21.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт[21], 22.Сансарын гэрэл зургийн үзүүлэлтүүд[22], 23.Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1/37 дугаартай албан бичиг, хавсралт[23], 24.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариулага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[24], 25.Шүүгдэгчийн тээврийн хэрэгслийн лавлагаа /өмчлгөгчөөр/[25], 26.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[26], 27.Шүүгдэгчийн эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа[27], 28.Шүүгдэгчийн “Хаан банк”-ийн дансны дэлгэрэнгүй хуулга[28], 29.Сэлэнгэ аймгйн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 07/39 дугаартай албан бичиг[29], 30.“Hyundai Robex LC7” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувь[30], 31.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[31], 32.Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн лавлагаа[32], 33.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[33], 34.Шүүгдэгчийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа[34], 35.“Hyundai Robex 2900 LC7” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувь[35], 36.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт[36] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Баттулгын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Эрдэнэбулган нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.3, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Баттулгаас хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, эдэлбэр газар, хөрс, ургамлын аймагт учирсан хохирол буюу байгаль экологид учирсан хохирол 739,128 төгрөг, хор уршиг 1,478,874 төгрөгийг, нөхөн сэргээлтийн зардалд 1,221,013 төгрөгийг шүүгдэгч нь хохирол төлөх завсарлага авч, Байгаль орчин, уур амьсгалын санд тус тус нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[37]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Баттулгын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан, 84-56 УБ 8,300,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai Robex 2900 LC-7” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, иргэний нэхэмжлэгч Д.Од-Эрдэнэд, 8,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий 36-89 УБ улсын дугаартай, “Hyundai Robex 2800 LC-7” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, иргэний нэхэмжлэгч “Түвшин Тэмүүлэн” ХХК-нд буцаан олгож, техникийн үнэлгээгээр тогтоогдсон 8,300,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai Robex 2900 LC-7”, 8,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai Robex 2800 LC-7” маркийн экскаваторуудыг үнэ нийт 17,100,000 төгрөгийг шүүгдэгч А.Баттулгаас гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулахаар шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж /гитаран буу/ 1 ширхэг, 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос 2 ширхэг, 120,000 төгрөгийн үнэлгээ бүхий 40 метр усны шланкыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураан авч, устгахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хураагдсан техник, төхөөрөмжийг хураан авах, устгахтай холбогдон гарах бүх зардлыг холбогдох баримтыг үндэслэн шүүгдэгч А.Баттулгаас гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч А.Баттулгад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” болон түүний хувийн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн.

Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баттулгад 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч А.Баттулга нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд “Нуман-Алтай” ХХК-ны шинжээчийн ажлын хөлс 3,000,000 төгрөгийг шүүгдэгч нь нөхөн төлсөн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгчдэгч А.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Зэлэм овогт Амаржаргалын Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зэлэм овогт Амаржаргалын Баттулгыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баттулгын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.3, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Баттулгаас хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, эдэлбэр газар, хөрс, ургамлын аймагт учирсан хохирол буюу байгаль экологид учирсан хохирол 739,128 төгрөг, хор уршиг 1,478,874 төгрөгийг, нөхөн сэргээлтийн зардалд 1,221,013 төгрөгийг шүүгдэгч нь тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Баттулгын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан, 84-56 УБ 8,300,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai Robex 2900 LC-7” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, иргэний нэхэмжлэгч Д.Од-Эрдэнэд, 8,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий 36-89 УБ улсын дугаартай, “Hyundai Robex 2800 LC-7” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, иргэний нэхэмжлэгч “Түвшин Тэмүүлэн” ХХК-нд буцаан олгож, техникийн үнэлгээгээр тогтоогдсон 8,300,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai Robex 2900 LC-7”, 8,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai Robex 2800 LC-7” маркийн экскаваторуудын үнэ нийт 17,100,000 төгрөгийг шүүгдэгч А.Баттулгаас гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж /гитаран буу/ 1 ширхэг, 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос 2 ширхэг, 120,000 төгрөгийн үнэлгээ бүхий 40 метр усны шланкыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураан авч, устгахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хураагдсан техник, төхөөрөмжийг хураан авах, устгахтай холбогдон гарах бүх зардлыг холбогдох баримтыг үндэслэн шүүгдэгч А.Баттулгаас гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9.Шүүгдэгч А.Баттулга нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд “Нуман-Алтай” ХХК-ны шинжээчийн ажлын хөлс 3,000,000 төгрөгийг шүүгдэгч нь нөхөн төлсөн болохыг тус тус дурьдсугай.

10.Энэ гэмт хэргийн улмаас шүүгчдэгч А.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 42 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 44-48 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 50-53 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 83-85 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 88-90 дүгээр хуудас

[11] Хавтаст хэргийн 96-124 дүгээр хуудас

[12] Хавтаст хэргийн 132-133 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 139-140 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 146 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас

[16] Хавтаст хэргийн 206-207 дугаар хуудас

[17] Хавтаст хэргийн 199-201 дүгээр хуудас

[18] Хавтаст хэргийн 05 дугаар хуудас

[19] Хавтаст хэргийн 06-19 дүгээр хуудас

[20] Хавтаст хэргийн 20-24 дүгээр хуудас

[21] Хавтаст хэргийн 125-126, 135-136, 141-142, 211-212 дугаар хуудас

[22] Хавтаст хэргийн 143-145 дугаар хуудас

[23] Хавтаст хэргийн 148-152 дугаар хуудас

[24] Хавтаст хэргийн 153 дугаар хуудас

[25] Хавтаст хэргийн 154 дүгээр хуудас

[26] Хавтаст хэргийн 157 дугаар хуудас

[27] Хавтаст хэргийн 158 дугаар хуудас

[28] Хавтаст хэргийн 165-171 дүгээр хуудас

[29] Хавтаст хэргийн 173 дугаар хуудас

[30] Хавтаст хэргийн 175 дугаар хуудас

[31] Хавтаст хэргийн 178 дугаар хуудас

[32] Хавтаст хэргийн 179 дүгээр хуудас

[33] Хавтаст хэргийн 180 дугаар хуудас

[34] Хавтаст хэргийн 181 дүгээр хуудас

[35] Хавтаст хэргийн 209-210  дугаар хуудас

[36] Хавтаст хэргийн 213-215 дугаар хуудас