| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0102/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/108 |
| Огноо | 2024-07-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/108
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Мөнхдөл,
Шүүгдэгч Ж.А,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Ж Аэ-д холбогдох 2428000000126 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ж.А-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай эгч, хүргэн ах Р ах хоёр “Ар үр” амралтын газар руу явсан. Манай бүх хоол унд, хөргөгч эгчийн байшинд байдаг. Тэгэхдээ эгч надад гэрийнхээ түлхүүрийг үлдээгээд явсан. Надад байнга түлхүүрээ үлдээдэг. Би шөнө нь галлаж, гэрт орж хоол ундаа авдаг. Надтай нийлдэг хүмүүс дандаа архи уудаг, хулгай хийдэг янз янзын сүрхий хүмүүс байдаг. Тэгээд би түлхүүр надад байгаа, байж бай гэж хэлээд Тг үлдээчихээд гэр рүү түлхүүрээр онгойлгож орчихоод ийм юм аваад ирлээ гэж хэлээд явсан. Бусдаар би удаа дараа цонхоор орж юм аваагүй. Найз нөхдөдөө бүгдэд нь цонхоор орж авсан гэж хэлсэн. Тэгэхгүй бол тэд нар намайг түлхүүртэй гэдгийг мэдэх юм бол эзэнгүй бүгд хүрч ирээд манайхаас салахгүй. Өчнөөн мөнгө төгрөг гээд янз янзын юм байсан юм билээ. Тэгж хэлэхгүй бол тэд нарыг нь хулгай хийгээд авчихна. Тийм болохоор би түлхүүр байхгүй, цонхоор орсон гэж хэлсэн гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Р мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр эхнэрийн хамт Ар-Үр амралт сувилалд амрахаар явсан бөгөөд гэрээсээ явахдаа гэрийнхээ бүх цонхыг хаагаад хаалгаа түгжээд явсан. Намайг амралтад байхад манай хүү залгаад гэрт чинь хулгай орсон байна, та гялс хүрээд ир гэж хэлсэн. Хэлсэн ёсоор гэртээ иртэл гэрийн цонх онгорхой, мөн гэрийн хаалга нээлттэй байсан. Тэгээд гэрт орж харахад гэрийн хөшиг нээсэн байсан бөгөөд явахдаа би хаагаад явсан. Гэрт байсан эд зүйлс ерөнхийдөө эмх цэгцтэй байсан бөгөөд харин зурагтын тавиурын доор байсан хэдэн шилтэй архи, виски, конъяк, ликор, вино байсныг хэн нэгэн этгээд хулгайлаад аваад явсан байсан. Тэгээд л цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгч байна. Би гэрээсээ Цагаан гоёны 0,5 литртэй архи 1 ширхэг, Golia нэртэй 1 литртэй архи 1 ширхэг, Аракс нэртэй 0,5 литртэй армянский коньяк 1 ширхэг, SAUVIGNON нэртэй 0,5 литртэй улаан вино 1 ширхэг, Jagermeister ликор 0,5 литртэй 1 ширхэг, Белуга цагаан архи 0,75 литртэй 1 ширхэг, Чивас виски 0,5 литртэй 1 ширхэг байсныг хулгайлаад аваад явсан байсан. Би уг согтууруулах төрлийн зүйлийг бүгдийг нь цагаан сараар бэлгэнд авч байсан. Үнэ ханшийг нь дэлгүүрийн ханшаар буюу зах зээлийн ханшаар үнэлж байна. Эдгээр согтууруулах төрлийн зүйлээс өөр хулгайд алдсан зүйл байхгүй. Уг хэргийг манай эхнэрийн дүү болох А хийсэн байж болзошгүй бөгөөд явахдаа уг нөхөрт гэрээ даатгаад үлдсэн бөгөөд А нь манай хашаанд байдаг. Гэхдээ тусдаа гэрт амьдардаг. Уг этгээд нь архи байнга уудаг бөгөөд манай гэр орноор орж гардаг байгаа. Гэхдээ би гэрийнхээ түлхүүрийг уг этгээдэд үлдээж байгаагүй. Гэрийн түлхүүрээ би өөрөө авч явдаг байгаа... А надад хохирол нөхөн төлбөр төлж барагдуулсан. Надад хохирол барагдуулсан тул гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 16-17, 19 дэх тал/
Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг Хан-Уулын гудамжинд явж байхад Х хочит Ж.А таарсан бөгөөд надтай таараад надаар дэлгүүрээс архи авхуулсан. Оргил гэх дэлгүүрээс 2 ширхэг 0,75 литрийн Хараа нэртэй архи авч өгсөн. Хамт явж Их-Уулын ... тоотод байх хашаанд Д Х-гийн Монгол гэрт орж уг архиа хоёулхнаа хувааж уусан. Тэгээд уусан архи дуусаад яах талаар асуухад Х хочит Ж.А нь манай эгч хөдөө явсан бөгөөд гэрт нь орж виски авъя гээд Х гэрээсээ гараад хашаан дотор байсан байшингийн урагшаа харсан цонхоороо орж улаан өнгийн шилтэй виски гаргаж ирсэн. Яагаад хаалгаар орохгүй байгаа юм бэ гэхэд би мэдэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь нээх тоохгүй бас согтуу байсан болохоор Ж.А-ийг эгчийнхээ гэрийг харж байгаа гэж ойлгоод түлхүүрийг нь гээсэн байх гэж бодсон тэгээд л гэрт нь орж тэр улаан өнгийн бөөрөнхий шилтэй вискигээ Хан-Уулын ... тоотод авч очоод Тү гэх ахынд очиж уусан. Тэнд уухад Тү ах, Б, Д, Х тэгээд би байсан. Тэгээд тэр вискиг хамт хувааж уугаад би түрүүлээд гараад явсан. Тухайн үед цаг яг хэд болж байсныг мэдэхгүй бөгөөд ямар ч байсан үдээс хойш байсан байх гэж санаж байна. Өөр зүйл бол мэдэхгүй байна.” /хавтаст хэргийн 22-24 дэх тал/
Гэрч О.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би таньдаг ах болох Тү-гийнд архи уугаад сууж байхад гаднаас Т буюу Т, Х буюу А нар орж ирсэн. Тэр хоёр орж ирэхдээ гартаа нэг улаан өнгийн виски, нэг тал вино барьж орж ирсэн. Эдгээрийг хаанаас авсан талаар асуухад Х ямар нэгэн зүйл яриагүй бөгөөд өглөө намайг ирэхээс өмнө бас нэг юм авчирч өгсөн гэж л сонссон байгаа. Тухайн үед согтуу байсан болохоор сайн санахгүй байгаа. Би хоёр өдөр, нэг шөнө архи уусан байгаа. Тэр хугацаанд Х гаднаас бор болон улаан өнгийн виски, конъяк оруулж ирж байсан. Би бодохдоо дэлгүүрээс оруулж ирсэн гэж бодож байсан. Т ямар ч байсан 02-ны өдөр Х-тай орж ирээд архи уусан бөгөөд Т, Х, Тү ах нар бараг бүгд тасраад унтаад өгсөн гэж сүүлд тэд нарын ярианаас сонссон байгаа... Ямар ч байсан үнэтэй бор виски, конъяк, мөн цагаан өнгийн белуга зэрэг орос үнэтэй архи байсан гэдгийг хагас санаж байна..." /хавтаст хэргийн 32-33 дахь тал/
“Дамно” ХХК-ийн 2024 оны 05 дүгээр сарын 07-ний өдрийн ӨмЦ-24-78 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Цагаан гоёоны 0,5 литр архи, 1 ширхэг, үнэ 32,000 төгрөг, Golia нэртэй 1 литр архи, 1 ширхэг, үнэ 30,000 төгрөг, Аракс нэртэй 0,5 литр коньяк, 1 ширхэг, үнэ 78,000 төгрөг, Sauvigno нэртэй 0,5 литр вино, 1 ширхэг, үнэ 25,000 төгрөг, Белуга нэртэй 0,75 литр архи, 1 ширхэг, үнэ 155,000 төгрөг, Jagermeiste нэртэй 0,5 литр ликор, 1 ширхэг, үнэ 92,000 төгрөг, Chivas нэртэй 0,5 литр виски, 1 ширхэг, үнэ 155,000 төгрөг, нийт үнэ: 567,000 төгрөг.” /хавтаст хэргийн 39-42 дахь тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-12 дахь тал/.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.А-эд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ж.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс эгчийнхээ гэрийн түлхүүрийг би авч явдаг гэдгийг тогтоолгох үүднээс эгчийгээ гэрчээр тогтоолгож мэдүүлэг авхуулах хүсэлтэй байсан боловч одоо гэм буруугийн талаар маргахгүй, цонхоор орж архи авсан нь үнэн гэх тайлбарыг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ж.А нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдрүүдэд 3 удаа үргэлжилсэн үйлдлээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг Хан-Уулын ... тоотод байх иргэн Б.Р-ын байнга амьдрах орон байранд нэвтэрч Цагаан гоёоны 0,5 литртэй архи 1 ширхэг, Golia нэртэй 1 литртэй архи 1 ширхэг, Аракс нэртэй 0,5 литртэй Армянский коньяак 1 ширхэг, Sauvignon нэртэй 0,5 литртэй улаан вино 1 ширхэг, Jagermiester ликор 0,5 литртэй 1 ширхэг, Белуга 0,75 литртэй архи 1 ширхэг, Чивас виски 0,5 литртэй 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 567,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-эд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Р-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17, 19 дэх тал/, гэрч Д.Т-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/, гэрч О.Д-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 05 дүгээр сарын 07-ний өдрийн ӨмЦ-24-78 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 39-42 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-12 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, “орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.
Ийнхүү шүүгдэгч Ж.А-ийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.
“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд Ж.А нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдрүүдэд 3 удаа үргэлжилсэн үйлдлээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг Хан-Уулын ... тоотод байх иргэн Б.Рын байнга амьдрах орон байранд нэвтэрч Цагаан гоёоны 0,5 литртэй архи 1 ширхэг, Golia нэртэй 1 литртэй архи 1 ширхэг, Аракс нэртэй 0,5 литртэй Армянский коньяак 1 ширхэг, Sauvignon нэртэй 0,5 литртэй улаан вино 1 ширхэг, Jagermiester ликор 0,5 литртэй 1 ширхэг, Белуга 0,75 литртэй архи 1 ширхэг, Чивас виски 0,5 литртэй 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 567,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ж.А нь хохирогч Б.Р-ын гэрийн цонхоор орж эд зүйл хулгайлсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ.
Шүүгдэгчийн зүгээс эгчийнхээ гэрээр орж гардаг, гэрийн түлхүүрийг надад байдаг гэх боловч хохирогч Б.Р-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Би 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр эхнэрийн хамт Ар-Үр амралт сувилалд амрахаар явсан бөгөөд гэрээсээ явахдаа гэрийнхээ бүх цонхыг хаагаад хаалгаа түгжээд явсан. ...Уг хэргийг манай эхнэрийн дүү болох А хийсэн байж болзошгүй... А нь манай хашаанд байдаг. Гэхдээ тусдаа гэрт амьдардаг. Уг этгээд нь архи байнга уудаг бөгөөд манай гэр орноор орж гардаг байгаа. Гэхдээ би гэрийнхээ түлхүүрийг уг этгээдэд үлдээж байгаагүй. Гэрийн түлхүүрээ би өөрөө авч явдаг байгаа...” /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Х гэрээсээ гараад хашаан дотор байсан байшингийн урагшаа харсан цонхоороо орж улаан өнгийн шилтэй виски гаргаж ирсэн. Яагаад хаалгаар орохгүй байгаа юм бэ гэхэд би мэдэж байна гэж хэлсэн...” /хавтаст хэргийн 22-24 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр түүний мэдүүлэг няцаагдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Ж.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн байх тул шүүх шүүгдэгчийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.А нь бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах нь хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ж.А-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Ж.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Р-т 567,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2024 оны 05 дүгээр сарын 07-ний өдрийн ӨмЦ-24-78 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 39-42 дахь тал/-ээр тогтоогдсон бөгөөд хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ж.А-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хорих ял эдлүүлэх, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс хохирлоо төлсөн байдлыг минь харж үзээд хорих ялын хэмжээг бууруулж өгнө үү, гэм буруу дээрээ маргахгүй байна, надад боломж олгох өгнө үү, би цонхоор орсон гэх тайлбарыг гаргав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.А-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан хэрэглэхээр заасан бөгөөд шүүгдэгч Ж.А-ийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан 567,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн болон 57 настай хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ж.А-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Ж.А-эд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Ж А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.А-эд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-эд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ж.А нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Р-т 567,000 /таван зуун жаран долоон мянга/ төгрөгийн хохирлыг төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.А-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ