Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/107

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Мөнхдөл,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.О,

Шүүгдэгч Э.Г, М.Ц, Б.Ж,

Өмгөөлөгч Н.Нарангарав,

Нарийн бичгийн дарга А.ЗОаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                  

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овгийн ... Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн М-ын Ц, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Бу Ж нарт холбогдох 2328000000149 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Биеийн байцаалт:               

Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч Э.Г, Б.Ж, М.Ц нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ... багийн нутаг дэвсгэрт байрлах Өмнөговь аймгаас Улаанбаатар хот явах хатуу хучилттай засмал замын 25 дахь километрээс урагш 400-500 метр газраас хохирогч Н.Огийн эзэмшлийн 8 настай хээлтэй 1 тооны ингийг Э.Гийн эзэмшлийн 73-71 ӨМҮ улсын дугаартай “Тоёота кровн” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1.500.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,  

Шүүгдэгч Э.Г, М.Ц нар нь үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ... багийн нутаг дэвсгэр Өмнөговь аймгаас Улаанбаатар хот явах хатуу хучилттай засмал замын 25 дахь километрээс урагш 400-500 метр газраас хохирогч Б.Бын эзэмшлийн 8 настай 1 тооны атыг буюу олон тооны малыг Э.Гийн эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота кровн” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1.200.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, 

Шүүгдэгч М.Ц нь 2024 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 17 цагийн үед Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бор тээг багийн нутаг Нурамт гэх газарт интернет унтраалаа гэх шалтгаанаар иргэн Б.Бтэй маргаж, улмаар түүний нүүр хэсэг рүү гараараа цохиж зодож, тархины доргилт, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, нүдний алимны салстын цус харвалт, эрүү зүүн шанааны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Г, Б.Ж, М.Ц нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Э.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнө үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч М.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнө хэлсэн бүх зүйл үнэн зөв учраас нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Б.Ж шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнө үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 12 дугаар сарын 07-нд тэмээгээ сумын урд руу шахаж оруулаад 3 хоногийн дараа шалгамаар санагдаад засмал дээр гараад харахад шувуу суугаад байхаар нь очоод үзэхэд тэмээний толгой, эвхээтэй арьс байхаар нь үзчихээд эзэн нь янзалсан юм байлгүй дээ гэж бодоод очоод үзэхэд гэсгэлэн байсан, дэлгээд харахад хээслээд гаргасан байсан. Хээс нь тод байсан. Тэгэхээр нь хэсгийн төлөөлөгчийг дуудсан. Бын тэмээний бэлчээр байсан учраас дуудахад манай нэг тэмээг алсан байна гэж байсан. Тэгээд бид 2 ойртоогүй зогсож байхад хажууд нь нэг пивоны сав, тамхины акурк байсан. Бүгдийг нь аваад, бид нараас мөн мэдүүлэг аваад явсан. Сарын дараа хүнийг нь олсон гээд хэлсэн. Тэгэхэд энэ хүүхдүүд байсан байна. Миний хохирол төлбөрийг барагдуулаад өгвөл гомдол саналгүй байна. Тухайн тэмээ хээлтэй, хамгийн тарган тэмээ байсан. Түүнийг би 2,000,000 төгрөгөөр үнэлсэн. 1,000,000 төгрөгийг нь надад өсгөн гэв. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн малчин. 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр засмалын ар тал руу тэмээгээ оруулчихаад 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагийн орчимд аймгийн төвөөс зүүн тийш 25 километрт яваад дурандсан. Тэмээний хэвтэр дээр шувуу шиг хар юм харагдаад байсан, очоод үзэхэд тэмээний толгой байсан, цаашаа ахиад нэг хар юм харагдсан, очоод үзэхэд эвхээтэй тэмээний арьс байсан. Гэгээн цагаан өдөр байсан болохоор эзэд нь авсан байлгүй гэж бодоод цаашаа яваад өөрийнхөө тэмээг цуглуулж үзэхэд нэг ингэ дутсан байсан. Тэгээд нөгөө арьсаа үзэх гээд эргэж ирээд тэмээний арьсыг үзэхэд манай хээлтэй байсан, манай тэмээний арьс байсан. Тэгээд би буураа солилцож байсан Б руу залгаад энд нэг тэмээний толгой байна мөн манай тэмээг алаад махыг нь аваад явсан байна гэж хэлсэн. Тэгээд байж байтал Б ирсэн, тэгээд нөгөө тэмээний толгойг үзүүлэхэд манай тэмээний толгой байна гэсэн бөгөөд тэгээд цагдаа дуудсан... 8 настай хар зүсмийн хээлтэй ингэ байсан... Би гомдолтой байна. Тэмээ авсан хүнийг олж хохирлоо барагдуулж авмаар байна.” /хавтаст хэргийн 27-29 дэх тал/  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 12 сараас хойш тэмээндээ өдөр бүр явдаг байсан. 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тэмээндээ явахад тэмээ бүрэн байх бөгөөд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ... багийн нутаг дэвсгэр Даланзадгад сумаас Дундговь явах чиглэлийн хатуу хучилттай засмал замын 21-26 дахь километрээс урагш бэлчээрлэдэг. Би 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөн тэмээндээ явсан, ингээд тэмээгээ урдаас хойш нь тууж байхад нутгийн иргэн О нь утсаар ярьсан ингэж ярихдаа засмалын урд хоёр тэмээ гаргаад нядлаад махыг нь аваад явсан байх бөгөөд нэг тэмээ нядалсан газар тэмээний ширийг нь үлдээсэн нөгөө тэмээний болохоор толгой шийрийг үлдээсэн байна гэж хэлсэн. Ингээд тэмээ нядалсан газар ирэхэд миний захын зургаа дахь шүд нь гарч байгаа ат байсныг би мэдсэн юм. Тухайн атны хамрын буйлны нүх 2 байсан, тэр шинж тэмдгээр таньсан. Би өмнө нь буйллаад тэр нь урдуур байсан болохоор хойгуур нь дахиж буйлласан юм, тэр тэмээ нядалсан газар миний тэр атны толгой болон 4 шийр мөн гэдэс дотор нь байсан... Би тухайн тэмээг хоёр сая төгрөгөөр үнэлж байгаа, зах зээлийн ханш 1,500,000-1,800,000 төгрөгийн ханштай байгаа, би болохоор поло тоглоход унадаг, тийм болохоор 2 саяар үнэлж байна. Би гомдолтой байна, тухайн тэмээг гаргаж авсан хүмүүсээс тэмээний мөнгөө нэхэмжилнэ.” /хавтаст хэргийн 30-32 дахь тал/     

Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 01 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн үед манай ажилтны найзын эгч гэх хүнээс нэг тэмээний мах худалдан авсан. Тэр мах нь 286 килограмм болсон, тухайн махыг нэг килограммыг нь 5,500 төгрөгөөр бодож 1,573,000 төгрөг болсныг 5585131474 тоот Б.Долгорсүрэн гэх хүний дансанд шилжүүлсэн байна, би өөрийн цахим банкаар шүүж үзлээ... Улсын дугаарыг нь мэдэхгүй байна ямар ч байсан цагаан саарал өнгийн жижиг машин байсан санагдаж байна.” /хавтаст хэргийн 33-34 дэх тал/

Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Өмнөговь аймаг Даланзадгад сум 6 дугаар баг Жаал-Уул 4-18 тоотод “Говь меат” махны дэлгүүрт малын мах шулдаг. Нэг тэмээний мах худалдаж авсан. Долгорсүрэнгийн хүү нь над руу утсаар холбогдоод тэмээ хүнс хийж байгаа танайх тэмээний мах авч байгаа юу гэж ярьсан. Тэгээд орой 21 цагийн үед авчирч өгсөн. Би таньдаг манай найзын эгч байгаа юм, би тухайн айлд ямаа самнаж байсан бөгөөд ойр зуурын ажилд нь тусалдаг... Би гарал үүслийн гэрчилгээг аваагүй, тухайн үед гарал үүслийн гэрчилгээг нь шивж болохгүй байна гэж байсан.” /хавтаст хэргийн 35-36 дахь тал/

Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө би цагийг сайн мэдэхгүй байна, их л орой болсон байсан. 01 цагийн үед болов уу 193 килограмм махыг өгсөн бөгөөд нэг сая жаран нэгэн мянга таван зуун төгрөг болсныг би шөнө өөрийн тэтгэврийн данснаас шилжүүлсэн. Тухайн махны гарал үүслийн гэрчилгээг нь өгөөгүй махны мөнгөө ав гэсэн. Тэгсэн маргааш болно гэж хэлээд явсан боловч шөнө унтуулахгүй залгаад болохгүй болохоор нь би шөнө шилжүүлсэн. Жижиг цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байсан дугаарыг мэдэхгүй байна.” /хавтаст хэргийн 45-46 дахь тал/

Шүүгдэгч М.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “ ...2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Б.Бад манай үеэл Э.Г 1,500,000 төгрөгийг хохирол төлбөрийн мөнгө гэж өгсөн. Одоо удахгүй үлдсэн хохирогч Н.Огийн хохирол төлбөрийг яаралтай төлж барагдуулах болно.” /хавтаст хэргийн 78 дахь тал/

Шүүгдэгч Э.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн, одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Б.Бад 1,500,000 төгрөгийг хохирол төлбөрийн мөнгө гэж өгсөн. Одоо удахгүй үлдсэн хохирлыг төлж барагдуулах болно.” /хавтаст хэргийн 80 дахь тал/

Шүүгдэгч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн, өөр нэмж ярих зүйл байхгүй, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Би Цийн хамт хохирогч Н.Од 1,000,000 төгрөгийг хохирол төлбөрийн мөнгө гэж өгсөн, одоо удахгүй үлдсэн хохирол төлбөрийг төлж барагдуулах болно.” /хавтаст хэргийн 82 дахь тал/

“Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ӨМЦ-24-14 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Тэмээ, 8 настай хээлтэй, ингэ, 1 ширхэг, нийт дүн: 1,500,000 төгрөг.” /хавтаст хэргийн 53-56 дахь тал/

“Дамно” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ӨМЦ-24-33 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Тэмээ, 8 настай, ат, 1 ширхэг, нийт дүн: 1,200,000 төгрөг.” /хавтаст хэргийн 61-64 дэх тал/

Г.Оийн 5603072204 тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 134-136 дахь тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 20-26 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 95, 97, 98 дахь тал/

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 102-116, 119,130 дахь тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Цогт-Овоо сумын Бор тээг 2 дугаар багт Нурамт гэх газар мал малладаг. Өнөөдөр өглөө 10 цагийн үед хөдөөнөөс ганцаараа мотоциклтой сум орсон. Суман дээр Очирбат гэх хүнтэй хамт нэг шил архи хувааж уусан. Тэгээд буцаад өдөр хөдөө гэртээ харьсан. Хөдөө гэрээс наана малаа эргүүлчихээд гэртээ харьсан. Тэгэхэд гэрт манай зээ хүү Ц байсан. Би гэртээ ороод гэр интернетийг унтраасан. Тэгсэн хүү Ц интернет унтраалаа гэж уурлаад гэр дотор намайг зодсон. Ц миний аль гарыг мэдэхгүй байна, ямар ч байсан гараараа миний нүүр рүү хэд хэд цохисон, яг хэд цохиулснаа мэдэхгүй байна. Тэгээд би сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тэгээд сум руу эмнэлгийн машинаар хүргэгдэж ирсэн... Миний нүүрний зүүн шанаа хавдсан, хамраас цус гарсан. Баруун нүд хөхөрсөн. Толгой битүүдээ өвдөөд байна.” /хавтаст хэргийн 169-171 дэх тал/

Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Өчигдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн үед Бор тээг багийн малчин Б.Б гэх хүнээс би хүнд зодуулчихлаа гэсэн дуудлага эмнэлгийн байгууллагад ирсэн. Тэгээд би дуудлагын дагуу сумаас зүүн хойш 30 км-т Нурамт гэх газар хөдөө Бийнд очсон. Очиход Б гэртээ зүүн талын орон дээр хэвтсэн байдалтай, өмнөө хувин тавьсан, хамраас их цус гарсан, зүүн хацар, хамар хэсэг нь хавдсан, баруун нүд улайсан байдалтай байсан. Биеийн байдал дунд, ухаантай, нүүр ам цус болж хатсан, хацар, шанаа, хамар хавдартай байсан. Зүрх тод, жигд, артерийн даралт 150/100, 140/90, фүлс 72, амьсгал хэвийн, уушиг 2 талд цулцангийн амьсгалтай, хэвлий тайван, шээс хэвийн, өөр бусад биед ил харагдах шарх, сорвигүй, захын саажилтгүй төрөлхийн гацаж түгдрэлтэй яриатай байсан. Гэрт Бийн эхнэр, Чимэгээ, зээ хүү Ц нар байсан. Тэгээд Бийг сум руу авч ирж тариа хийсэн.” /хавтаст хэргийн 171 дэх тал/

Гэрч Х.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Цогт-Овоо сумын Бор тээг, 2 дугаар баг, нурамт гэх газарт мал маллаж амьдардаг. Хөдөө гэрт 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр малдаа явсан. Тэгэхэд гэрт нөхөр Б, зээ хүү Ц хоёр үлдсэн. Тэгээд малд яваад үдээс хойш 18 цагийн үед байх гэртээ ирсэн. Тэгсэн нөхөр Б зээ хүү Цт зодуулсан, сумаас түргэн дуудсан гээд байж байсан. Тэгэхэд Б хамраас нь цус гарсан. Тэгсэн удалгүй эмнэлгийн машин ирсэн.” /хавтаст хэргийн 174-175 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 260 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Бийн биед тархины доргилт, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, нүдний алимны салстын цус харвалт, эрүү, зүүн шанааны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 176-179 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Г, М.Ц, Б.Ж нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.      

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.    

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай, хохирогч Н.Од 1,500,000 төгрөг, хохирогч Б.Бад 1,200,000 төгрөгийн хохирол тус тус учирсан. Шүүгдэгч Э.Г хохирогч Б.Бад 2,000,000 төгрөг, шүүгдэгч М.Ц нь хохирогч Н.Н.Од 1,000,000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан. Шүүгдэгч Б.Ж нь хохирогч Н.Од 1,000,000 төгрөгийн хохирол төлбөртэй байна гэх,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс анхнаасаа шүүх хурал дээр гэмт хэргийн гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй маргахгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан нотлох баримтыг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдээгүй гэж маргах үндэслэл байхгүй. Тийм учраас шүүгдэгч нар гэм буруутай. Харин хохирол, төлбөрийн тухайд Б.Бад илүү төлсөн 800,000 төгрөгийг шүүгдэгч Э.Гд гаргуулж өгнө үү гэсэн саналтай байна гэх дүгнэлтүүдийг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Огийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх,

Шүүгдэгч Э.Г, М.Ц, Б.Ж нарын хувьд хийсэн хэрэгтээ гэмшиж хүлээн зөвшөөрч байна, дахин ийм үйлдэл гаргахгүй гэх тайлбарыг тус тус гаргав.     

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Э.Г, Б.Ж, М.Ц нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ... багийн нутаг дэвсгэрт байрлах Өмнөговь аймгаас Улаанбаатар хот явах хатуу хучилттай засмал замын 25 дахь километрээс урагш 400-500 метр газраас хохирогч Н.Огийн эзэмшлийн 8 настай хээлтэй 1 тооны ингийг Э.Гийн эзэмшлийн 73-71 ӨМҮ улсын дугаартай “Тоёота кровн” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1.500.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, 

шүүгдэгч Э.Г, М.Ц нар нь үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ... багийн нутаг дэвсгэр Өмнөговь аймгаас Улаанбаатар хот явах хатуу хучилттай засмал замын 25 дахь километрээс урагш 400-500 метр газраас хохирогч Б.Бын эзэмшлийн 8 настай 1 тооны атыг буюу олон тооны малыг Э.Гийн эзэмшлийн 73-71 ӨМҮ улсын дугаартай “Тоёота кровн” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1.200.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, 

шүүгдэгч М.Ц нь 2024 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 17 цагийн үед Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бор тээг багийн нутаг Нурамт гэх газарт интернет унтраалаа гэх шалтгаанаар иргэн Б.Бтэй маргаж, улмаар түүний нүүр хэсэг рүү гараараа цохиж зодож, тархины доргилт, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, нүдний алимны салстын цус харвалт, эрүү зүүн шанааны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г, М.Ц, Б.Ж нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан шүүгдэгч Э.Г, Б.Ж, М.Ц нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ... багийн нутаг дэвсгэрт байрлах Өмнөговь аймгаас Улаанбаатар хот явах хатуу хучилттай засмал замын 25 дахь километрээс урагш 400-500 метр газраас хохирогч Н.Огийн эзэмшлийн 8 настай хээлтэй 1 тооны ингийг Э.Гийн эзэмшлийн 73-71 ӨМҮ улсын дугаартай “Тоёота кровн” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1.500.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, 

Шүүгдэгч Э.Г, М.Ц нар нь үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ... багийн нутаг дэвсгэр Өмнөговь аймгаас Улаанбаатар хот явах хатуу хучилттай засмал замын 25 дахь километрээс урагш 400-500 метр газраас хохирогч Б.Бын эзэмшлийн 8 настай 1 тооны атыг буюу олон тооны малыг Э.Гийн эзэмшлийн 73-71 ӨМҮ улсын дугаартай “Тоёота кровн” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1.200.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Огийн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бын мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дахь тал/, гэрч Ц.Гын мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/, гэрч Т.Мын мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/, гэрч Г.Оийн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ӨМЦ-24-14 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-56 дахь тал/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ӨМЦ-24-33 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 61-64 дэх тал/,   Г.Оийн 5603072204 тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 134-136 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 20-26 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Мөн М.Ц нь 2024 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 17 цагийн үед Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бор тээг багийн нутаг Нурамт гэх газарт интернет унтраалаа гэх шалтгаанаар иргэн Б.Бтэй маргаж, улмаар түүний нүүр хэсэг рүү гараараа цохиж зодож, тархины доргилт, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, нүдний алимны салстын цус харвалт, эрүү зүүн шанааны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бийн мэдүүлэг /хавтаст хэргийн 169-171 дэх тал/, гэрч Н.Оын мэдүүлэг /хавтаст хэргийн 171 дэх тал/, гэрч Х.Эийн мэдүүлэг /хавтаст хэргийн 174-175 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 260 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 176-179 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж үзлээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.   

Хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.

Ийнхүү шүүгдэгч Э.Г, Б.Ж, М.Ц нарын бусдын малыг хулгайлсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.

“Олон тооны мал" гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Э.Г, М.Ц нар нь Н.Огийн 8 настай хээлтэй 1 тооны ингэ, Б.Бын 8 настай 1 тооны атыг хулгайлсан үйлдэл нь бусдын олон тооны малыг хулгайлсан гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Э.Г, М.Ц, Б.Ж нар нь санаа зорилгоороо нэгдэж бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч Э.Г, М.Ц нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг, шүүгдэгч Б.Ж нь бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар үйлдэхдээ хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэсэн “Тоёота кровн 171” загварын 73-71 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул машин механизм ашигласан гэж үзлээ.

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Э.Г, Б.Ж, М.Ц нар нь бүлэглэн хохирогч Н.Огийн эзэмшлийн 8 настай хээлтэй 1 тооны ингийг Э.Гийн эзэмшлийн 73-71 ӨМҮ улсын дугаартай “Тоёота кровн” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1.500.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, 

шүүгдэгч Э.Г, М.Ц нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Бын эзэмшлийн 8 настай 1 тооны атыг буюу олон тооны малыг Э.Гийн эзэмшлийн 73-71 ӨМҮ улсын дугаартай “Тоёота кровн” загварын тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, 1.200.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзэв.   

Үнэлгээнүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг үнэлгээчин тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг үнэлгээнүүдийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо. 

Мөн шүүгдэгч Э.Г, М.Ц нар нь бусдын олон тооны малыг, шүүгдэгч Б.Ж нь бусдын малыг хулгайлсан өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас эд хөрөнгөд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Жг бүлэглэж машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Г, М.Ц нарыг бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч М.Цийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бийн биед тархины доргилт, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, нүдний алимны салстын цус харвалт, эрүү, зүүн шанааны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 260 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 176-179 дэх тал/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Ц нь хохирогч Б.Бийн биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах шалгуур шинжээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгч М.Ц нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч М.Цийн хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Э.Г, М.Ц, Б.Ж нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Од 1,500,000 төгрөг, шүүгдэгч Э.Г, М.Ц нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бад 1,200,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ӨМЦ-24-14 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-56 дахь тал/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ӨМЦ-24-33 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 61-64 дэх тал/-ээр тус тус тогтоогдож байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Од шинжээчийн дүгнэлтээр 1,500,000 төгрөгийн хохирол учирсан хэдий ч шүүгдэгч нарын зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Од 2,000,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь оролцогчдын тайлбар, хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 219 дэх тал/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бад шинжээчийн дүгнэлтээр 1,200,000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч Э.Гийн зүгээс 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 215-216 дахь тал/-аар тогтоогдож байх тул илүү төлөгдсөн 800,000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Баас гаргуулж, шүүгдэгч Э.Гд буцаан олгохоор шийдвэрлэв.

Түүнчлэн Шүүгдэгч М.Цийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бийн биед тархины доргилт, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, нүдний алимны салстын цус харвалт, эрүү, зүүн шанааны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 260 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 176-179 дэх тал/- ээр тогтоогдсон ба хохирогч Б.Бийн зүгээс шүүхэд хандан “Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч М.Цийг хохирогч Б.Бд төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар жилийн хорих ял, шүүгдэгч Б.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял тус тус оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч М.Цт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 40 хоногийн хорих ял ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч Э.Г, М.Ц, Б.Ж нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх гэх, 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Шүүхээс ял оногдуулахдаа тухайн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, мөн шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж ялыг оногдуулах зарчимтай. М.Цээс эхэлье. М.Цийн тухайд улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан зүйлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ял оногдуулж, үүнийг хорих ялд нь нэмж нэгтгэн 40 хоногоор тооцож хорих ял дээр нэмье гэсэн саналыг гаргаж байна гэж ойлголоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулахад хөнгөнийг нь хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэх боломжтой. М.Цийн торгох ялыг торгохоор нь заавал хорих ял болгож хүндрүүлж ял дээр нь нэмэх шаардлагагүй гэж үзэж байна. М.Цийн гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдал нь хохирогч согтууруулах ундааны зүйл ууж ирээд маргаан өрнүүлсэн үйл явдал байгаа. Мөн шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа.  Мөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, мөн хэрэг илрүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, өөрсдөө гэмт хэргийг гэрчээр мэдүүлэг өгөх цагаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн онцлогууд байгаа. Тийм учраас шүүгдэгч М.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь 450  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналтай байна. Шүүгдэгчийн хохирол, төлбөрийг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдалд тооцогдож байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан оногдуулах ялыг доошлуулах эрх хэмжээ нь шүүхэд байдаг тул шүүгдэгч нарын насны байдал, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг нь харгалзаж үзнэ үү. Яагаад энэ гэмт хэрэг үйлдэгдэх болов гэдэг шалтгааныг гайхаж байсан. Миний анзаарснаар шүүгдэгч нар бүгдээрээ эцэггүй, дандаа өрх толгойлсон ээжүүдийн хүүхдүүд байсан. Зарим зүйлд эцэг хүний ухаан байдаг. Хүмүүжүүлэх тал дээр хар багаасаа аавгүй, өрх толгойлсон ээж нартайгаа байдаг, мөн амьдралын хүнд нөхцөл байдлыг туулж яваа хүүхдүүд байсан. Боловсролын хувьд бага, бүрэн дунд боловсролтой. Тийм учраас эрүүгийн хариуцлага, ялангуяа гэмт хэргийн талаарх нөхцөл байдлыг ухамсарлахгүй өөрт үүссэн буюу нэгнийх нь ээж хорт хавдартай, яаралтай эмчилгээнд явах шаардлагатай, хагалгаанд орох шаардлагатай гэдэг мэдээг цочир хүлээж аваад эмчилгээний зардал олох гээд ийм харамсалтай үйлдэл гаргачхав уу? гэж үзээд байгаа юм. Нэг л өдрийн үйлдлээр 2 тэмээ хулгайлаад явсан үйлдэл байгаа. Нэг нь хэнд ч хэлээгүй нууц хүүхэд гарч ирээд хүүхдийнх нь эрүүл мэндэд асуудал үүслээ, мөнгө төгрөг хэрэгтэй боллоо гэхэд бодолгүй хандаад ийм гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч нар дахиад гэмт хэрэг үйлдэхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа ухамсарлаж байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээ 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн бол тухайн зүйл хэсэгт заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломж байгаа. Тийм учраас эдгээр шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт нь 1 жилийн хорих ял оногдуулж өгнө  үү гэсэн саналыг гаргаж байна.  Шүүгдэгч М.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Хорих ялыг нээлттэй дэглэмтэй ангид оногдуулах тухай гаргасан улсын яллагчийн саналтай санал нэг байна. Шүүгдэгч Э.Гийн тухайд хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Мөн М.Цтэй адил нөхцөл байдал байгаа.  Миний анзаарснаар 3 шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж байхад Э.Гийн хувьд хамгийн их харамсаж байсан, хамгийн бүрэн хүмүүжсэн, их даруухан хүүхэд байсан. Надад өөрөө ярьж байсан. Эхнэр жирэмсэн, ээж нь хорт хавдартай. Эхлээд шүүгдэгч нарын гэмт хэрэгт холбогдох үед найдлага байх болов уу? гэж бодоод эмнэлэг рүү явсан. Улаанбаатар хотод очиж эцсийн оношоо сонсоод ирсэн. Ямар ч хагалгаа хийх боломж байхгүй, элэгний хавдар нэлэнхийд нь тарсан байна гэсэн оношийг сонсож ирсэн. Энэ нөхцөл байдлыг нь харгалзаж үзээд шүүгдэгч Э.Гд 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Б.Жгийн тухайд өөрөө ч гэсэн хэлдэг. Сая шүүх дээр ч гэсэн хэлж байна. Энэ санаачилгыг хэн гаргачихсан бэ? гэхээр нь Г хөдөө байж байхад нь Ц, Ж хоёр очоод уг саналыг хэлж Г машинтай учраас машиныг нь унаад гарсан үйл баримт байдаг, өөрсдөө ч үүнийг мэдүүлдэг. Зохион байгуулагч нь буюу санаачлагч нь Б.Жг байна гэж би харсан. Тийм учраас 1 жил 1 сарын хорих ял оногдуулж өгнө үү. Эдгээр шүүгдэгч нар нь насны хувьд маш залуу 19, 20 настай. Энэ насны эрэгтэй хүүхдүүд хаашаа л бол хаашаа холбирчих гээд байдаг. Хэрвээ төрүүлсэн  аав нь байсан бол ингэж болдоггүй шүү, ингэж болохгүй шүү гээд хүмүүжүүлээд өгчих хүн байсан бол эдгээр шүүгдэгч нар асуудалд хөнгөн хуумгай хандахгүй байсан болов уу? гэж харж байгаа. Тийм учраас өмгөөлөгчийн зүгээс ийм саналыг гаргаж байна. Шүүгдэгч Э.Гд 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Жгийн тухайд 1 жил 1 сарын ял оногдуулж үүнийг нээлттэй дэглэмд оногдуулж өгнө үү гэсэн ял саналыг гаргаж байна гэх агуулга бүхий дүгнэлтүүдийг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Огийн зүгээс гомдол санал байхгүй, олон жилээр хорих шаардлага байна уу гэж үзэж байна гэх,

Шүүгдэгч Э.Гийн зүгээс миний түмэн буруу, айлын том хүүхэд, ар гэрийн байдал хүнд байна, ийм муухай хэрэг үйлдсэндээ харамсаж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх,

Шүүгдэгч М.Цийн зүгээс гэмшиж, хэргээ хүлээж байна, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх,

Шүүгдэгч Б.Жгийн зүгээс хийсэн хэрэгтэй гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.

Шүүгдэгч Э.Г, М.Ц нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Э.Г, М.Ц, Б.Ж нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Харин шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Ийнхүү шүүгдэгч Э.Гийг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч М.Цийг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Жг бүлэглэн машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар хуульчилсан ба шүүгдэгч Э.Г, М.Ц, Б.Ж нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байна.   

Шүүх шүүгдэгч Э.Г, М.Ц нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.Г, М.Ц, Б.Ж нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Жд 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Гд 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч М.Цт 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цт 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгч М.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, Э.Г, М.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч нарт шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Бусад асуудлаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл... нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авахаар заасан байх тул хэрэгт битүүмжилсэн “Тоёота кровн 171” загварын 73-71 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Э.Гийн эзэмшлийн 1,755,000 /нэг сая долоон зуун тавин таван мянга/ төгрөгийн үнэ бүхий “Тоёота кровн 171” загварын 73-71 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.   

Шүүгдэгч Б.Ж, Э.Г, М.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Од 2,000,000 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бад 2,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

Шүүгдэгч Б.Ж, Э.Г, М.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Бу Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан бүлэглэн машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч ... овгийн ... Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

шүүгдэгч Б овгийн М-ын Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн;

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Жд 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Гд 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч М.Цт 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цт 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.    

3. Шүүгдэгч М.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, Э.Г, М.Ц нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.  

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Баас гэмт хэргийн хохиролд илүү төлөгдсөн 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, шүүгдэгч Э.Гд олгосугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн “Тоёота кровн 171” загварын 73-71 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Э.Гийн эзэмшлийн 1,755,000 /нэг сая долоон зуун тавин таван мянга/ төгрөгийн үнэ бүхий “Тоёота кровн 171” загварын 73-71 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

7. Шүүгдэгч Б.Ж, Э.Г, М.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Од 2,000,000 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бад 2,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, Э.Г, М.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч нарт шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ж, Э.Г, М.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

     

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ВОЛОДЯ