| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2021/00300/И |
| Дугаар | 132/ШШ2021/00346 |
| Огноо | 2021-08-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 132/ШШ2021/00346
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.*******т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 132/2021/00300/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч М.*******, нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь М.*******тай 2007 онд танилцаж дотноссон. 2008 онд том хүү төрсөн. 2008 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2009 онд дунд охин төрсөн. 2009 оноос хойш зодож дарамталдаг болсон. Хэлгүй болтол зодож нүдэж байсан. Ажлаасаа ирээд хүүхдүүдээ зоддог байсан. 2012 онд бага охин төрсөн. 2013 оны 07 дугаар сараас хойш тусдаа амьдарсан. Бид тус тусдаа гэр бүлтэй болсон. Том охин *******ын асрамжид байсан. Одоо охиноо өөрийн асрамжид авна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлт цуцлуулж хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч М.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид хоёр 2006 онд үерхэж эхлээд 2007 онд гэр бүл болсон. 2007 онд хүүхэдтэй болоод гэрлэлтээ батлуулсан. Би багаасаа аавгүй өссөн, нэн ядуу өрхөд хамаардаг байсан. Тэгээд надад амьдралаа авч явах хөрөнгө байгаагүй. Тухайн үед бид хоёр гэр оронгүй байсан тул ээж аавындаа ирэн очин амьдардаг байсан. Үүний улмаас жижиг сажиг хэрүүл маргаан гардаг байсан. Би Э.Эрдэнцэцэгийг зоддог байснаа хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр 2012 он хүртэл салж нийлээд амьдарч байсан. Тэгээд би 2012 онд цэрэгт явж 6 сар цэргийн алба хаагаад эхнэр нь жирэмсэн, бага насны 2 хүүхэдтэй гэдэг шалтгаанаар халагдаж ирсэн. Би цэрэгт байхдаа нуруундаа гэмтэл авсан. Тэгээд 2013 онд нурууны хагалгаанд орсон. Тухайн үед Э.*******ээс хамт амьдаръя гэж гуйгаад хамт амьдарч байсан. Нурууны хагалгаанд орсон тул ээжээрээ асруулж байсан. Хүүхдүүдээ асарч, тэжээн тэтгэх боломжгүй байсан тул бага охиныгоо ээжид нь өгч том охиныгоо би өөрийн асрамжиндаа үлдээж тусдаа амьдарч эхэлсэн. Нурууны гэмтлээс болж жил дарааллан 3 удаа хагалгаанд орсон. Тэгээд өвөл нь биеэ эмчлүүлээд зун нь ажил хийдэг байсан. Сүүлдээ ажил хийж чадахгүй болсон. Тэр хугацаанд том охинтойгоо хамт амьдарч байсан. Охин маань “би ээжтэй болмоор байна” гэж гуйдаг байсан. Би 2017 оноос одоог хүртэл Янжиндулам гэдэг хүнтэй Булган аймгийн Бугат суманд 4 хүүхдийн хамт амьдарч байна. Гэтэл Янжиндулам архи уудаг, охиныг маань зоддог байсан. Би одоо эрүүгийн хэрэгт татагдаж 2 сарын хугацаанд хоригдож байна. Тэр хугацаанд хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би өөрийнхөө төрсөн охиныг хүчиндээгүй. Хамтран амьдрагч Янжиндулам миний бүх эд хөрөнгийг авах гэж намайг гүтгэсэн. Ээж маань элэгний хорт хавдартай. Одоо амьд байгаа эсэхийг нь мэдэхгүй байна. Би хүүхдийн тэтгэлэг гаргана гэж худлаа хэлмээргүй байна. Надад 75 бог, 5 үхэр, 1 портер авто машин, 2 мотоцикл, 1 жижиг тэрэг байгаа. Үүнийг 3 хүүхэддээ хувааж өгнө. Тэгэхдээ Янжиндуламд өвөлжөө, 10 гаруй бог мал өгнө. Харин Э.*******т 30 бог мал, 3 үхэр, 2 мотоцикл, 1 машинаа өгнө. Том хүү Д. маань 4 жилийн дараа 18 нас хүрнэ. Хүүдээ хадам аавын өгсөн авдар, 5 ханатай гэрээ өгнө. Өөр надад хүүхдүүддээ өгөх зүйл байхгүй. Миний мал бага ахынд байдаг гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч М.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Э.*******, М.******* нар нь 2007 онд танилцаж, 2008 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлж тэдний дундаас 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүү Д., 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр охин Д., 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр охин Д. нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан 2008 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0287 дугаартай гэрлэлтийн баталгааны лавлагаа, 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1949 дугаартай, 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0000829010 дугаартай, 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0000987680 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /хэргийн 04-07 дугаар тал/,
Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа зан харьцаа, сэтгэл санааны хувьд таарч тохирохгүй болсон, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, хариуцагч согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулж болзошгүй байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас төрсөн охин Д., Д., хүү Д. нарын насны байдал, цаашид сурч, хүмүүжих орчин нөхцөл, эхийн зүгээс хүүхдэд тавих анхаарал халамж илүү байх боломжтой байдал, эцгийн зүгээс гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг зэргийг харгалзан хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Шүүх хүүхдийн асрамжийг тогтоон шийдвэрлэж байгаа нь /тэднийг/ хүүхдүүдийг эцэг, эхийнхээ хэнтэй нь хамт амьдрах оршин суух хаягийг тодорхойлж байгаа явдал болохоос эцэг, эх нь хүүхдэдээ анхаарал тавих, асран халамжлах, хүмүүжүүлэх үүрэг болон уг үүргээ гүйцэтгээгүйн төлөө хүлээлгэх хариуцлагаас чөлөөлж байгаа явдал биш юм. Тодруулбал: Охин Д., Д., хүү Д. нар нь эцэг, эхийн хэн нэгтэй нэг гэрт хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран эцэг М.*******, эх Э.******* нарын хэн аль нь хүүхдүүдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд охин Д., Д., хүү Д. нарыг эх Э.*******ийн асрамжид үлдээсэн нь М.*******ын эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө саад учруулахыг хориглодог болохыг тайлбарлах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл охин Д., Д., хүү Д. нартай эцэг М.******* нь хэдийд ч уулзаж, дээрх хуульд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Д., 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Д., 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Д. нарыг эцэг М.*******аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас 3 хүүхдийн тэтгэлэгт ногдох нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс 213.800х12=2.565.000 төгрөг, 213800х12/50=1278000 төгрөг, 2.565.000+1.278.000=2.843.000 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 76.438 төгрөгийг Төрийн санд, 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв.
Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. 14.4-т заасныг баримтлан Э.******* М.******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Д., 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Д., 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Д. нарыг эх Э.*******ийн асрамжид үлдээсгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Д., 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Д. нарыг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Д.г 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг М.*******аар тус тус тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.*******т даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
5. Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэгчид гэрлэлтээ цуцлуусан тохиолдолд хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэхийг дурьдаж, хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 146.638 /нэг зуун дөчин зургаан мянга зургаан зуун гучин найман төгрөгийг гаргуулж, Төрийн санд 76438 /далан зургаан мянга дөрвөн зуун гучин найман/ төгрөг, нэхэмжлэгчид 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус олгосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Батсайханд даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН